Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2024/01552

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг ******* байрлах, ******* ХХК /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* байрлах, ******* / Регистрийн дугаар: *******,*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 34 860 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бахархал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Алгирмаа, Г.Бат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ХХК нь 2023 оны 10 сарын 03-ны өдөр ******* ХХК /РД:*******/-тай утсаар холбогдож тухайн байгууллагаас Галч маркийн 400 квт-ийн зуух худалдан авахаар болж үнийг 23,240,000 /хорин гурван сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр тохиролцсон юм. Худалдагч тал Орхон аймагт байршиж байсан тул онлайнаар буюу интернэт ашиглан гэсэн и-мэйлээс гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан 2023 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн 23/16 дугаартай Худалдах, худалдан авах Галч маркийн автомат зуухны гэрээг хаягаар явуулсан бөгөөд манайхаас тус гэрээг хүлээн авч өнгөтөөр хэвлэн гарын үсэг, тамга тэмдэг дарж баталгаажуулан буцаан илгээсэн болно.

Энэ гэрээний дагуу гэрээний урьдчилгаа төлбөр болох 5.000.000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрээний 2.2-т заасны дагуу худалдагчийн Худалдаа хөгжлийн банкны 407277996 тоот данс руу тухайн үед П.Батбаярын Хаан банкны 5027540428 тоот данснаас ******* ХХК зуурны урьд гэсэн утгатай шилжүүлж гэрээг баталгаажуулсан. Гэтэл ******* ХХК-иас манай компани руу утсаар холбогдож гэрээний дагуух зуухаа Улаанбаатар хотын Эмээлт дэх салбараас авахыг зөвлөсөн. Тухайн үед компанийн зүгээс тус зуухыг хүлээн авч байгаа ажилтан П.Батбаярын Хаан банкны 5027540428 данс руу Haan huns impex zuuh гэсэн утгатай 2023 оны 10 дугаар сарын 24-ны өдөр төлбөрийг шилжүүлсэн бөгөөд сайн үзэж харж хүлээн авсныхаа дараа мөнгөө шилжүүлээрэй гэсэн удирдамж өгсөн юм. Ажилтан П.Батбаяр нь зөвлөсөн хаяг /УБ, СХД, 32-р хороо, Эмээлт гудамж 120-1 тоот/-өөр 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр очиход тус байршилд Автомат зуух ХХК байсан бөгөөд манайд 1 зуухыг хүлээлгэж өгсөн. Тус газраас нэмж 9 метр дулаалгатай яндан худалдаж авсан юм. Тэр үед *******-ийн******* дугаараас П.Батбаяртай холбогдож Яндан 1м үнэ 360 000 төгрөг, нийт 3 240 000 төгрөг юм байна гэсэн мессеж явуулж, дараа нь 99364116 дугаараас залгаж үлдэгдэл төлбөр 18 240 000 төгрөг болон яндангийн төлбөр 3 240 000 төгрөгийг хамт Хаан банкны 5094317886 тоот Д.Сарангэрэлийн данс руу шилжүүлээрэй хэмээн ярьж, мессеж бичиж баталгаажуулсны дагуу тус данс руу нийт 24 480 000 төгрөгийг haan huns impeks zuuh yndangiin tulbur хэмээн шилжүүлсэн байдаг. Гэвч тус зуухыг ашиглах үед тогтсон квт-доо хүрэхгүй байсан бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй, биет байдлын доголдолтой байсан тул 2023 оны 11 дүгээр сарын 05 өдөр /УБ, СХД, 32-р хороо, Эмээлт гудамж, 129/1 тоот/ Автомат зуух ХХК дээр буцааж хүргэж өгсөн. Янданг нь үлдээсэн. Үүнээс хойш манай компанид худалдагч талын аль ч компаниас гэрээнд заасны дагуух Галч маркийн 400 квт-н зуухыг нийлүүлээгүй. Худалдан авагч талаас худалдагч ******* руу утсаар холбогдож удаа дараалан гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан бөгөөд Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцалсныг илэрхийлсэн бөгөөд төлбөрийг буцаан шилжүүлэхийг хэлсэн боловч 85001060 дугаартай утас нь холбогдохоо больж илтэд зугтаах болсон бөгөөд зуухны төлбөрийг огт төлөөгүй. Худалдан авагч талаас зуухыг буцаан хүргүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш өнөөдрийг (2024.04.17) хүртэл нийт 135 хоног өнгөрсөн байгаа бөгөөд Худалдах, худалдан авах гэрээний наймдугаар зүйл 8.1.2-т Худалдагч нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол гэрээний нийт үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутмаар тооцож худалдан авагч талд төлнө гэсний дагуу 1 хоногийн алданги 116 200 төгрөгөөр тооцвол 15 687 000 төгрөгийн алданги хүлээхээр байна. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэснийг баримтлан алдангид 11 620 000 төгрөгийг зуухны үндсэн төлбөр 23 240 000 төгрөг дээр нэмэгдүүлж нийлбэр дүнгээр 34 860 000 /Гучин дөрөв найман зуун жаран мянга/ төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч *******-иар гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч нь ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... "******* /РД:*******/ болон "Автомат зуух" ХХК /РД:6179304/ нарын хооронд галч маркийн автомат зуух худалдах, худалдан авах 22/38 тоот гэрээг 2022 оны 07 дугаар сарын 04-ны өдөр байгуулсан ба тус гэрээний хүрээнд манай байгууллага автомат зуухыг 47,793,000 төгрөгийн төлбөрийг төлж зуухыг үйлдвэрлэгчээс нь хүлээн авсан. 

Манай үйлдвэр өөрсдийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх болсон шалтгаанаас үүдэн тус автомат зуухын хүчин чадал багадаж, өөр хүчин чадал өндөр зуух ашиглах болсон тул үйлдвэрлэгч "Автомат зуух" ХХК-д хандаж худалдан борлуулж өгөх талаар харилцан тохиролцсон. 

"Автомат зуух" ХХК нь манайх өөрийн үйлдвэрийн зуухыг худалдан борлуулахад татгалзах зүйлгүй хэмээн галч маркийн автомат зуухыг борлуулах хамтран ажиллах 23/20 тоот гэрээг манай байгууллагатай байгуулсан. Тус гэрээнд галч маркийн автомат зуухыг дахин иж бүрэн засварлах, баталгаа олгох хөлсний үнийн мэдээллийг гэрээнд тусгасан ба манай байгууллага гэрээний дагуу 3,745,813 төгрөгийн төлбөрийг төлсөн. Тус төлбөрийг төлсний дараа "Автомат зуух" ХХК нь зуухны иж бүрэн засварыг хийж гүйцэтгэсэн байх ба чанарын шаардлага хангасан шинэ зуух болгосон. 

"Автомат зуух" ХХК-иас "*******" ХХК худалдан авах хүсэлтэй байгаа тул бид зуухыг худалдан авагч талд хүлээлгэн өгч биет байдлын доголдол, хүчин чадлыг хариуцан нэг жилийн хугацаатайгаар чанарын баталгаа олгох ба танай байгууллага төлбөрийг хүлээн авах талаар мэдэгдсэн. 

Дээрх мэдээллийг хүлээн авч манай байгууллага "*******"-тэй галч маркийн автомат зуух худалдах, худалдан авах 23/15 тоот худалдан авах 23,240,000 төгрөгийн гэрээг байгуулан зөвхөн төлбөрийг хүлээн авсан.  

Үйлдвэрлэгч "Автомат зуух" ХХК нь "*******" ХХК-д гэрээний зүйлийг хүлээн өгсөн ба гэрээний зүйлийг хүлээн авах үед биет байдлын доголдол илрээгүй байх ба галч зуухыг зориулалтын дагуу ашиглахаар байсан тул нэхэмжлэгч гэрээний төлбөрийг манай талд шилжүүлсэн. 

"Автомат зуух ХХК-иас "*******" ХХК нь үйлдвэрлэгчийн тавьсан бэлтгэл зуух тавих шаардлагыг биелүүлээгүйгээс үүдэн зуухыг эвдэлж манай талд буцаан өгсөн. Үйлдвэрлэгч нь нэхэмжлэгч талд цахимаар болон цаасаар зуухын хэвийн ажиллагааг хангах зааварчилгааг цаг тухай бүрд өгч ажилласан ба эвдэлсэн зуухад засвар үйлчилгээ үзүүлэн хэвийн ашиглалтыг хангасан хэдий ч нэхэмжлэгч талд зуухыг авахгүй байна гэж нэхэмжлэл гаргасны дараа манай талд мэдэгдсэн. 

Иргэний хуулийн 251.1 дэх заалт Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж зааснаас гадна, 251.2, Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж заасан байх ба одоогоор зуухыг ашиглах бүрэн боломжтой байх тул гэрээний зүйл биет байдлын доголдол гэж үзэх үндэслэлтэй байна. 

"*******" ХХК нь үйлдвэрлэгчээс биет байдлын доголдолгүй, чанарын шаардлага хангасан зуухыг хүлээн авсан хэдий ч үйлдвэрлэгчийн шаардлагыг биелүүлээгүйн улмаас гэрээний зүйлийг эвдэлсэн байх ба одоогоор тус зуухад засвар үйлчилгээ үзүүлэн ашиглахад бэлэн чанарын шаардлага хангасан биет байдлын доголдолгүй байхад зуухыг буцаан авахгүй байгаа талаар үйлдвэрлэгч талаас манай талд мэдэгдсэн. Гэрээний дагуу биет байдлын доголдолгүй гэрээт зүйлийг хүлээн авч, ашиглалтын горим зөрчиж эвдлэхэд үйлдвэрлэгч талаас засвар үйлчилгээг үзүүлж чанарын шаардлага хангасан байхад гэрээний төлбөрийг нэхэж байгаа нь зүй ёсны хэрэг гэж үзэхгүй ба Иргэний хуулийн 255.1.3-д тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөнөөс, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүсэн тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алддаг болно. 

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэхдээ 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үйлдвэрлэгч болох Автомат зуух ХХК-д зуухыг хүлээлгэн өгсөн гэж дурдсан ба энэ талаарх мэдээллээ манай байгууллагад утсаар болон мэйлээр албан ёсоор мэдэгдээгүй ба "Автомат зуух ХХК мөн адил мэдэгдээгүй байтал манай байгууллагыг илтэд зугтаах болсон гэх нь үнэнд нийцэхгүй байна. 

******* болон *******" ХХК-ийн хооронд байгуулсан 23/16 тоот худалдах, худалдан авах гэрээний 7.1-д заасны дагуу худалдагч тал нь баталгаат хугацааны асуудлыг хариуцахгүй байхаар тусгасан нь гэрээт зүйлийн засвар үйлчилгээ, биет байдлын доголдлыг хариуцах этгээд биш гэдгийг нотлохоос гадна нэхэмжлэгч тал өөрсдөө ашиглалтын горим зөрчиж биет байдлын доголдол үүсгэсэн болно... гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх3/, Хаанхүнс импекс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх5/, итгэмжлэл /хх6/, 2023.10.03-ны өдрийн 23/16 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар /хх7-8/, уг гэрээний хавсралт /хх9/, мэйл хаягаар харилцсан чатны зураг /хх10/, мессежээр харилцсан чатны гэрэл зураг /хх11/, Хаан банкны 2023.10.03-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх12/, Хаан банкны 2023.10.25-ны өдрөөс 2023.10.26-ны өдөр хүртэлх хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх13/, Хаан банкны 2023.10.24-ний өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх14/, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4. Хариуцагчаас: хариу тайлбар /хх32-33/, Тэмүүжингийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх50/, Хаан банкны Оюут тооцооны төвд гаргасан хүсэлт /хх51-52/, зээл хүсэгчийн анкет /хх53/, 2018.05.18-ны өдрийн ЗГ201843614896 дугаартай Зээлийн гэрээ /хх54-57/, зээл буцаан төлөх хуваарь /хх58/, 2018.05.18-ны өдрийн БГ201843614896 дугаартай Барьцааны гэрээ /хх59-61/, 2020.07.31-ний өдрийн 20/05 дугаартай, 2020.08.21-ний өдрийн 20/06 дугаартай, 2020.08.26-ны өдрийн 20/07 дугаартай зээл төлөх мэдэгдэл /хх62-66/, тус шүүхэд 2023.09.19-ний өдөр гаргасан Ц.Лувсандагвын хариу тайлбар /хх67/, 2023.09.21-ний өдөр гаргасан Г.Эрдэнэтуяагийн хариу тайлбар /хх68/, өмгөөлөгч Я.Эрдэнэчимэгийн 2024.01.04-ний өдрийн тус шүүхэд гаргасан гомдол /хх69-70/, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.03.28-ны өдрийн 2074/ТМ2024/00039 дугаартай тэмдэглэл /хх71-73/, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.05-ны өдрийн 1124 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /хх75-84/, 2024.10.21-ний өдрийн итгэмжлэл /хх85/, 2018.05.18-ны өдрөөс 2018.12.31-ний өдөр хүртэлх хугацааны Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх86-97/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.05-ны өдрийн 1124 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /хх98-106/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 34 860 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ, ...******* ХХК нь 2023 оны 10 сарын 03-ны өдөр ******* ХХК-тай утсаар холбогдож тухайн байгууллагаас Галч маркийн 400 квт-ийн зуух-ыг 23 240 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 5 000 000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн. Зуухыг Улаанбаатар хотын Эмээлт дэх салбараас ав гэсний дагуу 9 м янданг мөн авч нийт 24 480 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Гэвч тус зуухыг ашиглах үед тогтсон кВт-доо хүрэхгүй байсан бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй, биет байдлын доголдолтой байсан тул 2023 оны 11 дүгээр сарын 05 өдөр Автомат зуух ХХК дээр буцааж хүргэж өгсөн. Янданг нь үлдээсэн. Үүнээс хойш манай компанид худалдагч нь гэрээнд заасны дагуух Галч маркийн 400 кВт-н зуухыг нийлүүлээгүй тул гэрээг цуцалж, төлбөрөө шилжүүлэхийг мэдэгдсэн ч шилжүүлээгүй. Худалдах, худалдан авах гэрээний 8.1.2-т Худалдагч нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол гэрээний нийт үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутмаар тооцож худалдан авагч талд төлнө гэж заасан тул... алданги 11 620 000 төгрөг, үндсэн төлбөр 23 240 000 төгрөг, нийт 34 860 000 төгрөгийг гаргуулна гэсэн.

3. Хариуцагчийн тайлбар, татгалзлын үндэслэл: "******* нь Автомат зуух" ХХК-с Галч маркийн автомат зуухыг 2022 оны 07 дугаар сарын 04-ны өдөр 47 793 000 төгрөгөөр худалдан авсан. Манай үйлдвэр өөрсдийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх болсон тул үйлдвэрлэгч "Автомат зуух" ХХК-д хандан авсан зуухаа худалдан борлуулж өгөх талаар харилцан тохиролцсон. "Автомат зуух" ХХК нь манайх өөрийн үйлдвэрийн зуух тул худалдан борлуулахад татгалзах зүйлгүй гээд Галч маркийн автомат зуухыг борлуулахаар хамтран ажиллах 23/20 тоот гэрээ байгуулсан. Ингээд зуухыг дахин иж бүрэн засварлаж, баталгааг Автомат зуух" ХХК хариуцахаар тохиролцож, засварын 3 745 813 төгрөгийг манай компани төлсөн. "Автомат зуух" ХХК нь зуухны иж бүрэн засварыг хийж гүйцэтгэсэн ба чанарын шаардлага хангасан зуух болгосон. "*******" ХХК худалдан авах хүсэлт гаргасан тул зуухыг "Автомат зуух" ХХК худалдан авагчид хүлээлгэн өгч биет байдлын доголдол, хүчин чадлыг хариуцан нэг жилийн хугацаатайгаар чанарын баталгаа олгож, төлбөр 23 240 000 төгрөгийн манай компани хүлээн авсан. "*******" ХХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа "Автомат зуух ХХК нь манайд хандан зуухыг буцааж өгсөн талаар мэдэгдсэн. Иргэний хуулийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, 251.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж заасан, одоогоор зуухыг ашиглах бүрэн боломжтой, манай компанид энэ талаараа мэдэгдээгүй. Угаасаа бид хуучин зуух зарсан, тиймдээ ч зах зээлийн үнээс тал хувь багаар зарсан, энэ байдлыг худалдан авагч анхнаасаа мэдэж байсан, "Автомат зуух" ХХК-с авсан тул тухайн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж, засвар үйлчилгээ, баталгааг нь "Автомат зуух" ХХК хариуцахаар тохиролцсон. Зуух нь хажуу талдаа термометртэй байгаа, мөн хэдэн метр квадратыг халааж байгаагаас шалтгаалдаг... нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.  

4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

******* ХХК нь 2023 оны 10 сарын 03-ны өдөр 23/16 тоот гэрээ байгуулан, ******* ХХК-с Галч маркийн 400 кВт-ийн зуух-ыг 23 240 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, зуухыг Улаанбаатар хот Эмээлт захад байрлах Автомат зуух ХХК-с ав гэсний дагуу зуухыг хүлээн авсан талаар талууд маргаагүй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

5. Худалдагч ******* ХХК нь Галч маркийн 400 кВт-ийн зуух-ыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, ******* ХХК зуухны үнийг бүрэн төлсөн байх тул гэрээ хүчин төгөлдөр байна.

6. Зохигчийн хооронд худалдан авсан Галч маркийн 400 кВт-ийн зуух нь 400 квт-даа хүрэхгүй байсан, эд хөрөнгийн доголдолтой байсан гэсэн нь маргааны зүйл болжээ. Иймд нэхэмжлэгч шаардах эрхтэй.

7. Худалдах худалдан авах гэрээний 3.1.-д Гэрээний дагуу нэг талаас нөгөө талд хүргүүлэх аливаа мэдэгдэл, албан бичиг, бусад баримт бичгийг бичгээр үйлдэх бөгөөд биечлэн, цахим шуудангаар эсхүл Талуудын эрх бүхий этгээдүүд зөвшөөрсөн бусад хэрэгслээр, доорх хаягаар хүргүүлнэ. Үүнд: ... гэж заасан.

Мөн гэрээний 7.1.-д ...Галч маркийн 400 кВт-н зуухыг үйлдвэрлэгч тал байнгын ашиглалтад хүлээн авснаас хойш 1 жилийн хугацаатайгаар чанарын баталгаа олгоно, 8.1.2-т худалдагч нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол гэрээний нийт үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутмаар тооцож худалдан авагчид төлнө гэж заасан байх ба алданги шаардах эрх үүсээгүй байна.

Тодруулбал талууд гэрээний 3.1.-д ямар нэгэн асуудлыг нэг тал нөгөөдөө бичгээр мэдэгдэнэ гэсэн боловч нэхэмжлэгч нь хариуцагчид эд хөрөнгийн доголдлын талаарх мэдэгдлийг хүргүүлээгүй, мөн хариуцагчийн 85001060 дугаарын утас руу залгаж мэдэгдсэн, сүүлдээ холбогдохгүй болсон гэсэн нь нотлогдоогүй.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1.-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасантай нийцээгүй байна.

Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан тул алданги шаардсан нь үндэслэлгүй бөгөөд хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэйг хуульчилсан байна.

9. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, 251.2.-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан зуух гэрээнд заасан 400 кВт-даа хүрэхгүй байгаа бол энэ нь эд хөрөнгийн доголдол гэж үзэх үндэслэлтэй хэдий ч энэ тайлбар баримтаар нотлогдоогүй байна.

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1.-д Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй, 256.2.-д Хэд хэдэн эд хөрөнгийг худалдсан тохиолдолд тэдгээрийн зарим хэсэг нь доголдолтой бол гэрээг зөвхөн доголдолтой хэсгээр, хэрэв доголдолтой хэсэг нь бусад хэсэгтэйгээ нэгдмэл зориулалттай ашиглагдах бол гэрээг бүхэлд нь цуцалж болно, 256.3.-д Гол эд хөрөнгө доголдолтой бол бүхэлд нь, дагалдах эд хөрөнгө нь доголдолтой бол гагцхүү тэр хэсгээр нь гэрээг цуцалж болно гэж тус тус заасан.

Хэрэв худалдан авсан зуух доголдолтой бол нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд энэ талаарх баримтаа бүрдүүлж нотлох үүргийг өөрөө хүлээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, 25.2.2.-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан.

Өөрөөр хэлбэл 400 кВт байх зуух хэдэн кВт зааж байгаа, энэ нь гэрээг бүхэлд нь цуцлах үндэслэл болох эсэхээ нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 250 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 256 дугаар зүйлийн 256.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан *******-с 34 860 000 төгрөг гаргуулах ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 250 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.2.-т зааснаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШЗ2024/03395 дугаар захирамж нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг заасугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА