Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 02053

 

 

 

 

 

 

 

 

 

И-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/02035 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: И-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т-д холбогдох

 

Хувьдаа ашигласан гэх 552 510 873 төгрөг болон “Ф-” ХХК-ийн 10,47 хувийн хувьцааг гаргуулах, “Ф-” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг шинээр томилсон болохыг тогтоолгох, компанийн тамга тэмдгийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн гэх 23 987 336 төгрөг гаргуулах, “Ф-” ХХК-ийн 2016 оны 11 сарын 28-ны өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хариуцагч Т-ы сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Ц

Хариуцагч:Т-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Япон Улсын иргэн И- нь тус компанийг үүсгэн байгуулагч 89,53 хувийн хувьцаа эзэмшигч юм. Т- нь тус компанийн 10,47 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын албан үүргийг гүйцэтгэж байсан. Т- нь компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2014-2016 онд их хэмжээний мөнгийг залилан мэхэлж хувьдаа завшсан гэж үзэж учруулсан хохирлыг төлүүлэх, зээлийн гэрээний үндсэн дээр авсан зээлээ төлөхгүй байгаа тул төлүүлэх, компанийн ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж, компанийн гэрчилгээ, тамга тэмдгийг хүлээлгэн өгөхгүй байгаа тул тамга, гэрчилгээг гаргуулан компанийн хэвийн үйл ажиллагааг явуулах боломж бүрдүүлэхийг даалгах шаардлагатай нэхэмжлэл гаргасан. “Ф-” ХХК-ийн 2009-2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд “Акпар аудит” ХХК-иас санхүүгийн материалд тулгуурлан шалгалт хийж, зөрчил илрүүлсэн. Тайланд компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т- нь Монгол Улсын Компанийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг ноцтойгоор зөрчиж, компанийн үйл ажиллагаанд зориулагдаагүй, онц их хэмжээний буюу 552 510 873 төгрөгийг хувьдаа ашигласан гэсэн дүгнэлт гарсан. Иймд Т-ы хувьдаа авч ашигласан 552 510 873 төгрөгийг төлүүлж өгнө үү. И- нь Т-тай 2009 оны 12 сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 107 851 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 28 ны өдөр хүртэл хугацаатай, жилийн 1 хувийн хүү, хүү төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд жилийн 5 хувийн хүү төлөх, зээлийг төлөөгүй тохиолдолд “Ф-” ХХК-ийн хувьцааг шилжүүлэн өгөх, нөхцөлүүдийг тусгасан ба Т- нь зээлийг хүлээн авсан. Т- нь зээлийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн тул зээлийн төлбөрийн хэмжээ гэрээний хугацааны 5 жилд үндсэн зээлийн 107 851 000 төгрөг, 5 жилийн хүүгийн 26 962 750 төгрөгийн, бүгд 134 813 750 төгрөг, гэрээний хугацаа дуусаад 2 жил өнгөрсөн тул адил нөхцөлөөр тооцвол, 10 785 100 төгрөг, нийтдээ 145 598 850 төгрөг болж байгаа. Иймд Т-ы зээлсэн 145 598 850 төгрөгийг төлүүлэхээр шаардсан боловч энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, “Ф-” ХХК-ийн 10,47 хувийн хувьцааг гаргуулахаар нэхэмжилсэн. Учир нь И- Рёосүки болон Т- нарын хооронд 2009 оны 12 сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд зээлийн төлбөрийг 2014 оны 12 сарын 28-ны өдөр буцаан төлөөгүй тохиолдолд “Ф-” ХХК-ийн Т-ы эзэмшиж буй 10,47 хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг И- Рёосүкэд шилжүүлнэ гэж тохиролцсон. 10.47 хувийн хувьцааг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Компани нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлтэй байгуулагдсан бөгөөд санал өгөх эрхтэй 4 гишүүний бүрэлдэхүүнтэй. Компанийн тухай хууль болон компанийн дүрмийн холбогдох заалтуудыг баримтлан компанийн ТУЗ-ийн дарга И-гээс ТУЗ-ийн хурлыг хуралдуулахаар шаардсаны дагуу хурал 2016 оны 11 сарын 25-ны өдөр зарлагдаж товлогдсон ба ТУЗ-ийн гишүүн Т-д албан бичгээр мэдэгдсэн. Т- нь товлосон өдөр хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба хуралдааныг 2016 оны 11 сарын 28-ны өдөр дахин явуулахаар шийдвэрлэсэн. Гэвч Т- хуралдаанд дахин шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хуралдааныг бусад ТУЗ-ийн гишүүдийн 75 хувийн ирцтэйгээр явуулж, компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд С.Чанцалмааг томилж, Т-ыг чөлөөлөхөөр шийдвэрлэж тогтоол гаргасан. Хуралдааны шийдвэр гарсны дараа Т- нь компанийн гүйцэтгэх захирлын ажлыг хүлээлгэн өгөхгүй байгаа төдийгүй компанийн удирдлага, тамга тэмдгийг хүлээлгэн өгөхөөс зайлсхийж, компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд саад учруулж байгаа тул эрх зүйн үр дагавар бүхий үйл явдал болох компанийн гүйцэтгэх удирдлагыг шинээр томилсон болохыг тогтоож, компанийн тамга тэмдгийг хүлээлгэн өгөхийг Т-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т- нь 2010 оны 1 сараас эхэлж Р.И-тай хамтран “Ф-” ХХК-ийг үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшин хамтран ажилласан. Компанийн хөрөнгө мөнгийг хувьдаа завшиж, үрэгдүүлж байсан удаагүй тул И-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Мөн “Акпар аудит” ХХК-ийн аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Зохигчдын хооронд 2009 онд 107 851 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан байдаг. Тус гэрээний 4 дүгээр зүйлийг үндэслэн зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд түүний эзэмшлийн хувьцаагаар хангуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй. Хэрэв зээлийн гэрээг байгуулахад хувьцаагаа барьцаалсан бол Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар бичгээр гэрээ байгуулна. Мөн үнэт цаасаар гэрчлүүлэхийн тулд урьдчилан тэмдэглүүлэх ёстой. Иймд зээлийн гэрээний шаардлагыг хувьцаагаар хангах үндэслэлгүй. Хариуцагчаас шаардаж буй 107 851 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, энэ нь холбогдох баримтаар хангалттай тогтоогдоно. Уг шаардлага нь компанид учирсан хохирол гэвэл хувьцаа эзэмшигч И- нэхэмжлэх боломжгүй, нэхэмжлэх эрх нь компанид байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад хувьдаа ашигласан, завшсан гэж байгаа нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй нэхэмжлэлийн үндэслэлд хамаарч байна. 2016 оны 11 дүгээр сард нэхэмжлэгч талаас цагдаагийн байгууллагад хандан, хувьдаа завшсан гэсэн үндэслэлээр гомдол гарган шалгуулж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас гэмт хэргийн нөхцөл тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. “Акпар аудит” ХХК-ийн дүгнэлтийг 100 хувь үндэслээд 552 510 873 төгрөгийг нэхэмжилсэн нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлд аудитын байгууллага аудитын өөрийн баталгаажуулсан тайлангийн талаар эцсийн дүгнэлтээ тухайн ББСБ болон Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлнэ гэснийг зөрчсөн. Мөн “Акпар аудит” ХХК-ийн тусгай зөвшөөрөл нотлох баримтаар хэрэгт авагдаагүй, нотлогдоогүй, аудитын дүгнэлт хийлгэхээр байгуулсан гэрээнд үйлчлүүлэгч, захиалагчийг төлөөлөөд гарын үсэг байхгүй, дугаар байхгүй, ямар зарчмаар яаж хийгдсэн нь тодорхойгүй, эрх бүхий албан тушаалтнуудтай нэг ч удаа уулзаагүй, холбогдох бичиг баримтыг үзээгүй, захиалагч нь зөрчил гэж тооц гэсний дагуу тооцсон тайлан гаргасан. Нэхэмжлэгч талаас “Ф-” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас Т-ыг чөлөөлж, С.Чанцалмааг томилсон гэж маргадаг. Тус компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байдаг бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурал нь жил бүрийн эхний 4 сард хуралдаж, тухайн жилийн төлөөлөн удирдах зөвлөлийг сонгох үүрэгтэй, сонгоогүй тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хуралдах эрх нь үлддэг. Гэтэл ажлаас чөлөөлсөн ТУЗ-ийн шийдвэр гаргасан ТУЗ-ийн гишүүд мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Хувьцаа эзэмшигчдийн хурлаас ТУЗ-ийн гишүүдийн эрхийн хугацааг сунгасан, шинээр томилсон талаар нотлох баримт байхгүй. Хууль бус ТУЗ-ийн шийдвэрээр гарсан шийдвэрээр шаардлага хүргүүлж байна. Хувьцаа эзэмшигч нар хоорондоо маргавал хуралд оролцоогүй хувьцаа эзэмшигч болон хуралд оролцоод эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч нар гомдлоо Санхүүгийн зохицуулах хороонд гаргана. Санхүүгийн зохицуулах хороо хянаад энэ хурал хуулийн дагуу эсэх гэдэг дээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагддаг. Гэтэл урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй. Т-ы маргах эрхийг хааж шүүхэд дуудсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Т- нь “Ф-” ХХК-ийн хувь нийлүүлэгч, 2010 оноос хойш 2016 оны 12 дугаар сарын 31 хүртэлх ногдол ашиг болох нийт 88 468 865 төгрөгийг Компанийн татвар төлсний дараах цэвэр ашгаас гаргуулж өгнө үү гэж шаардсан боловч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, зохигчдын хооронд 2009 онд 107 851 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсаныг хариуцагч Т- төлснөөс гадна илүү 23 987 336 төгрөгийг төлсөн. Иймд И-тэй байгуулсан зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 23 987 336 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: И- нь Т-д хамтран ажиллах хугацаандаа 2012-2014 онд 278 000 000 төгрөгийн орон сууцны байр, 100 000 000 төгрөгийн машин зэргийг цалин хөлсөнд үл тооцон олгосон. Зохигчид 2009 онд 107 851 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлд хэдийг төлсөн нь тодорхойгүй, илүү төлбөр гарсан уу гэдгийг бодитоор гаргаж чадаагүй. Зохигчдын хооронд хэд хэдэн зээлийн гэрээ байгуулагдсан. Уг 107 851 000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хариуцагч хийгээгүй. Харин бусад зээлийн гэрээний төлбөрөөс алдан онон төлж байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүилийн 492.1.1-д зааснаар хариуцагч Т-д холбогдох 552 510 873 төгрөг болон “Ф-” ХХК-ийн 10.47 хувийн хувьцааг гаргуулах, “Ф-” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг шинээр томилсон болохыг тогтоолгох, компанийн тамга тэмдгийг хүлээлгэн өгөхийг даалгуулахыг хүссэн И-гийн үндсэн нэхэмжлэл болон зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн гэх 23 987 336 төгрөг гаргуулах, төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн Т-ы сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 3 720 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 600 500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас илүү төлсөн 322 614 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс гаргуулж Т-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн зүгээс Т. Энхсайхантай 2009 оны 12 сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний зүйл 4-д зээлийн төлбөрийг буцаан төлөөгүй тохиолдолд “Ф-” ХХК-ийн Т-ы эзэмшиж буй 10.47 хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг И- Рёосүкэд шилжүүлнэ гэж тохиролцсон тул 10.47 хувийн хувьцааг хариуцагч талаас буцаан гаргуулахаар шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон хариуцагч талуудаас санхүү, төлбөр тооцоотой холбоотой нэмэлт баримтуудыг шүүхэд удаа дараалан гаргаж, холбогдох банкнаас төлбөрийн баримтуудыг гаргуулан авсан, эдгээр баримтуудыг хэргийн материалд хавсаргаж, талууд танилцсаны үндсэн дээр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагуудтай холбогдуулан нэмэлт нотлох баримт хавсаргасан тул дор дурдсан үндэслэлүүдэд анхаарлаа хандуулахыг давж заалдах шатны шүүхийн анхааралд толилуулж байна. Үүнд: Компанийн гүйцэтгэх удирдлагыг шинээр томилсон болохыг тогтоож, компанийн тамга тэмдгийг хүлээлгэн өгөхийг Т. Энхсайханд даалгахыг хүсэх тухай шаардлагын талаар Компанийн тухай хуулийн 9 дүгээр бүлэгт компанийн удирдлагын бүтэц, үйл ажиллагаа, бүрэн эрхийн талаар зааж журамласан бөгөөд аливаа хуулийн этгээд болох компанийн үйл ажиллагаа, дүрэм, бусад эрх зүйн үр дагавар бий болгох, дуусгавар болгох акт нь зөвхөн хуулийн дагуу хуульд үндэслэсэн, хууль зөрчөөгүй байх ёстой, хуулийн заалтыг өөрөөр тусгах, тайлбарлах, хэрэглэх зэргээр зөрчсөн заалт дур зоргоороо оруулж болохгүй бөгөөд хэрэв компанийн баримт бичигт энэ талаар хууль зөрчсөн заалт байвал шүүх түүнийг өөрийн үзэмжээр хууль бус болохыг дүгнэж шийдвэрээ гаргадаг билээ. “Ф-” ХХК нь компанийн хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч нарын шийдвэрээр байгуулагдсан төлөөлөн удирдах зөвлөлтэй бөгөөд Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-т зааснаар ТУЗ нь, компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, бүрэн эрхийг нь тогтоох эрхтэй юм. Нэхэмжлэгч  нь  хуулийн   энэхүү  заалтыг  баримтлан  ТУЗ-ийн  хурлыг  бусад 3 гишүүдийн өөрийгөө төлөөлүүлэх бүрэн эрхийг итгэмжлэлээр авч баталгаажуулсны үндсэн дээр хуралдуулсан бөгөөд хурлын ирц нь хуульд заасан гишүүдийн ирц дийлэнх олонхи байх шаардлагыг бүрэн хангасан. Тус компани нь Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг үндэслэн ТУЗ-тэй байгуулагдсан бөгөөд санал өгөх эрхтэй 4 гишүүний бүрэлдэхүүнтэй болно. Компанийн тухай хууль болон компанийн дүрмийн холбогдох заалтуудыг баримтлан компанийн ТУЗ-ийн дарга И-гээс ТУЗ-ийн хурлыг хуралдуулахаар шаардсаны дагуу хурал 2016.11.25-ны өдөр зарлагдаж ТУЗ-ийн гишүүн Т-д албан бичгээр мэдэгдсэн болно. Т- нь товлосон өдөр тодорхойгүй шалтгаанаар хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба хуралдааныг 2016.11.28-ны өдөр явуулахаар дахин тохиролцож шийдвэрлэсэн болно. Гэвч Т- хуралдаанд дахин шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хуралдааныг бусад ТУЗ-ийн гишүүдийн 75 хувийн ирцтэйгээр явуулж, компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд С.Чанцалмааг томилж, Т-ыг чөлөөлөхөөр шийдвэрлэж тогтоол гаргасан болно. Компанийн ТУЗ-ийн хуралдааны шийдвэр гарсны дараа Т- нь компанийн гүйцэтгэх захирлын ажлыг хүлээлгэн өгөхгүй байгаа төдийгүй компанийн удирдлага, тамга тэмдгийг хүлээлгэн өгөхөөс зайлсхийж, компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд саад учруулж байгаа тул эрх зүйн үр дагавар бүхий үйл явц болох компанийн гүйцэтгэх удирдлагыг шинээр томилсон болохыг тогтоож, компанийн тамга тэмдгийг хүлээлгэн өгөхийг Т-д даалгаж өгөхийг шаардлага болгосон. Мөн асуудлыг нөгөө талаас нь дүгнэж үзвэл, бодит байдал дээр “Ф-” ХХК нь хувьцаа эзэмшигч 2 гишүүнтэй бөгөөд ТУЗ-ийн бусад 2 гишүүд нь компанийн хувьцаа эзэмшигч бус тул хувь нийлүүлэгчдийн хурал гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Гэтэл анхан шатны шүүх тус шүүхээс 2018 онд анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ хийж байсан үнэлэлт дүгнэлтүүдийг илт үгүйсгэж, тухайлбал, Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д заасан заалтыг илт үгүйсгэн буруу тайлбарлаж, компанийн ТУЗ-ийн бүрэн эрхэд компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, бүрэн эрхийг нь тогтоох хуулийн заалт нь “Ф-” ХХК-ийн дүрэмд нийцээгүй байна, тиймээс гүйцэтгэх удирдлагыг томилох эрх олгогдоогүй байна гэж хуулийн зохицуулалтыг бүр эсрэгээр нь тайлбарласан, мөн “Ф-” ХХК-ийн ТУЗ-ийн зарим гишүүд хуралд итгэмжлэлээр оролцсон нь дүрэмд нийцэхгүй байна гэж тус тус дүгнэж байсан атал тус компанийн ТУЗ-ийн гишүүдийн тоо тодорхойгүй байна, ТУЗ компанийн үйл ажиллагаанд оролцдог эсэх нь тодорхойгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хууль болон Компанийн тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж, илт нэг талын эрх ашгийг хамгаалсан. Иймд нэхэмжлэлийн компанийн гүйцэтгэх удирдлагыг шинээр томилсон болохыг тогтоож, компанийн тамга тэмдгийг хүлээлгэн өгөхийг Т-д даалгахыг хүсэх тухай шаардлагыг хангаж өгнө үү. Нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хооронд зөвхөн компанийн үйл ажиллагаатай холбоотой төдийгүй Т-ы хүсэлт гуйлтаар олон удаа санхүү, хөрөнгө мөнгөтэй холбоотой гэрээ, хэлцлүүд байгуулагдаж байсан, хариуцагч эдгээр олон удаагийн төлбөр тооцооны баримтуудыг өөрт ашигтайгаар тайлбарлаж, хувьцаа зээлээр эзэмшиж байсан бөгөөд зээлийн гэрээний төлбөрийн тооцоог бусад төлбөр тооцоотой хольж хутган хувьцааны төлбөр төлсөн гэж үзэх, тэр тусмаа баримтаар нотлох боломжгүй, нотлогдохгүй байгаа болох нь тогтоогдож байгаа юм. Т-ы хувьдаа ашигласан төлбөрийг гаргуулах талаар “Ф-” ХХК-ийн 2009-2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд “Акпар аудит” ХХК-иас хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланд компанийн санхүүгийн үйл ажиллагаатай холбогдсон нөхцөл байдлыг анхан шатны санхүүгийн баримт материалд тулгуурлан хийж, зөрчил дутагдлыг илрүүлэн тогтоосон байна. Энэхүү тайланд туссанаар тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т- нь, Монгол Улсын Компанийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Хөдөлмөрийн тухай хуулиудын холбогдох зүйл заалтуудыг ноцтойгоор зөрчиж, компанийн үйл ажиллагаанд зориулагдаагүй, онц их хэмжээний буюу 552 510 873 төгрөгийг эрх мэдлээ ашиглан хувьдаа ямар ч зөвшөөрөл, гэрээ, тохиролцоо, хэлцэлгүйгээр авч хувийнхаа хэрэгцээнд ашигласан гэсэн дүгнэлт гарсан байна. Гэтэл анхан шатны шүүх “Акпар аудит” ХХК нь Сангийн яамнаас олгосон аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд “Ф-” ХХК-ийн үйл ажиллагаанд гүйцэтгэлийн аудит хийсэн байна. Иймд төлбөр гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлд заасан санхүүгийн, мэргэжлийн, хөндлөнгийн байгууллагын албан ёсны дүгнэлт байгаа түүний дүгнэлт буруу буюу алдаатай болсон эсэх талаар эрх бүхий байгууллага, этгээдийн ямар ч дүгнэлт шийдвэр байхгүй, хариуцагч өөрийн буруугүй талаар үндэслэл бүхий нотолгоо гаргаж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн давж  заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Т-ы зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хууль бус байх тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Улсын Дээд шүүхээс уг хэрэг маргааныг анхан шатны шүүх рүү буцаахдаа зээлийн гэрээг хэдийгээр Япон Улсын шүүхээр шийдвэрлэх боловч талууд Монгол Улсын шүүхээр шийдвэрлэхээр шийдвэрлүүлэх гэж байгаа тохиолдолд баримтыг нь бүрэн үнэлээгүйгээр шийдвэрлэсэн байна гэж шийдвэрлэсэн. Учир нь миний бие И-тэй байгуулсан гэрээний төлбөрийг бүрэн барагдуулсан бөгөөд илүү шилжүүлсэн 23 987 336 төгрөгийн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн байсан. Энэ нь И-гийн дансны хуулга болоод миний өөрийн мөнгө төлж байсан баримтуудаар бүрэн тогтоогдож байхад миний сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч И- нь хариуцагч Т-д холбогдуулан хувьдаа ашигласан гэх 552 510 873 төгрөг болон “Ф-” ХХК-ийн 10,47 хувийн хувьцааг гаргуулах, “Ф-” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг шинээр томилсон болохыг тогтоолгох, компанийн тамга тэмдгийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн гэх 23 987 336 төгрөгийг гаргуулах, “Ф-” ХХК-ийн 2016 оны 11 сарын 28-ны өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 23 987 336 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай  хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, мөн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэхдээ тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

“Ф-” ХХК-ийн хувьцааны 89,53 хувийг нэхэмжлэгч И-, 10.47 хувийг хариуцагч Т- эзэмшдэг байх бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлаар хариуцагч Т- ажилладаг болох нь талуудын тайлбар, компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна. /1хх-ийн 154, 160-167-р тал/

 

Нэхэмжлэгч И- нь хариуцагч Т-ыг “Ф-” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдлээ ашиглан, Монгол Улсын Компанийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж, онц их хэмжээний буюу 552 510 873 төгрөгийг хувийнхаа хэрэгцээнд ашигласан нь “Акпар аудит” ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдсон гэх үндэслэлээр 552 510 873 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

 

Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт “Компанийн энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанид учруулсан хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч И-  нь дээрх хуульд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

           

            Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Банк бус санхүүгийн байгууллага нь санхүүгийн тайлан, бусад шаардлагатай баримт, материалаа аудитын байгууллагаар жилд нэгээс доошгүй удаа шалгуулж баталгаажуулна” гэж, 16.2 дах хэсэгт “Аудитын байгууллага нь баталгаажуулсан санхүүгийн тайлан, баримт материалынхаа талаархи дүгнэлтийг тухайн банк бус санхүүгийн байгууллагын төлөөлөн удирдах зөвлөл, хянан шалгагчдын зөвлөлд танилцуулна” гэж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Аудитын байгууллага нь өөрийн баталгаажуулсан тайлангийн талаархи эцсийн дүгнэлтийг тухайн банк бус санхүүгийн байгууллага болон Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлнэ” гэж зааснаас гадна “Ф-” ХХК-ийн шинэчилсэн дүрмийн 12.6-т “Аудиторыг сонгож, түүнтэй байгуулах гэрээг хувь нийлүүлэгчдийн хурал батална. Гэрээнд ББСБ-ын болон аудиторын эрх, хүлээх үүрэг хариуцлага, аудидорт төлөх хөлсний хэмжээг заана” гэж тус тус заасан байна. /хх-ийн 160-167-р тал/

 

            Нэхэмжлэгч И- нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор “Акпар аудит” ХХК-ийн тайланг, хариуцагч Т- нь татгалзлаа нотлохоор “Бодит бүртгэл аудит” ХХК болон “Интер аудит” ХХК-ийн аудитын тайланг тус тус нотлох баримтаар гаргасан боловч эдгээр дүгнэлтүүдийг дээрх хуулийн зохицуулалт болон компанийн дүрэмд заасан албан ёсны тайлан, дүгнэлт гэж үзэх боломжгүй юм. /1хх-ийн 17-25, 60-104, 2хх-ийн 26-40-р тал/

           

            Өөрөөр хэлбэл, “Ф-” ХХК-ийн дүрэмд зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлаас “Акпар аудит” ХХК-ийг сонгож, гарсан дүгнэлтийг тус байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулан, улмаар Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул “Акпар аудит” ХХК-ийн дүгнэлтэд үндэслэн хариуцагч Т-ыг 552 510 873 төгрөгийг хувийнхаа хэрэгцээнд ашигласан гэдгийг эргэлзээгүй нотолсон баримт гэж дүгнэх боломжгүй юм. Иймд уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

           

            Зохигчид 2009 оны 12 сарын 28-ны өдөр 5 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч И- нь 107 851 000 төгрөгийг, жилийн 1 хувийн хүүтэйгээр хариуцагч Т-д зээлдүүлсэн байх бөгөөд тус гэрээний 4-т “Б” нь зээл болон хүүг буцааж төлөөгүй тохиолдолд “Б”-ийн эзэмшлийн хувьцааг “А”-гийнх болгоно гэж заажээ. Нэхэмжлэгч нь хариуцагчийг тус гэрээний үүргийг биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээний 4-т заасны дагуу “Ф-” ХХК-ийн 10.47 хувийн хувьцааг гаргуулахаар шаардсан. /хх-ийн 16-р тал/

           

            Дээрх гэрээний дагуу хариуцагч Т-д 113 243 550 төгрөгийн /үндсэн зээл 107 851 000₮, жилийн 1 хувийн хүү 1 078 510₮, 5 жилийн хүү 5 392 550₮, 107 851 000 + 5 392 550 = 113 243 550₮/ үүрэг үүссэн байх бөгөөд хариуцагч нь 2013-2017 оны хооронд нийт 194 909 060 төгрөгийг нэхэмжлэгч И-д төлсөн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан “Хаан банк”-ны орлогын мэдүүлэг, нэхэмжлэгч И-гийн “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогджээ. /2хх-ийн 59-74, 3хх-ийн 47-52-р тал/   

           

            Түүнчлэн, талууд 2009 оны 12 сарын 28-ны өдөр 107 851 000 төгрөгийн, 2010 оны 12 сарын 23 өдөр 63 200 000 төгрөгийн, 2012 оны 01 сарын 10-ны өдөр 254 496 748 төгрөгийн, мөн 2011 оны 3 сарын 26-ны өдөр нэхэмжлэгч И- нь “Ф-” ХХК-тай 170 000 000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус байгуулсан байна. /1хх-ийн 16, 2хх-ийн 107-109, 3хх-68-69, 3хх-133-р тал/

 

            Хариуцагч Т-ы төлсөн мөнгө нь бусад зээлийн гэрээний үүрэгт төлөгдсөн, 2009 оны 12 сарын 28-ны өдрийн гэрээний үүрэг биелэгдээгүй гэх тайлбараа нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй тул хариуцагчийн төлсөн төлбөрийг маргаан бүхий зээлийн гэрээний үүрэгт төлөгдөөгүй гэж шууд дүгнэх боломжгүй юм. Нөгөө талаар нэхэмжлэгч нь бусад зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, гэрээнүүдийн дуусгавар болох цаг хугацаа давхацсан зэрэг байдлуудаас хамаарч хэдэн төгрөг аль гэрээний үүрэгт тооцогдох нь тодорхойгүй байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгахгүй.

 

            Хувьцаа гэдэг нь хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хэлэх бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 382 дугаар тогтоолоор батлагдсан Үнэт цаас барьцаалах тухай журмын 2.1-т “Барьцаалагч нь барьцаалуулагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр барьцааны мэдэгдлийг хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн санд бүртгүүлж, баталгаажуулсны үндсэн дээр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагад үнэт цаасаа тусгаарлуулна” гэж заажээ.

 

            Дээрх журамд заасны дагуу үнэт цаас барьцаалсан дээрх гэрээг цахим мэдээллийн санд бүртгүүлж, баталгаажуулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул зээлийн гэрээний үүргийг хувьцаагаар хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна. 

 

            “Ф-” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг шинээр томилсон болохыг тогтоолгох, компанийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхийг даалгах шаардлагын тухайд “Ф-” ХХК-ийн шинэчилсэн дүрмийн 9.25-д “Хувь нийлүүлэгчдийн хурлын бусад үед төлөөлөн удирдах зөвлөл ББСБ-ыг удирдана. ТУЗ таван гишүүнтэй байна” гэж заасан бөгөөд “Ф-” ХХК-ийн 2016 оны 11 сарын 28-ны өдрийн гүйцэтгэх удирдлага Т-ыг чөлөөлсөн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолд И-, И- Такүоро, Хасэгава Жиро нар гарын үсгээ зуржээ. /хх-ийн 7-р тал/

           

            Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт “Энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгоно" гэж заасан бөгөөд дээрх төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолд гарын үсэг зурсан И- Такүоро, Хасэгава Жиро нарыг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас сонгосон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул гүйцэтгэх удирдлагыг чөлөөлсөн дээрх тогтоолыг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй юм.

           

Нөгөө талаар гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх тухай асуудал нь компанийн өөрийнх нь эрх хэмжээний асуудал буюу шүүхээр тогтоолгох асуудалд хамаарахгүй. Уг шаардлагыг компанийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай шаардлагын үндэслэл гэж үзнэ. “Ф-” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг чөлөөлсөн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол хүчин төгөлдөр бус байгаа тохиолдолд компанийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай шаардлага үндэслэлгүй. Иймд уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр мөн үндэслэлтэй бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.

 

Зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн гэх 23 987 336 төгрөгийг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн хувьд, талууд нийт 4 удаа зээлийн гэрээ байгуулсан талаар дээр дурдсан бөгөөд хариуцагч Т-ы төлсөн төлбөр аль гэрээний үүрэгт төлөгдсөнийг зохигчдын хэн аль нь баримтаар нотлоогүй, тооцоо нийлж баталгаажуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Дээрх зээлийн гэрээнүүд нь дуусах хугацааны хувьд давхацсан, мөн хариуцагч Т- нь маргаан бүхий зээлийн гэрээнээс гадна өөр зээлийн гэрээний харилцаа байсан гэдгийг үгүйсгээгүй, нэхэмжлэгч нь 2009 оны зээлийн гэрээнээс бусад гэрээний үүргийг шаардаагүй тул хариуцагчийг илүү төлбөр төлсөн гэх үндэслэлгүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар нэхэмжлэгчийг мөн хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй юм. Иймд уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

 

Харин “Ф-” ХХК-ийн 2016 оны 11 сарын 28-ны өдрийн гүйцэтгэх удирдлагыг чөлөөлсөн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Тодруулбал, дээр дурьдсанаар Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-т зааснаар “төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох” эрхтэй боловч “Ф-” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн гэх И- Такүоро, Хасэгава Жиро нарыг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас сонгосон гэх нөхцөл байдал нэгэнт тогтоогдоогүй учир энэ талаарх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, “Ф-” ХХК-ийн 2016 оны 11 сарын 28-ны өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д нийцэх юм.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэхдээ тооцооллын алдаа гаргасан байна. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 3 060 904 төгрөг /2 920 504₮ +70 200₮ + 70 200₮ = 3 060 904₮/ төлөхөөс 3 720 200 төгрөг төлж, 659 296 төгрөгийг илүү төлсөн /3 720 200₮ – 3 060 904₮ = 659 296₮/, мөн хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжид 348 086 төгрөг /277 866₮ + 70 200₮ = 348 086₮/ төлөхөөс 670 700 төгрөг төлж, 322 614 төгрөгийг илүү төлсөн /670 700₮ – 348 086₮ = 322 614₮/ байх тул нэхэмжлэгчээс илүү төлсөн 659 296 төгрөг, хариуцагчаас илүү төлсөн 322 614 төгрөгийг Хан-Уул дүүргийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч, хариуцагч нарт олгуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна. /1хх-ийн 4, 58, 4хх-ийн 55-р тал/ 

 

Мөн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч И-гээс 70 200 төгрөг гаргуулан, хариуцагч Т-д олгож шийдвэрлэв.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/02035 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 86 дугаар зүйлийн 86.1, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Т-д холбогдуулан гаргасан 552 510 873 төгрөг болон “Ф-” ХХК-ийн 10.47 хувийн хувьцааг гаргуулах, “Ф-” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг шинээр томилсон болохыг тогтоолгох, компанийн тамга тэмдгийг хүлээлгэн өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэгч И-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 

“Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан “Ф-” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч Т-ы сөрөг нэхэмжлэлээс 23 987 336 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж 2 дахь заалтыг нэмж,

 

            2 дахь заалтыг 3 дахь заалт болгон “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 720 200 төгрөгийн 3 060 904 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 670 700 төгрөгийн 348 086 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас /2609 0061 67 тоот данс, 2603 0303 49 тоот данс/ нэхэмжлэгчээс илүү төлсөн 659 296 төгрөгийг нэхэмжлэгчид, хариуцагчаас илүү төлсөн 322 614 төгрөгийг хариуцагчид, нэхэмжлэгчээс 70 200 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай” гэж,

 

3, 4 дэх заалтыг 4, 5 дахь заалт болгон өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 3 720 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 659 296 төгрөг болон хариуцагчаас төлсөн 277 870 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЭНХТӨР

                                               

                                          ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР

                                                                                                 

                                                                                            Г.ДАВААДОРЖ