Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 131/ШШ2025/00011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* овгийн *******гийн *******ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам тэмдэглэл хөтлөв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Хүсэлт гаргагч А.******* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх хэсгийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн шаардлага: 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай

2. Хүсэлтийн үндэслэл: А.******* миний бие нь 1969 онд Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн. Одоо 55 нас хүрч өндөр настын тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Хөдөлмөрийн дэвтэр/А.*******/, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 15 дугаар зөвлөмжийн хуудас, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан лавлагаа/А.*******/, Баянхонгор аймгийн Заг сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 68 дугаар албан бичиг, Үндэсний төв архивын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03-07/5597 дугаар архивын лавлагаа

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 657 дугаар архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн даргын 1985 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн зөвлөлийн1987 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны 9 дүгээр протокол, Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 26 дугаар Төлбөр тогтоох тухай тогтоол

4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 587 дугаар албан бичиг, цэргийн албан хаагчийн анкет/А.*******/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч А.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

2. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Үүнд:

2.1. Хөдөлмөрийн дэвтэр:

Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журам-г баталсан нь хүчин төгөлдөр үйлчилж байна.

Уг журмын 5 дахь хэсэгт БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь  ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно гэжээ.

Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлээс 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдөр *******гийн *******т олгосон Хөдөлмөрийн дэвтэр-т:

- Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн даргын 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 45 дугаар тушаалаар 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хоньчноор томилон ажиллуулсан,

- 1987 оны 01-07, 11,12, 1989 оны 01-12, 1990 оны 01-12 саруудад цалин хөлс олгосон бичилт тус тус хийгджээ.

2.2. Цалин хөлсний лавлагаа, ажил олгогчийн шийдвэр:

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 657 дугаар дугаар архивын лавлагаанд *******гийн ******* нь Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад 1985-1989 онуудад малчнаар ажилласан жилийн цалин, нотлох баримт шүүлгэх захиалга ирүүлснээс 1985,1987,1989 онуудад нотлох баримт гарлаа гэжээ.

Уг архивын лавлагааны хавсралт цаасан суурьтай бичмэл нотлох баримт:

- Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн даргын 1985 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаар тушаалд Нэгдэлд шинээр элссэн гишүүдийг ажилд томилсугай. Үүнд: 8.*******гийн *******ыг хоньчноор. Шинээр ажилд томилогдсон хүмүүсийг тодорхой ажил хуваарилан хариуцуулж, дүн мэдээг 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор боловсон хүчний эрхлэгчид ирүүлэхийг хэсгийн ахлагч нар хариуцуулсугай,

- Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн зөвлөлийн 1987 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр протоколд Малын хорогдлын актыг хэлэлцээд А.*******ын эм хонь 1 гэжээ.

2.3. Хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, цэргийн албан хаагчийн анкет:

- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд цэргийн алба хаасан тухай архивын лавлагаанд *******гийн ******* нь Батлан хамгаалах яамны сайдын 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн н/347 дугаар тушаалаар Баянхонгор аймгаас 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 137 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1991 оны 09 сарын 04-ний өдрийн 396 дүгээр тушаалаар 1991 оны 09 сарын 07-ны өдөр 626244 дугаарын цэргийн батлахтай хадагдсан-ыг тодорхойлжээ.

- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 587 дугаар албан бичгийн хавсралт Баянхонгор аймгаас цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет-д Цэргийн батлахын дугаар 678344, *******гийн *******, 1969 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, үндсэн захиргаа: Баянхонгор аймгийн Заг сум, цэргийн албанд татагдахын өмнө Заг сумын Давшилт нэгдэлд 1985 оноос эхлэн малчин гэжээ.

2.4. Хүн амын тооллогын лавлагаа:

Үндэсний төв архивын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03-07/5597 дугаар лавлагаанд 1989 оны хүн амын тооллогод Баянхонгор аймгийн Заг сумын хөдөөд оршин суух өрхийн тэргүүлэгч *******ын ******* 52 настай, эхнэр *******гийн 47 настай, хүү *******гийн ******* 19 настай, охин *******гийн 13 настай, хүү *******гийн 5 настай тоологдсон-ыг тодорхойлжээ.

2.5. Боловсролын лавлагаа:

Баянхонгор аймгийн Заг сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 12 дугаар сарын 68 дугаар албан бичигт ******* овогтой ******* нь 1977-1985 онд тус сургуульд сурч байсан нь үнэн гэжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу цалин хөлсний лавлагаа, ажил олгогчийн шийдвэр, хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, цэргийн албан хаагчийн анкет, хүн амын тооллогын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр, боловсролын лавлагаа зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Ийнхүү нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч А.******* нь 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоогдсон болно.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулан шүүх тогтоохоор заажээ.

Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч А.*******ын эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг ханган шийдвэрлэв.

Шүүхээс хүсэлт гаргагч А.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.

Ажлаас чөлөөлсөн бичилт хөдөлмөрийн дэвтэрт тусгагдаагүй, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр архиваас гаргаагүй тул ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч А.*******т үүссэн нь хөдөлмөрийн дэвтэр болон Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн лавлагаагаар нотлогдож байна.

Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 15 дугаар зөвлөмжийн хуудсаар ажиллаж байсан байдлаар тогтоолгохыг хүсэлт гаргагч А.*******т зөвлөжээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч А.*******ын онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн *******гийн *******ыг 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч А.*******ын онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МӨНХБАТ