Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 123/ШШ2024/0080

 

эхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би Чандмань зэндмэнэ хайрхан ХК-иас, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга, газрын даамалд холбогдуулан гаргасан Шарын аманд байршилтай 64 га газрыг газрын мэдээллийн шинэчилсэн санд бүртгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цандмаа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Манай Чандмань Зэндмэнэ хайрхан ХК-д 2004 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 36 дугаар захирамжаар олгосон Шарын амны 64 га газраас 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай 80 дугаар захирамжаар Монголын бурхан шашинтны төв гандантэгчлэн хийдэд 7 га газар эзэмших эрхээ шилжүүлсэн тул Шарын амны 64 га газраас шилжүүлсэн 7 га газрыг мэдээллийн санд бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Чандмань зэндмэнэ хайрхан ХК-иас Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан Шарын аманд байршилтай 64 га газрыг газрын мэдээллийн шинэчилсэн санд бүртгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалтад нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхийг заажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар тайлбарлахад тэрээр хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цандмаагийн шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчээс уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Чандмань зэндмэнэ хайрхан ХК-иас Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан Шарын аманд байршилтай 64 га газраас шилжүүлсэн 7 га газрыг мэдээллийн санд бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчээс уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.  

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН