| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00272/и |
| Дугаар | 152/ШШ2024/00531 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 152/ШШ2024/00531
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн ... сумын ... дугаар баг, 1.... тоотод оршин суух, регистрийн дугаар ...., Ш ургийн овогт Д-ийн Х-гийн,
Хариуцагч: Увс аймгийн ... сумын ... дугаар баг, .... дүгээр байрны ... тоотод оршин суух, регистрийн дугаар ...., З ургийн овогт Н-ын Ц,
Хариуцагч: Увс аймгийн ... сумын ... дугаар баг, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, регистрийн дугаар ...., Г ургийн овогт Н-ийн С нарт холбогдох,
Орон сууц худалдах-худалдан авах гэрээнээсээ татгалзаж, орон сууц гаргуулах, орон сууцны ашиглалтын явцад гарсан төлбөрт 770,032 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хэлцлийн /орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ/ дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, орон сууцыг эзэмшиж, ашиглахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Д.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянг, хариуцагч Н.С, хариуцагч Н.Ц /цахимаар/, хариуцагч Н.С-гийн өмгөөлөгч Б.Л, хариуцагч Н.Цын өмгөөлөгч Б.Түвшинтөгс /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч Н.С, Н.Ц нарт холбогдуулан орон сууц худалдах-худалдан авах гэрээнээсээ татгалзаж, орон сууц гаргуулах, орон сууцны ашиглалтын явцад гарсан төлбөрт 770,032 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие нь Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, Бадрахын 19 дүгээр байрны 14 тоотод байрлах 80 м.кв талбайтай, хоёр өрөө, 2015 онд шинээр ашиглалтад орсон орон сууцыг 112,000,000 төгрөгөөр худалдан авч үүнээс урьдчилгаа болгож 33,600,000 төгрөг төлөөд үлдэгдэл 78,400,000 төгрөг дээр Төрийн банкнаас орон сууцны ипотекийн зээлд хамрагдан худалдан авсан. Ингээд тус орон сууцандаа 5 жилийн хугацаанд амьдарч байгаад 2022 оны 01 дүгээр сард хариуцагч болох Н.Ц, Н.С нарт өөрийн орон сууцыг 68,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч бичгээр гэрээ хийж нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээ ёсоор байрны урьдчилгаа төлбөрт хариуцагч нар нь надад 18,000,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 50,000,000 төгрөгийг хувь лизинг хийхээр болж, жилийн 8 хувийн хүүтэй 15 жилийн хугацаатай, сар бүр байрны төлбөрт 480,000 төгрөг төлөхөөр тохирч худалдан авч, улмаар гэрээ хийсэн хугацаа болох 2022 оны 01 дүгээр сараас эхлэн тухайн орон сууцандаа амьдрах болсон. Гэтэл гэрээ хийсэн цагаас хойш хариуцагч нар нь байрны төлбөр төлөхдөө гэрээнд заасан хугацааг хожимдуулж хийдэг болсон. Миний бие удаа уулзаж байрны төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлөх талаар хэлж, сануулдаг байсан боловч тухайн зөрчил арилаагүй, одоо ч гэрээний хугацааг хэтрүүлсээр байна. Миний бие анх тухайн байрыг Төрийн банкны зээлээр авсан тухайн зээлийн гэрээний төлөлт дуусаагүй байгаа, тус гэрээний дагуу би сар бүрийн 10-ны дотор зээлийн эргэн төлөлтийг хийх ёстой байдаг. Хариуцагч нараас авсан мөнгөөрөө би орон сууцны зээлийн төлбөрийг төлдөг юм. Гэтэл хариуцагч нар гэрээнд заасан 10-ны дотор төлөх үүргээ зөрчсөнөөс болоод миний бие Төрийн банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэхэд хүндрэл үүсэх эрсдэл байгаа тул миний бие хариуцагч болох Н.Ц, Н.С нартай байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээнээсээ татгалзаж, өөрийн орон сууцаа буцаан авах хүсэлтэй байна. Түүнчлэн Н.Ц, Н.С нар нь байрны халаалтын төлбөрийг 2022 оны 01 дүгээр сараас 2024 оны 5 дугаар сар буюу өнөөдрийг хүртэлх хугацаанд огт төлөөгүй байх бөгөөд тухайн орон сууцанд хариуцагч нар амьдардаг ч орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр байдаг бөгөөд гэрээ ёсоор байрны төлбөр бүрэн төлөгдөх үед би гэрчилгээг тэдний нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохирсон. Гэтэл тэдний амьдарсан хугацааны халаалтын өр одоо нийт 614.296 төгрөг болсон ббөгөөд өмчлөгч гэдэг утгаар миний нэр дээр төлбөр гарч намайг 2024 оны 6 дугаар сарын 15-ны дотор төлөхгүй бол шүүхэд өгөх талаар мэдэгдэл ирээд байна. Энэ талаар би Н.Ц, Н.С нарт удаа дараа хэлсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй өр үүсгээд байна. Мөн байрны юнивишиний хэрэглээний төлбөр 2022 оны 3 дугаар сард 93,535.67 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын төлбөр 62,200 төгрөг, нийт 155,736 төгрөгийн өр үүссэн байх бөгөөд энэхүү өрөө мөн төлөхгүй хаалгаад орхисон байна. Энэ мэтээр Н.Ц, Н.С нараас болоод миний нэр дээр өр төлбөр үүсээд, миний цаашид зээл авах асуудалд ч сөргөөр нөлөөлөх асуудлууд үүсээд байна. Иймд орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, байрыг Н.Ц, Н.С нараас гаргуулж, байрны хэрэглээний төлбөрт 770,032 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Н.С, Н.Ц нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид иргэн Д.Хгийн өөрийн 80 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцаа зарна гэсэн зарын дагуу түүнтэй биечлэн уулзаж уг байрыг үзэж харилцан ярилцаж тохиролцсонй үндсэн дээр түүний 2 өрөө байр худалдан авахаар болсон. Тухайн үед иргэн Д.Х нь өөрийн байрыг Төрийн банкнаас орон сууцны ипотекийн зээлд хамруулан худалдан авсан байсан. Иргэн Д.Х 2 өрөө байрны үнийн үлдэгдэл болох 68,000,000 төгрөгөөр бид хоёрт байрыг худалдахаар тохирч Д.Хд урьдчилгаа болох 18,000,000 төгрөгийг 5819451164 тоот дансанд шилжүүлэн өгч, үлдэгдэл 50,000,000 төгрөгийг хувь лизинг хийхээр харилцан тохиролцож 15 жилийн хугацаатай, сар бүр байрны төлбөр 480,000 төгрөгийг төлөхөөр тохирч худалдан авч гэрээ байгуулсан. Бид 2022 оны 2 сарын сүүлээр худалдан авсан байрандаа орж 3 дугаар сараас эхлэн гэрээний төлөлтийн дагуу сар бүр 480,000 төгрөгийг иргэн Д.Х-гийн дансанд шилжүүлж төлөлтөө байнга тогтмол бүрэн барагдуулж байсан. Зээлийн төлбөрийг 136 хоногоор хугацаа хэтрүүлсэн зүйлгүй, цөөн хоногоор хугацаа хэтрүүлсэн асуудал байгаа, зарим үед зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө төлж байсан тул худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах үндэслэлгүй. Д.Х-гийн нэхэмжилж байгаа халаалтын үнэ 614,296 төгрөг, бусад төлбөрт нийт 770,032 төгрөгийн нэхэмжлэлийг бүрэн төлж барагдуулсан. Харин нэхэмжлэгч Д.Х-гийн бидэнтэй байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг талуудын харилцан зөвшөөрөлгүйгээр татгалзах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэн Н.Ц, Н.С бид нар орон сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу сар бүрийн төлөлтөө байнга тогтмол төлж, төлөх ёстой төлбөрийг бүрэн төлсөн болно. Иймд нэхэмжлэгч Д.Хгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Н.С, Н.Ц нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд: Н.Ц, Н.С бид өмнө нь гаргасан сөрөг нэхэмжлэлээр Д.Хд гэрээний дагуу орон сууцны төлбөрт төлсөн 33,360,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар өөрчилж байна. Нэхэмжлэгч хариуцагч бид хавтас хэргийн 17-18 дахь талд авагдсан хэлцэл /хувь лизингээр орон сууц худалдаж авах/ байгуулж, хариуцагч бид Ү-520004765 улсын бүртгэлийн дугаартай, 000347847 гэрчилгээний дугаартай, Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, Ө.Бадрахын 19 дүгээр байрны 14 тоот хаягт байрлах 80 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 68,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч урьдчилгаа төлбөрт 18,000,000 төгрөг төлж үлдэгдэл төлбөр төлөх 50,000,000 төгрөгийг 15 жил буюу 180 сарын хугацаанд жилийн 8 хувийн хүүтэй сар бүр 480,000 төгрөг төлж, төлбөр дуусмагц өмчлөх эрхийн гэрчилгээг худалдагч Д.Х нь шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Дээрх гэрээг бид 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр байгуулж гэрээ байгуулсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл сар бүрийн төлбөрийг төлж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар үүргийн зөрчилгүй, нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн боловч нэхэмжлэгч үл ялих зүйлээр дарамталж байраа буцааж авна гэж дарамт үзүүлж амгалан тайван байдал алдагдуулж байрны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор шүүхэд хандсан. Гэрээ гэдэг нь хүссэн үедээ больж дур зоргоороо авирладаг үйлдэл биш. Иймд Д.Хд 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хэлцлийн /орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ/ дагуу хүлээсэн үүргээ биелүүлж /орон сууцыг шижлүүлж өгөх/ орон сууцыг эзэмшиж, ашиглахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг тус тус даалгаж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч Д.Х сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Н.Ц нь анх байр худалдах худалдан авах гэрээг байгуулахдаа урьдчилгаа болгож 18,000,000 төгрөг төлсөн, түүнээс хойш нийт 31 удаагийн төлөлт хийж 14,880,000 төгрөг төлсөн. Нийт 32,880,000 төгрөгийг надад төлсөн. Уг орон сууц миний нэр дээр байдаг бөгөөд Төрийн банкны зээлийн үлдэгдэлтэй барьцаанд байдаг. Сар бүрийн 15-ны өдөр тухайн зээлийн төлбөрийг төлдөг. Миний зүгээс Н.Цыг сар бүрийн 10-ны дотор зээлийн төлбөр болох 480,000 төгрөг төлж байгаарай, би мөнгө нэмж зээлээ төлдөг гэж хэлсэн. Гэрээ байгуулсан сараас эхэлж Н.С, Н.Ц нар сар бүр хугацаа хэтрүүлсэн. Хугацаа хэтрэх бүрд Төрийн банкнаас над руу холбогдож зээлээ төлөхийг шаарддаг болсон. 2024 оны 5 дугаар сард намайг шүүхэд хандах хүртэлх хугацаанд буюу 28 сарын хугацаанд байрыг ашигласан. Байрыг ашиглахдаа 15 удаагийн 136 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Шүүхэд хандсанаас хойш бол 6, 7, 8, 9 дүгээр сарын мөнгийг хугацаандаа төлсөн. Миний бие хариуцагч нарыг үл ялих зүйлээр байраа буцааж авна гэж дарамт үзүүлж, амгалан тайван байдал алдагдуулсан зүйлгүй. Иймд орон сууцыг эзэмшиж, ашиглахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
5. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Д.Х, Н.С, Н.Ц нарын хооронд байгуулагдсан тохиролцоо, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 162000345342 дугаартай орон сууцны ипотекийн зээлийн гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 162000345342 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн мэдээллийн лавлагаа, Увс дулааны станы ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1/125 дугаар албан бичиг, халалтын төлбөрийн дэлгэрэнгүй тооцоо гэх баримт, Увс Юнител салбарын 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолт, Н.Цын хүсэлт, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Ө.Бадрахын 19 дүгээр байрны 14 тоот хаягт байрлах, 80 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Н.С, Н.Ц нарын байрны төлбөр төлж байсан жагсаалт гэх баримт, Д.Хгийн Хаан банкин дахь 5819451164 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Төрийн банкны зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүд, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 162000465314 дугаартай барьцаат зээлийн гэрээ, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар шийдвэр, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэр зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
6. Хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж, 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, дэлгэцээс хуулбарласан дансны хуулга, Хаан банкнаас гаргуулсан дансны хуулга зэрэг баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Х-гийн хариуцагч Н.С, Н.Ц нарт холбогдуулан гаргасан орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, орон сууцны ашиглалтын явцад гарсан төлбөрт 770,032 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Н.С, Н.Ц нар биелүүлснийг баталж, хариуцагч Н.С, Н.Ц нарын 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хэлцлийн /орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ/ дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, орон сууцыг эзэмшиж, ашиглахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Миний бие нь Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, Бадрахын 19 дүгээр байрны 14 тоотод байрлах 80 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг Төрийн банкнаас орон сууцны ипотекийн зээлд хамрагдан худалдан авсан.
2.2. Улмаар 2022 оны 01 дүгээр сард хариуцагч Н.Ц, Н.С нарт өөрийн орон сууцыг 68,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч бичгээр гэрээ хийж нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээ ёсоор байрны урьдчилгаа төлбөрт хариуцагч нар нь надад 18,000,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 50,000,000 төгрөгийг хувь лизинг хийхээр болж, жилийн 8 хувийн хүүтэй 15 жилийн хугацаатай, сар бүр байрны төлбөрт 480,000 төгрөг төлөхөөр тохирч худалдан авч, улмаар гэрээ хийсэн хугацаа болох 2022 оны 01 дүгээр сараас эхлэн тухайн орон сууцандаа амьдрах болсон.
2.3. Гэтэл гэрээ хийсэн цагаас хойш хариуцагч нар нь байрны төлбөр төлөхдөө гэрээнд заасан хугацааг хожимдуулж хийдэг болсон. Миний бие удаа уулзаж байрны төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлөх талаар хэлж, сануулдаг байсан боловч тухайн зөрчил арилаагүй, одоо ч гэрээний хугацааг хэтрүүлсээр байна.
2.4. Мөн байрны хэрэглээний төлбөрт 770,032 төгрөгийн өр үүсгэсэн.
2.5. Иймд орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, байрыг Н.Ц, Н.С нараас гаргуулж, байрны хэрэглээний төлбөрт 770,032 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
3.1. Бид иргэн Д.Хгийн өөрийн 80 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцаа зарна гэсэн зарын дагуу түүнтэй биечлэн уулзаж уг байрыг үзэж харилцан ярилцаж тохиролцсоны үндсэн дээр түүний 2 өрөө байр худалдан авахаар болсон. Иргэн Д.Х 2 өрөө байрны үнийн үлдэгдэл болох 68,000,000 төгрөгөөр бид хоёрт байрыг худалдахаар тохирч Д.Хд урьдчилгаа болох 18,000,000 төгрөгийг 5819451164 тоот дансанд шилжүүлэн өгч, үлдэгдэл 50,000,000 төгрөгийг хувь лизинг хийхээр харилцан тохиролцож 15 жилийн хугацаатай, сар бүр байрны төлбөр 480,000 төгрөгийг төлөхөөр тохирч худалдан авч гэрээ байгуулсан.
3.2. Бид 2022 оны 2 сарын сүүлээр худалдан авсан байрандаа орж 3 дугаар сараас эхлэн гэрээний төлөлтийн дагуу сар бүр 480,000 төгрөгийг иргэн Д.Хгийн дансанд шилжүүлж төлөлтөө байнга тогтмол бүрэн барагдуулж байсан. Зээлийн төлбөрийг 136 хоногоор хугацаа хэтрүүлсэн зүйлгүй, цөөн хоногоор хугацаа хэтрүүлсэн асуудал байгаа, зарим үед зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө төлж байсан тул худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах үндэслэлгүй.
3.3. Д.Хгийн нэхэмжилж байгаа халаалтын үнэ 614,296 төгрөг, бусад төлбөрт нийт 770,032 төгрөгийн нэхэмжлэлийг бүрэн төлж барагдуулсан.
3.4. Иймд нэхэмжлэгч Д.Хгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагаа “Д.Хд гэрээний дагуу орон сууцны төлбөрт төлсөн 33,360,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар өөрчилж байна. Гэрээний дагуу өнөөдрийг хүртэл сар бүрийн төлбөрийг төлж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар үүргийн зөрчилгүй, нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн боловч нэхэмжлэгч үл ялих зүйлээр дарамталж байраа буцааж авна гэж дарамт үзүүлж амгалан тайван байдал алдагдуулж байрны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор шүүхэд хандсан. Гэрээ гэдэг нь хүссэн үедээ больж дур зоргоороо авирладаг үйлдэл биш. Иймд Д.Хд 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хэлцлийн /орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ/ дагуу хүлээсэн үүргээ биелүүлж /орон сууцыг шижлүүлж өгөх/ орон сууцыг эзэмшиж, ашиглахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг тус тус даалгаж өгнө үү” гэж тодорхойлсон.
5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг “Миний бие хариуцагч нарыг үл ялих зүйлээр байраа буцааж авна гэж дарамт үзүүлж, амгалан тайван байдал алдагдуулсан зүйлгүй. Иймд орон сууцыг эзэмшиж, ашиглахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх үндэслэлээр няцаасан.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр худалдагч Д.Х, худалдан авагч Н.С, Н.Ц нар нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Бадрахын 19 дүгээр байрны 14 тоотод байрлах, 80 м.кв талбайтай орон сууцыг 68,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар гэрээ байгуулж, урьдчилгаанд 18,000,000 төгрөгийг өгч, үлдэгдэл 50,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай, сар бүр 480,000 төгрөг төлөх, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Н.Цын нэр дээр шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон байна. Тухайн үед орон сууц нь Төрийн банкны зээлийн барьцаанд байсан ба 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Д.Х, О.Сүрэнхорлоо нар нь орон сууцыг барьцаалан 78,400,000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээл авсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2035 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дуусахаар байжээ.
Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын хувьд болон орон сууцны урьдчилгаанд 18,000,000 төгрөг өгсөн үйл баримтын талаар маргаагүй, харин нэхэмжлэгч нь хариуцагч нар зээлийн төлбөрийг 2022 оны 2-3 дугаар сард төлөөгүй 4 дүгээр сараас хугацаа хэтрүүлж төлж эхэлсэн, нийт 136 хоног хугацаа хэтэрсэн тул худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууц гаргуулна гэж, хариуцагч нар нь орон сууцандаа 2022 оны 2 дугаар сарын сүүлээр ороод 3 дугаар сараас зээлийн төлбөрийг төлж эхэлсэн, зээлийн төлбөрийг 136 хоногоор хугацаа хэтрүүлсэн зүйлгүй, цөөн хоногоор хугацаа хэтрүүлсэн асуудал байгаа, зарим үед зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө төлж байсан тул худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах үндэслэлгүй, харин нэхэмжлэгч нь байрны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор үл ялих зүйлээр байраа буцаан авна гэж дарамт үзүүлж, амгалан тайван байдал алдагдуулж байгаа тул Д.Хд 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хэлцлийн /орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ/ дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, орон сууцыг эзэмшиж, ашиглахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг тус тус даалгахаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэж маргажээ.
7. Дээрх үйл баримтаас дүгнэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлээр орон сууц худалдах-худалдан авах гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан гэж үзлээ.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний бүх нөхцлийн утга нь ойлгомжтой, хоорондоо зөрчилтэй буюу олон утга санааг агуулсан үг хэллэг агуулаагүй, гэрээний ерөнхий агуулгад тохирсон утга санааг тодорхой илэрхийлсэн гэрээ байх ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцэж байгаагаас гадна 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээний гол нөхцлийн талаар талууд харилцан тохиролцсон байх тул хүчин төгөлдөр гэрээ байна. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.
8. Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэх ба гэрээний нэг тал зөвхөн гэрээнд зааснаар, эсхүл хуульд зааснаар гэрээнээс татгалзах эрх эдэлнэ.
Талууд зээлээр худалдах-худалдан авах гэрээндээ зээлийг төлөх хуваарийг хэдэн удаа зөрчсөн тохиолдолд гэрээг цуцлах талаар харилцан тохиролцоогүй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар, мөн үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тус тус хуульчилсан.
Талууд гэрээндээ зээлийн төлбөрийг сар бүрийн 10-нд төлөхөөр тохиролцсон байх боловч яг хэзээнээс төлж эхлэх талаар тохиролцоогүй байх ба нэхэмжлэгч “хариуцагч нар зээлийн төлбөрийг 2022 оны 2-3 дугаар сард төлөөгүй, 4 дүгээр сараас хугацаа хэтрүүлж төлж эхэлсэн” гэж, хариуцагч нар “орон сууцандаа 2022 оны 2 дугаар сарын сүүлээр нүүж ороод 3 дугаар сараас зээлийн төлбөрийг төлж эхэлсэн” гэж маргасан. Нэхэмжлэгчээс ирүүлсэн Д.Хгийн Хаан банкин дахь депозит дансны хуулгаар /хавтаст хэргийн 79 дэх тал/ 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 3 сар байрны мөнгө гэх утгатай, 480,000 төгрөгийн орлого орсон болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “2022 оны 4 дүгээр сараас хугацаа хэтрүүлж төлж эхэлсэн” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, харин хариуцагч нарын 2022 оны 3 дугаар сараас зээлийн төлбөрийг төлж эхэлсэн гэх тайлбар үндэслэлтэй. Хариуцагч нар 3 дугаар сарын зээлийн төлбөрийг төлсөн, нэхэмжлэгч нь 2022 оны 2-12 дугаар сарын хугацаа хэтрүүлж төлсөн хоногийг тооцохдоо 3 дугаар сарын зээлийг хэтрүүлж төлсөн хоногийг оруулж тооцоогүй, бусад саруудын хэтрүүлсэн хоногийг нэмж нийт 63 хоног гэж тооцоолсноос харахад хариуцагч нарыг 2022 оны 3 дугаар сараас төлж эхэлснийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч нарыг зээлийн төлбөр төлөх хугацааг 2022 оны 63 хоног, 2023 онд 52 хоног, 2024 онд 21 хоног, нийт 136 хоногоор хугацаа хэтрүүлсэн гэх боловч хариуцагч нар 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 280,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 300,000 төгрөг төлсөн байх тул 2024 оны 9 дүгээр сард 4 хоног бус 1 хоногоор хугацаа хэтрүүлсэн, 2022 оны 10 дугаар сарын төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 400,000 төгрөг хийсэн, 9 дүгээр сард 280,000 төгрөгийн илүү төлөлт хийсэн байх тул 11 хоног бус 3 хоногоор хугацаа хэтрүүлсэн, 2023 оны 6 дугаар сарын төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төлсөн байхад 17 хоногоор хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй тул 6 сарын зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлээгүй гэж үзлээ. Ийнхүү 2022 оны 3 дугаар сараас хойшхи хугацаа хэтрүүлж төлсөн хоногийг тооцоолбол нийт 108 хоногоор хугацаа хэтрүүлж төлсөн болох нь нэхэмжлэгч Д.Хгийн Хаан банкин дахь депозит дансны хуулгаар нотлогдож байна.
Гэвч нэхэмжлэгч нь хариуцагч нарт гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон, зээлийн төлбөр төлөх талаар мэдэгдэж байсан, гэрээг цуцлах талаар мэдэгдэж байсан баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
9. Түүнчлэн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т Дараахь тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй:
225.4.1.үүргийг ялимгүй зөрчсөн;
225.4.2.энэ хуулийн 186.2-т заасан шаардлагыг зөрчсөн боловч үүрэг гүйцэтгүүлэгч гэрээг хүчин төгөлдөр байлгахыг шаардах эрхтэй байвал;
225.4.3.үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай;
225.4.4.үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзахаас өмнө үүрэг гүйцэтгэгч хариу шаардлага гаргасан, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзсаны дараа хариу шаардлага нэн даруй гаргах боломжтой бол гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан.
Хариуцагч Н.С, Н.Ц нар 2022 оны 3 дугаар сараас хойшхи зээлийн төлбөр төлөх хугацааг нийт 108 хоногоор хугацаа хэтрүүлснийг урт хугацаатай гэрээний хувьд үүргийг ялимгүй зөрчсөн үзэх үндэслэлтэй.
10. Ийнхүү хариуцагч Н.С, Н.Ц нар урт хугацаатай зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч Д.Х гэрээг шууд цуцлах эрхгүй тул орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн орон сууцны ашиглалтын явцад гарсан төлбөрт 770,032 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад биелүүлсэн байх тул тухайн шаардлагыг биелүүлснийг батлах нь зүйтэй.
11. Хариуцагч Н.Ц 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Д.Хд хандан “Миний бие нь 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Д.Хтэй хувь лизингээр орон сууц худалдан авахаар тохиролцоо хийсэн. Одоогоор ажилгүй, орлогогүй болсон тул сар бүрийн зээлээ төлөх боломжгүй байна. 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс миний бие 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан тохиролцооны эрх үүргээс татгалзаж байгаа ба эхнэр Н.Сг гэрээ шинэчлэн байгуулах, цуцлахыг зөвшөөрч байна. Жич: Хэрэв байр буцаагдаж тохиролцоо цуцлагдвал байрны урьдчилгаанд өгсөн 18,000,000 төгрөгийг би буцаан авахгүй, эхнэр Н.Сд өгөхийг зөвшөөрч байна” гэх хүсэлтийг гаргасан байна. Тухайн хүсэлтийн дагуу талууд гэрээг шинэчлэн байгуулаагүй байх тул түүний хүсэлтийг хэрэгт ач холбогдолгүй гэж үзлээ.
12. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хугацаанаас хойш хариуцагч нар зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийг зөрчиж, төлбөрийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэрээг цуцлахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.
13. Шүүх хуралдаанд хариуцагч талаас дэлгэцээс хуулбарласан 17 хуудас дансны хуулга, Хаан банкнаас гаргуулсан 19 хуудас дансны хуулга, нийт 36 хуудас баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэж, мөн зүйлийн 44.4-т Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж тус тус заасан.
Хаан банкнаас гаргуулсан 19 хуудас дансны хуулгад тус банкны хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан байх боловч тухайн дансны хуулга нь хэний, ямар дугаартай дансны хуулга болох нь тодорхойгүй байна. Мөн дэлгэцээс хуулбарласан 17 хуудас дансны хуулгын эх сурвалж нь тодорхойгүй, хэний дансны хуулга болох нь тодорхойгүй байх тул хариуцагч талаас ирүүлсэн 36 хуудас баримтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
14. Хариуцагч Н.С, Н.Ц нарын 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хэлцлийн /орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ/ дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, орон сууцыг эзэмшиж, ашиглахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл нь энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.С нэхэмжлэгч Д.Хд холбогдуулан байрны үнэд төлсөн 33,360,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан боловч 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Н.С, Н.Ц нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хэлцлийн /орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ/ дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, орон сууцыг эзэмшиж, ашиглахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг даалгахаар өөрчилсөн. Хэдийгээр анх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Н.С гаргасан, өөрчилсөн шаардлагыг хариуцагч Н.С, Н.Ц нар хамтран гаргасан боловч хариуцагч Н.Ц Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй тул хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Хариуцагч Н.С, Н.Ц нар орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу орон сууцыг худалдагч талаас шилжүүлэн өгсний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байгаа, нэхэмжлэгч Д.Х орон сууцыг эзэмшиж, ашиглахад ямар нэгэн байдлаар саад учруулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч нарын 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хэлцлийн /орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ/ дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, орон сууцыг эзэмшиж, ашиглахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
15. Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Хгийн хариуцагч Н.С, Н.Ц нарт холбогдох орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, орон сууцны ашиглалтын явцад гарсан төлбөрт 770,032 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар биелүүлснийг баталж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар хариуцагч Н.С, Н.Ц нарын 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хэлцлийн /орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ/ дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, орон сууцыг эзэмшиж, ашиглахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
16. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагч Н.С, Н.Ц нарын сөрөг нэхэмжлэлдээ төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 324,750 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж түүнд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Хгийн хариуцагч Н.С, Н.Ц нарт холбогдох орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, орон сууцны ашиглалтын явцад гарсан төлбөрт 770,032 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар биелүүлснийг баталсугай.
2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар хариуцагч Н.С, Н.Ц нарын нэхэмжлэгч Д.Хд холбогдох 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хэлцлийн /орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ/ дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, орон сууцыг эзэмшиж, ашиглахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.С, Н.Ц нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 324,750 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж хариуцагч Н.Сд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ