| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунхүүгийн Оюунсүрэн |
| Хэргийн индекс | 112/2024/0021/З |
| Дугаар | 112/ШШ2024/0030 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 112/ШШ2024/0030
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын иргэн П.Н,
Хариуцагч: Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.С нарын хооронд үүссэн Төрийн хяналт шалгалтын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч нь Говь-Алтай аймаг дахь Төрийн Аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/78 дугаар актыг хүчингүй болгуулахаар маргаж байна.
Хоёр: Хэргийн үйл баримт, процессын тухайд:
2.1. Нэхэмжлэгчийг Хөхморьт сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/17 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтыг үндэслэн 6 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор тусгасан байдаг.
2.2 Харин Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/02 дугаар тушаалаар 4,254,000 төгрөгийн тэтгэмж олгож, П.Нын дансанд шилжүүлсэн байна.
2.3. Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар нь 2023 оны 02 дугаар сарын 25-ны 01/78 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актаар Хууль зөрчин олгосон дээрх 4,254.0 мянган төгрөгийг Төрийн сангийн орон нутгийн орлогын ................... тоот дансанд төвлөрүүлэхээр акт тавьсан. Тус актын биелэлтийг Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б, Нягтлан бодогч Д.Э нарт хариуцуулсан.
2.4. Иймд П.Н нь 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч П.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие П овогтой Н нь 2017-2020 онд Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газарт орлогч даргын албан тушаал 4 жил хашсан. 2021-2022 онд тэтгэмж олгосон. Урьд өмнө нь мөн адил үе үеийн орлогч дарга нарт тэтгэмж олгогдож байсан.
2024 оны 05 сард иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүгчийн туслах утсаар холбогдож төлбөрийн актыг анх удаа мэдсэн. 2024 оны 05 сарын 16-нд шүүх хурал болсон. Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/78 дугаартай Төлбөр барагдуулах тухай актыг иргэний хэргийн шүүхээс дуудагдаж мэдсэн. ЗДТГ-аас ямар нэгэн хэлбэрээр мэдэгдээгүй.
Өмнө ажиллаж байсан хүмүүс мөн адил тэтгэмжээ авч байсан. Засаг даргатай адилтгах албан тушаалтан, адилхан улс төрийн нөхцөл байдлаас болоод ажлаас чөлөөлөгддөг учир нөгөө хүмүүсийн адил тэтгэмж авах ёстой гэж үзэж байгаа. Хэрэв тэтгэмж олгохгүй байсан бол ажилд нь яагаад ажиллуулж болоогүй юм. Иймд актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгч П.Н нь шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний асуудал 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шийдвэр гарсан байгаа. Энэ миний буруугаар 2020 онд тэтгэмж тавигдаагүй асуудал биш. 2021 онд олгосон ч бай, 2022 онд олгосон бай 2020 оноор авах нь зүй ёсны асуудал гэж үзэж байна. Хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн байна. Манай сумд орлогч нар ээлжилж явж байгаа. 8 жил орлогч хийсэн хүн байхгүй. Аудитын газар 2016, 2008 онуудад урьд өмнө нь энэ хуулийг хэрэгжүүлдэггүй байсан юм уу, 2022 оны санхүүгийн тайлангийн аудитаар олж илрүүлж байгаа юм уу, өмнө нь хайгаад хайж олддоггүй эрдэнэ байсан юм уу? ямар учиртай юм бэ?. Миний хувийн зүгээс хардаад байна. Улс төрийн өнцөг орсон юм уу? зохион байгуулалттай юм байсан юм уу, зарим сумууд дээр акт авагдаагүй. Би 2016 оны сонгуулийн үр дүнгээр ажиллаж байх хугацаанд хамгийн бага залуу орлогч нь би байсан. Тэгээд ах нар, эгч нар гээд дундын групп чатад янз янзын юм байна. Одоо ч харьцаатай байна. Зарим хүмүүс манай дээр аудит хийгдээд явсан. Ямар нэгэн газраас, ямар нэгэн албаны хүмүүсээс мэдэгдээгүй гэсэн тайлбартай байгаа. Энэ ямар учир байна. Тусгайлан зарим сум дээр акт тавиад, зарим дээр нь үл ойшоосон хэлбэрээр явдаг юм уу. Хууль өөрөө яаж үйлчилж байгаа юм. 2008, 2012, 2016 оны орлогч нар тэтгэмж аваад болсон асуудал байна. Энэ дээр манай Төрийн аудитын газар яагаад 2020 онд сэрсэн юм шиг ийм акт тавьж байгаа юм бэ? хууль маань 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр батлагдаад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хууль хэрэгжсэн гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төрийн аудитын байгууллага нь хууль тогтоомжийн хүрээнд төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлж, чиг үүргээ гүйцэтгэхдээ Аудитын дээд байгууллагуудын Олон Улсын байгууллагаас хүлээн зөвшөөрсөн төрийн аудитын олон улсын стандартад нийцүүлэн эрх бүхий этгээдээс баталсан стандартыг баримталдаг бөгөөд иргэн, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналтыг хэрэгжүүлдэггүй байдлаараа бусад хяналтын байгууллагаас онцлог ялгаатай. Манай байгууллага нь Төсвийн тухай хууль болон Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны санхүүгийн тайланд 2023 онд аудит хийж гүйцэтгэсэн.
Төрийн аудитын тухай хуулийн 6, 8 дугаар зүйлд аудит хийх чиг үүргийг тусгасны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 463 дугаартай “Санхүүгийн тайланд аудит хийх тухай” албан бичгийн хүргүүлж, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр аудит хийх талаар хэлэлцүүлгийг тус байгууллагын дарга, нягтлан бодогч нартай хийсэн.
Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газар нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02/06 дугаартай албан бичгээр аудит хийлгэхээр манай байгууллагад хандсан. Төрийн аудитын тухай хуулийн 16 дугаар зүйл, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1 дэх заалтад зааснаар Төсвийн шууд захирагч нь жил бүр цагалбарт хүгацаанд аүдитад хамрагдах үүргийг хүлээж, бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.15 дахь заалтад зааснаар сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь төсвийн шууд захирагч тул манай байгууллага нь хууль тогтоомжийн хүрээнд аудитыг гүйцэтгэн 2023 оны 03 дугаар сарын 24- ны өдрийн 263 дугаар албан бичгийн санхүүгийн аудитын тайлан дүгнэлт, шийдвэрийг Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн. Аудитаар Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газар нь “Сумын Засаг даргын орлогчид сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсний тэтгэмж 4,254.0 мянган төгрөгийг нэг удаагийн тэтгэмж урамшууллын зардлаас олгосон нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байсан тул 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/78 дугаартай төлбөрийн акт тогтоосон.
Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно” заасны дагуу төрийн аудитын байгууллагаас шийдвэр өгсөн бөгөөд асуудлын бүртгэлийг танилцуулж хариуг тус байгууллагаас авсан болно. Шалгагдагч байгууллагаас дээрх зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг тухайн үед өгч байсан боловч Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны актад гомдол гаргах эрх нь нээлттэй байсан.
Түүнчлэн Төрийн аудитын байгууллагын 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/78 дугаартай төлбөрийн актын тогтоох хэсэгт хууль зөрчин олгосон 4,254.0 мянган төгрөгийг Төрийн сангийн орон нутаг дахь орлогын дансанд 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор төвлөрүүлэх үүргийг Хөхморьт сумын засаг даргын Тамгын газрын дарга Б.Б, нягтлан бодогч Д.Э нарт үүрэг болгосон бөгөөд тус байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 100, 103 дугаар зүйлд заасны дагуу өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэнээс шаардах нь хуулиар хүлээсэн эрх, үүрэг юм. Уг асуудалд Төрийн аудитын байгууллага нь оролцогч биш бөгөөд харин төр, захиргааны байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэхээр гаргасан шийдвэрийг аудитын байгууллагад хүргүүлэх үүргийг шийдвэр гаргасан албан тушаалтан, шүүх хүргүүлэх үүргийг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.4 дэх хэсэгт тусгасан. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн нэхэмжлэлдээ Засаг даргын орлогч нь Засаг даргатай адилхан албан тушаал, хэрэв тэтгэмж өгөхгүй байсан бол ажиллах байсан тул актыг хүчингүй болгож өгнө үү”, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тайлбартаа “иргэний хэргийн анхан шатны шүүхээс төлбөрийн актыг танилцуулж мэдэгдсэн” гэж дурджээ.
Гэтэл нэхэмжлэлд Төрийн аудитын байгууллагаас тогтоосон төлбөрийн акт уу эсвэл сумын Засаг даргын ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгохоор хандсан нь тодорхойгүй байна. Хэргийн материалд хавсаргагдсан Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 133/Ш32024/00846 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийн хариуцагчийн тайлбарт нэхэмжлэгч П.Н нь Төрийн аудитын байгууллагын 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/78 дугаартай төлбөрийн актыг мэдээгүй, Засаг даргын Тамгын газраас мэдэгдээгүй гэх талаар дурдаагүй байгаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
Иймд Хөхморьт сумын иргэн П.Нын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль гэж 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн хууль байгаа. Манай маргаан бүхий асуудлын хувьд 2022 оны 1 сард болсон ийм үйл явдал байгаа. Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газраас иргэн П.Нын дансанд тэтгэмж олгосон ийм үйлдэл байгаа . Энэ нь цаг хугацааны хувьд 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн үйлчлэлд хамаарахаар асуудал байсан. Тус хууль нь 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Энэ хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт аймаг, сум, нийслэл, дүүргийн хурлын дарга болон бүх шатын Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаас чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь эрхэлж байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгоно гэж заасан. Энэ дээр ямар нэгэн байдлаар орлогч гэдэг албан тушаал байхгүй. Нэхэмжлэгчийн тайлбар дээр өмнө нь орлогч нар авдаг байсан гэдэг ойлголт яриад байна. 2006 онд батлагдсан хуулийн 38 дугаар зүйл дээр мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын болон бүх шатын Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаас чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгоно гэж заасан. Мөн орлогчид олгохоор ийм зохицуулалт байхгүй. Тэгэхлээр өмнө нь авч байсан гэвэл ямар эрх зүйн үндэслэлээр яаж авч байсан гэдэг нь тусдаа асуудал байх. Магадгүй төрийн аудитын байгууллага өмнө нь энэ дээр ямар нэгэн байдлаар арга хэмжээ авдаггүй байсан гэж үзэж байгаа бол энэ өөр асуудал яриад явах байх. Нэхэмжлэгчийн зүгээс ганцхан над дээр тавьсанд гомдолтой байна гэж тайлбар хэлж байх шиг байна. Би баримт харахгүй байгаа учраас хэдэн сум дээр тавьсныг хэлж чадахгүй байна. Гэхдээ миний санаж байгаагаар миний хянаснаар 16 байна уу, 13 сум дээр энэ орлогчтой холбоотой тэтгэмж дээр акт тавигдсан. Үүнийг шаардлагатай гэх юм бол манай Төрийн аудитын байгууллагад хүсэлт гаргаад манай байгууллагаас албан бичгээр шүүхэд ирүүлэх бүрэн боломжтой. Бусад Тамгын газруудаас тодорхой хэмжээнд актаа төлөөд явж байгаа. П.Н гэдэг хүнд Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын газрын нягтлан бодогч мөн Хөхморьт сумын Засаг даргын тамгын газрын албан бичгээр 3 сард мэдэгдсэн. Гэхдээ бид нар гарын үсэг зуруулаагүй, төрийн байгууллагын гарын үсэг зуруулаагүй буруутай үйл ажиллагаа байна гэдэг тайлбар гэрчийн хууль сануулаад авсан мэдүүлэг дээр байна. Чат нь 04 дүгээр сарын 17-ны өдөр байгаа. Тэгэхээр 4 дүгээр сарын 17-ны өдөр мэдсэн гэхэд өнөөдөр 2024 оны 9 сар. Маш их хугацаа буюу жил гарангийн дараа нэхэмжлэл гаргаад хэрэг үүсгэж байгаа асуудал байна. Энэ дээр шүүх тодорхой хэмжээнд дүгнэлт хийх байх гэж найдаж байна. Хоёр дахь асуудал бол Төрийн аудитын байгууллага нь төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр захиргааны шийдвэр гаргаад акт тогтоосон. Төлбөрийн акт нь тухайн төрийн байгууллагатай холбоотой. Акт нь санхүүгийн тайлангийн хавсралт гэж явдаг. Тэгэхээр санхүүгийн тайлантай маргаагүй учраас акт үндэслэлгүй байна гэж үзэх нь өөрөө үндэслэлгүй. Тэгэхээр санхүүгийн тайлан дээр төрд хохирол учруулсан байна гэдэг асуудлыг тавьсан. Өнөөдрийн байдлаар Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газраас танай акт буруу байна гэдэг ямар нэгэн байдлаар дээд шатны байгууллага, шүүх бусад хуулийн байгууллагуудаар асуудал маргаан өрнөөгүй байна. Тэгэхээр хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд гарсан захиргааны акт гэж үзэж байна. Мөн П.Н гэдэг хүнээр төлүүл гэж шийдвэр гаргаагүй гэдгийг харгалзаж болох байх гэж бодож байна. Төрд хохирол учруулсан үйлдэл дээр тогтоосон төлбөрийн акт байгаа. Мөн дараагийн асуудал нь нэхэмжлэгч эвлэрэх боломжгүй гэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын иргэн П.Наас тус аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан “Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 25-ны 01/78 дугаартай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
5. Нэхэмжлэгч П.Наас: - Засаг даргын орлогч бол Засаг даргатай адил улс төрийн албан тушаал, адилхан сонгуулийн дүнд албан тушаалаас чөлөөлөгддөг, өмнө нь ажиллаж байсан хүмүүс нэг адил тэтгэмж авч байсан гэж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Саас: Аудитаар Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газар нь “Сумын Засаг даргын орлогчид сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсний тэтгэмж 4,254.0 мянган төгрөгийг нэг удаагийн тэтгэмж урамшууллын зардлаас олгосон нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байсан тул 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/78 дугаартай төлбөрийн акт тогтоосон гэж тус тус маргадаг.
6. Нэхэмжлэгч П.Н нь сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар Хөхморьт сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/17 дугаар захирамжаар албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.
Энэхүү захирамжийн 3 дугаар заалтад “Засаг даргын орлогч (П.Н)-д Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтыг үндэслэн 6 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож цалин, санхүү, эдийн засгийн тооцоо хийж дуусган нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж дуусгахыг Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (Н.Л), нягтлан бодогч (Д.Э) нарт зөвшөөрсүгэй.” гэжээ.
Нэхэмжлэгч П.Н-д Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Бын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/02 дугаар тушаалаар 4,254,000 төгрөгийн тэтгэмж олгож, түүний дансанд шилжүүлсэн байна.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Саас: Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 25-ны 01/78 дугаартай актыг нэхэмжлэгч мэдсэн байх бололцоотой, сумын Засаг даргын Тамгын газраас мэдэгдээгүй гэж дурдаагүй гэж маргадаг.
Шүүхээс Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б, нягтлан бодогч Д.Э нарыг гэрчээр асуухад актыг танилцуулсан болохоо нотолж чаддаггүй. Тус сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 278 дугаар албан бичигт нэхэмжлэгчийн facebook буюу олон нийтийн сүлжээний “П.Н” гэх хаягаар хүргүүлсэн гэсэн боловч энэ нь ямар хаягтай хэн гэх хүнээс илгээсэн болох нь тодорхойгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-д “Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй.” гэж заасны дагуу уг актыг хэрхэн, хэзээ мэдэгдсэнээ захиргааны байгууллага нотлох үүрэгтэй. Хариуцагч болон Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газар нэхэмжлэгчид маргаан бүхий актыг мэдэгдсэн болохоо шүүхэд нотлоогүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-т Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. гэж заасан болно.
Нэхэмжлэгчийн “Актыг 2024 оны 05 дугаар сарын 16-нд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирээд танилцаж мэдсэн” гэх тайлбарыг хариуцагч нотлох баримтаар няцааж чадаагүй учир нэхэмжлэгчийг уг актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж шүүх үзлээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Саас: Маргаан бүхий акт нэхэмжлэгчид шууд чиглэгдээгүй, сумын Засаг даргын Тамгын газрын дарга, нягтлан бодогчид хамааралтай гэх агуулгаар маргадаг.
Захиргааны шийдвэрийн үйлчлэл нь шууд бус буюу нэхэмжлэгчийг шууд нэрлэн зааж хаяглагдаагүй боловч үр дагавар нь нөлөөлөх нь тодорхой байх тул түүнийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэх бөгөөд захиргааны актын үр дагаврыг зөвхөн хаяглагдсан этгээдээр хязгаарлахгүй.
9. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хууль нь шинэчлэн батлагдаж, 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Энэ хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-т Аймаг, сум, нийслэл, дүүргийн Хурлын дарга болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь эрхэлж байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно. гэж заажээ.
2020 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2006 онд батлагдсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно. гэж заасан байдаг.
Дээрх хуулийн шинэчилсэн найруулгад энэхүү заалт “...бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн” гэж нэгэн адил үг, найруулга, утга агуулгаар тусгагдсан байна. Өөрөөр хэлбэл 2006 онд батлагдсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасныг баримталсан ч нэхэмжлэгчид тэтгэмж авах эрх үүсэхээргүй байна.
Иймээс нэхэмжлэгчийн “Би 2020 онд сонгуулийн дүнгээр ажлаас чөлөөлөгдсөн байхад 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжсэн Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баримталсан нь буруу” гэх үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй.
10. Нэхэмжлэгчийг Хөхморьт сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/17 дугаар захирамжаар албан тушаалаас чөлөөлөхдөө Засаг даргын орлогч (П.Н)-д Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтыг үндэслэн 6 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор тусгасан байдаг.
2002 онд батлагдан мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т Энэ хуулийн 6.1.6-6.1.11-д заасан улс төрийн албан тушаалтан ээлжит сонгуулийн үр дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол түүнд урьд авч байсан албан тушаалын 6 сарын хугацааны цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно., мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч; гэж тусгагдсан байжээ. Үүнээс дүгнэвэл 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулиар сумын Засаг даргын орлогчид тэтгэмж олгох асуудлыг зохицуулаагүй байна.
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 12 дугаар сард шинэчлэн батлагдаж, 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно. гэжээ.
Тодруулбал, Хөхморьт сумын Засаг дарга 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/17 дугаар захирамж гаргахдаа Төрийн албаны тухай хууль /2017 он/-ийн зүйл, заалтыг буруу хэрэгжүүлжээ.
11. 2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-т бүх шатны Засаг дарга болон аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын орлогч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер; гэж зааснаар Засаг даргын орлогч нь улс төрийн албан тушаалтан бөгөөд сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх албан тушаал юм. Бүх шатны Засаг даргын орлогчийг ээлжит сонгуулийн үр дүнгээр албан тушаалаас чөлөөлөхдөө тэтгэмж, тэтгэлэг олгох эсэх асуудлыг Төрийн албаны тухай хууль болон тухайн асуудлыг нарийвчлан зохицуулсан хууль болох Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуульд тусгаагүй байна.
Захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчимтай тул захиргааны байгууллага хуульд тусгагдаагүй буюу хуулиар зөвшөөрснөөс бусад тэтгэмж, тэтгэлгийг төрийн албан хаагч эсхүл иргэнд олгох хууль зүйн үндэслэлгүй.
12. Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Төрийн аудитын байгууллага Төсвийн тухай хуульд заасны дагуу улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн байгууллага, төсөв захирагчийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн санхүүгийн тайланд аудит хийнэ., мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно., Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах; тус тус гэж заасны дагуу акт тогтоосон хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн гэж шүүх дүгнэв.
Иймээс Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 25-ны 01/78 дугаартай актыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.5, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 21 дүгээр зүйлийн 21.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хууль/2020/-ийн 78 дугаар зүйлийн 78.1-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын иргэн П.Наас тус аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан гаргасан “Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 25-ны 01/78 дугаартай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОЮУНСҮРЭН