| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 2236000000117 |
| Дугаар | 25 |
| Огноо | 2020-03-04 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 25
2023 04 11 2023/ДШМ/25
М.Ууганбаярт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Ууганзаяа, хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч М.Ууганбаяр, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир/цахимаар/ нарийн бичгийн дарга С.Аззаяа нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/38 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, иргэний нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн М.Ууганбаярт холбогдох эрүүгийн 2236000000117 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Прогресс сургуульд бага ангийн багш ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Баруун жонон 2-5 тоотод оршин суух, аминдаа ипотекийн зээлийн хоёр өрөө орон сууцтай, сарын өрхийн орлого 2000000 төгрөг, ял шийтгэлгүй, ПО92101603 регистрийн дугаартай, Шар шавь овогт Мөнхсуурийн Ууганбаяр
2. Шүүгдэгч Мөнхсуурь овогтой Ууганбаяр нь Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 89-52 XOY улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Ц.Нямцэрэнгийн жолоодож явсан 19-91 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган Ц.Нямцэрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Уугабаярын үйлдлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 .Шүүгдэгч Шар шавь ургийн овогт Мөнхсуурийн Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заасан... Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шар шавь ургийн овогт Мөнхсуурийн Ууганбаярт 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,
4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ууганбаярт эрх бүхий байгууллагын хяналтад байж өөрийн оршин суух Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс 1 /нэг/ жилийн хугацаанд явахыг хориглох хязгаарлалт тогтоож,
4.4 Эрүүгийн 2236000000117 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-ыг хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай,
4.5 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Ууганбаяраас 11558703/ арван нэг сая таван зуун тавин найман мянга долоон зуун гурав/ төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Нямцэрэнд 6780103 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Цэвээнсүрэнд 4790600 төгрөгийг тус тус олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын бусад хохирлыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ц.Нямцэрэн, иргэний нэхэмжлэгч Д. Цэвээнсүрэн нар нь хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхтэй, иргэний нэхэмжлэгч Э.Мөнхтулга нь хохирол нэхэмжлэхгүйг дурдаж,
4.6 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д заасан... Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Ууганбаярт тайлбарлаж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
4.7Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч М.Ууганбаярт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
4.8 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
5.Иргэний нэхэмжлэгч Д.Цэвээнсүрэн, хохирогч Ц.Нямцэрэн түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1 Шүүхийн шийтгэх тогтоол нь: "Шүүхийн шийдвэр нь тодорхой. ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна." гэсэн хуулийн шаардлага хангаагүй. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн дахь заалтын М.Ууганбаяраас 11558703 / арван сая таван зуун тавин найман мянга долоон зуун "...шүүгдэгч гурав/ төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Нямцэрэнд 6780103 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Цэвээнсүрэнд 4790600 төгрөгийг олгож,.." гэж заасан нь тогтоолын энэ заалтыг биелүүлэхэд эргэлзээтэй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дэх хэсгийг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хохирогчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироосонд гомдолтой байна.
5.2. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид учирсан гэмтлийн байдлыг бодит байдалд нийцүүлэн дүгнээгүй, хохирогчид учирсан хор уршгийн хэмжээг зөв тогтоолгүй орхигдуулж яллагдагчид ял завших, хохирол хор уршгийг арилгахгүй байх боломж олгож байгаа нь хохирогчийн эрх ашгийг хохироож байна.Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэлгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд тохироогүй гэж үзэж байна. Иймд хэргийг хянан үзэж, хохирогчид учирсан хор уршгийг бодит байдалд нийцүүлэн зөв тогтоож, хуульд нийцсэн шударга шийдвэр гаргаж өгнө үү гэв.
6.Шүүгдэгч М.Ууганбаяр түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нар давж заалдах шатнй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж хохирогч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна.
3. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
4. Шүүгдэгч М.Ууганбаяр нь 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт 89-52 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас Ц.Нямцэрэнгийн жолоодож явсан 19-91 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган Ц.Нямцэрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. Үүнд:
“...Уг зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь жолооч М.Ууганбаяр нь гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс болж уг зам тээврийн осол гаргасан” гэх магадлагаа /хх-н 175-176х/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 172-173х/,
Жолооч М.Ууганбаярын жолоодон явсан 89-52 ХОҮ улсын дугаартай Приүс маркийн тээврийн хэрэгсэлд, жолооч Ц.Нямцэрэнгийн жолоодож явсан 19-91 ХОА улсын дугаартай “Nissan Navara” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-26х/,
Ц.Нямцэрэнгийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Оюунгэрэлийн 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 6498 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-83х/,
Хохирогч Ц.Нямцэрэн, гэрч П.Ууганцэцэг, У.Мөнхтөгс, шүүгдэгч М.Ууганбаяр нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
5. “Шүүгдэгч М.Ууганбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна” гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Анхан шатны шүүх шүүгдэгч М.Ууганбаярыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ууганбаярт 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн байна.
7. Иргэний нэхэмжлэгч Д.Цэвээнсүрэн, хохирогч Ц.Нямцэрэн түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар нь “шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалт ойлгомжгүй болсон, шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бодитой тогтоогоогүй, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.
7.1 Шүүх хохирогч Ц.Нямцэрэнгийн эмчилгээний зардалд нийт 14,420,889 төгрөг нэхэмжилснээс 6,768,103 төгрөгийг баримтаар тогтоогдож гэж үзэн шүүгдэгч М.Ууганбаяраас гаргуулан хохирогч Ц.Нямцэрэнд олгохоор, иргэний нэхэмжлэгч Д.Цэвээнсүрэнгийн автомашинд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 4,790,600 төгрөгийг шүүгдэгч М.Ууганбаяраас гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Цэвээнсүрэнд олгохоор тус тус шийдвэрлэсэн байна.
Харин иргэний нэхэмжлэгч Д.Цэвээнсүрэн, хохирогч Ц.Нямцэрэн түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар нь давж заалдсан гомдолдоо “анхан шатны шүүхийн хэлэлцэхгүй орхисон бусад хохирлын талаар мөнгөн дүн, түүнийг тодорхойлсон нотлох баримтыг хэргээс дурдаж маргаагүй” байх тул “шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бодитой тогтоогоогүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
7.2 Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтаар “шүүгдэгч М.Ууганбаяраас нийт 11,558,703 төгрөгийг гаргуулан, хохирогч Ц.Нямцэрэнд 6,780,103 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Цэвээнсүрэнд 4,790,600 төгрөгийг тус тус олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын бусад хохирлыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ц.Нямцэрэн, иргэний нэхэмжлэгч Д.Цэвээнсүрэн нар нь хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхтэй, иргэний нэхэмжлэгч Э.Мөнхтулга нь хохирол нэхэмжлээгүйг дурдсан” нь үндэслэл бүхий болсон байна.
Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч Д.Цэвээнсүрэн, хохирогч Ц.Нямцэрэн түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын “шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалт ойлгомжгүй, биелүүлэхэд эргэлзээтэй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй” гэх гомдол үндэслэлгүй байна.
7.3 Харин иргэний нэхэмжлэгч Д.Цэвээнсүрэн, хохирогч Ц.Нямцэрэн түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын “шүүгдэгч М.Ууганбаяр нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй байхад шүүх 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь ял шийтгэл хөнгөдсөн” гэх гомдол үндэслэлтэй байх боловч давж заалдах шатны шүүх “ял шийтгэл хөнгөдсөн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, ял шийтгэлийг хүндрүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нь шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэж өгнө үү гэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч М.Ууганбаяраас 6,780,103 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Нямцэрэнд, 4,790,600 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Цэвээнсүрэнд тус тус олгохоор шийдвэрлэсэн ба энэхүү шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болсны дараа хуулийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах тул давж заалдах шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх шаардлагагүй гэж үзлээ.
9. Дээр дурдсан үндэслэлүүдээр иргэний нэхэмжлэгч Д.Цэвээнсүрэн, хохирогч Ц.Нямцэрэн түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/38 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч Д.Цэвээнсүрэн, хохирогч Ц.Нямцэрэн түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ М.НЯМБАЯР