Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 131/ШШ2024/00986

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч: ******* овгийн *******гийн *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  ******* овгийн *******ийн *******ад холбогдох

Зээл 2,000,000 төгрөг, гар утасны үнэ 1,708,000 төгрөг, нийт 3,780,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: Э.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Д.******* над руу утсаар яриад Та 2,000,000 төгрөг зээлээч. Танд байхгүй бол хүнээс олоод өгөөч. Хүүтэй байсан ч хамаагүй. Надад мөнгө маш их хэрэгтэй байна гээд гуйгаад байсан тул би өөрийн төрсөн хүү Б.Эрдэнэдорж руу утсаар яриад Мөнгө байна уу, эхэд нь хэрэг болоод байна гэсэн чинь та дансаа явуул гэхээр нь хүргэн байсан Э.*******ын дансыг өгөөд 2,000,000 төгрөг шилжүүлсэн.

Үүнээс хойш Э.******* нь Ээжээ та надад цахим зээлийн гар утас аваад өгөөч хүү нь хугацаанд нь үнийг нь төлөөд явна гэхээр нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 1,708,000 төгрөгийн үнэтэй гар утсыг өөрийн нэр дээр зээл авч өгсөн.

Э.******* нь миний охины нөхөр байсан тул би өөрийн хүү шигээ санаж бүх талаар тусалж, дэмжиж байсан боловч хайр даахгүй авсан мөнгөө ч өгөхгүй утасны зээлээ ч төлөхгүй хэл чимээгүй эхнэр хүүхдээ орхиод алга болсон. Олон удаа залгасан боловч утсаа авахгүй байсан.

Би гар утасны зээлийг төлөх боломжгүй, олон хүүхэдтэй. Миний хүү Б.Эрдэнэдорж нь Ээжээ тал зээлсэн 2,000,000 төгрөгөө өгөөч ээ. Эхнэр уурлаад байх юм гэдэг.

Энэ бүхэн надад маш хэцүү байна. Э.*******ын өмнөөс зээл, гар утасны үнийг төлөх боломжгүй. Зээл 2,000,000 төгрөг, гар утасны үнэ 1,708,000 төгрөг, нийт 3,708,000 төгрөгийг Э.*******аас гаргуулна.

2. Эвлэрлийн гэрээний агуулга: Нэхэмжлэгч Д.******* би 3,708,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 1,628,000 төгрөгөөс татгалзаж, 2,080,000 төгрөгийг хариуцагч Н.******* төлөхөөр харилцан тохиролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Э.*******ад холбогдох зээл 2,000,000 төгрөг, гар утасны үнэ 1,708,000 төгрөг, нийт 3,780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 1,628,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Э.******* нь үлдэх 2,080,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******т төлөхөөр зохигч, эвлэрчээ.

Зохигч эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Д.*******ийн нэхэмжлэлтэй Э.*******ад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч Д.*******ийн хариуцагч Э.*******ад холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******аас 39,300 төгрөгийг, улсын орлогоос 39,300 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Э.*******ад холбогдох зээл 2,000,000 төгрөг, гар утасны үнэ 1,708,000 төгрөг, нийт 3,780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 1,628,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Э.******* нь үлдэх 2,080,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******т төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ийн хариуцагч Э.*******ад холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******аас 39,300 төгрөгийг, улсын орлогоос 39,300 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХБАТ