Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/10

 

 

Г.Э*******т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

                                                 

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, Ерөнхий шүүгч Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанд

 

Прокурор Э.Гантулга,

Яллагдагч Г.Э*******,

Яллагдагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, Т.Багахүү /цахимаар/,

Иргэний нэхэмжлэгч, хохирогч Т.Н*******,

Иргэний нэхэмжлэгч, хохирогчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн /цахимаар/,

Нарийн бичгийн дарга М.Энхмаа нарыг оролцуулан

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнийн даргалж хийсэн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/78 дугаар захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Г.Э*******т холбогдох эрүүгийн 2215000000233 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, Г.Э.

Г.Э******* нь Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Дондогийн булаг гэх газрын ертөнцийн зүгээр зүүн талд Булган аймгаас Хөвсгөл аймаг явах төв асфальтан замд 2022 оны 09 дүгээр сарын 05-ны оройн 22-23 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл болох айраг уусан үедээ Хөвсгөл аймгаас Булган аймгийн чиглэлийн зорчих хэсэгт....... улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад тус чиглэлийн замд газарт байсан Г.Б*******ыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Булган аймгийн Прокурорын газраас: Г.Э*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/78 дугаар захирамжаар:

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э-т холбогдох эрүүгийн 2315000000233 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Булган аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Гантулга эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Захирамжийн 1 дэх заалтын тухайд: Хэрэгт амь хохирогч Г.Б*******ын эхнэр Т.Н*******ийг мөрдөгчөөс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон, мөн иргэний нэхэмжлэгчээр давхар тогтоохдоо тус хуулийн 8.2 дугаар зүйл “хохирогчийн эрх”, 8.5 дугаар зүйл “иргэний нэхэмжлэгчийн эрх”-ийг тус тус тайлбарлан өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна. Өөрөөр хэлбэл амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хууль ёсны төлөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийн энэ хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж зааны дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эрхийг бүрэн дүүрэн эдэлж явсан болох нь хавтаст хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байсан бүхий л бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нь хуульд заасан хохирогчийн эрхийг хууль бусаар хязгаарласан, эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Захирамжийн 3 дахь заалтын тухайд: Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №17 дугаартай магадалгааны 8 дахь хэсэгт дурдагдсан тусгай мэдлэг эзэмшсэн болохыг баталж жолооны үнэмлэхний гэрчилгээ, хууль сахиулах их сургуульд тусгай хичээлд хамрагдсан баримт бичгийг хавсаргав гэсэн боловч уг баримт хэрэгт авагдаагүй гэх ба энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалд хамаарахгүй ба шүүх хуралдаан эхлэхээс өмнө хэргийн оролцогчоос шинээр нотлох баримт гаргаж өгөх эрхтэй байхад уг эрхийг зөрчсөнөөс гадна хэрэгт “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын эрх бүхий этгээдээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчигдсөн талаар дүгнэлт гаргуулсан, прокуророос мөрдөгчийг магадалгааг яллах дүгнэлтэд тусгаагүй, нотлох баримтаар үнэлээгүй байхад шүүх уг шинжээчийн дүгнэлтийг хэрхэн үндэслэлгүй гэж үзэж дахин шинжээч томилох талаар захирамжид тусгасан ойлгомжгүй болжээ.

Мөн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н*******ээс гаргасан хүсэлтийн дагуу оршуулгын зардалд 8,151,454 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолтыг 500,000 төгрөгөөр, амь хохирогч Г.Б*******ын нийгмийн даатгал төлж байсан талаарх лавлагаа, хаана ажилладаг байсан хэр хэмжээний цалин хөлс авдаг байсныг нотолсон Б******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай гэрч Б.Даваагийн “...Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуун сухайт боомтод үйл ажиллагаа явуулдаг Б******* ХХК-д гүйцэтгэх захирлын ажил эрхэлдэг. Би энэ ажлаа хийгээд 12 жил болж байна. Талийгаач нь явсан рээс болгоноосоо тээврийн хөлсний 15-20 хувийг цалин болгож авдаг байсан. Талийгаачийн барьж байгаа машины эзэн нь тухайн цалинг олгодог байсан. Манай байгууллагаас цалингийн тал дээр жолоочтой харилцаа байхгүй машины эзэнтэй рээс болгоноос 5000-30.000 юаний хооронд цалин өгдөг байсан. Би талийгаачийн хэдэн төгрөгийн цалин авдаг байсныг тодорхой мэдэхгүй байна. Сард янз янз гардаг байсан. Сардаа 2-3 удаа нүүрс тээвэрлэж гардаг байсан... Манай компаниас цалин тавьдаггүй. Тухайн мөнгийг нь авсан машины эзэн цалин тавьдаг учраас би сайн мэдэхгүй байна. Жолооч өөрийн хүсэлтээр манай компаниас нийгмийн даатгалыг нь 630,000 төгрөгөөс эхлээд сар болгоныг нь төлдөг байсан... Энэ данснууд манай байгууллагын данс биш, Хятадын талаас юаниар цалин тавьдаг учраас Хятадын тал валют арилжааны төвөөр дамжуулж ажилчдын цалинг монгол мөнгөөр тавьдаг учир янз бүрийн данснаас цалин олгодог...” гэсэн мэдүүлэг зэрэг баримт авагдсан ба дээрх баримтад дүгнэлт хийхэд амь хохирогч Г.Б*******а нь тогтсон аж ахуйн нэгжид тогтмол цалин авдаггүй, нүүрс тээвэрлэлтийн ажлыг хувь хүний тээврийн хэрэгсэл жолоодож сар бүр өөр өөр орлого олдог байсан болох илэрхийлэгдэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын дагуу мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх буюу шүүх... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина... мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Учир нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/78 дугаартай захирамжийн хянавал хэсэгт шүүх хэргийг прокурорт буцаах дүгнэлт хийхдээ яллагдагч Г.Э*******ыг Г.Э******* гэж бичсэн нь хэн гэж ямар яллагдагчид холбогдох хэргийг хянан хэлэлцсэн, Г.Э******* эсхүл Г.Э*******ын алинд нь холбогдох хэргийг дүгнэн бичиж байгаа нь ойлгомжгүй болжээ. Мөн тус захирамжийн удиртгал хэсэгт хэргийн дугаарыг 2315000000233 гэж, хянавал хэсэгт 2215000000233 гэж, захирамжлах хэсгийн 1 дэх заалтад 2315000000233 гэж тус тус бичсэн нь эрүүгийн хэд дугаартай хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэрэг хянан хэлэлцсэн нь тус тус ойлгомжгүй байна.

Иймд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/78 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4-д заасныг зөрчсөн, захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шүүгчийн захирамжийн зарим заалтад өөрчлөлт оруулах, хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэв.

 

Яллагдагч Г.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Т.Багахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэгдүгээрт Цагаан шонхорын жигүүр нийгэмд үйлчлэх ТББ нь зам тээврийн осол, хүний амь нас хохирсон үйл явдалтай холбоотойгоор дүгнэлт гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Яагаад гэвэл Монгол Улсын Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар тусгай мэдлэг эзэмшсэн байгууллага, тухайн шаардлагыг хангасан байх ёстой. Мөн 2022 оны 12 дугаар сард батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 8.4 дүгээр зүйлд заасны дагуу Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан байхыг шаарддаг. Зүгээр нэг төрийн бус байгууллага зам тээврийн осол, ялангуяа хүний амь нас хохирсонтой холбоотой дүгнэлт гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн Цагаан шонхорын жигүүр гэдэг ТББ-ыг улсын бүртгэлээс мэдээллийг харсан. Тухайн ТББ-ын үндсэн чиг үүрэг нь тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчийн дүгнэлт гаргах чиг үүрэггүй. Зөвхөн тэтгэвэртээ гарсан цагдаагийн албан хаагчийн асрамжийн талаар, нийгмийн хамгааллын талаар үйл ажиллагаа явуулдаг ТББ байсан. Тэгэхээр уг ТББ нь Эрүүгийн хуульд заасны дагуу шүүхийн шинжилгээнээс гадуур шинжилгээ хийх хуульд заасан шаардлагыг хангахгүйгээс гадна Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан зохицуулалтыг хангахгүй байна. Цаашид энэ асуудал дээр ТББ-ын дүгнэлтийг үндэслээд хэрэг маргааныг шийдвэрлэж болохгүй. Яагаад энэ ТББ-ын шинжээчийн дүгнэлт тусгай мэдлэгийн хүрээнд гаргаагүй вэ гэхээр өөрийн эгнээгээрээ явж байгаа авто машины жолоочийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж дүгнэлт гаргаж байгаа нь тусгай мэдлэг, ур чадвар нь хангагдахгүй байна. Ганболд шинжээч Монголын үндэсний их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн хүн байсан. Хоёрдугаарт мөрдөгчийн магадлагаа байдаг. Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч магадлагааг гаргаж болдог. Лхагвадорж мөрдөгчийг жолооны курст сурч, үнэмлэх авсан гэдэг утгаараа тусгай мэдлэг эзэмшсэн гэж үзэж болохгүй. Яагаад гэвэл Шинжлэх ухаан, техникийн их сургуульд Механик инженерийн сургууль гэж тусдаа байдаг. Тухайн сургуулийг төгссөн инженер л Тээврийн цагдаагийн албанд мөрдөгчийн үйл ажиллагааг давхар эрхэлдэг. Энэ хэрэгт авагдсан мөрдөгчийн магадлагаа, ТББ-ын шинжээчийн дүгнэлтээр замын хөдөлгөөний дүрмээ зөрчсөн эсэх асуудлыг шийдвэрлэж огт болохгүй. Тэгэхээр шүүгчийн захирамжид дурдсан дахин шинжилгээ хийх нь зөв. Механик инженерийн сургуулийн зохих инженерүүд энэ талаар дүгнэлтээ гаргаж явдаг. Хоёрдугаарт энэ хэрэгт маш том алдаа байсан. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр танилцуулсан байсан. Гэтэл энэ хугацаанд Э*******ыг замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эсэхийг тогтоосон дүгнэлт гараагүй байсан. Хохирогч амь насаа алдах болсон шалтгаан нь тогтоогдоогүй байсан. Ийм байхад үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь үндэслэлгүй байна. Энэ тогтоолоор Э*******ыг буруутгаж байна. Замын хөдөлгөөний ямар заалтыг зөрчсөн гэдгийг тусгай мэдлэгийн хүрээнд үндэслэж байж тодорхой болно. Гуравдугаарт мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой мөрдөгчийн тэмдэглэлүүд байдаг. Зарим нь хуулийн шаардлага хангадаггүй. Ямар ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй. Нөхөж бичигдээгүй баримтууд байсан. Тухайн тэмдэглэл бүхий нотлох баримтууд гэм буруугийн асуудал эсвэл хэргийг цагаатгах нөхцөл байдал байж болохыг үгүйсгэхгүй. Тэгэхээр энэ асуудлуудыг нэг мөр тогтоож байж хэргийг шийдэхгүй бол болохгүй юм. Энэ асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж болохгүй. Тухайн тэмдэглэлүүдийг нөхөж бичих эрхтэй хүмүүс биш юм. Тиймээс хуульд заасан шаардлагыг нэг мөр хануулах ёстой. Дөрөвдүгээрт мөрдөн шалгах ажиллагааны явцад туршилтын үйл ажиллагаа явагдсан байдаг. Үүнд зарим нэг зүйл дутуу байсан. Гэрчийн мэдүүлэг, жолооч Э*******ын мэдүүлэг, Алтанбагана гэрчийн мэдүүлгүүдээс үзэхэд 7027 улсын дугаартай авто машин холын гэрэлтэй байсан уу, гэрлээ асаасан байсан уу, аваарын гэрэлтэй байсан эсэх асуудлыг тодруулаагүй. Тэгэхээр туршилтын үйл ажиллагаан дээр холын гэрлээ тусгасан тохиолдолд жолооч Э******* тухайн нөхцөл байдлыг харах боломжтой эсэх, эсвэл ойрын гэрэлтэй үед, гэрлээ асаагаагүй тохиолдолд, аваарын гэрлээ асаасан тохиолдолд гээд 4 тохиолдлоор туршилтын үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Өөрийнхөө явах  ёстой эгнээгээр зорчиж явсан жолоочийг буруутгах эсэх асуудал туршилтын үйл ажиллагаагаар тодорхой болно. Тавдугаарт согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх асуудлыг тогтоох журам байдаг. Уг журамд зааснаар хүнийг согтуурсан эсэхийг тогтооно. Мөрдөгч болон прокурорын таамаглал, төсөөллөөр хүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэж үзэж болохгүй. Тиймээс энэ хүнийг үнэхээр согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэж үзэж байвал үүнийг тогтоох зорилгоор турших боломжтой. Цаашлаад энэ асуудлыг хохирогч нар буруу ойлгох боломжтой. Прокурор хэлж байна шүүгчийн захирамжид овог нэр, дугаар зөрүүтэй бичигдсэн асуудал нь техникийн алдаа юм гэж. Уг алдааг хуульд заанаар зөвтгөх боломжтой. Энэ хэрэгт өөр төрлийн гэмт хэрэг байгаа эсэх талаар сонсох ажиллагаа огт явагдаагүй байна. Яагаад гэвэл Батбаяр гэдэг хүн амьдралд байхгүй асуудал ярьдаг. Яагаад Батбаяр гэдэг хүний мэдүүлгийг үндэслээд байгаа вэ?, тэр хүн яагаад зам дээр хэвтэж байсан бэ? Тэгэхээр энэ нь санаатай гэмт хэрэг байхыг ч үгүйсгэхгүй. Энэ асуудлыг нэг мөр шалгах ёстой. Тиймээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Х.Оюунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Г.Э*******т холбогдох Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан хэрэгт шалгасан ажиллагаа мөрдөн байцаалтын шатанд дутуу хийгдсэн үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлтийг өмгөөлөгч миний бие гаргасан. Тухайн хүсэлтийг шүүх үндэслэл бүхий байна гэж хүлээн авсан. Хохирогч байна уу, иргэний нэхэмжлэгч байна уу энэ нь манай талын эрх ашиг хохироогүй гэж хохирогчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Иймээс миний хувьд нэмж тайлбарлаж хэлэх зүйл алга. Тэгэхдээ ер нь нэхэмжлэгч гэвэл нилээн хязгаарлагдмал хүрээнд процесс ажиллагаанд орж болзошгүй нөхцөл байдал хуульд зохицуулагдсан байдаг. 3 дахь асуудал буюу шүүх хуралдаанаар нөхөн шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн үндэслэлтэй холбоотой асуудалд зам тээврийн осолд Э*******ын буруутай үйлдэл байгаа эсэх асуудлыг эцэслэн тогтооход шинжээчийн дүгнэлт ач холбогдолтой бөгөөд мөрдөгчийн магадлагаа, шинжээч Ганболдын дүгнэлт 2 зөрдөг. Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэсэн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй байдаг. Тэгэхээр алийг нь үндэслэх юм. Магдлагаанд жолооч Э*******ыг буруутгасан байдаг. Ганболд шинжээчийн дүгнэлтэд жолооч болон явган зорчигчийг буруутгасан байдаг. Тэгэхээр хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шинжээчийн дүгнэлтийг дахин гаргаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй. Хоёрдугаарт урьдчилсан хэлэлцүүлэгт миний бие дурдсан 0227 БУН улсын дугаартай, саарал өнгийн Pruis маркын тээврийн хэрэгсэл замын эсрэг урсгал дээр зогсож байсан. Энэ машиныг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх асуудлаар орхигдуулсан байна. Ялангуяа тухайн үед яллагдагч Э******* анхны мэдүүлгээ өгөхдөө энэ машин холын гэрлээ асаагаад зогсож байсан учраас тухайн саадыг тулж харахаас өөр харах боломжгүй байсан гэдэг. Тэгэхээр уг машин холын гэрэлтэй байсан эсэхийг гэрчүүдээс асууж тодруулаагүй тул тухайн шинжээчийн дүгнэлт гарахдаа үүнтэй холбоотой ямар нэгэн дүгнэлтийг хийгээгүй, дутуу орхисон байх магадлалтай талаар тайлбарласан. Хэргийн байдал дээр гэрч Э******* жолоочийг явж өнгөрснөөс хойш бусад машинууд орж ирэх гээд байсан тул өөр машинаар хаалт хийж, цагдаагийн байгууллагын ажилтныг дуудаж байсан гэдэг. Бусад тээврийн хэрэгсэл шууд дайран орж ирэх асуудал байсан уу?, энэ нь холын гэрэлтэй холбоотой асуудал байж болзошгүй гэдэг асуудал байсан тул тухайн асуудлыг нэг бүрчлэн шалгаж тогтоох шаардлагатай юм. Ингэснээр Э******* Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалт, холбогдох хэсгийг зөрчсөн, энэ нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гол шалтгаан нөхцөлийг тогтоож, шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай гэж харсан тул урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг гаргасан. Энэ хүсэлтийг шүүхээс хүлээн авсан нь үндэслэл бүхий байсан. Дараагийн асуудлын хувьд Э*******ыг үзэгдэлт хангалтгүй нөхцөл байдалд хамаатуулаад явж байсан. Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-ын 26-д заасан саад гэдэгт хамаатуулах мэтээр тайлбар, холбогдох зүйлийг шинжээчийн дүгнэлтэд гаргадаг. Гэтэл бодит байдал дээр саад гэдэг зүйлийг тайлбарлахдаа тухайн эгнээгээр хэвийн үргэлжлэх боломжийг хязгаарласан, хөдөлгөөнгүй биет зүйлийг хэлнэ гэж байгаа. Тэгэхээр Э******* хөдөлгөөнгүй биет зүйлтэй тулгарсан эсэх асуудлыг нягтлан тогтоож, шалгах ёстой. Яагаад гэвэл цогцост үзлэг хийсэн шинжээч байгаа. 1 дүгээр хавтаст хэргийн 130-136 дугаар талд авагдсан. 2 гэмтлийн улмаас хохирогч нас барсан. Нэгдүгээрт тархины эд эрхтэн няцрал үүссэн. Хоёрдугаарт битүү гэмтэл буюу биеийн дотор эрхтнүүд хүчтэй доргилт, шидэгдэлтийн улмаас амь нас хохирох гэмтэл байна гэж тогтоосон. Тэгэхээр энэ шидэгдэлт хэзээ болсон бэ? Үүнийг Э******* учруулсан гэх үйл баримт хэсэгт нотлогдоогүй. Даваасүрэн өмгөөлөгчийн хэлж байгаагаар өмнө нь нэг машин явсан гэж Э*******ыг очиход гэрч хэлээд зогсож байсан. Гэрчийн яриагаар өөр тээврийн хэрэгсэлд шидэгдсэн байна уу, шидүүлээд битүү гэмтэл аваад ухаангүй хэвтэж байсан эсэх, эсвэл бусдад цохиулаад амь нас нь хохирсон эсэх нь тодорхой биш. Гэрчийн мэдүүлгээр хөдөлгөөнгүй хэвтэж байсан гэж тайлбарлаад байдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдлууд нарийн тогтоогдож, эдгээр гэмтлүүдийг Э******* учруулж, тухайн явган зорчигчийн амь насыг хохироосон гэх үйл баримтыг хэрэгт дутуу шалгасан гэж үзэж байгаа тул мөрдөн байцаалтад буцааж байгаа шүүгчийн захирамж үндэслэлтэй байна” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч, хохирогч Т.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч, хохирогчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Шүүгчийн захирамжид хохирогчийн эрх зүйн байдлын талаарх дүгнэлт байгаа. Хохирогч Б*******ын хууль ёсны төлөөлөгч үү, иргэний нэхэмжлэгч үү гэдэг зааг ялгааг тогтоосон. Хохирогч Н*******, түүний өмгөөлөгчийн зүгээс эрх зүйн байдлыг хязгаарласан ямар нэгэн зүйл байхгүй. Ер нь процессийн зөрчил байдал шүүхийн шатанд ч тэр, прокурорын шатанд ч тэр залруулах боломжтой тул ноцтой зөрчсөн зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч талын эрх ашгийг бүрэн хангаагүй. Заавал тогтоогдвол зохих хохирлын хэмжээг бүрэн тогтоогдоогүй. Энэ талаар гарсан шүүгчийн захирамжийн заалтыг дэмжиж оролцож байна. Хохирогч бага насны хүүхдүүдтэй. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтооход нийгмийн даатгалын лавлагаагаар хохирогч нь Буман Трейд ХХК-д ажилладаг байсан. Сард  630,000 төгрөгийн цалин орлоготой гэсэн лавлагаа баримт гарч ирсэн. Энэ лавлагааг үндэслэн тэжээгчээ алдсаны тэтгэмж 500,000 төгрөг гэж тогтоосон байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч ар гэрийнхэнтэй нь уулзахад үүнээс өөр компаниудад ажиллаж, хавьгүй их цалин, орлоготой байсан гэдэг. Тэгээд хохирогчийн дансны хуулгыг аваад мөрдөгчид өгсөн. 2022 онд нас бархынхаа өмнө нь Хаан банкны тодорхой дансаар 11 удаагийн 64 сая төгрөгийн цалин, хөлсний орлого орсон. Прокурорын ярьж байгаагаар 10,000, 20,000 төгрөгийн гүйлгээг шалга гэж хэлээгүй. 6-7 дансанд хийгдсэн 11 гүйлгээ нь цалин хөлсний орлого мөн эсэхийг тогтоолгоё гэсэн. Данс эзэмшигчтэй холбогдоод 2022 оны 10 дугаар сарын 27-нд мөрдөгчийн тэмдэглэлд ингэж хийлээ гээд орхисон. Энэ нь хангалтгүй байна гээд Прокурорт гомдол гаргахад хүлээж авдаггүй. Мөрдөгчийн тэмдэглэл нь шүүхэд ирээд хэрэг шийдвэрлэхэд хохирогч талын хууль ёсны ашиг сонирхлыг Иргэний хуулийн 580 дугаар зүйлийн 2-т зааснаар буюу гэм хорын төлбөр гаргуулахад шаардлага хангахгүй байна. Нөгөө талаараа үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн тогтоох боломжтой зүйл юм. Шүүх хурал дээр прокурор энэ асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх боломжтой гэж хэлдэг. Гэтэл 4 жоохон хүүхэдтэй эмэгтэйд та хохирлоо иргэний журмаар шийдвэрлүүл гэх нь хүн ёсонд онцгүй зүйл юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим нь хохирлыг нэгдүгээрт шалган тогтоох, хангах явдал. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заавал тогтоох зүйлд тусгагдсан, тогтоох боломжтой харагдаж байгаа зүйлийг тогтоохгүй орхих нь хохирогчийн эрх, ашгийг хангахгүй байна. Эдгээр үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй“ гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр яллагдагч Г.Э*******т холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. 

 

Булган аймгийн  прокурорын газраас яллагдагч Г.Э*******ыг Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Дондогийн булаг гэх газрын ертөнцийн зүгээр зүүн талд Булган аймгаас Хөвсгөл аймаг явах төв асфальтан замд 2022 оны 09 дүгээр сарын 05-ны оройн 22-23 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл болох айраг уусан үедээ Хөвсгөл аймгаас Булган аймгийн чиглэлийн зорчих хэсэгт ....... улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад тус чиглэлийн замд газарт байсан Г.Б*******ыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт нь хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй, дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ.” гэж, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно.” гэж тус тус заажээ.

Гэтэл Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт гол ач холбогдол бүхий нотлох баримт болох автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон Замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл, заалтыг хэрхэн, яаж зөрчсөн эсэх талаарх техникийн шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагааг хуульд заасан журмын дагуу гаргаагүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж хэргийн бодит байдлыг тогтоож, түүнд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

Тодруулбал, хэрэгт авагдсан мөрдөгчийн магадалгааг тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч гаргасан гэх баримт хэрэгт авагдаагүй байхад уг магадалгааг хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан гэж үзэж үнэлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шинжилгээ хийх эрх бүхий байгууллагаар хийлгээгүй буюу Шүүх шинжилгээний тухай хуулийн 11.1-д заасан “Тусгай мэдлэг бүхий хүнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус зөвлөл /цаашид "зөвлөл" гэх/ ажиллана. Зөвлөлийн саналыг үндэслэн шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэрээр 5 жилийн хугацаагаар олгоно” гэж заасан байна.  

Гэтэл хавтаст хэрэгт “Цагаан шонхорын жигүүр” ТББ-ын хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ болон төслийн удирдагчийн томилсон “Цагаан шонхорын жигүүр” ТББ-ын гүйцэтгэх захирлын тушаал авагдсан байх бөгөөд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон Шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэр, тушаал хэрэгт авагдаагүй нь шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий байгууллага гэж үзэх боломжгүй юм.

Мөн яллагдагч Г.Э*******ын согтуурлын зэрэг тогтоож, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй буюу Г.Э******* гэж хаягласан шинжээчийн 4537 дугаартай спирт илрээгүй гэх дүгнэлт гарсан байхад  2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай яллах дүгнэлтэд архи согтууруулах ундааны зүйл болох айраг уусан гэж хүндрүүлэх шинжтэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл хуульд заасан нотлогдвол зохих үйл баримт буюу хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хохирол, хор уршиг, хэр хэмжээг бодитой тогтоож, хохирогчийн зөв тодорхойлох нь тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд чухал нөлөөтэй бөгөөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой тул шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосны эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй.

 

Иймд нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүх гарч буй эрх зүйн акт болох шүүгчийн захирамжид яллагдагчийн нэрийг удаа, дараа Г.Э******* гэж, хэргийн дугаарыг 2315000000233 гэж буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөж зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/78 дугаар шүүгчийн захирамжийн удиртгал хэсгийн 2315000000233 гэснийг 2215000000233 гэж, хянавал хэсгийн “Г.Э*******” гэж удаа дараа ташаа бичсэнийг Г.Э******* гэж, захирамжлах хэсгийн 2315000000233 гэснийг 2215000000233 гэж тус тус өөрчилж, захирамжлах хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Прокурорын эсэргүүцлийн яллагдагчийн нэр болон хэргийн дугаарыг ташаарч бичсэн гэсэн хэсгийг хүлээн авч бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.АРИУНЦЭЦЭГ   

     

 

                                       ШҮҮГЧИД                                    З.ХОСБАЯР

 

 

                                                                                            Д.АЗЖАРГАЛ