Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 103

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Т.Солонго, 

улсын яллагч Д.Энх-Оргил,

шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Г.Тамир,

хохирогчийн өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711013550008 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Боржигон овогт Н.А, 1994 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 13 дугаар гудамж 275 тоотод оршин суух,

урьд: 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 812 дугаар шийтгэх тогтоолоор /2002/ оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, ......................................................

Шүүгдэгч Н.А нь “2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 13-275 тоот хашааны хаалгыг БНХАУ-ын иргэн Зао Хуаншин машинаараа хаагаад тавьсан шалтгааны улмаас маргаан үүсгэн зодож, БНХАУ-ын иргэн Зао Хуаншин-ы /ZHAO HUANXIN/ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй” гэв.

Хохирогч Зао Хуан Шин мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..хадам дүү Батгэрэл ханиад хүрчихсэн биеийн байдлыг нь харах эргэх зорилгоор очихоор болсон ..Батгэрэлийн гадаа очоод машинаа хашааны хаалганы дэргэд нь хүн орох жижиг хаалгыг нь өнгөрөөд машин орох том хаалгыг нь хаагаад зогссон ..Алтангэрэл орж ирээд ханцуйгаа шамлаад эхэлсэн. Тэгээд надад хандаад пизда минь чи наад машинаа үүднээс зайлуул, хужаа минь чамайг ална шүү гэж хэлсэн ..Алтангэрэл гэдэг эрэгтэй миний хамар руу баруун гараараа 2 удаа цохьсон. Би эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн. Надад нэхэмжлэх зүйл байгаа ..хагалгааны зардал 1.5 сая төгрөг гэсэн. Энэ зардлыг Алтангэрэлээс гаргуулж авмаар байна ..” гэсэн мэдүүлэг /хх-12-13х/, 

             Гэрч Б.Батгэрэл мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Алтангэрэл орж ирэхдээ Зао Хуаншинд хандаад пизда минь машинаа холдуулаач гэж хэлсэн ..тэгээд Алтангэрэлийн гар сарвалзаад Зао Хуаншиныг цохьсон ..Зао Хуаншин Алтангэрэлийг барьж аваад тэр хоёр ноцолдож байгаад Зао Хуаншин ..намайг харж байхад бол Алтангэрэл Зао Хуаншиныг цохьсон. Зао Хуаншин бол барьж аваад ноцолдоод байснаас Алтангэрэлийг цохисон зүйл болоогүй ..” гэсэн мэдүүлэг. /хх-16-17х/,

              Яллагдагч Н.А мэдүүлэхдээ: “..Шинжээчийн гаргасан 14565 дугаартай дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Зао Хуаншины биед би учруулсан..” гэсэн мэдүүлэг. /хх-42х/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №14565 тоот дүгнэлтэд: 

  1. Huanxin-н биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруул зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамраана.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-26х/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.А нь “2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 13-275 тоот хашааны хаалгыг БНХАУ-ын иргэн Зао Хуаншин машинаараа хаагаад тавьсан шалтгааны улмаас маргаан үүсгэн зодож, БНХАУ-ын иргэн Зао Хуаншин-ы /ZHAO HUANXIN/ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.А учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Зао Хуаншин /ZHAO HUANXIN/ нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.