| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
| Хэргийн индекс | 123/2023/0026/З |
| Дугаар | 123/ШШ2024/0081 |
| Огноо | 2024-09-17 |
| Маргааны төрөл | Бусад, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 123/ШШ2024/0081
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Түшиг-Уул ХК,
Хариуцагч: Төв аймгийн Засаг дарга,
Хариуцагч: Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Хариуцагч: Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг дарга,
Гуравдагч этгээд: Бор өндөр хишиг ЗГБХН нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Баяраа, хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жанлуусүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Н.Нямдорж, хариуцагч Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, гуравдагч этгээд Бор-Өндөр хишиг ЗГБХН-ийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, хариуцагч Угтаалцайдам сумын Засаг даргын өмгөөлөгч Т.Мөнхсүлд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч Түшиг-Уул ХК нь Төв аймгийн Засаг даргад холбогдуулан Түшиг-Уул ХК-ийн гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын хүсэлтэд татгалзсан Төв аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/1066 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийн дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Бор өндрийн хишиг ЗГБХН-тэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах гэж эцсийн байдлаар тодорхойлсон. [1]
Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч Түшиг-Уул ХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Түшиг-Уул ХК нь барилга, барилгын материалын үйлдвэрлэлд 1982 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотын хэмжээнд олон улсын стандартын шаардлага хангасан Монгол дахь цорын ганц Үндэсний мэргэжлийн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч компани юм. Манай компани 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл авахаар Түгээмэл тархацтай Ашигт малтмалын тухай хуульд заасан бичиг баримтуудыг бүрдэл болгож Төв аймгийн Засаг даргад өргөдлөө гаргасан. Төв аймгийн Засаг даргад өргөдөл гаргахаас өмнө тусгай зөвшөөрөл хүссэн талбай буюу Төв аймгийн Угтаалцайдам сумын нутагт орших М-48-ыг 139 планшетийн талбайд байрлах солбицол бүхий 41 га газарт Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын албаны мэдээллийн сайтад мэргэжлийн хүмүүсээр шалгуулахад тухайн газарт ямар нэгэн иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаагүй нь батлагдаж байсан юм. Манай өргөдлийг Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Түгээмэл тархацтай ашигт малтмалын лиценз хариуцсан мэргэжилтэн н.Жанлавсүрэн манай компанийн өргөдлийг хүлээн авч, өргөдлийн бүртгэлд бүртгэж, улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хуулийн шаардлага хангаж байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулахаар хүсэлтээ хүргүүлсэн гэсэн. АМГТГ-ын кадастрын хэлтсийн мэргэжлийн ажилчдын урьдчилсан дүгнэлтээр тухайн газар Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл олгож болно гэсэн дүгнэлтүүд гарсан. Гэвч Төв аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/1066 албан бичгийг шуудангаар хүргүүлснийг бид 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан. Уг албан бичигт манай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх боломжгүй гэсэн бөгөөд үндэслэлээ "Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийхэд Бор өндрийн хишиг" ЗГБХН-д бичил уурхайн зориулалтаар олгосон талбайтай давхцалтай болохыг Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 07/637 дугаартай албан бичгээр ирүүлсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн "14.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.2-т заасан өргөдлийг хүлээн авч, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2-т зааснаас гадна дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ: 14.1.3. өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 12.1, 12.2, 13.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд бүртгэсэн даруйд нь анхан шатны шүүлт хийж, шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шалтгаан, үндэслэлийг дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх" гэжээ. Манай компанийн гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан баримтууд дээрх хуулийн заалтад заасан шаардлагуудыг хангасан бөгөөд ямар нэгэн бичиг баримт дутаалгүй бүрэн бүрдүүлж өгсөн. Тиймээс аймгийн Засаг даргын холбогдох ажилтан өргөдлийг бүртгэсэн даруйд анхан шатны шүүлтийг хийж 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авсан. Гэтэл түүнээс хойш 2 сар орчмын дараа анхан шатны шүүлтийг хийсэн гэсэн үндэслэлээр татгалзсан шийдвэр гаргасан нь дээрх хуулийг зөрчсөн болохыг нотолж байна. Анхан шатны шүүлт хийсний дараа аймгийн Засаг дарга мөн зүйлийн 14.1.4-т энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх гэж заасны дагуу давхцалтай эсэхийг тогтоолгохоор өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газарт цахимаар хүргүүлэх л үүрэгтэй. Өмнө дурдсанчлан манай өргөдлийг Засаг даргаас хянасны дараа Ашигт малтмал, газрын тосны газарт нэгэнт хүргүүлсэн байсан атлаа дахин шүүлт хийсэн нэрээр өөрт олгогдоогүй эрхийн хүрээнд шийдвэр гаргаж, давхцалтай гэсэн нь хуулийн үндэслэлгүй болсон. Уг хууль бус шийдвэрийн улмаас 41 га газар дээр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахад манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул Төв аймгийн Засаг даргын Төв аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/1066 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд бодит хувь нэмрээ оруулж байгаа "Түшиг-Уул" ХК-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг, улс орны нийтлэг эрх ашгийг хамгаалж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбарт нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан талбай нь Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолоор бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан газрын хугацааг 3 жилийн хугацаатай сунгаж шийдвэрлэсэн тогтоолыг хүчингүй болгуулах, Бор өндөр хишиг ЗГБХН нөхөрлөлд олгосон бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түшиг уул ХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу анх Төв аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох бичиг баримтыг хүргүүлсэн. Бичиг баримтыг хүргүүлэхдээ Ашигт малтмал газрын тосны газрын сайтаас тухайн талбай дээр ямар нэгэн хуулийн этгээд газар эзэмшээгүй, мөн эрх ашгийг хөндөөгүй өөрөөр хэлбэл бид хоосон талбайд хүсэлтээ өгсөн. Хүсэлт өгөөд удаагүй байхад Төв аймгийн Засаг даргаас нэгдсэн кадастрын сан болон ашигт малтмалын газраас шүүлт хийлгэж тухайн талбай дээр ашигт малтмалын лиценз олгож болох, болохгүй гэсэн дүгнэлт гарч тухайн дүгнэлт нь Угтаалцайдам сумын Засаг дарга болон иргэдийн төлөөлөгчдийн хурлаар орж дэмжигдэж Төв аймгийн Засаг дарга дээр ирсэн тохиолдолд Төв аймгийн Засаг дарга тухайн асуудал дээр шийдвэр гаргах байсан. Дөнгөж өргөдөл бүртгэх үед боломжгүй гэсэн хариу ирсэн. Тухайн албан тушаалтан албан тушаалын эрхээ урвуулан ашиглаж ашиг сонирхлын үүднээс тухайн компанийн эрх ашгийг ноцтой зөрчиж болох байсан гэдгээр гомдол бичсэн. Нэхэмжлэл гаргах үед тухайн компанитай яаравчлан бичил уурхайн гэрээ байгуулж бичиг баримтыг нөхөж олгосон. Иймд үүнтэй ашиг сонирхлын зөрчилтэй байна, Төв аймгийн Засаг даргын шийдвэрийг эсэргүүцэж байгаа учир Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Төв аймгийн Засаг дарга шийдвэрээ гаргахдаа ашигт малтмал газрын тосны газрын шийдвэрийг үндэслэж, Угтаалцайдам сумын Иргэдийн Төлөөлөгчдийн шийдвэрээр Монгол улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн бол шүүхэд ийм байдлаар хүндрэл учруулахгүй байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн хүсэлт гаргасан. Шүүхээс бичил уурхайгаар ашиглаж болох эсэх, түгээмэл тархацтай ашигт малтмалын уурхайгаар ашиглаж болох эсэх, тухайн ашиглаж байгаа талбай бичил уурхайн хуульд нийцэж байгаа эсэх, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нийцэж байгаа эсэх талаар шүүхээс захирамж гарсан. Гэвч уул уурхайн яам шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Мэргэжлийн байгууллагаас шинжээчийн баг томилуулах хүсэлт гаргахад шүүх үүнийг хүлээж аваагүй. Монгол хүмүүс байна ингэж муудалцаад яах вэ гэхэд төр захиргааны байгууллага тантай эвлэрнэ гэж байхгүй гэж тоглоом хийсэн, бид цаашид гомдол гаргана. Иймд төр захиргааны байгууллага хуулийн дагуу шийдвэрээ гаргаасай гэж хүсэж байна. Би Угтаалцайдам сумын цагаан кварц гэдэг чулуугаар би эрдмийн доктор хамгаалсан. Орчин үеийн барилга байгууламжийг зөвхөн цагаан чулуугаар барьдаг. Цагаан чулуугаар бариагүйн улмаас байшин барилга, замууд хагарч цуурч байгаа. Уг стандартыг батлуулсан хүн нь би юм. Гэтэл Хятадууд цагаан чулууг өдөрт хэдэн мянган тонноор олборлож урагшаа гаргаж байгаад харамсаж байна. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол улсын олон улсын стандартыг мөрдүүлэхийн тулд цагаан чулуунд шунасан. Цагаан чулууг олборлож Монгол улсын үндэсний аюулгүй байдалд бага ч гэсэн хувь нэмэр оруулъя гэсэн шуналын сэдэлтэй явсан. Би Хятадуудтай нийлж урагшаа гаргая гэж яваагүй. Том төхөөрөмжөөр өдөрт хэдэн мянган тонныг олборлож байна. нэгдүгээрт олборлож байгаа стандарт биш байна. Хоёрдугаарт уурхайн хаягдлыг бичил уурхай гэж хуульд зааж өгсөн. Бор-Өндрийн хишиг нөхөрлөлийн талбай нь хуульд нийцэж байгаа эсэх, татвараа төлж байгаа эсэх, Монгол улсын хууль дүрэм журмыг мөрдөж байгаа эсэх нь шинжээчийн дүгнэлтээр гарч ирэх байсан. Түшиг уул ХК 2018 онд 6713/2018 дугаар улс хайрга дайрганы физик механик, химийн стандартыг боловсруулсан компани юм. Уг стандартыг мөрдүүлж Монгол улсад сайн сайхныг бүтээхийн төлөө шинжлэх ухаан техник технологи, геологи хайгуул, уул уурхайд олон жилийн зарцуулсан юм. Энэхүү олон жилийн их хөдөлмөр, маш олон сая төгрөгийн хохирол эндээс үүсэж эхэлсэн. Миний ажлыг хэн нэгэн үргэлжлүүлж явна. Энэ асуудал нь эцэс төгсгөлгүй юм гэжээ
2.3. Хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жанлуусүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түшиг уул ХК-ийн зүгээс Төв аймгийн Засаг даргад хандан түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт өгсөн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Ашигт малтмал газрын тосны газраас 2023 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр хамтран ажиллах тухай албан бичиг байдаг. Аймаг орон нутгийн байгууллагаас түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл ирүүлдэг. Үүний дагуу Түшиг уул ХК-ийн өргөдлийг хүлээн авч аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраар анхан шатны шүүлт хийлгэсэн. Шүүлт хийлгэхэд Бор-Өндрийн хишиг нөхөрлөлийн бичил уурхайн талбайтай давхцалтай байсан талаар 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 07/637 тоот албан бичгээр хариу ирүүлсэн. Тус албан бичгийн үндэслэж Түшиг уул ХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх боломжгүй талаар Төв аймгийн Засаг даргын орлогчийн албан бичгийг хүргүүлсэн. Уг хүсэлтийг хүлээн авч тухайн компани нь Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Захиргааны байгууллага нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэр гаргасан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлд түгээмэл тархацтай ашигт малтмал гэж юу болохыг тодорхойлсон байдаг. Харин уг зүйл заалтад кварц гэж байхгүй. Төв аймгийн Засаг даргыг хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон юм шиг зүйл яриад байна. Зөвшөөрөл олгоогүй харин өргөдлийн процессын асуудал яригдаж байгаа. гэжээ.
2.4. Хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Н.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэгч гэж хэнийг хэлэх вэ нэхэмжлэлийг яаж гаргах вэ гэдгийг хуульчилж нарийн тодорхой зааж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс Төв аймгийн Засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох тухай даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх хуралдааны асуулт хариултын шатанд Төв аймгийн Засаг даргын татгалзсан шийдвэр нэхэмжлэгчийн ямар эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар тодорхой тайлбар өгсөнгүй. Энэ талаар мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй. Өөрөө тайлбарлахдаа хоосон талбай дээр хүсэлтээ өгсөөр байтал Төв аймгийн Засаг дарга буруу хариулт өгсөн. Бор-Өндрийн хишиг нөхөрлөл байгааг мэдээгүй байхдаа нэхэмжлэл гаргасан гэх тайлбар гаргаж байгаагаас биш ямар эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй байна. Төв аймгийн Засаг даргын зүгээс өөрийн эрх мэдлийн хүрээнд нэгэнд нь үйлчилж нөгөөд нь хууль бусаар олгосон зүйл байхгүй. Ашигт малтмал газрын тосны газраас давхцалтай байна гэх албан бичиг удаа дараа ирсний дагуу шүүлтийг хийсний дагуу хариу өгсөн. Иймд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зүйл харагдахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.5. Хариуцагч Угтаалцайдам сумын Засаг даргын өмгөөлөгч Т.Мөнхсүлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэсэн байр суурьтай байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар тухайн өргөдлийг хэн шийдэх вэ гэдэг дээр аймгийн засаг дарга шийднэ гэж Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан учир үүнийг Угтаалцайдам сумын Засаг дарга хариуцах ямар нэгэн хуулийн эрх үүрэг хүлээгээгүй. Бор-Өндрийн хишиг нөхөрлөлийн үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай огт холбоогүй. Өөрөөр хэлбэл Угтаалцайдам сумын Засаг дарга шүүхийн шийдвэр биелүүлж гуравдагч этгээд нарт захирамж гаргаж асуудлыг шийдсэн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн газрын нөхцөл байдал нь шүүхээр шийдвэрлэгдсэн учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Иймд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай лицензэд хүссэн өргөдлийг Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг дарга хариуцах үүрэггүй учир Угтаалцайдам сумын Засаг даргыг хариуцагчаар оролцуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Захиргааны байгууллагаар иргэн, хуулийн этгээд нь өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах тодорхой харилцаанд орж байгаа бол ямар эрхээ хамгаалуулж, ямар нөхцөл боломжийг хангах юм бэ гэдэг хуулийн тайлбартай. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай асуудлыг Төв аймгийн Засаг дарга шийдэх үүрэгтэй. Тухайн үүргийг ямар тохиолдолд биелүүлдэг вэ гэвэл иргэн хуулийн этгээд хууль ёсны дагуу хуулийн нөхцөл боломжийг хангасан үйлдлийг шийднэ. Өнөөдөр нэхэмжлэгчийн ямар эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бэ гэдэг нь тодорхойгүй байна. Хүсэлт гаргасан хүсэлтийг шүүх хангах ёстой гэсэн байр сууринаас хандаад байна. Иймд нэхэмжлэгч ямар хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөж байгаа талаар ойлгомжтой тодорхой илэрхийлэх шаардлагатай гэж үзэж байна. Захиргааны байгууллагын захирамжилсан шийдвэр үйл ажиллагаанд ямар хугацаанд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн юм бэ гэдэг асуулт тавимаар байна. Ингэснээр нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг зөв тогтоох боломжтой. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн буюу нэхэмжлэлд хамааралгүй үндэслэлүүдийг яриад байна. Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын шийдвэртэй холбоотой асуудлыг шийднэ, харин нэхэмжлэгчийн яриад байгаа зүйл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагад яригдах ёстой зүйл биш. Иймд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар ноцтой зөрчил тогтоогдохгүй байна. Тухайн компанийн хүсэлтийг Төв аймгийн Засаг дарга шийдэхгүй гэж байгаагаас ямар эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бэ гэдгийг тогтоолгосны дараа даалгах нэхэмжлэл гаргах боломжтой. Нэхэмжлэгчийн зүгээс гурван нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Угтаалцайдам сумын Засаг даргад холбогдуулж Бор-Өндрийн хишиг нөхөрлөлтэй байгуулсан бичиг уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулах талаар шийдвэрлэсэн Угтаалцайдам сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргахдаа тухайн захиргааны акт болон гэрээ нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн үеэс эхэлж Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргах ёстой. Хэрвээ уг шийдвэрийг хүчингүй болгуулах гэж байгаа бол аймгийн засаг даргад хандаж гомдол гаргах ёстой. Уг шийдвэрийг мэдсэн үеэс эхэлж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хөөн хэлэлцэх асуудлын талаар ярилцах ёстой. Тэхээр уг шийдвэр хэзээ мэдсэн юм, мэдсэнээс хойш хэр хугацааны дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна. Угтаалцайдам сумын Засаг даргын Бор-Өндрийн хишиг нөхөрлөлтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан Угтаалцайдам сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэж харж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан өргөдлийг шийдэх эрх нь Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргад олгогдоогүй харин Төв аймгийн Засаг даргад олгогдсон. Иймд Угтаалцайдам сумын Засаг дарга хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар оролцож нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл бүрдээгүй учир нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.6. Хариуцагч Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, гуравдагч этгээд Бор-Өндрийн хишиг ЗГБХН-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бор-Өндрийн хишиг нөхөрлөл нь уг асуудалд 2017 оноос хойш оролцож байна. 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг Угтаалцайдам сумын засаг даргатай, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нийт 5 жилийн хугацаагаар гаргуулж, ажиллаж байсан. Гэтэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн тогтоол гарч 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын А/94 дугаартай захирамж гарч Бор-Өндрийн хишиг нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоосон. Захирамжийг эс зөвшөөрч 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын А/94 хориг тавих захирамжийг хүчингүй болгуулахаар Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 10 дугаар сард гомдол гаргаж, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 123/ШШ2017/0031 дугаар шүүхийн шийдвэр, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 123/ШШ2020/0033 дугаар шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 650 дугаар магадлал тус тус гарч Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын А/94 дугаартай захирамжийг хүчингүй болгож гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхийг Угтаалцайдам сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Уг шүүхийн шийдвэр биелэгдэхгүй явсаар 2022 онд Шүүхийн шийдвэрийн ерөнхий газар гомдол гаргасны үндсэн дээр 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх газраас Бор-Өндрийн хишиг нөхөрлөлийн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг Угтаалцайдам сумын Засаг даргатай байгуулсан. Эдгээр нь хэрэгт нотлох баримтаар бүгд авагдсан. Бор-Өндрийн хишиг нөхөрлөлийн маргаан шүүхээр яваад шүүхийн шийдвэр гарч үйл ажиллагаа явуулах гэж байхад нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргаж саад болж байна. Иймд гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өөрөөр хэлбэл Төв аймгийн Засаг дарга, Угтаал цайдам сумын Засаг даргын шийдвэр, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх ашгийг яагаад зөрчиж байгаа вэ гэдэг асуудал тодорхойгүй, хууль зүйн хувьд үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал ямар газарт хайгуулын зөвшөөрөл авах тухай хүсэлтээ Ашигт малтмал газрын тосны газарт гаргах эрхтэй боловч үйл ажиллагаа явуулж байгаа, шүүхийн шийдвэр гарсан байхад мөн одоогоор лиценз олгох боломжгүй байна гэсэн хариу яагаад хууль зүйн үндэслэлгүй болж байгаа вэ. Түшиг уул ХК 40 га газрын зөвшөөрөл хүссэн байдаг. Ашигт малтмалын газрын хэрэг эрхлэх газрын даргын хариу тайлбар тодорхой буюу солбицол давхцалтай байгаа учир олгох боломжгүй гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл төр захиргааны байгууллагын өмнө гаргасан шийдвэр, шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр болсон 3.5 га талбайд Бор-Өндрийн хишиг нөхөрлөл үйл ажиллагаа явуулах бүрэн эрх нь баталгаажсан. Манай 3.5 га газартай давхцуулахгүйгээр хүсэлт өгөх эрх нь нэхэмжлэгчид байдаг. Чухам ямар хууль зөрчиж байгаа талаар нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгчийн ярьж байгаа нь Бор-Өндрийн хишиг нөхөрлөлийн үйл ажиллагаанд гомдоод байна гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл технологи яриад байна. Бор-Өндрийн хишиг нөхөрлөл 3.5 га газартай гэж яригдаж байгаа үүн дээр 40 га газрын зөвшөөрөл давхцалтай байна. Давхцалтай учраас танайд олгох боломжгүй гэж хариу өгсөн Төв аймгийн Засаг даргын шийдвэрт гомдол өгөх ёстой гэтэл яриад байгаа зүйл нь хэрэгт хамааралгүй уурхайн технологи, ашигт малтмалын технологи ярьж үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хальж байгаа учир үндэслэлгүй гэж үзэж байна. Бидний хувьд Төв аймгийн Засаг дарга болон Угтаалцайдам сумын Засаг дарга, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хууль зөрчиж ямар нэгэн шийдвэр гаргуулсан зүйл байхгүй. Бүх зүйл хуулийн дагуу Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын шийдвэртэй, Төв аймгийн Засаг дарга, Угтаалцайдам сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэртэй, мөн Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй үйл ажиллагаа явуулах гэж байгаа. Иймд эхний тайлбараа дэмжиж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Аливаа төр захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа уг асуудалтай холбоотой бүхий зүйлийг судалсны дараа хариу өгдөг. Түшиг уул ХК-ийн хүсэлтээс Төв аймгийн Засаг дарга татгалзаж байгаа үндэслэл нь юу вэ гэвэл иргэдтэй холбоотой шүүхийн маргаан хянан шийдвэрлэгдэж шийдвэр гарсан учир уг шийдвэрийг үндэслэж давхцалтай газар учраас газар олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Эрүү, иргэн, захиргааны процессын хуульд шүүхийн шийдвэр заавал биелэгдэхээр заасан. Өмнө 2017 оноос 2020 он хүртэл үргэлжилсэн шүүхийн процессын явцад Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхүүдийн удаа дараагийн магадлал шийдвэрээр Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Угтаалцайдам сумын Засаг даргатай байгуулсан зарим гишүүд бүрэн хариуцлагатай Бор-Өндрийн хишиг нөхөрлөлийн үйл ажиллагааг хуулийн дагуу буруутгах үндэслэлгүй. Үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэдгийг даалгаж шийдвэрлэсэн учраас Угтаалцайдам сумын Засаг даргын гаргасан шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Түшиг уул ХК газар олгох гэхээс илүүтэй Бор-Өндрийн хишиг нөхөрлөлийн газрыг торуулаад газрын хүсэлт өгөх эрхтэй. Шунал хязгааргүй гэдэг энэ. 4 га газрыг тойруулаад газар олгох хүсэлт гаргасан бол ямар ч маргаан болох үндэслэл байхгүй. Төв аймгийн Засаг даргын татгалзсан хариу ямар эрх ашгийг нь хөндөж байгаа талаар тайлбарласангүй мөн хавтаст хэрэгт ч энэ талаар нотлох баримт байсангүй. Угтаалцайдам сумын Засаг даргатай Бор-Өндрийн хишиг нөхөрлөлтэй байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэж, төр захиргааны байгууллагын удаа дараагийн зөвшөөрлийг үндэслэж хийгдсэн хуулийн хүчин төгөлдөр үйл ажиллагаа. Төв аймгийн Засаг дарга болон Угтаалцайдам сумын Засаг даргын шийдвэр нь бидний хувьд хууль юм. Бидэнд хууль ёсоор олгосон эрх хэмжээнд дурын сонирхогч этгээд орж ирж үгүй болгодог зүйл биш. Иймд шүүх нотлох баримтуудыг үндэслэж шийдвэр гаргаж гэж үзэж байна гэжээ.
2.7. Хариуцагч Төв аймгийн Засаг дарга шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Түшиг уул ХК нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 04/12 тоот албан бичгээр аймгийн Засаг даргад түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай хүсэлт ирүүлсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасны дагуу "Түшиг уул" ХХК-ий хүсэлт, холбогдох баримт бичгийг судлан үзээд анхан шатны шүүлт хийхэд "Бор өндрийн хишиг" /ЗГБХН/ нөхөрлөлийн бичил уурхайн зориулалтын талбайтай давхцалтай талаар аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 29-ний 07/637 тоот албан бичгийг үндэслэн 2023 оны 06сарын 06-ны өдрийн 01/1066 албан бичгээр "Түшиг уул" ХХК-ний түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх боломжгүй талаар албан бичиг хүргүүлсэн болно. Иймд Түшиг уул ХК-аас гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.8. Хариуцагч Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Түшиг уул ХК нь ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжуудын хүрээнд тухайн газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжгүй, Төв аймгийн засаг даргын орлогч Г.Сурмаагийн 01/1066 дугаартай албан бичиг нь хууль зүйн үндэслэлтэй байна. 2. Тухайн газарт "Бор өндрийн хишиг" нөхөрлөл нь 2017 оноос бичил уурхайн зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан байна. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 5.1.2-т зааснаар сумын ИТХ нь бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах талаар гаргасан Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэж, уг шийдвэрээ Засаг даргад хүргүүлэх ёстой. Хурлаас дэмжсэн шийдвэр гарсан тохиолдолд уг журмын 4.3, 6.1.3 болон Ашигт малтмалын тухай хуулийн 12.2.4, МУЗЗНДНТУТХуулийн 59.1.2-т зааснаар тухайн хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хангаж гэрээ байгуулах ёстой. Энэ хүрээнд сумын засаг дарга шийдвэр гаргаж ажилласан байна. 3. Тухайн газарт бичил уурхайн үйл ажиллагаа албан ёсоор явагдаж байхад хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн дүгнэлт гарах боломжгүй. АМТХ-ийн 17.5.2-т тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх гэж тусгайлан хуульчилж өгсөн байдаг. Уг газрыг 2017 онд бичил уурхайн зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар авч мэдээллийн санд бүртгэгдсэн байдаг. Иймд сумын засаг дарга Б.Нямлхагва нь хууль зөрчсөн шийдвэр огт гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.9. Гуравдагч этгээд Бор өндөр хишиг ЗГБХН шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Бор өндрийн хишиг" ЗГБХН нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ"-г Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргатай, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан байдаг бөгөөд үүнтэй холбоотойгоор тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 06 дугаартай тогтоол гарч, манай нөхөрлөл үйл ажиллагаагаа эхлээд 7 хонож байтал Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/94 дугаартай "Хориг тавих тухай" захирамж гарч хориг тавьсан учраас бид үйл ажиллагаагаа зогсоосон ба Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/94 дугаартай Хориг тавих тухай" захирамжийг хүчингүй болгож, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ"-ээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргад даалгах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 123/2017/0031 дугаартай, мөн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 123/ШШШ2020/0033 дугаартай шийдвэрүүд, болон Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 650 дугаартай магадлалаар Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/94 дугаартай "Хориг тавих тухай" захирамжийг хүчингүй болгож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Засаг даргад даалгаж болон уг гэрээтэй холбоотой гарсан маргаанд "Бор өндрийн хишиг" ЗГБХН-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн байдаг. Дээрх Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүд болон Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтуудыг үндэслэн, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Бор өндрийн хишиг зарим гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн захирал М.Төгсболд нь Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг дарга Б.Нямлхагватай "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай" гэрээ байгуулсан. Тус гэрээний 1.1-д зааснаар "Бичил уурхай эрхлэгч этгээд нь Угтаалцайдам сумын "Бор өндөр" нэртэй газарт орших 3,5 гектар талбайд журмын 6.1.3-т заасны дагуу тухайн ашигт малтмалыг ашиглаж дуусах хүртэл 5 жилийн хугацаагаар кварцын чулуу олборлохтой холбогдсон үйл ажиллагаа эрхэлнэ.", мөн гэрээний 6.1-д "Энэхүү гэрээ нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2027 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ" гэж тус тус заасны дагуу манай гэрээ болон гэрээнд заасан хугацааг кадастрын мэдээллийн санд бүртгэж өгнө үү гэсэн хүсэлтийг АМХЭГ-ын Кадастрын хэлтэст 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/934 тоот Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарын албан бичгээр хүргүүлсэн болно. Хуульд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр нь заавал биелэгдэхээр хуульчлагдсан байдаг ба иргэн, хуулийн этгээд нь шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх хуультай учир дээрх шийдвэрийг биелүүлэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандахад 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1/901 тоот "Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай" албан тоот мэдэгдлийг Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргад хүргүүлсэн, үүний дагуу Кадастрын мэдээллийн санд манай нөхөрлөлийн талаар бүртгэж, албан ёсны бүртгэл үүсгэх ажиллагаа явагдаж байгаа болно. Иймд Төв аймгийн Угтаалцайдам сумын ИТХ-ын гаргасан тайлбар, татгалзлыг бүрэн дэмжиж байгаа тул нэхэмжлэгч "Түшиг уул" ХК-ийн үндэслэлгүй шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Түшиг-Уул ХК-ийн, Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
2. Нэхэмжлэгчээс Түшиг-Уул ХК-ийн гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын хүсэлтэд татгалзсан Төв аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/1066 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийн дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Бор өндрийн хишиг ЗГБХН-тэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
3. Нэхэмжлэгчээс 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 04/12 дугаар албан бичгээр Төв аймгийн Засаг даргад хандан Төв аймгийн Угтаалцайдам сумын нутагт орших М-48-ыг 139 планшидед 41 га газар дээр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгоход хуулийн дагуу Ашигт малтмалын газрын тосны газраас лавлагаа авч, дэмжлэг үзүүлнэ үү. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хавсралтаар хүргүүлж гаргасан албан бичиг хүргүүлэв гэжээ[2].
4. Уг албан бичгийн хариуг Төв аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаагаас 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/1066 тоот албан бичгээр Төв аймгийн Угтаалцайдам сумын нутагт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийхэд Бор өндрийн хишиг ЗГБХН нөхөрлөлийн бичил уурхайн зориулалттай талбайтай давхцалтай талаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 07/637 тоот албан бичгийг ирүүлсэн. Иймд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгчээ[3].
5. Нэхэмжлэгчийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хариуцагч Төв аймгийн Засаг даргаас Бор өндрийн хишиг нөхөрлөлийн бичил уурхайн зориулалттай талбайтай давхацсан гэх хариуг өгсөн байна.
6. Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаар Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, талбайн хэмжээ, солбилцлыг батлах тухай тогтоолын 2-т Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрыг 5 жилийн хугацаатай тогтоосон байна[4].
7. 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаар Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ-г Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг дарга, Бор өндөр хишиг ЗГБХН-тэй Угтаалцайдам сумын Бор өндөр нэртэй 3.5 га газар судлын кварцын чулуу олборлох зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар гэрээ байгуулсан[5].
8. Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/149 дугаар захирамжаар Бор өндөр хишиг ЗГБХН-тэй байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай бичил уурхайгаар ашиг малтмал олборлох тухай гэрээг цуцалжээ[6].
9. Бор өндрийн хишиг ЗГБХН-өөс тус шүүхэд Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/94 дугаартай Хориг тавих тухай захирамжийг хүчингүй болгуулах, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргад даалгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасныг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 123/ШШ2017/0031 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн[7]. 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар гүйцэтгэх хуудсаар 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 123/ШШ2017/0031 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэн байна[8]. /1-р хх-188-189/
10. Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 6 дугаар тогтоолоор бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан газрын хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 71.4 хувь буюу олонхийн саналаар 3 жилийн хугацаатайгаар сунгаж шийдвэрлэсэн тогтоол, тэмдэглэл[9] байна.
11. Шүүхэд ирүүлсэн Монгол улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлтээр:
11.1. ... Төв аймгийн Угтаалцайдам сумын нутагт орших Цохиот толгой 3 нэртэй газарт Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн "Түшиг уул" ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн ХА-41000377 дугаартай өргөдлийн талбайд орд илрэл, эрдсийн хуримтлал, хүдрийн дүүрэг зангилаатай давхцалтай эсэхийг Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн мэргэжилтэн О.Оргил 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улсын геологийн зураглалын 1:200 000-ын масштабтай 5567 дугаартай тайлангаас шүүж үзсэн. Шүүлтээр уг талбайд Au47 алтны илрэл болон алтны геохимийн сарнил, потенциал бүхий талбайтай давхцалтай байх тул уг талбайг түгээмэл тархацтай ашигт малтмалын чиглэлээр ашиглах боломжгүй гэж дүгнэсэн. Уг талбайд илэрсэн Au47 алтны илрэл болон алтны геохимийн сарнил бүхий эрдсийн хуримтлал нь барилгын материалын зориулалтаар ашиглах боломжгүй буюу түгээмэл тархацтай ашигт малтмалын илрэл бус ердийн ашигт малтмалын хуримтлалд хамрагдахаар байна [10] гэсэн дүгнэлтийг гаргаж ирүүлжээ.
12. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10/4788 дугаартай албан бичгээр Түшиг Уул ХХК-ийн Угтаалцайдам нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-41000377 бүртгэлийн дугаартай 40.99 гектар талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай дүгнэлтийг Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарт хүргүүлжээ[11].
13. Нэхэмжлэгч "Түшиг уул" ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Ашигт малтмалын ордыг дор дурдсанаар ангилна гэж, 6.1.1 дэх заалтад стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, 6.2.2 дахь заалтад түгээмэл тархацтай ашигт малтмалын орд, 6.2.3 дахь заалтад ердийн ашигт малтмалын орд гэж, мөн хуулийн 6.3 дахь хэсэгт "Барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий хурдас, чулуулгийн хуримтлалыг түгээмэл тархацтай ашигт малтмалын ордод хамааруулна" гэж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж, 11.2.5 дахь заалтад харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох гэж тус тус зааснаас үзвэл аймгийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох хуулийн зохицуулалттай байна. Улмаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад түгээмэл тархацтай ашигт малтмал" гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг хэлнэ гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Түшиг Уул ХК-ийн хүсэлт гаргасан газар нь түгээмэл тархацтай ашиг малтмалын газар биш ердийн орд буюу алтны илрэл болон алтны геохимийн сарнил, потенциал бүхий талбай байх тул уг асуудлыг Төв аймгийн Засаг дарга шийдвэрлэх боломжгүй. Төв аймгийн Засаг даргад хуулиар зөвхөн түгээмэл тархацтай газарт хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл олгох эрх олгогджээ.
14. Түүнчлэн нэхэмжлэгчийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын хүсэлтэд татгалзсан хариуг өгсөн учир Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоол болон Бор өндрийн хишиг ЗГБХН-тэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь хамааралгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх болон хууль ёсны ашиг сонирхлыг эдгээр эрх бүхий байгууллагуудын шийдвэр хөндөхгүй байна гэж шүүх үзлээ.
15. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дах хэсэгт Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно. Байгалийн өнгөт болон үнэт чулууг түүх, олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ гэж заасны дагуу дээр дурдсан үндэслэлүүдээр Түшиг-Уул ХК-ийн гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын хүсэлтэд татгалзсан Төв аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/1066 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийн дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, Төв аймгийн Угтаалцайдам сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Бор өндрийн хишиг ЗГБХН-тэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2.5 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэгч Түшиг-Уул ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох Түшиг-Уул ХК-ийн гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын хүсэлтэд татгалзсан Төв аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/1066 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийн дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, Төв аймгийн Угтаалцайдам сумын И-ргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Бор өндрийн хишиг ЗГБХН-тэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 (арван дөрөв) хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ
[1] 2 дугаар хавтас 207-208 дугаар тал,
[2] 1 дүгээр хавтас 13-17 дугаар тал
[3] 1 дүгээр хавтас 6 дугаар тал
[4] 1 дүгээр хавтас 209-210 дугаар тал
[5] 1 дүгээр хавтас 183-185 дугаар тал
[6] 1 дүгээр хавтас 223 дугаар тал
[7] 1 дүгээр хавтас 174-181 дүгээр тал
[8] 1 дүгээр хавтас 188-189 дүгээр тал
[9] 1 дүгээр хавтас 107-125 дугаар тал
[10] 3 дугаар хавтас 84-86 дугаар тал
[11] 2 дугаар хавтас 126 дугаар тал