| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01568/И |
| Дугаар | 142/ШШ2025/00014 |
| Огноо | 2024-12-25 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 142/ШШ2025/00014
| 2024 оны 12 сарын 25 өдөр | Дугаар 142/ШШ2025/00014 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Булган аймаг Булган сум Жаргалантын аманд байрлалтай ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 20-р хороо үйлдвэрийн бүс ******* тоотод байрлах, ******* ******* ******* ХХК /РД:*******/-д холбогдох ,
Нэхэмжлэлийн шаардлага: 34,042,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,
Хариуцагчийн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан 34,042,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч "******* ******* *******" ХХК нь нэхэмжлэгч "*******" ХХК-ийн өмчлөлийн Булган аймгийн Булган сумын 1-р баг, Жаргалантийн аманд байрлах ******* амралтын газрын баазад зуны англи хэлтэй зуслангийн сургалт явуулах зорилгоор зохигчид 2024 оны 06 дугаар сарын 10-наас 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаатай 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Зуслангийн үйл ажиллагааны гэрээ байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн сургалтын үйл ажиллагаанд зориулж өөрийн өмчлөлийн ******* амралтын газрын баазын 2, 3 давхарт байрлах 11 өрөө /нийт 14 өрөөг бүхэлд нь ашигласан/-нд зуслангийн амрагч хүүхдүүдийг тохилог тухтай амралтын байр, цэвэр тохилог орчин, эрүүл тэжээллэг, чанартай хоолоор хангах, шаардлагатай анги танхим бусад боломжит үйлчилгээгээр хангах, харин хариуцагчийн зүгээс гэрээний 4.1-т заасан нийт 115.000.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний дагуу үүргээ чанартай гүйцэтгэж байсан. Гэрээний хугацаанд суралцагч нар болон түүний ар гэр, багш нараас хэл ам хийж, ямар нэгэн маргаан гарч байгаагүй. Бид тохирохдоо 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл буюу 2 сар хичээллэнэ гэж тохирч байсан учир манай амралтын зүгээс бусад үйлчлүүлэгч нараас орж ирсэн олон захиалгыг аваагүй. Суралцагч хүүхдүүдийг авч явснаасаа хойш хариуцагч компанийн гүйцэтгэх захирал гийн зүгээс үлдэгдэл 25,500,000 төгрөгийг удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрч байна. Гэрээний 4.3-т гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног бүрт 0.5 хувийн алданги тооцох-оор хариуцагчтай тохиролцсон. Үлдэгдэл төлбөр 25,500,000 төгрөгийн 1 өдрийн алданги нь 127,500 төгрөг болж байна. 2024 оны 06-р сарын 28-ны өдрөөс 2024 оны 09-р сарын 03-ны өдөр хүртэл 67 хоног гэж тооцвол 8.542.500 төгрөгийн алдангийг нэхэмжлэх эрхтэй байна. Иймд хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Зуслангийн үйл ажиллагааны гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 25,500,000 төгрөг, алданги 8,542,500 төгрөг, нийт 34,042,500 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байна гэж үзэж байна. Яагаад гэвэл энэ нь өөрөө амралтын газар, хүүхдүүдийг амраах зорилготой хийгдсэн гэрээ учраас Иргэний хуулийн 359.2-т заасан бүх төрлийн ажил үйлчилгээ энэ гэрээний зүйл байна гэсэнд хамаарч байна. Талуудын хооронд гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлд зааснаар бичгийн хэлбэрээр байгуулагдаж, хүчин төгөлдөр болсон. Гэрээний хүчин төгөлдөр эсэх асуудлаар талууд маргаагүй, зөвхөн үнийн дүн дээр маргаж байна гэж үзэж байгаа. Үнийн дүн гэрээний 4.2-т заасан 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 38,000,000 төгрөг төлнө, үүний 25,500,000 төгрөгийг төлөхөөр тооцсон байна гэж үзэж байгаа. Яагаад гэвэл энэ гэрээ 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан, 17-ны өдөр байгуулагдахад хариуцагчаас 12,500,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 25,500,000 төгрөгийг төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлсэн байгааг асуулт хариултаар тодрууллаа. Энэ гэрээг хийхэд хэн алинд нь дарамт шахалт байхгүй, өөрсдийн хүсэл зоригоор хийсэн учраас энэ гэрээний заалт нь биелэгдэх үндэслэлтэй байна. Алдангийн талаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар тооцохоор талууд тохирсон байна. Хуульд зааснаар алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж заасан учраас нэхэмжлэгчийн шаардаж байгаа 8,542,500 төгрөг хуульд нийцэж байна. Хуульд хүлээн зөвшөөрсөн алданги, гэрээний үлдэгдлийг шаардаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн боломжтой байна гэв.
4. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Булган аймагт байрлах ******* тур ХХК-ийн амралтын баазад Зуны англи хэлний зуслангийн үйл ажиллагаа явуулахаар ярилцан тохиролцож үйл ажиллагааг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлсэн. Гэвч бид тус байгууллагад зөвхөн эхний 2 ээлж буюу нийт 17 хоног байрлаж үйл ажиллагаа явуулсан. Зуслангийн 1-р ээлж 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр /7 хоног/, 2-р ээлж 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр /10 хоног/, энэ 2 ээлжинд бид нийт 59 хүүхэд болон багш, ажилчидтай ажилласан. Байр, хоолны үнэлгээ 1 хүний өдрийн 38,333 төгрөгөөр тохиролцсон. Гэвч бид тухайн цаг хугацаанд шинээр үйл ажиллагаа эхлүүлсэн байсан тул хүмүүсийг татах зорилгоор зээлээр суралцах үйлчилгээ нэвтрүүлэн ажиллаж байсан. Энэ тухайгаа бид ******* тур ХХК-ийн удирдлагуудад цаг тухай бүрт мэдээлж байсан. Үүнийг ******* ХХК-ийн тал хүлээн зөвшөөрсөн. Бид тус амралтын баазтай цаашид хамтран ажиллаж үйл ажиллагаагаа бүрэн дуусгах хүсэлтэй байсан ч Захирал албан тушаалтай нь манай багш ажилчидтай ёс бус харилцаж, манай ажилчдыг өөрийн үг үйлдлээр байлгах гэж шахан дарамталж, манай ажилчид хариу үйлдэл гаргахад ихэд доромж байдлаар харилцаж байсан. Үүнийг нь хэлж ойлгуулж ярилцах гэж оролдсон ч би угаас ийм ааш зан байдалтай хүн хэмээн хүлээн аваагүй. Энэ ёс бус үйлдэл байдал цаашид улам даамжирч манай үйл ажиллагаанд оролцож хүүхдүүд гүйлдэх гэх мэт идэвхитэй хөдөлгөөн болон оройн унтлагаас өмнөх үйл ажиллагааг төвөгтэй, чимээтэй байна гэж удаа дараа төвөгшөөж байсан. Манай 1-р ээлжинд ихэвчилэн бага насны хүүхдүүд байсан учир энэ үйлдлийг тэр бүр анзаараагүй, мөн манай багш ажилчид үүнд ихэд анхааран ажилласан учир асуудал үүсээгүй. Гэвч 2-р ээлжнээс эхлүүлэн дунд болон ахлах ангийн юу болж өрнөж байгааг ойлгох хүүхдүүд орж ирсэн тул энэ байдал удаан үргэлжлэх боломжгүй байсан. Иймд бид үйл ажиллагаагаа зогсоосон. Үйл ажиллагаа зогсоохоос өмнөх өдөр ярилцаж ойлголцохыг хүссэн ч хүлээн аваагүйгээр барахгүй бүгдийн нүдэн дээр манай багш ажилчдыг дайран доромжилсон. Энэхүү үйлдэл нь бидний хамтын ажиллагаанд ихээхэн хагарал үүсгэж манай талаас гэрээг цуцлах үндэслэл болсон. Биднийг үйл ажиллагаа явагдаж байхад нэмэлт захиалга хүлээн авсаар байсан. Бидний зүгээс нэхэмжлэгч талын гаргасан үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид үйл ажиллагаа явуулсан нийт үнийн дүнг 20,201,491 төгрөг хэмээн тооцоолон гаргасан. Үүнээс 12,500,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 7,701,491 төгрөгийг бид 2024 ондоо багтаан нэхэмжлэгч талд барагдуулахад татгалзах зүйл үгүй болно... гэжээ.
5. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн зуслангийн үйл ажиллагааны гэрээ /хх 6-7/, ******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хх-8/, ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх-9/-ийг, ******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-10/, дансны хуулга /11, 12/, компанийн захирал ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-12/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд ..."******* ******* *******" ХХК нь нэхэмжлэгч "*******" ХХК-ийн өмчлөлийн Булган аймгийн Булган сумын 1-р баг, Жаргалантийн аманд байрлах ******* амралтын газрын баазад зуны англи хэлтэй зуслангийн сургалт явуулах зорилгоор 2024 оны 06 дугаар сарын 10-наас 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаатай 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Зуслангийн үйл ажиллагааны гэрээ байгуулж, гэрээний төлбөрийг 115.000.000 төгрөгөөр тохиролцсон. Гэвч хариуцагч компанийн гүйцэтгэх захирал нь гэрээний хугацаа дуусаагүй байхад хүүхдүүдийг авч явснаасаа хойш гэрээний үлдэгдэл төлбөр 25,500,000 төгрөгийг төлөөгүй тул гэрээнд зааснаар 67 хоногийн алданги тооцож 8.542.500 төгрөг, нийт 34,042,500 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: ... Манай компани нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Булган аймагт байрлах ******* тур ХХК-ийн амралтын баазад Зуны англи хэлний зуслангийн үйл ажиллагаа явуулахаар ярилцан тохиролцож үйл ажиллагааг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлсэн. Гэвч бид тус байгууллагад зөвхөн эхний 2 ээлж буюу нийт 17 хоног байрлаж 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл үйл ажиллагаа явуулсан. Үйл ажиллагаа зогсоохоос өмнөх өдөр ярилцаж ойлголцохыг хүссэн ч хүлээн аваагүйгээр барахгүй бүгдийн нүдэн дээр манай багш ажилчдыг дайран доромжилсон. Энэхүү үйлдэл нь бидний хамтын ажиллагаанд ихээхэн хагарал үүсгэж манай талаас гэрээг цуцлах үндэслэл болсон. Бид үйл ажиллагаа явуулсан нийт үнийн дүнг 20,201,491 төгрөг хэмээн тооцоолон гаргасан. Үүнээс 12,500,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 7,701,491 төгрөгийг бид 2024 ондоо багтаан нэхэмжлэгч талд барагдуулахад татгалзах зүйл үгүй болно... гэсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч ******* ******* ******* ХХК нарын хооронд 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Зуслангийн үйл ажиллагааны гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдсан байна.
6. Талууд уг гэрээгээр Кэй ******* ******* ХХК нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Булган аймагт байрлах ******* ХХК-ийн амралтын баазад Зуны англи хэлний зуслангийн үйл ажиллагаа явуулах, нэхэмжлэгч тал гэрээний хугацаанд зусланд ирсэн хүүхдүүдийг байр, хоолоор хангахаар, гэрээний төлбөрийг 115,000,000 төгрөгөөр тохиролцож, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 27-нд 38,000,000 төгрөг төлөхөөс 12,500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид 2024 оны 06 дугаар сарын 16, 23-нд тус тус төлсөн болох нь тогтоогдож байна.
7. Талуудын хооронд байгуулсан гэрээний агуулгаас дүгнэхэд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ., 359 дүгээр зүйлийн 359.2-т Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно. гэж заасан гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний хугацаа, төлбөрийн талаар зохигч маргахгүй байна.
8. Гэрээнд амралтын газар байрлах багш, ажилчид, амрагч хүүхдүүдийн тоог тодорхой заагаагүй бөгөөд ажил үйлчилгээний төлбөрийг 115,000,000 төгрөгөөр тохиролцсон ба хариуцагч Кэй ******* ******* ХХК нь 2024 оны 06 дугаар сарын 27-нд ******* амралтын газраас амрагч хүүхдүүд болон багш, ажилчдаа авч явснаар гэрээ цуцлагдсан байна.
9. Гэвч гэрээ цуцлахад хүргэсэн шалтгааныг хариуцагч тал ...амралтын бааз болон компанийн удирдлагын зүгээс багш, ажилчид болон амрагч хүүхдүүдтэй зүй бус харьцсанаас болсон... гэж тайлбарлаж байх боловч хариуцагч тал өөрийн тайлбар татгалзлыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдсаныг нотлосон баримт хэрэгт авагдаагүй байна.
10. Мөн талуудын байгуулсан гэрээний 4.3-т гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног бүрт 0.5 хувийн алданги тооцох-оор тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч гэрээ цуцлагдсан 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 67 хоногийн алдангийг тооцож нэхэмжилсэн.
11. Иймд нэхэмжлэгч нь ажил үйлчилгээ үзүүлсний төлбөр болон гэрээнд зааснаар алданги шаардах эрхтэй байх тул хариуцагч Кэй ******* ******* ХХК-с гэрээний төлбөрийн үлдэгдэл 25,500,000 төгрөг, алданги 8,542,500 төгрөг, нийт 34,042,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
12. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 328,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 34,042,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 328,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ