| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
| Хэргийн индекс | 123/2024/0012/З/Т |
| Дугаар | 123/ШШ2024/0008 |
| Огноо | 2024-02-26 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 123/ШШ2024/0008
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа
татгалзсаныг баталж, холбогдох хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би Б.Бат-Үнэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамираас Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн (Г-1426004446) дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын (4116036243) дугаартай газрыг газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхгүй байгаа захиргааны үйл ажиллагаа, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын кадастрын бүртгэлийг сэргээн Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд оруулж, бүртгэхийг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамир шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... захиргааны хэргийн маргаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, ... Улсын бүртгэлийн (Г-1426004446) дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын (4116036243) дугаартай газар нь ямар нэгэн асуудалгүй байгаа бөгөөд шинэчилсэн газрын кадастрын мэдээллийн санд цаг хугацааг дуусгавар болгон хаалт хийсэн зүйлгүй хэвийн харагдаж байна. Тиймээс тус ... газартай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Бат-Үнэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамираас Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан Улсын бүртгэлийн (Г-1426004446) дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын (4116036243) дугаартай газрыг газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхгүй байгаа захиргааны үйл ажиллагаа, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын кадастрын бүртгэлийг сэргээн Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд оруулж, бүртгэхийг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамир нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалтад нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхийг заажээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамирт нэхэмжлэгч Б.Бат-Үнэнгээс 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхийг олгожээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар тайлбарлахад тэрээр хүлээн зөвшөөрч байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамирын шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчээс уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бат-Үнэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамираас Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан Улсын бүртгэлийн (Г-1426004446) дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын (4116036243) дугаартай газрыг газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхгүй байгаа захиргааны үйл ажиллагаа, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын кадастрын бүртгэлийг сэргээн Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд оруулж, бүртгэхийг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад даалгах шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчээс уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ