| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2018/0005/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/08 |
| Огноо | 2018-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2018/ШЦТ/08
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
Улсын яллагч Д.Бат-Өлзий,
Хохирогч Д.Б,
Шүүгдэгч Ц.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Ц.Ч-д холбогдох эрүүгийн 1727000430044 тоот хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежмент мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ..... сумын .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б овгийн Ц-ийн Ч
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Ц.Ч нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч Ц.Ч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Хужирт сумын чиглэлтэй автобусаар ирсэн юм. 14 цагаас автобус хөдлөх гээд бүх хүмүүсийнхээ автобусны билетийг шалгаад байж байтал хоёр охин ирсэн. Тэгсэн тэр хоёр охин автобусны билетгүй байсан. Тэгэхээр нь би билетээ яагаад бичүүлээгүй юм бэ гэхэд сая хожигдоод ирлээ гэсэн. Тухайн үед нь овог, нэр мөнгийг нь аваад 22-ын товчоон дээр билетийг нь нөхөж бичсэн. Бид нар хөдлөөд Эрдэнэсант суман дээр хоол идсэн. Бусад хүмүүс хоол идэж байхад энэ хоёр охин жолоочоос багаж онгойлгоод тэр дотроос цүнхтэй хувцсаа авъя гэж байсан. Тэгэхээр нь би тухайн үедээ буух хүмүүс юм байна гэж бодсон. Тэгсэн хувцсаа авчихаад автобусны хойд талын суудал дээр суучихаад хувцсаа солиод нүүрээ будаад байхаар нь тухайн үед би загнасан юм. Яагаад загнасан юм бэ гэвэл урьд нь 14 хоногийн өмнө энэ охин манай автобусаар явж байхдаа facebook-ээр би энэ автобусаар явж байна гээд манай автобусны зургийг авч facebookт тавьсан байсан. Би энэ охиныг урьд нь танихгүй, гэхдээ энэ охины талаар сураг сонсож байсан. Хүмүүс ярихдаа танай хүргэнтэй өмнө нь үерхэж байсан гэсэн. Энэ охин өмнө нь ингэж явж байсан болохоор нь ямар үйлдэл гаргах нь уу гээд хяналттай явсан. Тухайн үед би тэр хоёр охинд хэлсэн. Хувцас хунар сольдог газар биш юм гэж хэлсэн. Тэгээд 21 цагийн үед автобус Хужирт суманд ирсэн бөгөөд энэ хоёр охин ч буугаад явсан. Гэртээ хариад 21 цаг 50 минут болж байхад манай охины гар утсанд мэссэж ирсэн. Ээжээ Д.Б манай автобусаар ирсэн юм уу. Танай нөхөртэй, үнэгүй, тансаглаад ирлээ гэсэн мэссэж над руу бичээд байна гэсэн. Тэгээд манай охин уурлаад нөхөртэйгээ хэрэлдээд манай гэр оронд тэр мэссэжнээс болж хэрүүл маргаан болсон. Манай охин та ирсэн бол надад хэлэхгүй яасан юм гэхээр нь би яах юм тэр чинь зорчигч юм чинь гэсэн. Тэгтэл манай охин Д.Б чинь над руу элдэв янзын мэссэж бичээд байна. Дээр бас автобусанд ингээд явж байна гээд facebook дээр бичсэн байсан гэж хэлсэн. Энэ асуудлаас болж манай гэр бүлийн хооронд бөөн хэрүүл болсон. Тэгэхээр нь би энэ охин зүгээр мөрөөрөө ирчихгүй яагаад ингэдэг билээ гэж бодоод машинаа асаагаад гэрт нь давхиж очсон. Гэрт нь очиход хамт ирсэн эгч нь байсан. Эгчийг нь дуудаж уулзаад дүүг нь асуухад байхгүй байна гэсэн. Хаа хүрсэн талаар асуухад хүнтэй уулзах гээд явсан гэж хэлсэн. Тэгээд эгчтэй нь хамт дээшээгээ гудамж өгсөөд явсан. Тухайн үед эгч нь Д.Б руу залгаж өдөр ирсэн эгч чамтай уулзаж байж явна гэнэ, чамайг ирэхгүй бол намайг явуулахгүй байна гэсэн чинь Д.Б ирсэн. Ирэхээр нь машинаа онгойлгоод уулзая гэсэн чинь өөрөө зугтаагаад байхаар нь харанхуй болсон байна, машинд ороод ярилцъя гээд мөрнөөс нь татаад машинд оруулах үед хөлөөрөө жийгээд гэдэс рүү өшиглөсөн. Тэрнээс биш зодож нүдсэн зүйл байхгүй. Ганцаараа байгаагүй эгч нь хамт байсан. Бид 3 машиндаа ороод ийм мэссэж, манай охин руу бичсэн байна. Та хоёр бичсэн үү гэхэд бид хоёр бичээгүй ийм дугаар ч байхгүй гэсэн. Тэгэхээр нь та хоёр л бичсэн та хоёроос өөр хэн бичих юм гэсэн. Тэр автобус дотор Хужирт сумын амрагчид явж ирсэн. Анх хэрэг явдал ийм зүйлээс болсон. Тэрнээс биш би энэ охиныг танихгүй. Гол нь энэ охин facebook дээр янз янзын юм бичдэг болохоор хүнд хар төрүүлсэн. Манай охин төрөөд удаагүй байхад нь гэр бүлийг хооронд нь хэрэлдүүлээд байсан. Тэрнээс болж энэ охинтой уулзах гэж очсон. Гэр бүлээрээ бас худлаа зүйл ярьж байна. Үнэхээр би Д.Быг зодоод гэмтээсэн бол хамгийн түрүүнд эмнэлэг дуудна, дараа нь цагдаа дуудаж энэ хүн ингээд хохироосон гэж дуудах ёстой байсан. Уулзчихаад би маргааш цагдаа дээр очиж учраа олье гэж хэлээд гэрийнх нь гадаа хүргэж өгсөн. Тэгээд би маргааш өглөө 10 цаг гээд цагдаа дээр очиж наад номерийг чинь шалгуулна их гомдолтой байна гээд хэлээд явсан. Маргааш нь ирсэн чинь Д.Б ын гадаа цагдаагийн машин байсан. Тэгсэн эмээ нь гарч ирээд өчигдөр манай охиныг яасан яасан гэнээ энэ хүнийг цагдаад барьж өг гэсэн. Тэр шөнө эмээ нь гарч ирээгүй, гэртээ байсан. Д.Бын эгч нь эмээдээ бид 3 уулзах ажилтай байгаа юм. Та гэртээ орж бай гэсэн. Тэгээд л эмээ нь гэртээ орсон. Эмээ нь хүртэл худлаа ярьж байгаа юм. Тэр цагдаагийн газарт энэ хоёр мэссэж бичиж үү гэж шалгуулах хүн нь би байсан. Бас их гомдолтой байсан. Урьд шөнө нь маргааш цагдаагийн газар очиж шалгуулна гэж ярилцсан байтал намайг очих үед цагдаа дуудсан байсан. Цагдаагийн газар байж байхад Д.Б-ын ээж нь ирээд элдвээр хэлж хэл амаар доромжилсон. Энэ талаар цагдаагийн газар байсан бүх хүмүүс мэдэж байгаа. Та нар үнэхээр гомдолтой байгаа бол өргөдлөө бичээд өг битгий хэрэлдээд бай гарч хэрэлд гэж байсан. Үнэхээр би энэ Д.Б ыг зодож гэмтээсэн бол буруугаа хүлээж эмнэлэгт аваачиж үзүүлнэ. Зөв зүгээр явчихаад дараа нь ингээд ийм асуудал гаргаад явж байна гэж бодоогүй. Би шүүх эмнэлэгийн дүгнэлт гаргуулах хүртэл энэ хүнийг зодоогүй гэж бодож байна. Д.Б адилхан л эгчтэйгээ хамт намайг хэл амаар доромжилж байсан. Хэн хэн маань бие биенийгээ хэл амаар доромжилсон” гэв.
Хохирогч Д.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “: 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос эгчтэйгээ цуг Өвөрхангай аймгийн Хужирт сум руу нийтийн зорчигч тээврээр явсан. Зорчиж байх явцад энэ хүнээс дарамт их ирж байсан. Хэл амаар доромжлох, алцагнасан юмнууд аятайхан яваач гэсэн дарамталсан юмнууд их ирж байсан. Тэгээд Хужирт суманд очоод шөнө 11 цагийн үед эгчээс маань дуудлага ирсэн. Би тухайн үед ангийнхаа хүүхэдтэй уулзаж байсан юм. Тэгсэн эгч Ц.Ч гэдэг хүн уулзъя гээд байна гэсэн. Тэгэхээр нь би яваад очтол Ц.Ч нь ямар ч үгний зөрөө байхгүй намайг алагдаж, үсдэж аваад, ийм тийш нь сэгсэрсэн. Ийм үйлдэл гаргаж байх явцад чи хүний гэр бүл үймүүлдэг хэн бэ гэж доромжилсон үгнүүдийг их хэрэглэсэн. Тэгээд намайг машин руугаа чихэж суулгасан. Чихэж суулгах явцдаа миний толгойг машиныхаа дээд талаар мөргүүлсэн. Машинд суулгасныхаа дараа энэ хүн намайг маш их хэл амаар доромжилсэн. Янхан гичий гэх мэтээр маш ихээр доромжилсон. Намайг ч доромжлоод зогсоогүй миний эцэг, эхийг удам сударыг хүртэл доромжилсон. Удмаараа хүний ор дэвсгэр болж явдаг гэж маш их муу муухай үгээр доромжилсон. Бас урд суудал дээр сууж байгаа байж арагшаа хараад намайг цохих, зумлах үйлдлүүдийг хийсэн. Эгч маань хажууд явж байсан болохоороо энэ хүнийг болиулж байсан. Хэрвээ эгч маань байгаагүй байсан бол би тэр үед маш их гэмтэл авсан байгаа байх. Ц.Ч нь ямар ч ор үндэсгүйгээр намайг мэссэж бичсэн гэсэн үндэслэлээр гүтгэсэн. Мөн миний амь насанд заналхийсэн. Ална хутгална, бүлнэ гэсэн үгнүүдийг хэрэглэж байсан. Би тухайн үед хэдүүлээ учраа олъё ямар ч үндэслэлгүйгээр хүн гүтгээд байна ямар мэссэж яаж ирсэн юм гэж зүгээр ярилцах гэхээр янз бүрийн хараалын үг хэлж угаасаа та хоёр гэдгийг мэдэж байна. Зүгээр хэлчих гээд гүтгэлэгийн үгийг маш их хэрэглэж байсан. Цагдаа дуудаж хэлээд учраа олчихъё гэхээр цагдаа нартай би ярьсан, ажилтай явж байна гэж хэлсэн. Маргааш ирнэ гэсэн тайлбарыг энэ хүн өгсөн. Тэгээд манай гаднаас хөдлөөд Баттулгын гэрт очиж, Баттулгын ээжид нь хэлнэ гээд .Б-ын гэрийнх нь гадаа очсон байгаа. Тэнд очоод маш их хэл амаар доромжилсон. Та хоёрын зургийг аваад facebook-т тавьж Хужирт сумын 2 янхан гэж тавина гэж сүрдүүлсэн. Тэгэхээр нь утсыг нь цааш түлхсэн чинь барагдуулж чадахгүй юм байж битгий хүний юмыг эвдэлчихээрэй гэж хэлсэн. Маш их хэл амаар доромжилж, харааж гүтгэсээр байгаад Ц.Ч нь явсан байгаа. Баттулгын гэрийн гаднаас хөдлөөд манай гэрийн үүдэн дээр ирээд хэдүүлээ маргааш учрыг нь ольё, ямар ч учрыг нь олоогүй байж хүнийг ингэж гүтгэж болохгүй маргааш учраа ольё гэж хэлсэн. Тэр үед манай эмээ гарч ирээд хашаан дотор байсан. Энэ хүн болохоор байгаагүй гээд худлаа мэдүүлэг өгч байна. Эмээ маань юу болоод байгаа юм гээд хашгираад үлдсэн байгаа. Энэ болсон зүйлийн талаар тэр шөнө ээждээ хэлээгүй. Яагаад гэвэл ээж маань амралтанд амарч байсан. Амарч байгаа хүний сэтгэл санааг үймүүлээд яах вэ гэж бодоод маргааш өглөө нь хэлсэн байгаа. Би энэ хүнээс мөнгө салгаж авна гэж ямар ч тийм зүйл хэлээгүй. Ц.Ч нь өөрөө гүтгэж доромжилж элдвээр хэлж заналхийлсээр явсан. Тэрнээс биш бид хоёр Ц.Ч-г элдвээр хэлж цохьж зодсон зүйл байхгүй” гэв.
Хохирогч 1995 онд төрсөн Д.Б мөрдөн байцаалтанд 2017-09-02-нд өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Хужирт сумын хүн тээврийн автобусаар эгч П-ийн хамт ирсэн юм. Миний суусан автобусны жолооч залуу болох Б нь миний 2014 онд үерхэж байсан залуу байсан. Бид хоёр ирэхдээ ном журмынх нь дагуу билетээ бичүүлээд сууж ирсэн. Гэтэл Хужирт суманд ирсний дараа гэртээ байж байтал Баттулга манай гадаа ирээд надтай уулзаж нэг утасны дугаар надад харуулаад энэ дугаарыг мэдэх үү, чиний дугаар юм бишүү энэ дугаараас сонин мэссэж ирээд байна гэж асуусан. Би энэ миний дугаар биш гэж хэлээд өөрийнхөө дугаарыг эгчийнхээ дугаартай хэлж өгсөн. Тэгтэл Б за за тэгвэл биш юм байна. Ямар хүн нь ингэж бичээд байгаа юм болдоо дугаарын эзнийг олноо гэж хэлчихээд яваад өгсөн. Баттулгыг явснаас 10-20 минутын дараа намайг гэрээсээ зайтай хүнтэй уулзаж байтал манай эгч П над руу залгаад хүн ирчихээд уулзъя гэнээ ярих юм байна гэнэ гэж хэлэхээр нь би яваад очтол Ч гуай ямар нэгэн үгийн зөрөөгүй шууд намайг алгадаад, үснээс зулгаагаад, машин руугаа чирээд явах зуураа намайг зодоод машин руугаа чихээд суулгачихсан юм. Би бүр гайхаад та яагаад намайг зодоод байгаа юм бэ гэж хэлтэл битгий хуц гэр бүл үймүүлдэг хэн бэ чи гээд намайг хааргаад, янхан, гичий, пизда гэх мэтээр хэлж намайг эцэг, эхийг давхар доромжлоод танай эцэг эх чинь олон салж сарнисан, би чамайг шууд хутгална шүү, зүгээр л бүлнэ шүү гээд урд суудал дээр сууж байгаад эргэж хараад намайг зодоод хөлнөөс чимхээд над руу дайраад байсан. Би цагдаа дуудаад асуудлаа шийдүүлчихье гэж хэлтэл угаасаа чи тэр мэссэжийг бичсэн гээд дайраад байсан. Би ямар мэссэжний талаар яриад байгааг нь мэдээгүй, тэр мэссэжийг чинь үзье гэж хэлтэл надад ирээгүй манай охинд ирсэн гэж хэлээд байсан. Яван явтлаа намайг зүхэж хараасан. Би эгчтэйгээ хамт утсаа үзүүлж тэр таны яриад байгаа мэссэжний талаар мэдэхгүй гэж зөндөө тайлбарлаж хэлтэл тоохгүй байсан. Тэгээд машиндаа намайг манай эгч П нарыг суулгасан чигээрээ хөдөлж Баттулгын ээжийнх нь гэрийн гадаа очиж Баттулгын ээжтэй нь уулзуулна гээд байсан. Гэтэл Б-ын ээж нь эзэнгүй байсан. Эгч бид хоёрын зургыг утсан дээрээ дараад Хужиртын хоёр янхан гэж интэрнэтэд тавина гээд байсан. Тэгээд зөндөө доромжилж байгаад бид хоёрыг гэрийн гадаа буулгачихаад яваад өгсөн. Би тухайн үед 80402390 гэсэн дугаар барьдаг байсан. Одоо бол 89049190 гэсэн дугаар барьж байсан. Би одоо Баттулгатай ямар ч харилцаа байхгүй. Архи уугаагүй эрүүл байсан. Миний толгой байнга өвдөөд байгаагаа би бариулж байгаа. Би маш их гомдолтой байна. Эмчилгээний зардал, наашаа цаашаа явсан зардлаа нэхэмжилнэ. Би зүгээр байж байгаад тэгж, гүтгүүлж доромжлуулсандаа гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /33-36 дугаар хуудас/,
Хохирогч 1995 онд төрсөн Д.Б мөрдөн байцаалтанд 2017-12-06-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Гараараа үсдэж байгаад машин руугаа чихэж суулгачихаад машины дээд талыг мөргүүлж, шилэн хүзүүнээс барьж аваад түлхээд базаад суулгасан. Тэгэхдээ миний биед гэмтлүүд учруулсан. Маш гомдолтой байна. Сэтгэл санааны маш их гомдолтой байна. Зүгээр автобусаар явж байгаад хүнд доромжлуулж, гүтгүүлж, зодуулсандаа гомдолтой. Нааш цааш явж үзүүлж харуулж байцаалтанд ирэхэд нийт 400.000 төгрөг 5-6 удаа явсан. Мөн эмчилгээний эм тарианы зардалд өдөрт нэг удаа бариулахад 30.000 төгрөг, нийт 10 өдөр бариулж 300.000 төгрөг болсон. Миний тархи толгой үе үе өвдөөд байх болсон. Цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлүүлнэ. Сэтгэл санааны маш их хохиролтой байна. Айлган сүрдүүлсэн ч маш их айдастай байгаа. Сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг нэхэмжилнэ. Нийт Ч-гаас 5.700.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх 37 дугаар хуудас/
Гэрч 1994 онд төрсөн Б.П мөрдөн байцаалтанд 2017-11-23-нд өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар баг манай гэрийн гадаа болсон асуудал байгаа юм. Тухайн өдөр Улаанбаатар хотоос Баттулга гэх жолоочийн автобусанд Б бид хоёр сууж Хужирт суманд ирсэн. Тэгээд Б бид хоёр манайд ирсэн. Б ангийн хүүхэдтэйгээ уулзахаар гарсан байсан юм. Тэгтэл гэрийн гадаа Ч машинтайгаа ирээд бид хоёрыг дуудсан. Би гараад очтол үгийн зөрүүгүй гарнаас чирээд шууд машиндаа суулгасан. Манай ээж хамт зогсож байсан. Тэгээд Чгаас яасан талаар асуутал зүгээр сууж бай нөгөө охиноо дууд та хоёрыг ёстой ална гээд байсан. Тэгээд ээжийг гэртээ орж бай гэж хэлтэл ээж орсон. Тэгээд Б руу би залгаад хаана байна хурдан ир хүн ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд Б-ыг гудамжны үзүүр тойроод ирж байхыг нь хараад Ч машинаасаа буугаад өөдөөс нь очоод Б-ыг угзарч хэд хэдэн удаа цохьж авсан. Тэгээд Б-ыг мөн л машин руугаа чирч Б яасан талаар асуутал зүгээр суу та хоёрыг ална гээд байсан. Б-ыг суулгахдаа машины дээд тал, хаалга зэргийг мөргүүлээд араас нь өшиглөөд суу гээд хүчээр суулгасан. Тэгээд яасан талаар асуутал манай охин руу нэг дугаар мэссэж бичсэн та хоёр утсаа гаргаад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би хоёр утсаа өгөөд тэр мэссэж бичсэн дугаартайгаа бид хоёрын дугаарыг тулгаад үз, гар утсыг шалгаад үз цагдаа дээр очоод шүүлгэ гэж хэлсэн. Тэгтэл цагдаа руу явахгүй байсан. Цагдаа нар хөдөө ажлаар явсан гэсэн би асуусан гэж хэлээд байсан. Тэгээд бид хоёрыг элдвээр хэлээд загнаад 3-4 цаг машинаасаа буулгаагүй. Та хоёрыг ална, бүлнэ, дүрнэ, хутгална гээд л айлгаад, та хоёр янхан биздээ гээд элдвээр хэлээд байсан. Машины ард бид хоёрыг сууж байхад Б-ыг чимхээд, базаад цохих бүрт нь би салгаж байсан. Тэгээд бид хоёрыг машиндаа суулгаж Баттулгын гадаа очоод та хоёрыг Б ална гэсэн наанаа сууж бай та хоёр гээд доромжлоод суугаад байсан. Б ч гарч ирээгүй. Тэгээд бид хоёрыг гэрийн гадаа буулгаж өгсөн. Тэгээд гэртээ ортол манай ээж Д айчихсан даралт нь ихэссэн байсан. Б-ын зодуулж гуян дээрээ хөхөрсөн байсныг нь би гар утсан дээрээ зургийг нь авсан. Тэгээд маргааш нь цагдаа дээр очиж өргөдөл бичиж өгсөн. Би Ч гэх хүнийг танихгүй. Анх удаа таарч ийм асуудалд холбогдсон. Б урьд хэдэн жилийн өмнө Баттулгатай үерхэж байсан юм. Тухайн өдөр автобусанд нь сууж ирснээс болоод л хардаж ийм асуудал гаргасан байх. Хашааны булан тойроод гарч ирэхэд нь өөдөөс нь очоод үснээс нь татаад, чирч гулдраад машинд суулгахдаа машины дээд тал, хаалга зэргийг мөргүүлээд араас нь өшиглөж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 43-44 дүгээр хуудас/,
Гэрч 1976 онд төрсөн Б.С мөрдөн байцаалтанд 2017-12-06-нд өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 08 дугаар сард Өвөрхангай аймгийн Хужирт сумын Рашаан сувилалд амарч байсан юм. Тухайн үед манай охин зодуулсан шөнө манай ээж Д над руу зөндөө олон удаа залгасан байсан. Би утасныхаа дууг хаасан байсан болохоор мэдээгүй. Өглөө ээж рүү залгахад Ч ирээд унтуулсангүй. Охин Б-ыг Ч зодсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь яасан талаар асуутал хүн андуураад байгаа юм үү бүү мэд зодсон байна гэж хэлсэн. Тэгээд ээжтэй утсаар ярьж дуусаагүй байтал ээж машин ирж байна. Нөгөө Ч ирж байна гээд чи яасан гээд хүүхэд зодоод байгаа юм. Зөв бурууг нь цагдаа дээр очиж учраа ольё гэж ярьж сонсогдоод ээжийн утас тасарсан. Тэгээд би Рашаан сувилалаас хамт амарч байсан хүнтэйгээ яараад ээжийн гэрт очтол цагдаа руу явсан гэж байсан. Тэгээд цагдаа иртэл Ч цагдаагийн өрөөнд орчихсон уулзаад байгаа бололтой байсан. Манай охин Б нилээд хачин царайтай зогсож байсан. Тэгэхээр нь яасан бэ миний охин гэтэл би яагаач үгүй хүнтэй андуураад намайг Ч зодчихлоо гэж хэлсэн. Хэлээд байхад ерөөсөө учир ойлгохгүй юм гэж байсан. Чг цагдаагийн өрөөнд сууж байхаар нь юу болсон гээд ортол үгийн зөрүүгүй хуцаад бай гэж хэл амаар доромжилсон. Наад хүүхдүүд чинь айл гэр, үймүүлэх гээд мэссэж бичсэн байна наад хоёроос чинь гарцаагүй гэж хэлээд хэл амаар доромжилсон. Яасан талаар асуутал үгийн зөрүүгүй хэл амаар доромжлоод дуугуй бай, гичий минь гээд элдвээр хэлээд байсан. Тэгээд байж байтал гаднаас Б гэх залуу орж ирсэн. Б хадам ээжийгээ та учрыг нь олж байж хүмүүстэй уулз гэж хэлээд байхад гэтэл чи хуцалгүй дуугүй наанаа суу гэж хэлсэн. Цагдаа нь болохоор өчигдөр ирсэн хүмүүсийнхээ нэрсийг өгөөд гарцгаа гэсэн. Шалгуулах зүйл байвал өргөдлөө өгөөд шалгуул гэж хэлсэн. Б надад ямар ч хамаа байхгүй шүү хадам ээж өөрөө л ийм асуудал гаргаад яваад байна гэж хэлсэн. Тэгээд гадаа гарч ирээд Чг чи яагаад хүүхэд зодож байгаа юм бэ, загнаж болно гэхдээ гар хүрч болохгүй шүү дээ гэтэл энэ хоёроос гарцаагүй гээд дайраад байсан. Тэгээд үг хэлээ ололцохгүй юм байна гээд бид нар машин руугаа явж өргөдлөө бичиж өгсөн. Толгойных нь ард хавдсан юм шиг байсан. Гар хүрэхээр хөндүүр байсан. Толгой нь эргэж болохгүй хөшөөд өвдөөд байна гэж байсан. Гуян дээр чимхээд хөхрүүлсэн байсан. Гарнаас нь мөн чирсэн юм шиг байна лээ. Гар нь хөндүүр оригоод байна гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 46-47 дугаар хуудас/,
Гэрч 1957 онд төрсөн Чойсүрэнгийн Даариймаа мөрдөн байцаалтанд 2017-11-26-нд өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр болсон асуудал байгаа юм. Манай охин П, Б нар Улаанбаатар хотоос автобусаар ирсэн юм. Тэгээд хоол ундаа идчихээд амрах гээд байж байтал хашааны гадаа машин ирж зогсоод хашааны хаалга хүчтэй нүдэхээр нь согтуу хүн ирж байгаа юм байхдаа гэж бодож байтал манай охин П хэн бэ гээд гарсан. Тэгээд араас нь шагайтал манай охиныг хашааны хаалгаад чирээд гарч байгаа бололтой байсан. Б түрүүнд гарсан байсан. Хаашаа явсныг мэдээгүй. Тэгээд П-ийн араас нь гартал манай охиныг машиндаа чихээд суулгахдаа та нарыг дүрнэ ална, зүгээр л дүрнэ гээд хашигчаад нэг эмэгтэй хүн суулгаж байсан. Тэгээд шууд хөдлөөд явчихсан. Миний бие өвдөөд их айж хүүхэд хулгайлж байгаа юм байх даа энд тэнд авч очоод алчихвий дээ гэж бодоод жаахан хүүхдээ хөтлөөд энд тэнүүгээр хайгаад нэлээд явтал олдоогүй. Манай нөхөр байхгүй байсан. Тэгээд гэртээ ороод утсаар нь залгатал удахгүй очлоо ээжээ гэж хэлсэн. Тэгээд нилээд удаж байгаад хашааны гадаа нөгөө машин ирсэн. Би хашааны завсраар хартал машин нь хөдлөөд хүмүүс ноцолдоод байгаа бололтой байсан. Хүмүүс чанга чанга дугараад байсан. Тэгээд гараад очих гэтэл манай охин П одоо орлоо та орж бай гэсэн. Тэгээд нилээд удаж байгаад манай хоёр охин хашааны хаалгаар орж ирсэн. Би гэрийнхээ үүдэнд л зогсоод байсан. Тэгтэл манай хоёр охин Ч алах гэж байна яасан талаар нь мэдээгүй. Б-ыг зодчихлоо гэж хэлсэн. П намайг байгаагүй бол Б-ыг алах байсан байх гэж хэлсэн. Тэгээд Б гэртээ орж ирээд Ч намайг яг алах гэж байна. Надад хамаагүй юм яриад гүтгээд зодлоо гэж байсан. Тэгээд би хоёр охиноо дагуулаад Баттулга гэх автобусны жолооч дээр очоод ийм зүйл боллоо. Хүүхдүүд мөнгөө төлөөд ирсэн гэхэд надад тэр чинь хамаагүй. Би янз бүрийн юм болоогүй. Тэр хүнтэйгээ учраа олж шүүх, цагдаагаараа явцгаа гэсэн. Намайг яасан гэж гүдэж байгаа юм болоо. Миний бие өвдөөд байна. Толгой өвдөөд байна гэж байсан. Тэгээд хөл гээд өмдөө тайлаад үзвэл гуя нь хөхөрч хавдсан байсан. Манай охин П утсан дээрээ зургийг нь аваад байгаа бололтой байсан. ..” гэсэн мэдүүлэг /хх 41-42 дугаар хуудас/
Гэрч 1986 онд төрсөн Б.Б мөрдөн байцаалтанд 2017-12-06-нд өгсөн мэдүүлэгт: “...Би 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Хужирт сум руу шугамын автобус барьж ирсэн юм. Тэгэхэд Б.Б эгчтэйгээ яг хөдлөх гэж байтал ирсэн. Онлайн хаагдсан учраас билет бичүүлэлгүй суусан. Хадам ээж шугамын компаний захирал учраас нөгөө хоёроос зардлыг нь авсан юм билээ. Тэгээд Хужирт сум орж ирээд орой амрах гэж байтал эхнэрийн нэр дээр байх миний барьдаг утсанд мэссэж ирсэн юм. Уг мэссэж нь танай нөхөр хуучин найз хүүхнээ суулгаад үнэгүй авч ирлээ гэсэн утгатай мэссэж ирсэн байсан. Тэгээд хэн бичсэн юм бол гэж бодож байгаад Б дээр очоод чи мэссэж бичээд байгаа юм уу гээд асуутал үгүй би бичээгүй гэсэн. Тэгээд би шууд гэртээ ирсэн. Тэгээд түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Маргааш нь цагдаа дээр очоод болсон асуудлыг хэлсэн. Би урьд нь нилээд хэдэн жилийн өмнө Д.Б-тай үерхдэг байж байгаад салснаас хойш одоог хүртэл харилцаа байхгүй. Би эхнэртэйгээ суугаад 3 жил болж байна. Эхнэр маань саяхан төрсөн учраас гэрээс гарч чадахгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 45 дугаар хуудас/,
Шинжээч 1982 онд төрсөн Эрхэмсамбуугийн Хүрэлсүх мөрдөн байцаалтанд 2017-11-27-нд өгсөн мэдүүлэгт: “...Д.Б-ыг үзэхэд толгойн дагз хэсгээр эмзэглэлтэй, бага зэргийн нүдний алимны чичирхийлэл хөндлөн чиглэлд илэрч байсан. Тус шинж нь тархи доргилтын үед илэрдэг шинж. Баруун гуяны урд доод хэсэгт 6,5*4 см хөхөлбөр өнгийн цус хуралттай байсан. Тархи доргилт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх 56 дугаар хуудас/,
Гэрч 1993 онд төрсөн Б.М мөрдөн байцаалтанд 2017-12-06-нд өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би цагдаагийн тасгийн дарга Э.М-гийн хамт Ч.Д гэх айлд үхрийн асуудлаар уулзах гээд очиход тэдний гадна Ч машинтайгаа зогсож байсан. Тэгтэл Д-гийн хашаанаас Б, П нар Д-гийн хамт гарч ирсэн. Тухайн үед тэд нар хоорондоо маргалдаад байсан. Юу болсон талаар асуухад Даариймаа нь Ч өчигдөр манай охины хүүхэд Б-ыг зодсон байна гэсэн. Тухайн үед цагдаагийн тасгийн дарга З.Мягмарсүрэн ажил дээр очиж уулз гэж бүгдэд нь хэлсэн. Дарга бид хоёр хэсгийн төлөөлөгчийн өрөөнд хоёулаа сууж байхад араас Ч, Б, түүний ээж, П нар өрөөнд ар араасаа цуварч орж ирсэн. Өрөөнд орж ирээд Бын ээж Чд танай хүүхэд манай хүүхэд рүү мэссэж бичсэн байсан гэж хэлсэн. Тухайн үед тэр хоёр өрөөн дотор маргалдаад байхаар нь цагдаагийн тасгийн дарга З.Мягмарсүрэн тэдэнд хандаж та нар гарч хэрэлд, шалгуулах зүйл байгаа бол өргөдлөө өгч шалгуул гээд тэд нарыг гаргасан. Тухайн үед Ч нь С гэх эмэгтэйд хандаж танай хүүхдүүд айл гэр үймүүлэх гээд манай охин руу мэссэж бичсэн байна танай хоёр хүүхдээс гарцаагүй гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 48-49 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Хүрэлсүхийн 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 319 дугаартай актанд: “1.Д.Б-ын биед тархи доргилт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги нөлөөлөхгүй. 5. Дэрэх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 51/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1 дүгээр хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Д.Б-ын цагдаагийн тасагт гаргасан өргөдөл / хх 10 дугаар хуудас /зэрэг болно.
Шүүгдэгч Ц.Ч нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Д.Б-ын “2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Хужирт сумын хүн тээврийн автобусаар эгч П-ийн хамт ирсэн юмаа. Миний суусан автобусны жолооч залуу болох Б нь миний 2014 онд үерхэж байсан залуу байсан. Бид хоёр ирэхдээ ном журмынх нь дагуу билетээ бичүүлээд суудалдаа суугаад ирсэн юмаа гэтэл Хужирт суманд ирсэний дараа гэртээ байж байтал Б манай гадаа ирээд надтай уулзаж нэг утасны дугаар надад харуулаад энэ дугаарыг мэдэх үү, чиний дугаар юм бишүү энэ дугаараас сонин мессэж ирээд байна гэж асуусан. Би энэ миний дугаар биш гэж хэлээд өөрийнхөө дугаарбг эгчийнхээ дугаартай хэлж өгсөн. Тэгтэл Б- за за тэгвэл биш юм байна. Ямар хүн нь ингэж бичээд байгаа юм болдоо дугаарын эзнийг олноо гэж хэлчихээд яваад өгсөн. Б-ыг явснаас 10-20 минутын дараа намайг гэрээсээ зайтай хүнтэй уулзаж байтал манай эгч П над руу залгаад хүн ирчихээд уулзая гэнээ ярих юм байна гэнэ гэж хэлэхээр нь би яваад очтол Ч гуай ямар нэгэн үгийн зөрөөгүй шууд намайг алгадаад, үсэээс зулгаагаад, машин руугаа чирээд чирч явах зуураа намайг зодоод машин руугаа чихээд суулгачихсан юмаа. Би бүр гайхаад та яагаад намайг зодоод байгаа юм бэ гэж хэлтэл битгий хуц гэр бүл үймүүлдэг хэн бэ чи гээд намайг хааргаад, янхан, гичий, пизда гэх мэтээр хэлж намайг эцэг эхийг давхар доромжлоод танай эцэг эх чинь олон салж сарнисан, би чамайг шууд хутгална шүү, зүгээр л бүлнэ шүү гээд урд суудал дээр сууж байгаад эргэж хараад намайг зодоод хөлнөөс чимхээд над руу дайраад байсан. Би маш их гомдолтой байна. Эмчилгээний зардал, наашаа цаашаа явсан зардлаа нэхэмжилнэ. Би зүгээр байж байгаад тэгж гүтгүүлж доромжлуулсандаа гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /33-36 дугаар хуудас/, хохирогч Д.Б-ын: “...Гараараа үсдэж байгаад машин руугаа чихэж суулгачихаад машины дээд талыг мөргүүлж, шилэн хүзүүнээс барьж аваад түлхээд базаад суулгасан. Тэгэхдээ миний биед гэмтлүүд учруулсан. Маш гомдолтой байна. Сэтгэл санааны маш их гомдолтой байна. Зүгээр автобусаар явж байгад хүнд доромжлуулж, гүтгүүлж, зодуулсандаа гомдолтой. Нааш цааш явж үзүүлж харуулж байцаалтанд ирэхэд нийт 400.000 төгрөг 5-6 удаа явсан. Мөн эмчилгээний эм тарианы зардалд өдөрт нэг удаа бариулахад 30.000 төгрөг, нийт 10 өдөр бариулж 300.000 төгрөг болсон. Миний тархи толгой үе үе өвдөөд байх болсон. Цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлүүлнэ. Сэтгэл санааны маш их хохиролтой байна. Айлган сүрдүүлсэн ч маш их айдастай байгаа. Сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг нэхэмжилнэ. Нийт Чгаас 5.700.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 37 дугаар хуудас/, гэрч Б.П-ийн: “...2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар баг манай гэрийн гадаа болсон асуудал байгаа юм. Тухайн өдөр Улаанбаатар хотоос Баттулга гэх жолоочийн автобусанд Б бид хоёр сууж Хужирт суманд ирсэн. Тэгээд Б бид хоёр манайд ирсэн. Б ангийн хүүхэдтэйгээ уулзахаар гарсан байсан юм. Тэгтэл гэрийн гадаа Ч машинтайгаа ирээд бид хоёрыг дуудсан. Би гараад очтол үгийн зөрүүгүй гарнаас чирээд шууд машиндаа суулгасан. Манай ээж хамт зогсож байсан. Тэгээд Чгаас яасан талаар асуутал зүгээр сууж бай нөгөө охиноо дууд та хоёрыг ёстой ална гээд байсан. Тэгээд ээжийг гэртээ орж бай гэж хэлтэл ээж орсон. Тэгээд Б руу би залгаад хаана байна хурдан ир хүн ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд Б-ыг гудамжны үзүүр тойроод ирж байхыг нь хараад Ч машинаасаа буугаад өөдөөс нь очоод Б-ыг угзарч хэд хэдэн удаа цохиж авсан. Тэгээд Б-ыг мөн л машин руугаа чирч Б яасан талаар асуутал зүгээр суу та хоёрыг ална гээд байсан. Б-ыг суулгахдаа машины дээд тал, хаалга зэргийг мөргүүлээд араас нь өшиглөөд суу гээд хүчээр суулгасан. Б урьд хэдэн жилийн өмнө Б-тай үерхэж байсан юм. Тухайн өдөр автобусанд нь сууж ирснээс болоод л хардаж ийм асуудал гаргасан байх. Хашааны булан тойроод гарч ирэхэд нь өөдөөс нь очоод үснэсэ нь татаад, чирч гулдраал, машинд суулгахдаа машины дээд тал, хаалга зэргийг мөргүүлээд араас нь өшиглөж байсан...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 43-44 дүгээр хуудас/, гэрч Б.Сугарсүрэнгийн: “...2017 оны 08 дугаар сард Өвөрхангай аймгийн Хужирт сумын Рашаан сувилалд амарч байсан юм. Тухайн манай охин зодуулах шөнө манай ээж Д над руу зөндөө олон удаа залгасан байсан. Би утасныхаа дууг хаасан байсан болохоор мэдээгүй. Өглөө ээж рүү залгахад Ч ирээд унтуулсангүй. Охин Б-ыг Ч зодсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь яасан талаар асуутал хүн андуураад байгаа юм үү бүү мэд зодсон байна гэж хэлсэн. Тэгээд ээжтэй утсаар ярьж дуусаагүй байтал ээж машин ирж байна. Нөгөө Ч ирж байна гээд чи яасан гээд хүүхэд зодоод байгаа юм зөв бурууг нь цагдаа дээр очиж учраа ольё гэж ярьж сонсогдоод ээжийн утас тасарсан. Тэгээд би Рашаан сувилалаас хамт амарч байсан хүнтэйгээ яараад ээжийн гэрт очтол цагдаа руу явсан гэж байсан. Тэгээд цагдаа иртэл Ч цагдаагийн өрөөнд орчихсон уулзаад байгаа бололтой байсан. Манай охин Б нилээд хачин царайтай зогсож байсан. Тэгэхээр яасан бэ миний охин гэтэл би яагаач үгүй хүнтэй андуураад намайг Ч зодчихлоо гэж хэлсэн. Хэлээд байхад ерөөсөө учир ойлгохгүй юм гэж байсан. Ч-г цагдаагийн өрөөнд нь сууж байхаар нь юу болсон гээд ортол үгийн зөрүүгүй хуцаад бай гэж хэл амаар доромжилсон. Наад хүүхдүүд чинь айл гэр үүмүүлэх гээд мэссэж бичсэн байна наад хоёроос чинь гарцаагүй гэж хэлээд хэл амаар доромжилсон. Яасан талаар асуутал үгийн зөрүүгүй хэл амаар доромжлоод дуугуй бай гичий минь гээд элдвээр хэлээд байсан. Толгойных нь ард хавдсан юм шиг байсан. Гар хүрэхээр хөндүүр байсан. Толгой нь эргэж болохгүй хөшөөд өвдөөд байна гэж байсан. Гуян дээр чимхээд хөхрүүлсэн байсан. Гарнаас нь мөн чирсэн юм шиг байна лээ. Гар нь хөндүүр оригоод байна гэж байсан...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 46-47 дугаар хуудас/, гэрч Ч.Д-ийн: “...2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр болсон асуудал байгаа юм. Манай охин П, Б нар Улаанбаатар хотоос автобусаар ирсэн юм. Тэгээд хоол ундаа идчихээд амрах гээд байж байтал хашааны гадаа машин ирж зогсоод хашааны хаалга хүчтэй нүдэхээр нь согтуу хүн ирж байгаа юм байхдаа гэж бодож байтал манай охин П хэн бэ гээд гарсан. Тэгээд араас нь шагайтал манай охиныг хашааны хаалгаад чирээд гарч байгаа болсон. Б түрүүнд гарсан байсан. Хаашаа явсныг мэдээгүй. Тэгээд П-ийн араас нь гартал манай охиныг машиндаа чихээд суулгахдаа та нарыг дүрнэ ална, зүгээр л дүрнэ гээд хашигчаад нэг эмэгтэй хүн суулгаж байсан. Тэгээд шууд хөдлөөд явчихсан. Миний бие өвдөөд их айж хүүхэд хулгайлж байгаа юм байх даа энд тэнд авч очоод алчихвийдээ гэж бодоод жаахан хүүхдээ хөтлөөд энд тэнүүгээр хайгаад нэлээд явтал олдоогүй. Манай нөхөр байхгүй байсан. Тэгээд гэртээ ороод утсаар нь залгатал удахгүй очлоо ээжээ гэж хэлсэн. Тэгээд нилээд удаж байгаад хашааны гадаа нөгөө машин ирсэн. Би хашааны завсраар хартал машин нь хөдлөөд хүмүүс ноцолдоод байгаа бололтой байсан. Хүмүүс чанга чанга дугараад байсан. Тэгээд гараад очих гэтэл манай охин П одоо орлоо та орж бай гэсэн. Тэгээд нилээд удаж байгаад манай хоёр охин хашааны хаалгаар орж ирсэн. Би гэрийнхээ үүдэнд л зогсоод байсан. Тэгтэл манай хоёр охин Ч алах гэж байна яасан талаар нь мэдээгүй. Б-ыг зодчихлоо гэж хэлсэн. П намайг байгаагүй бол Б-ыг алах байсан байх гэж хэлсэн. Тэгээд Б гэртээ орж ирээд Ч намайг яг алах гэж байна. Надад хамаагүй юм яриад гүтгээд зодлоо гэж байсан...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 41-42 дугаар хуудас/, гэрч Б.Баттулгын: “...Би 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Хужирт сум руу шугамын автобус барьж ирсэн юм. Тэгэхэд Б.Б эгчтэйгээ яг хөдлөх гэж байтал ирсэн. Онлайн хаагдсан учраас билет бичүүлэлгүй суусан. Хадам ээж шугамын компаний захирал учраас нөгөө хоёроос зардлыг нь авсан юм билээ. Тэгээд Хужирт сум орж ирээд орой амрах гэж байтал эхнэрийн нэр дээр байх миний барьдаг утсанд мэссэж ирсэн юм. Уг мэссэж нь танай нөхөр хуучин найз хүүхнээ суулгаад үнэгүй авч ирлээ гэсэн утгатай мэссэж ирсэн байсан. Тэгээд хэн бичсэн юм бол гэж бодож байгаад Б дээр очоод чи мэссэж бичээд байгаа юм уу гээд асуутал үгүй би бичээгүй гэсэн. Тэгээд би шууд гэртээ ирсэн...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 45 дугаар хуудас/, шинжээч Э.Хүрэлсүхийн: “...Д.Б-ыг үзэхэд толгойн дагз хэсгээр эмзэглэлтэй, бага зэргийн нүдний алимны чичирхийлэл хөндлөн чиглэлд илэрч байсан. Тус шинж нь тархи доргилтын үед илэрдэг шинж. Баруун гуяны урд доод хэсэгт 6,5*4 см хөхөлбөр өнгийн цус хуралттай байсан. Тархи доргилт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 56 дугаар хуудас/, гэрч Б.Мөнх-Эрдэнийн: “...2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би цагдаагийн тасгийн дарга Э.Мягмарсүрэнгийн хамт Ч.Даариймаа гэх айлд үхрийн асуудлаар уулзах гээд очиход тэдний гадна Ч машинтайгаа зогсож байсан. Тэгтэл Даариймаагийн хашаанаас Б, П нар Даариймаагийн хамт гарч ирсэн. Тухайн үед тэд нар хоорондоо маргалдаад байсан...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 48-49 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Хүрэлсүхийн 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 319 дугаартай актанд: “1.Д.Бын биед тархи доргилт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги нөлөөлөхгүй. 5. Дэрэх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 51/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Д.Бын цагдаагийн тасагт гаргасан өргөдөл /хх 10 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Ч-ийн үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй ба шүүгдэгч гэм буруугийн асуудлаар шүүх хуралдаанд тусгайлсан санал гаргаагүй болно.
Иймд шүүгдэгч Ц.Ч-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Ц.Чг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Ч-д хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Д.Б нь шүүх хуралдаанд “энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, нааш цааш явсны зардал 5.700.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг нэхэмжилж байна, гомдолтой байна” гэсэн бөгөөд үүнээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд замын зардал 36.600 төгрөгийн хохирол төлөгдсөн байна гэж үзсэн болно.
Хохирогч шүүх хуралдаанд шатахууны зардал 400.000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн бөгөөд эдгээр баримтууд нь цаг хугацааны хувьд зөрүүтэй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг зургийг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахыг,
шүүгдэгч Ц.Ч-ийн эзэмшлийн Ipone 6 маркийн гарыг утсыг битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн санал бүхий прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овгийн Ц.Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овгийн Ц.Ч-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чнь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ц.Чнь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Д.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дэхь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 4 ширхэг зургийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах, шүүгдэгч Ц.Ч-ийн эзэмшлийн 800.000 төгрөгийн үнэ бүхий Ipone 6 маркийн гарыг утсыг битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн санал бүхий прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өверхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН