Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 29

 

 

   2023          04           25                                      2023/ДШМ/29

 

*******, ******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор З.Алтансолонго, шүүгдэгч *******, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа нарыг оролцуулан

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/102 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2236003280019 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол улсын иргэн1993 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 30 настай эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сум Цамбагарав баг /12 дугаар баг/ 26 айл байрны 20 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Хойд ургийн овогт *******ын Эрдэнэбаяр, регистрийн дугаар *******,

 

2. Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны менежмент мэргэжилтэй, Жем трейд ХХК-нд жолооч ажилтай, ам бүл-3, эхнэр 1 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сум Баатархайрхан баг /2 дугаар баг/ Тулгын 3 дугаар 30 айл байрны 11 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Дөрвөд ургийн овогт *******ийн Мөнх-Эрдэнэ, регистрийн дугаар *******,

 

3 Яллагдагч *******ийн Мөнх-Эрдэнэ нь Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн нутаг "Нуурын бургас" гэх газраас 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ховор амьтан болох 1 ширхэг алтайн хойлог шувууг *******ий эзэшлийн Мавузер M-18 /MAUSER M-18/ маркийн галт зэвсгээр агнаж, Ховд аймгийн Жаргалант сум руу замын унаанд тээвэрлэж, иргэн *******т 250,000 төгрөгөөр зарж хууль бусаар ан агнах гэмт хэргийг,

Яллагдагч *******ын Эрдэнэбаяр нь иргэн *******эс Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн нутаг "Нуурын бургас" гэх газраас 2022 оны 11 дүгээр 21-ний өдөр ховор амьтан болох нэг тооны алтайн хойлог шувууг Ховд аймгийн Жаргалант суманд байхдаа 250,000 төгрөгөөр худалдан авч Ховд аймгийн Жаргалант сумын 12 дугаар баг Цамбагарав багт байх гэртээ хадгалсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

3.Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

            5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2023/Ш3/102 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн улмаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарыг чирэгдүүлсэн байна.

5.1 Шүүхээс прокурорын эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хууль зүйн шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн бол мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь заалтад "Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ" гэж заасны дагуу хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх тухай дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой байхад хэргийг прокурорт буцаасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарыг чирэгдүүлсэн шийдвэр болжээ.

5.2 Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан. Мавузер M-18 /MAUSER M-18/ маркийн галт зэвсгийг мөрдөгч үнэлүүлэхдээ бүрэн бус буюу галт зэвсгийн дуран болон хөлийн зах зээлийн үнэлгээг орхигдуулж дүгнэлт гаргасныг прокурор үндэслэн шүүгдэгч *******эс 2.100.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар албадан гаргуулахаар шүүгдэгчтэй эрүүгийн хариуцлага тохирсон байх боловч, шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулах тухай зохицуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ" гэсэн хуулийг хэрэглэж болохоор байна

Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаахдаа дээрх хуулийн зохицуулалтуудыг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2023/Ш3/102 дугаартай "Хэргийг прокурорт буцаах тухай" шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

6. Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2 үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Анхан шатны шүүх хэргийг буцаахдаа “...галт зэвсгийн үнэлгээнд хөл болон дуранг оруулаагүй гэж үзсэн. Гэтэл шинжээч гэмт хэрэг үйлдэх үед галт зэвсгийн хөл болон дуранг ашигласан эсэхийг нотлох боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн байна. Учир нь галт зэвсгийн хөл болон дуранг шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаагүй гэж мэдүүлэг өгөхдөө хэлсэн.  Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй хууль зүйн үндэслэл бүхий гарсан байх тул үүнийг дахин үнэлэх шаардлага байхгүй. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтийг прокурор гаргахдаа тухайн галт зэвсгийн үнэлгээ болох 2,100,000 төгрөгийг хохирол төлбөрт төлсөн, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хууль зүйн үндэслэлтэй. Гэтэл шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байгаа нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж байна. Учир нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширснаас болж шүүгдэгч нарын ажил, хөдөлмөр эрхлэх явдалд нь саад учирч байгааг хэлмээр байна. Иймээс прокурорын эсэргүүцлийг хангаж хэргийг буцааж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Прокуророос шүүгдэгч *******ийг  Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн нутаг “Нуурын бургас” гэх газраас 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ховор ан амьтан болох 1 ширхэг алтайн хойлог шувууг *******ий эзэмшлийн Мавузер М-18 /MAUSER M-18/ маркийн галт зэвсгээр агнаж, Ховд аймгийн Жаргалант сум руу замын унаад тээвэрлэж, иргэн *******т 250’000 төгрөгөөр худалдсан,

3.Шүүгдэгч *******ыг шүүгдэгч *******эс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ховор амьтан болох нэг тооны алтайн хойлог шувууг Ховд аймгийн Жаргалант суманд байхдаа 250’000 төгрөгөөр худалдан авч Ховд аймгийн Жаргалант сумын 12 дугаар Цамбагарав багт байх гэртээ хадгалсан нь тус тус нотлогдсон” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

4.Хэрэгт цугларсан баримтат мэдээллүүд нотолгооны хэрэгслүүдэд тусгагдсан үйл баримтаас үзвэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан “Мөрдөгчийн шинжээч томилох тогтоолын дагуу Вендо ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ХЦ23-08 дугаартай дүгнэлтээр дурангийн үнэлгээг тогтоохгүйгээр зөвхөн “2020 онд Герман улсад үйлдвэрлэгдсэн Mauzer M-18 загварын буу 2.100.000 төгрөгийн үнэтэй” гэж бүрэн бус үнэлгээ тогтоосон, Mauzer M-18 загварын  бууг дуран болон бууны хөлний хамт эд мөрийн баримтаар хурааж авсан байх ба мөрдөгч  нь бууны хөлний үнэлгээ гаргахыг шинжээчид даалгаагүй, мөн бууны дурангийн үнэлгээг тогтоохыг шинжээчид даалгасан боловч шинжээч дурангийн үнэлгээг тогтоогоогүй бүрэн бус дүгнэлт гаргасан байх тул Mauzer M-18 загварын  бууг болон бууны дуран,хөлийг дахин үнэлүүлж үнэ тогтоох ажиллагааг хийх  зэрэг мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх тухай” анхан шатны шүүхийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад нийцсэн байна.

5.Анхан шатны шүүх шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг зөрчсөн прокурорын эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан хууль зүйн шаардлага хангагдсан гэж үзэх боломжгүй” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

6. Прокурор шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн эсэргүүцэлдээ: “Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу  хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх боломжтой байхад хэргийн оролцогч нарыг чирэгдүүлсэн шийдвэр  гаргасан тул “захирамжийг хүчингүй болгож өгөх”-ийг хүсчээ.

7.Прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлүүдийн дагуу хэргийн бүх ажиллагаа хэргийг бүхэлд  хянаж үзэхэд, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан  үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хэргийн бодит байдлыг тогтоох” зарчимд нийцэх тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

8.Хэрэгт авагдсан баримтуудаар хэрэгт ач холбогдолтой хамааралтай эд мөрийн баримт болох Mauzer M-18 загварын бууны дуран, хөлөнд үнэлгээ бүрэн гүйцэд хийгдээгүй байх бөгөөд уг үнэлгээг дахин хийх зайлшгүй шаардлагатай учраас анхан шатны шүүхийн хэргийг прокурорт  буцааж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч *******, прокурор З.Алтансолонго нар нь Mauzer M-18 загварын бууны дуран болон хөлийг шувуу агнахдаа буюу гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаагүй тул уг бууны дуран болон хөлийг шинжээчээр үнэлгээ тогтоолгох шаардлагагүй гэж тайлбарласан.

Гэтэл хавтас хэргийн 25-26 дугаар талд авагдсан Mauzer M-18 загварын бууны гэрэл зургуудаас харахад уг буу нь овоо хараатай эсэх нь харагдахгүй байна. Уг буу нь овоо хараагүй тохиолдолд шүүгдэгч М.Мөнх-Эрдэний шувуу агнахдаа бууны дуран ашиглаагүй гэх тайлбар үндэслэлгүй,харин овоо хараатай байх тохиолдолд түүний дуран ашиглаагүй гэх  тайлбар үндэслэлтэй байх юм.

Иймд Mauzer M-18 загварын буу нь овоо хараатай эсэхийг тогтоох нь  хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж   давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

10.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

11.Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр нь үлдээж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12 Хэрэг прокурорт очтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЗ/102 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.НЯМБАЯР  

 

                                               ШҮҮГЧ                                       Д.КӨБЕШ

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА