| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01543/И |
| Дугаар | 142/ШШ2024/01676 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 142/ШШ2024/01676
| 2024 оны 12 сарын 16 өдөр | Дугаар 142/ШШ2024/01676 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Шанд баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Рашаант баг******* тоотод оршин суух, ******* овогт******* ******* /РД:/-д холбогдох ,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Я.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
Хариуцагч Г.*******од шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Я.******* нь хариуцагч Г.*******од холбогдуулан 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч Я.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Я.******* би Хонда үйлдвэрийн HRV загварын 88-04 ОРА дугаартай машинаа зарахаар зар тавьсан. Зарын дагуу Г.******* гэх залуу ирж машин үзээд авахаар болж, асаагаад үзэж шалгаад, бичиг баримт бүхнийг авч унаад явсан. Манайх машинаа 2,500,000 төгрөгөөр зарна гэхэд ажлын тайлан ороод мөнгө буухаар сар бүр 600,000 төгрөг төлж өгье гэсэн боловч одоо болтол өгөхгүй байна. Машиныг 2024 оны 6 дугаар сард авсан. Машинаа буцааж авъя гэхээр авчирч өгөхгүй, ирж уулз гэхээр уулзахгүй зугтаагаад байна. Энэ хүн өндөр настай миний машиныг залилж авсан учир 2,500,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
3. Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хариу тайлбараа ирүүлэхийг үүрэг болгосон боловч хариу тайлбар гаргаж ирүүлээгүй байна.
4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Я.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Я.******* би Хонда үйлдвэрийн HRV загварын 88-04 ОРА улсын дугаартай автомашиныг Г.*******од 2,500,000 төгрөгөөр зарж, сар бүр 600,000 төгрөг төлөхөөр болсон боловч одоо болтол мөнгөө өгөхгүй байна. Иймд Г.*******оос 2,500,000 төгрөг гаргуулж өгнө үү ... гэсэн.
3. Шүүхээс хариуцагч Г.*******од нэхэмжлэлийн хувийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримт, тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, маргасан тайлбарыг гаргаагүй тул нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байна.
4. Нэхэмжлэгчийн хуралдаанд гаргасан тайлбар болон нэхэмжлэлийн үндэслэлд зааснаар талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Гэж заасан гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
5. Иймд худалдан авсан машины үнэ 2,500,000 төгрөгийг хариуцагч Г.*******оос гаргуулж нэхэмжлэгч Я.*******од олгох нь зүйтэй байна.
6. Нэхэмжлэгч Я.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 54,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.*******од олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Г.*******оос 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.*******од олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Я.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 54,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.*******од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ