Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 28

 

 

       Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

            Шүүгдэгч: Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Д.Ц-д холбогдох 1835000030032 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 20-нд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-1 Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн 03-12 тоотод оршин суух, Т овогт Д.Ц. РД:.

            Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Д.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 7-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Э.Б-ын эзэмшлийн "HUMMER H3" 73-77 УВХ улсын дугаартай автомашины толийг нууцаар хууль бусаар авч 590.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                1. Шүүгдэгч Д.Ц бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

            Шүүгдэгч Д.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 7-р багт нутагт хохирогч Э.Б-ын эзэмшлийн "HUMMER H3" 73-77 УВХ улсын дугаартай автомашины толийг нууцаар авсан болох нь хохирогч Э.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн үед би өөрийн 73-77 УВХ улсын дугаартай цагаан өнгийн Hummer H-3 загварын тээврийн хэрэгслийг уг газрын авто зогсоол дээр байрлуулсан байсан. Уг өдрийн 18 цаг 45 минутын үед гаднаас миний танил Г гэх хүн намайг дуудаж “Чиний машины баруун талын хаалганаас хулгайч юм аваад байна” гэхээр нь гараад машин дээрээ очтол баруун талын толь байхгүй байсан. Тэгээд ойр орчим хүн байгаа эсэхийг харахад Татварын хэлтсийн дэргэд тэрэг түрсэн явган хүн явж байхаар би “Хөөе зогсож байгаарай” гэж орилоход тэр хүн тэргээ орхиод зам хөндлөн гарах гэж байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд тэр хүний орхисон тэрэг үрүү очиход миний машины толь байсан. Миний машины толийг тогтоох боломжгүй болгож эвдсэн тул шинээр худалдаж авах шаардлагатай байгаа. Уг машины толь 500 долларын үнэтэй байхад нь би худалдаж авч байсан. Миний хохирлыг төлж барагдуулаагүй” гэх мэдүүлэг /хх-10-р талд/, гэрч Ц.Г мөрдөн байцаалтад өгсөн “2017 оны 12 дугаар сарын 24-ний орой 18.00 цагийн үед 999 авто угаалгын газарт машинаа угаалгах зорилгоор очсон. Уг угаалгын газрын эсрэг талын Хан Хөхий рестораны зогсоол дээр 73-77 УВХ Hummer H-3 маркийн автомашины баруун талд тэрэг, хүрзтэй хүн ямар нэгэн зүйл оролдож байхаар нь би дөхөж очтол уг машины эзэн Батбаяр биш байсан тул би ресторан уруу орж Б-ыг дуудсан. Тэгтэл нөгөө тэрэгтэй хүн тэргээ түрээд явж байхад нь би араас нь очиж барьж авахад Б-ын машины толь авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/, гэрч Н.М мөрдөн байцаалтад өгсөн “Цагдаагийн газрын жижүүрээс “Хан хөхий” рестораны гадна үл таних хүн машины толь хулгайлсан гэх дуудлага ирсэний дагуу уг газарт очиход Д.Ц нэг гартаа хүрз барьчихсан тэрэгтэй зогсож байсан. Тэнд байсан хүмүүсээс юу болсон талаар тодруулахад “73-77 улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигч Б “Энэ хүн миний Hummer H-3 маркийн тээврийн хэрэгслийн баруун талын толь хугалж аваад усны тэрэг дээр тавиад түрээд явж байхад нь барьж авсан” гэж хэлсэн. Д.Ц нь цагдаагийн газарт тогтмол эрүүлжүүлэгддэг учир би түүнийг шууд танисан” гэх мэдүүлэг /хх-13-р тал/, шүүгдэгч Д.Ц-ны мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн өдөр Хан хөхий рестораны гадна байрлах зогсоолд байсан машины дэргэдээс өнгөрч байхдаа энэ машины толь нэг шил архи болчих байх гэж бодоод гарынхаа тохойгоор цохиж салгаад түлхэж явсан усны тэргэн дээр тавиад явж байтал “Хан хөхий” ресторанаас 2-3 хүн гарч ирж намайг барьж авсан. Би буруу хэрэг хийсэндээ гэмшиж байна. Гэм буруугаа ойлгож байна. Хохирлыг төлж барагдуулж өгнө” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Д.Ц нь хохирогч Э.Б-ын Hummer H-3 загварын авто машины толийг хууль бусаар, нууц далд аргаар авсан тул түүнийг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Д.Цолмоны хулгайлсан хохирогч Э.Б-ын Hummer H-3 загварын авто машины баруун талын толь нь 590.000 төгрөгийн үнэтэй, уг толийг солиход гарах зардал 20.000 төгрөг  болох 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн УВ/01/188 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22-р тал/-ээр тогтоогдсон, мөн дээрх дүгнэлтийг гаргах шинжилгээний зардалд хохирогч Э.Б 25.000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэг авагдсан орлогын ордер /хх-ийн 20-р тал/-оор тус тус нотлогдожээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасны дагуу уг толийг солиход гарах зардал 20.000 төгрөг, шинжилгээний зардалд хохирогч Э.Б 25.000 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирол дээр нэмж шүүгдэгчээс нийтдээ 635.000 төгрөг  гаргуулж хохирогч Э.Б-т олгуулах үндэслэлтэй байна.       

2. Шүүгдэгч Д.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

          Шүүгдэгч Д.Ц нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүхээс шүүгдэгч Д.Ц ял оногдуулахдаа хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзээд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

           Шүүгдэгч Д.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ  авахаар тогтов.         

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Т овогт Д.Ц-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-д 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-гоос 635.000 /зургаан зуун гучин тав/ төгрөг гаргуулж, хохирогч Э.Б /ОЭ/-т олгосугай.

            5. Шүүгдэгч Д.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-д  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ГАНСҮХ