Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2024/01548

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг өөрийн байранд байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын өршөөлд хамруулах хүсэлт гаргах эрхтэй талаар хугацааг сэргээх шийдвэр гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа оролцов.

 

 

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* ХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...******* ХК нь 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Татварын өршөөл үзүүлэх тухай хууль батлагдах үед 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр байгаагүй, харин татварын албаар баталгаажуулсан албан татварын үндсэн өрийг эд хөрөнгөөр тооцож төлсөн нөхцөл байдалтай, уг шийдвэрүүд хүчин төгөлдөр байсан учраас Татварын өршөөлд хамруулах хүсэлтийг тухайн үед гаргах шаардлага үүсээгүй юм.

Гэтэл Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 399 тоот шийдвэрээр Жаргалант-Үйлс ХХК-ийн хөрөнгөөр ******* ХК-ийн татварын өрийг барагдуулсан Төрийн өмчийн хорооны 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 468 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгосон.

Энэ үеэс 2024 оны эхэн хүртэлх хугацаанд 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн зохицуулалтад хамаарах татварын өрийн үлдэгдэлтэй хэвээр, иргэн, захиргааны хэргийн шүүхүүд дэх маргаан тасралтгүй үргэлжилсээр ирсэн болно.

2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт 1.1.Энэ хуулийн зорилт нь зарим этгээдийг албан татвар, нийгмийн даатгалын өр, төлбөрийн тодорхой хувиас болон эрүү, захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. гэж,

мөн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг, өршөөн хэлтрүүлэхээр тус тус зохицуулсан байна.

Иймд ******* ХК-ийг 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжит хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаж байна.

Хууль зүйн үндэслэлийн тухайд: 

Нэг. Иргэний хуулийн 72 дугаар зүйл дэх Хугацаа тоолох журам-д 72.1 Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно. гэж хугацаа тоолох нийтлэг журмыг;

Хоёр. 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт 1.1.Энэ хуулийн зорилт нь зарим этгээдийг албан татвар, нийгмийн даатгалын өр, төлбөрийн тодорхой хувиас болон эрүү, захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. гэж тухайн татварын өршөөлийн хуулиар зохицуулах харилцааны хүрээ хязгаарыг;

Гурав. 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 1 дүгээр сарын 1-ний дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг; өршөөнө гэж өршөөлд хамрагдах цаг хугацаа, өршөөлд хамруулах нөхцөлийг;

Дөрөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэсэн хууль зүйн ойлголтыг тус тус тодорхойлсон байна.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас дараахь хүсэлтийг шүүхэд гаргаж байна.

1. ******* ХК нь 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Татварын өршөөл үзүүлэх тухай хууль батлагдах үед 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр байгаагүй, харин татварын албаар баталгаажуулсан албан татварын үндсэн өрийг эд хөрөнгөөр тооцож төлсөн эрх зүйн ач холбогдол бүхий бусад нөхцөл байдал-д хамаарах /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал/ болохыг тогтоолгох.

2. ******* ХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар шүүхийн шийдвэрээр төлөх ёстой болсон татварын өртэй болсон үйл явдал нь 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр болохыг тогтоолгох.

3. ******* ХК-ийн 551 000 000 төгрөгийн татварын өрийг 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр гэж үзэж, 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан журмын дагуу ******* ХК нь татварын өршөөлд хамруулах хүсэлт гаргах эрхтэй талаар хугацааг сэргээх шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас: Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013.10.02-ны өдрийн 399 дугаартай шийдвэрийн хуулбар /хх3-13/, Орхон аймгийн Татварын хэлтсийн 2024.01.18-ны өдрийн 01/27 дугаартай албан тоотын хуулбар хувь /хх14/, Орхон аймгийн Татварын хэлтсийн 2024.03.27-ны өдрийн 01/173 дугаартай албан тоотын хуулбар хувь /хх15/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх16-17/, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх40/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

3. Шүүхээс зохигчийн хүсэлтээр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.24-ний өдрийн 10 дугаартай шийдвэр /хх46-61/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.21-ний өдрийн 346 дугаартай магадлал /хх62-70/, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020.09.23-ны өдрийн 340 дугаартай тогтоол /хх71-77/, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2010.11.02-ны өдрийн 1235 дугаартай шийдвэр /хх78-83/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.15-ны өдрийн 275 дугаартай шийдвэр /хх84-98/, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.05.27-ны өдрийн 56 дугаартай магадлал /хх99-122/, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.10.29-ний өдрийн 1305 дугаартай тогтоол /хх123-136/ зэргийн хуулбарыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* ХК нь 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Татварын өршөөл үзүүлэх тухай хууль батлагдах үед 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр байгаагүй, харин татварын албаар баталгаажуулсан албан татварын үндсэн өрийг эд хөрөнгөөр тооцож төлсөн эрх зүйн ач холбогдол бүхий бусад нөхцөл байдал-д хамаарах /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал/ болохыг тогтоолгох,

******* ХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар шүүхийн шийдвэрээр төлөх ёстой болсон татварын өртэй болсон үйл явдал нь 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр болохыг тогтоолгох,

******* ХК-ийн 551 000 000 төгрөгийн татварын өрийг 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр гэж үзэж, 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан журмын дагуу ******* ХК нь татварын өршөөлд хамруулах хүсэлт гаргах эрхтэй талаар хугацааг сэргээх шийдвэр гаргуулахаар хүсэлт гаргасан байна.

2. Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-нд холбогдох татварын өр 414 265 509,80 төгрөг гаргуулах хэргийг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2021/00275 дугаар шийдвэрээр, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.1., 55 дугаар зүйлийн 55.1., 62 дугаар зүйлийн 62.1.3., 70 дугаар зүйлийн 70.1.-д зааснаар хариуцагч ******* ХХК -с 353.961.629 төгрөг гаргуулан Орхон аймгийн Татварын хэлтэст олгож, нэхэмжлэлээс үлдэх 52.044.134 төгрөгийг хэрэгсэхгүй болгож... шийдвэрлэсэн байх ба Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 001/ХТ2021/01305 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2021/00275 дугаар шийдвэрээр ******* ХХК нь Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 190 дугаартай Татварын өрөнд үл хөдлөх эд хөрөнгө авах тухай тушаалын дагуу улсын төсөвт төлөх 613 597 300 төгрөгийн татварын өрөнд Орхон аймгийн Жаргалант сум болон Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байгаа үйлдвэрлэл, үйлчилгээний цогцолборыг татварын өрөнд тооцуулан өгсөн байх ба Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 190 дугаартай тушаалын холбогдох заалтыг Нийслэлийн захиргааны хэргийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 399 дугаартай шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийг үндэслэн Татварын Ерөнхий газрын дэд даргын 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2а/3427 дугаартай өр барагдуулах тухай албан бичиг, Татварын Ерөнхий газрын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2б/1140 дугаартай албан бичиг, Орхон аймгийн Татварын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 дугаартай тушаалаар ******* ХК-ийн улсын төсөвт төлөх 613 597 300 төгрөгийн татварын өрнөөс 281 384 900 төгрөгийн онцгой албан татварын өрийг сэргээсэн байна.

Татварын өр сэргээсэн Орхон аймгийн Татварын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор хариуцагч ******* ХК нь Орхон аймгийн Татварын хэлтсийн даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 24-ний өдрийн 10 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 346 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 340 дугаартай тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар дүгнэсэн байна.

4. Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 340 дугаартай тогтоолд, ******* ХК нь 2004 онд татварын өрийг бэлэн бусаар тооцуулж төлснөөр (Санхүү, эдийн засгийн сайдын 190 дүгээр тушаал гарснаар) Татвар төлөх, ... хөөн хэлэлцэх 5 жил-ийн хугацаа зогссон (1992 оны Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан), үүнээс хойш 2014 он хүртэл хариуцагч татварын өргүй байсан. Харин Орхон аймгийн Татварын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 тоот тушаалаар хариуцагчийн төлөх ёстой байсан өр сэргээгдсэн тул уг акт гарснаас хойш нэхэмжлэгчийн шаардах 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхэлж тоолох тул 2004 онд дууссан өр 2014 онд дахин сэргээгдэж байгааг 2001 онд сэргээгдсэн мэтээр тухайн цаг хугацаанаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй. Нэгэнт маргаан бүхий татварыг төлөх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн (2008 оны) 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан үндэслэлд хамаарахгүй. Нөгөөтэйгүүр, уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1., 6.1.3.-т заасан үндэслэл ч энэхүү маргааны үйл баримтад хамаарахааргүй байна. Учир нь, хуулиар ногдуулсан албан татвар төлөх нь Үндсэн хуулиар хүлээлгэсэн Монгол Улсын иргэний үндсэн үүрэг бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээнэ. Харин төрөөс (хууль тогтоогчоос) өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд онцгой, цөөн тохиолдолд, тодорхой нөхцөл, болзолтойгоор зарим (гэм буруутай) этгээдийг хуулиар хүлээлгэсэн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх зорилгоор өршөөлийн хуулийг баталдаг. Тухайлбал, 2008 оны Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д Энэ хуулийн зорилт нь зарим этгээдийг албан татвар, нийгмийн даатгалын өр, төлбөрийн тодорхой хувиас болон эрүү, захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1.-д 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24.00 цагаас өмнө... зөрчил гаргасан этгээдэд энэ хууль үйлчилнэ гэж тус тус заасан. Мөн, дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д татвар болон даатгалын өр, хүү, торгууль, алдангиас чөлөөлөгдөх нөхцөлийг тодорхой цаг хугацааны хязгаарлалт болон болзолтойгоор заасан. Жишээ нь, 6.1.1. 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын өрөөс 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар барагдаагүй үлдсэн албан татварын хүү, торгуулийг 100 хувь,...; 6.1.3. 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 1 дүгээр сарын 1-ний дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг; 6.1.4. 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ... эргэж төлөгдөх найдваргүй өрийг 100 хувь; 6.1.5 .... шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэрээр оногдуулсан албан татварын үндсэн өрийн 50 хувийг төлсөн тохиолдолд үлдэх 50 хувийг; 6.1.6. эрх бүхий байгууллагын шийдвэр гарч банкны өр барагдуулах алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэгдэж байгаа албан татварын өрийг 100 хувь гэж, хууль батлагдах тухайн цаг үед өртэй байсан этгээдийг өр, төлбөр, хариуцлагаас чөлөөлөхөөр заасан.

Дээрх хуулийн зүйл, заалтын агуулгыг нэгтгэж үзвэл, 2007.12.31-ний өдрийн 24:00 цагаас өмнө Эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн, Захиргааны хариуцлагын тухай хуульд (44 дүгээр зүйл) заасан зөрчил гаргасан этгээдийг, мөн 2008 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар татварын албаны баталгаажуулсан (тайлангаар, эсхүл татварын актаар) барагдаагүй үлдсэн албан татвар, даатгал (өр, хүү, торгууль, алданги)-ыг, мөн энэ хугацаанаас өмнө гарсан шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэрээр оногдуулсан албан татвар, эрх бүхий байгууллагын шийдвэрээр гүйцэтгэгдэж байгаа албан татварын өрийг тодорхой нөхцөл болзолтойгоор өршөөлд хамруулахаар байна. Өөрөөр хэлбэл, өршөөлийн хууль нь батлагдсанаас хойш хүчин төгөлдөр үйлчлэх боловч өршөөлд хамрагдах нөхцөл нь хууль батлагдахаас өмнөх цаг хугацааг хамардгаараа онцлогтой. Иймд, Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2. дахь заалт дахь Татварын ерөнхий хуулийн 13.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан албан татварын үндсэн өрийг 100 хувь гэснийг тухайн зүйлийн бусад заалт болон хуулийн бусад зүйлтэй системчлэн тайлбарлавал, уг хууль батлагдаж, дагаж мөрдөж эхлэх цаг хугацаанд буюу 2008.01.01-ний байдлаар татвар, хүү, торгууль төлөх 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан албан татварын үндсэн өр гэж ойлгохоор байна. Түүнчлэн, аливаа өршөөлийн хууль батлагдах үед нэгэнт төлөгдсөн өр, төлбөр, гэм буруутай этгээдийн эдэлсэн ял, шийтгэлийг нөхөж өршөөх тухай ойлголт байхгүй, зөвхөн барагдаагүй үлдсэн өр, төлбөр, биелэгдээгүй байгаа ял, шийтгэлийг өршөөнө. 9. Хэрэв хариуцагч өршөөлийн хууль батлагдах үед татварын өртэй байсан бол хуульд заасан болзлын дагуу бусад этгээдийн нэгэн адил өршөөлд хамрагдах боломжтой байсан. Гэвч 2004 онд татварын өрөө (бэлэн бус хэлбэрээр) төлж барагдуулсан буюу өргүй байсан тул 2008 онд өршөөлийн хууль батлагдахад уг хуульд хамрагдаагүй, хамрагдах үндэслэлгүй байжээ. Харин 2004 онд татварын өрийг өөрийн бус, бусдын хөрөнгөөр төлсөн нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр 2014 онд 2001 оны өр сэргээгдсэн тул хариуцагч нь өршөөлд хамрагдах эрхээ алдсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, ийнхүү төлөх ёстой өр нь хожим нь нөхөн сэргээгдсэн үйл баримтыг Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн урьдчилсан нөхцөл буюу болзол (6 дугаар зүйлийн 6.1.3-т заасан татвар төлөгч 2006.12.31-ний байдлаар тайлангаа гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008.01.01-ний байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009.01.01-ний дотор төлсөн байх гэсэн)-ыг хангасан гэж үзэх боломжгүй гэж үзсэн бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2.-д Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гээд нэрлэн заасан бөгөөд 135.2.14.-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэжээ.

Улсын дээд шүүхийн тайлбарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135.2.-т заасан эдгээр үйл явдлуудаас гадна эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох эрх зүйн үндэслэлийг хуулиар зохицуулдаг. Энэ нь тухайн үйл явдлыг тогтоох журмыг хуульд тухайлан заагаагүй тохиолдолд түүнийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэнэ. Шүүхээс эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо дараах зүйлийг хянаж тогтоох ёстой. Үүнд: Тухайн үйл явдлыг шүүхээс тогтоолгохоос өөр журмаар уг үйл явдлыг батлах баримт бичиг олж авах боломжгүй болсон байх, түүнчлэн үрэгдсэн баримт бичгийг шүүхийн бус журмаар сэргээх боломжгүй болсон байх ёстой. Хэрэв түүнийг сэргээж олгох боломжгүй бол шүүхэд хянан шийдвэрлэх шаардлагагүй болно. Дээр дурдсан тохиолдолд шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг хянан шийдвэрлэнэ гэж заасан байна.

6. ******* ХХК-ийн шаардлага нь онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх маргаан биш бөгөөд Захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байна.

Иймд ******* ХК-ийн 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Татварын өршөөл үзүүлэх тухай хууль батлагдах үед 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр байгаагүй, харин татварын албаар баталгаажуулсан албан татварын үндсэн өрийг эд хөрөнгөөр тооцож төлсөн эрх зүйн ач холбогдол бүхий бусад нөхцөл байдал-д хамаарахыг, ******* ХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар шүүхийн шийдвэрээр төлөх ёстой болсон татварын өртэй болсон үйл явдал нь 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр болохыг тогтоолгох, ******* ХК-ийн 551 000 000 төгрөгийн татварын өрийг 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр гэж үзэж, 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан журмын дагуу ******* ХК нь татварын өршөөлд хамруулах хүсэлт гаргах эрхтэй талаар хугацааг сэргээх тухай хүсэлт нь онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх маргаан биш бөгөөд дээрх үйл явдлуудын талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байна.

Иймд ******* ХК-ийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан ******* ХК-ийн 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Татварын өршөөл үзүүлэх тухай хууль батлагдах үед 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр байгаагүй, харин татварын албаар баталгаажуулсан албан татварын үндсэн өрийг эд хөрөнгөөр тооцож төлсөн эрх зүйн ач холбогдол бүхий бусад нөхцөл байдал-д хамаарахыг, ******* ХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар шүүхийн шийдвэрээр төлөх ёстой болсон татварын өртэй болсон үйл явдал нь 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр болохыг тогтоолгох, ******* ХК-ийн 551 000 000 төгрөгийн татварын өрийг 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өр гэж үзэж, 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан журмын дагуу ******* ХК нь татварын өршөөлд хамруулах хүсэлт гаргах эрхтэй талаар хугацааг сэргээх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар хүсэлт гаргагч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА