| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 240/2018/0025/Э/ |
| Дугаар | 30 |
| Огноо | 2017-01-26 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2017 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,
Улсын яллагч: С.Мөнхтулга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,
Шүүгдэгч: А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б д холбогдох 1728000690099 тоот эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 12-нд Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Гурвантэс сум, Урт баг, Бригадын байранд оршин суух, урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, А.Б , регистрийн дугаар .....
Шүүгдэгч А.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн гаалийн хилийн боомтоор 29-96 ӨМӨ улсын дугаартай фургон маркийн автомашинд 18 килограмм ногоон хас нэртэй хуулиар хязгаарлалт тогтоосон эрдэнэсийн чулууг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч А.Б гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өдрийн 12 цаг гэж байхад 29-96 УБҮ улсын дугаартай автомашинаар БНХАУ-ын хилээр гараад Монгол улсын Шивээхүрэн хилийн боомтоор орж ирээд Гурвантэс сумын төвд ирээд гэртээ амарсан. Маргааш өдөр нь буюу 09 дүгээр сарын 06-ны өглөө 06 цаг 30 минутад Гурвантэс сумаас гараад 08 цаг 30 минутад Шивээхүрэн хилийн боомт руу очсон. Нэг танихгүй эмэгтэй хүн 8 хайрцаг чихэр, 2 хроп пиво улсын хилээр БНХАУ-руу оруулаад өгчих гэж гуйхаар нь 29-96 УБҮ улсын дугаартай автомашиндаа хийгээд 10 цаг 30 минутын үед Шивээхүрэн хилийн боомтын шалган нэвтрүүлэх цэгээр орж хилээр гарах гэж байгаа автомашинуудын дараалалд зогссон. Шивээхүрэн хилийн боомтоор БНХАУ-руу орох гэж байгаа автомашинуудын дараалалд зогсож байгаад 11 цаг болж байхад гаалийн шалгах хэсэг буюу яам дээр Шивээхүрэн дэх гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Б.М нь миний автомашин болох 29-96 УБҮ улсын дугаартай автомашины зорчигчийн хэсгийн хойшоо харсан суудлын доороос 10 кг ногоон чулуу, буруу талын хананаас 8 кг чулуу тус тус гаргаж ирээд хурааж авсан. Уг чулууг 1 жилийн өмнө пошик гэх газарт танихгүй айлын гадна хэвтэж байхаар нь гэртээ авчираад тавьсан байсан. Тухайн чулууг 29-96 УБҮ улсын дугаартай автомашины жолоочийн урд талын буруу харсан суудлын доор, буруу талын хананд тус тус хийсэн байсан. 1 кг нь 500 төгрөгний үнэ ханштай байдаг гэж сонсож байсан. Улсын хилээр чулууг нэвтрүүлэх гэж байхдаа би автомашиндаа ганцаараа явж байсан. Би улсын хилээр хууль бусаар чулуу нэвтрүүлсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахиж хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй...29-96 ӨМӨ улсын дугаартай автомашин нь миний нэр дээр байдаг автомашин юм. Би автомашинаа 2015 онд Батбэх гэж хүнээс авсан юм. Уг чулууг Монгол улсын хилээр БНХАУ-руу гаргах талаар тохиролцсон хүн болон захиалсан этгээд байхгүй...” гэжээ. /хх-42-44/,
Гэрч О.У ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би Шивээхүрэн хилийн боомт дахь Экспорт, импорт хил хорио цээрийн хэлтсийн байгаль орчины хяналтын улсын байцаагч албан тушаалтай. Би 8 жил байгаль орчины хяналтын улсын байцаагчаар ажиллаж байна. Чулуу нь Монгол улсын хилээр гаргахыг зөвшөөрөгдсөн бараа бүтээгдэхүүн биш. Би 2017 оны 09 дугаар сарын 06-ны өдөр Шивээхүрэн хилийн боомт дахь Экспорт, импорт хил хорио цээрийн хэлтэсийн байгаль орчины хяналтын улсын байцаагчийн үүрэг гүйцэтгэж хорио цээрийн үзлэг хийж байсан. 29-96 ӨМӨ улсын дугаартай автомашины жолооч А.Б нь автомашиндаа чулуу хаана хаана нуусан байсныг нь би мэдэхгүй байна. Манай Экспорт, импорт хил хорио цээрийн хэлтсийн чиг үүрэг нь тухайн хилээр нэвтэрч байгаа автомашинуудын амьтан ургамалд хамааралтай хилийн хориг цээрийн үзлэг ба тухайн зорчигчийн хувийн хэрэглэлд авч явж байгаа зүйлсийн сав баглаа боодол, хугацаа, бүрэн бүтэн байдал, муудсан болон гэмтсэн байдал зэрэгт үзлэг шалгалт хийдэг. Тухайн автомашины нуувчнууд болон тухайн хувь хүний биед үзлэг хийх эрх байхгүй...” гэжээ. /хх-45-46/,
Гэрч Г.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “.Би Улаанбаатар хотод амьдардаг. Одоогоор тогтсон ажил төрөл байхгүй хил гаалиар явж хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Шивээхүрэн хилийн боомт дээр ирээд удаагүй байгаа. БНХАУ-д үзэсгэлэн худалдаа болно гэж сонсоод хэдэн хайрцаг чихэртэй ирсэн юм. Би 2017 оны 09 дугаар сарын 06-ны өдөр Шивээхүрэн хилийн боомт дээр байсан. Би тухайн өдөр Шивээхүрэн хилийн боомтны гадаа 2 саарал өнгийн фургон зэрэгцээд зогсож байхаар нь гүйж очоод жолооч залуугаас нь миний дүү урд талын чинь машинд хэдэн чихэр гуйгаад тавьчихлаа миний дүү хэдэн чихэр аваад БНХАУ-руу оруулаад өгөөч гэж гуйгаад тэр залуу хурдан аваад ир гэхээр нь боомтны гадаа машины зогсоол дээр ил тавьсан байсан 8 хайрцаг чихрээ аваад тухайн залуугийн машинд тавьсан. Би зөвхөн 8 хайрцагтай чихэр л машинд нь тавьсан. Өөр ачуулсан зүйл байхгүй. 29-96 ӨМӨ улсын дугаартай автомашинд чулуу байсныг нь би мэдээгүй, хэдэн хайрцаг чихрээ машинд нь тавьчихаад би хашааны гадна үлдсэн. Маргааш нь чихрээ ачуулсан машинаа олоогүй хүнээс сонссон чинь цагдаа аваад яваад өгсөн гэж надад хэлсэн. Би 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Гурвантэс сумын цагдаагийн тасаг дээр очиж учир шалтгаанаа хэлээд ачуулсан чихрээ буцааж авсан...” гэжээ. /хх-47-48/,
Гэрч Б.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “.Би Шивээхүрэн хилийн боомтын Гаалийн газрын хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч албан тушаалтай. Би гаалийн улсын байцаагчаар 10 ажиллаж байна. Чулуу нь зохих байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Монгол улсын хилээр нэвтрүүлж болох бараа гэж үзнэ. Тухайн А.Б нь зохих байгууллагын зөвшөөрөлгүй чулуу хилээр нэвтрүүлэхийг завдсан юм. 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр би Гаалийн газрын экспортийн хяналт шалгалтын улсын байцаагчийн үүрэг гүйцэтгэсэн. 29-96 ӨМӨ улсын дугаартай автомашины жолооч А.Б нь зорчигчийн хэсгийн хойшоо харсан суудлын доороос ногоон өнгийн чулуу, буруу талын хананаас оймстой ногоон өнгийн чулуунууд тус тус гарч ирсэн. 29-96 ӨМӨ улсын дугаартай автомашины жолооч А.Б гийн автомашинаас нийт 18 кг чулуу гарч ирсэн. Уг эрдэнэсийн чулуу нь хязгаарласан бараа бүтээгдэхүүнд орно...” гэжээ. /хх-49-50/,
Шүүгдэгч А.Б ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “Би 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн үед ганцаараа өөрийн эзэмшлийн 29-96 ӨМӨ улсын дугаартай фургон автомашинаар Бүгд Найрамдах Хятад улсаас Монгол улсын Шивээхүрэн хилийн боомтоор гараад Гурвантэс суманд ирсэн. Маргааш нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн 29-96 ӨМӨ улсын дугаартай автомашинаар буцаад Шивээхүрэн боомт дээр ирчихээд байж байтал нэг танихгүй эмэгтэй ирээд “8 ширхэг хайрцагтай чихэр, 2 боодол пиво зэргийг ачаад Шивээхүрэн боомтоор оруулаад Цэхээ дээр хүргээд өг” гэж хэлсэн. Би тэр ачааг нь машиндаа ачаад Шивээхүрэн боомтын гаалийн хяналтын талбай руу ороод зогссон. Зогсож байтал Гаалийн улсын байцаагч Б.М ирээд миний машиныг шалгаад машины дотор талын хойшоо харсан суудал доогуур хийсэн байсан /тосолны саванд/ чулууг гаргаж ирсэн. Мөн машины буруу талын хананаас чулууг гаргаж ирээд хураан авсан. Би уг чулууг 1 жилийн өмнө Поошиг гэдэг газарт айлын хуучин бууринд байсан чулууг авсан байсан юм. Тэр чулууг машиндаа хийгээд Хятад улс руу оруулж зарах гэж байсан юм. Хоол шатахууны мөнгө болох болов уу гээд машиндаа хийсэн байсан. Хэдэн кг чулуу байсныг мэдээгүй, гааль дээр хураагдаад хиллэж байхад 18 кг чулуу байсан гэж мэдсэн. Би Хятад улсын хилээр оруулж болохгүй болов уу гээд машиныхаа хананд нуусан байсан. Ногоон өнгийн жижиг жижиг арзгар хавтгай, шовгор хэлбэртэй ногоон өнгийн чулуу байсан. Ямар нэртэй чулуу гэдгийг нь мэдэхгүй байна. Тэр үед Хятад улсын Цэхээ боомтод үзэсгэлэн худалдаа болж байсан. Би хоёр хилийн хооронд хүн, ачаа зөөж мөнгө олдог юм. Би олон удаа гарсан нь үнэн. Би анх удаа л тэр чулууг хилээр гаргаж байна. Уг чулууг Хятад улсын хилээр оруулж болохгүй байх гэж бодоод машиндаа нуусан байсан юм...” гэжээ. /хх-60-63/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-3/,
Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай прокурорын тогтоол /хх-4/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5/,
Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-6/,
Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүй, баримт бичгийг зөрчлийн хэрэгт хавсаргах тухай тэмдэглэл /хх-7/,
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /хх-8-9/,
Тэмдэглэл, гадаад паспортын хуулбар, тайлбар /хх-10-12/,
Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, гадаад паспортын хуулбарууд /хх-13-20/,
Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал, тогтоол /хх-21,22/,
Зөрчилд холбогдох барааг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-23/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-24-28/,
Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл /хх-29/,
Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-30/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-31-34/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-35/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал /хх-36/,
Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл /хх-37/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-38/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-39-41/,
Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай /хх-51,59/,
Геологийн төв лабораторийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 640 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Өмнөговь аймгийн Гурван тэс сум дахь Цагдаагийн тасгаас Геологийн төв лаборатори (ТӨҮГ)-д шинжлүүлэхээр ирүүлсэн далд ширхэгтэй, ногоон өнгийн /нэг дээж нь хүрэн өнгийн хас нь гадуураа ногоон өнгийн хасаар бүрхэгдсэн/ чулуулаг нь ногоон хас /зелённая яшма/ болохыг тодорхойлов.
Энэ чулуу нь дараах эрдэслэг бүрэлдэхүүнтэй байна. Үүнд: Далд ширхэгтэй бичил цахиур /SiO2/-75.0%, ногоон өнгийн хлорит-15.0%, харьцангуй том ширхэгтэй цахиурын судал-10.0%. Мөхлөгийн хэмжээ: бичил цахиур 0.004-0.02 мм, хлорит нэвчсэн байдлаар, харьцангуй том ширхэгтэй цахиурын судал 0.02-0.3 мм өргөнтэй тус тус байна.
Танай тавьсан асуултанд дараах хариулт өгч байна. Үүнд:
А. Эд мөрийн баримтаар хураагдсан 100 гр чулуулаг нь ногоон хас /зелённая яшма/ бөгөөд өнгөлгөөний чулуунд хамаарна.
Б. Уг чулуу нь эрдэнэсийн чулууны ангилалд багтах бөгөөд эрдэс болон байгалийн төрцөд хамаарагдахгүй. Эрдэнэсийн чулууны ангилал гэдэг нь эрдэнийн буюу үнэт, хагас эрдэнийн буюу хагас үнэт чулуу, гоёл чимэглэлийн чулуу болон бүх хүдрүүд багтдаг. Энэ нь хүний ахуй амьдрал болон тухайн орны хөгжил цэцэглэлтэнд чухал ач холбогдолтой ашигт эрдэс, өнгөт эрдэнэсийн чулуу, хүдэр зэргийн нэгдлийг нийлүүдээд эрдэнэсийн чулуу гэдэг. Эрдэнийн болон үнэт чулуунд 1. Очир эрдэнэ (алмаз) 2. Бадмаараг (рубин) 3. Маргад эрдэнэ (изумруд) 4. Цэнхэр индраанил (сапфир голубой) 5. Натураль сувд (жемчуг наруральный) Хагас эрдэнийн буюу хагас үнэт чулуунд хувилгаан эрдэнэ (александрит), цэнхэрээс бусад индраанил, эрдэнийн гэрэлт чимэг (опал) зэрэг 20-иод чулуу орно. Гоёл чимэглэлийн чулуунд мана (хальцедон), пийсүү (жадеит), хаш (нефрит), шүр (кораль) зэрэг 30 гаруй чулуу ордог. Өнгөлгөөний чулуунд хас (яшма), боржин (гранит), чулуужсан мод (окаменлое дерево), жонш (флюорит), гантиг (мрамор), баргилт зэрэг 20-иод чулуу багтдаг.
В. Эдгээр чулуулгууд нь говийн аймгуудад их тааралддаг бөгөөд говийн цөлжилтөд тодорхой хэмжээгээр нөлөөлнө...” гэжээ. /хх-52-55/,
“Ашид билгүүн” ХХК-ийн албан бичиг /хх-58/,
“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлтэд: ... Өмнөговь аймаг Гурван тэс сумын 01 Тост Гоёот баг-д оршин суух А.Б гийн эзэмшлийн 2996 ӨМӨ улсын дугаартай 2001онд үйлдвэрлэгдсэн 2002 онд Монгол улсад орж ирсэн Уаз Фургон маркийн автомашины өнгө узэмж, техникийн байдал, нормнорматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2017оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 5.000.000 /Таван сая/ төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэжээ. /хх-60-63/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-56,57,64/,
Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-65/,
Хувийн баталгаа гаргасан баримт /хх-66/,
Шүүгдэгч А.Б гийн хүсэлт /хх-67/,
Өмнөговь аймаг дахь Гурвантэс сумын Цагдаагийн тасгийн албан бичиг /хх-70/,
Өмнөговь аймаг дахь Монголбанкны хэлтсийн албан бичиг /хх-71/,
Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-72/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-73/,
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн Засаг даргын тодорхойлолт /хх-74/,
Иргэний үнэмлэхийн хуулбар, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Гадаад паспортын хуулбар /хх-75-84/,
Хэрэг бүртгэлтийн явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-85-92/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-93/,
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын албан бичиг /хх-94/,
Өмнөговь аймагд дахь Сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-95-96/,
Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам /хх-97/,
Мөрдөгчийн мэдэгдэл /хх-98/,
Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-99/,
Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-100/,
Яллах дүгнэлт, хавсралт /хх-101-103/,
Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-104/ зэрэг болно.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Б г 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн гаалийн хилийн боомтоор 29-96 ӨМӨ улсын дугаартай фургон маркийн автомашинд 18 килограмм ногоон хас нэртэй хуулиар хязгаарлалт тогтоосон эрдэнэсийн чулууг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлахаар заажээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бараа тээврийн хэрэгсэлд гаалийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-13-14/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-24-28/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-35/, Геологийн төв лабораториийн шинжээчийн дүгнэлт /хх-52-55/, гэрч А.Б гийн “...Шивээхүрэн хилийн боомтоор БНХАУ-руу орох гэж байгаа автомашинуудын дараалалд зогсож байгаад 11 цаг болж байхад гаалийн шалгах хэсэг буюу яам дээр Шивээхүрэн дэх гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Б.М нь миний автомашин болох 29-96 УБҮ улсын дугаартай автомашины зорчигчийн хэсгийн хойшоо харсан суудлын доороос 10 кг ногоон чулуу, буруу талын хананаас 8 кг чулуу тус тус гаргаж ирээд хурааж авсан. Уг чулууг 1 жилийн өмнө пошик гэх газарт танихгүй айлын гадна хэвтэж байхаар нь гэртээ авчираад тавьсан байсан. Тухайн чулууг 29-96 УБҮ улсын дугаартай автомашины жолоочийн урд талын буруу харсан суудлын доор, буруу талын хананд тус тус хийсэн байсан. 1 кг нь 500 төгрөгний үнэ ханштай байдаг гэж сонсож байсан. Улсын хилээр чулууг нэвтрүүлэх гэж байхдаа би автомашиндаа ганцаараа явж байсан…” гэсэн мэдүүлэг /хх-42-43/, гэрч О.Урандарийн “...Чулуу нь Монгол улсын хилээр гаргахыг зөвшөөрөгдсөн бараа бүтээгдэхүүн биш. Би 2017 оны 09 дугаар сарын 06-ны өдөр Шивээхүрэн хилийн боомт дахь Экспорт, импорт хил хорио цээрийн хэлтэсийн байгаль орчины хяналтын улсын байцаагчийн үүрэг гүйцэтгэж хорио цээрийн үзлэг хийж байсан. 29-96 ӨМӨ улсын дугаартай автомашины жолооч А.Б нь автомашиндаа чулуу хаана хаана нуусан байсныг нь би мэдэхгүй байна. Манай Экспорт, импорт хил хорио цээрийн хэлтсийн чиг үүрэг нь тухайн хилээр нэвтэрч байгаа автомашинуудын амьтан ургамалд хамааралтай хилийн хориг цээрийн үзлэг ба тухайн зорчигчийн хувийн хэрэглэлд авч явж байгаа зүйлсийн сав баглаа боодол, хугацаа, бүрэн бүтэн байдал, муудсан болон гэмтсэн байдал зэрэгт үзлэг шалгалт хийдэг. Тухайн автомашины нуувчнууд болон тухайн хувь хүний биед үзлэг хийх эрх байхгүй...” гэсэн /хх-45-46/, гэрч Б.М ын “..Тухайн А.Б нь зохих байгууллагын зөвшөөрөлгүй чулуу хилээр нэвтрүүлэхийг завдсан юм. 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр би Гаалийн газрын экспортийн хяналт шалгалтын улсын байцаагчийн үүрэг гүйцэтгэсэн. 29-96 ӨМӨ улсын дугаартай автомашины жолооч А.Б нь зорчигчийн хэсгийн хойшоо харсан суудлын доороос ногоон өнгийн чулуу, буруу талын хананаас оймстой ногоон өнгийн чулуунууд тус тус гарч ирсэн. 29-96 ӨМӨ улсын дугаартай автомашины жолооч А.Б гийн автомашинаас нийт 18 кг чулуу гарч ирсэн...” гэсэн /хх-49-50/ мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн гаалийн хилийн боомтоор 29-96 ӨМӨ улсын дугаартай фургон маркийн автомашинд 18 килограмм ногоон хас нэртэй чулууг нэвтрүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах ба прокуророос шүүгдэгч А.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ” Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу ...хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн...” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар ногоон хас нэртэй чулуу нь Хууль болон Олон улсын ямар гэрээнд зааснаар хязгаарлалт тогтоосон бараа болох нь тогтоогдохгүй байна.
Прокурор яллах дүгнэлтэндээ хууль болон олон улсын ямар гэрээнд зааснаар хязгаарлалт тогтоосон бараа болох талаар дүгнэлт хийгээгүй, шүүх хуралдаанд яллах талын нотлох баримт болох хэрэгт авагдсан яллах талын нотлох баримт болох гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Монгол банкны албан бичиг зэргээр тогтоогдож байна гэж гэм буруугийн дүгнэлт гаргаж байгаа хэдий ч Өмнөговь аймаг дахь Монгол банкны албан бичигт /хх-71/ хилийн боомтоор гаргах үнэт чулуунд Монгол банкнаас зөвшөөрөл олгодоггүй болно гэсэн байх тул хязгаарлалт тогтоосон бараа гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн ойлголт, шинжийг заасан ба энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба шүүгдэгч А.Б гийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хуулиар хамгаалагдсан хэн нэгний эрх ашигт хохирол, хор уршиг учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 18 дугаар бүлэгт зааснаар эдийн засгийн эсрэг гэмт хэрэгт хамаарч байгаа болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж, аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Б гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Б г цагаатгаж шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлан хуулийн хүрээнд явуулж тус хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Б гийн үйлдэлд гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал илэрсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, хэмжээ хязгаарт нийцэнэ гэж үзсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 18 кг ногоон хас чулууг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Б д буцаан олгож, хоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Б гийн өөрийн эзэмшлийн /хх-17/ 29-96 ӨМӨ улсын дугаартай фургон маркийн автомашиныг гэмт хэргийг тогтоох зорилгоор мөрдөгчийн тогтоолоор битүүмжилсэн ба хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн тул битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч А.Б д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6 дэх хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1, 2дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б үйлдэлд Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулиар хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Б г цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 18 кг ногоон хас нэртэй чулууг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц А.Б д буцаан олгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Б гийн эзэмшлийн 29-96 ӨМӨ улсын дугаартай Фургон маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч А.Б д буцаан олгосугай.
4. Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч нь хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоол улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ