| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0035/Э |
| Дугаар | 51 |
| Огноо | 2018-01-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Солонго,
Улсын яллагч Э.Бадрал,
Шүүгдэгч Х.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Х.Бт холбогдох эрүүгийн 1711002350131 дугаартай хэргийг 2017 оны 12 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Боржигон овогт Х.Б, Монгол Улсын иргэн, 1994 оны 11 сарын 21-ний өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн хороолол 61 дүгээр байр 19 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,
- 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 247 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
- 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ял шийтгэгдэж, өмнөх буюу 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 247 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр шүүгчийн 149 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сарын хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
-2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 592 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ...................................
Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 23-560 тоотод оршин суух хохирогч Б.Гэрэлбатын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, нэвтрэн орж 32 инчийн ТСЛ загварын эл си ди зурагт хулгайлж 112.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 15-521 тоот иргэн Г.Даваажавын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж СЛИМ брэндийн 32 инчийн эл си ди зурагт, гутал зэрэг эд зүйлс хулгайлж 304.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Батсууриас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өөрийн найз Борын гэрт Хайлаастын эцэст очиж уулзчихаад эргээд 5 буудал орохын наад талд гудамжинд миний орж хулгай хийсэн айлын хашааны том хаалга нь онгорхой, хашаан дотор нь монгол гэрийн хаалганы цоож нь ил харагдаж байсан. Тэгээд уг айлын хашаа руу орж гэрийн хажууд байх төмрөөр гэрийн хаалганы цоожийг эвдэх гэсэн чинь хаалганых нь хүрээ мод нь эвдрээд гараад ирсэн. Тэгээд уг айл руу орж гэрийн хойморт нь авдар дээр хар өнгийн 32 инчийн эл си ди зурагт авч газарт үүдэнд нь бэлдэж тавиад гэрийн орон доогуур байх хар өнгийн цүнхтэй хувцас зэргийг бэлдээд гэрээс гарч төв зам орж зам дээрээс такси бариад эргэж ирж уг гэр рүү орж зурагт болон цүнхтэй хувцас зэргийг аваад таксиндаа суугаад явж 17 замын эсрэг талд байх зурагт засварын хүнд 80.000 төгрөгөөр зарж борлуулаад сууж явж байсан таксиндаа суугаад явж байгаад хорооллын Дүүхээ худалдааны төвийн замын урд талд нь таксигаа зогсоогоод жолооч ахад би Дүүхээ худалдааны төвөөс орж юм аваадахъя гэж хэлээд таксинаас буугаад Дүүхээ худалдааны төв рүү ороод хойд хаалгаар нь гараад цаашаа зугтаасан. Тэгээд 10-р хороолол орж нэг караокед орж архи авч уугаад жаахан дуулж байгаад тэндээсээ гараад шар хаданд өөрийн найз болох Өлзийгийнд очиж хоносон. Тэгээд тухайн үед найз Өлзийд уг таксины жолооч ахын утас болох Нокиа загварын гар утсыг өгөөд чи ав гээд өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-39-41х/ болон түүний дахин яллагдагчаар өгсөн: “..Би 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Хайлаастаас уруудаад явж байгаад 70 давхарын замаар ороод Баянхошуу руу явдаг замаар явж байгаад замын хажууд улаан ягаан өнгийн блокон хашаатай айлын хашааны хаалга нь онгорхой байхаар нь дотогш явж ороод хашаан дотор байх монгол гэрийн хаалганы цоож болон цүүг нь гэрийн хажууд байсан нарийхан төмөр байхаар нь аваад тэр төмрөөр хаалгыг нь эвдээд дотор ороход гэрийн хойморт байсан 32 инчийн эл си ди зурагтыг баруун орны доор байсан цэнхэр өнгийн пүүз орон дээр байсан улаан цүнхэн дотор байсан хар хөх өнгийн пүүзийг цүнх зэргийг аваад хашааны үүдэн дээр зогсож байгаад такси бариад хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ломбард орж тавих гээд явж байгаад замд таарсан явуулын хүнд 100.000 төгрөгөөр зарж борлуулсан. Тэгээд нөгөө хоёр пүүзийг нь өөрөө өмсөж байгаад гэртээ үлдээсэн байсан. Дараа нь цагдаа нар хурааж авсан гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-106-107х/,
Шүүгдэгч Х.Батсууриас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Гэрэлбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өглөө 10 цаг өнгөрч байхад гарч яваад орой 20 цагийн үед гэртээ ирэхэд хашааны хаалга онгойсон, мөн гэрийн хаалга эвдэрсэн байхаар нь шагайж хараад хулгай орсон байна гээд шууд цагдаад дуудлага өгч цагдаагийн алба хаагч нар ирсний дараа хамт гэр рүүгээ орсон. Манай гэрийн ойр орчмын хүмүүс хулгай хийсэн хүнийг харсан юм шиг байна лээ. Сүүлийн хэдэн хоног би хөдөө ажлаар явсан байсан болохоор цагдаагийн байгууллагаас дуудсан цагт ирж чадаагүй” гэсэн мэдүүлэг /хх-21х/,
Гэрч Д.Аззаяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэртээ амарч байхад 16-17 цагийн үед байх цонхоор харсан чинь манай гэрийн урд талын хашаанд байх айлын хашаанд нэг залуу нохойндоо хоол өгөөд байгаа бололтой явж байсан юм. Тэгээд би тэр айлын хүүхэд нь нохойндоо хоол өгч байна гэж бодсон юм. Удалгүй байж байгаад дахин цонхоор харсан чинь тэдний хашааны үүдэнд бор саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ирсэн цүнхтэй юм ачаад удалгүй араас нь нэг зурагт барьж гарч ирээд багаажинд нь хийх гэж оролдоод багтахгүй болохоор нь арын хаалгыг нээж хийгээд яваад өгсөн юм. Тэгээд тэрнээс хойш 20 цагийн үед манай урд талын айлын хүн гэртээ ирсэн харагдаж байсан би гарч уулзсан чинь манай гэрт хулгай орсон байна зурагт авч явсан талаар хэлсэн юм. Тэгээд би өдөр танай гэрээс нэг хүн зурагт авч гараад машинд ачаад яваад өгсөн. Би танай хүүхдийг байх гэж бодсон гэж хэлсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-11х/,
Гэрч М.Бямбажаваас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн 3301 УНР дугаартай приус машинтайгаа 7-н буудалд байдаг худынхаасаа аваад гэр лүүгээ явж байтал 6-н буудал орчим зам дээр нэг залуу гар өргөөд зогсож байсан. Тэгээд намайг зогсоход нөгөө залуу Драгон явна гэхээр нь машиндаа суулгасан юм. Засмал замаас гараад шороон замаар явна гэхээр нь би жаахан дургүйцээд болъё гэсэн чинь зүгээрээ ахаа зам нь гайгүй гэхээр нь би зөвшөөрөөд аваад явсан. Төв засмал замын баруун тал руу гараад шороон замаар ороод өгсөөд явж байгаад хашааны хаалга нь дэлгээтэй байсан айлын урд очиж зогсоод та энд зогсож бай гэчихээд нөгөө айл руу ороод эхлээд цүнхтэй зүйл барьж гарч ирсээр машины багажинд хийсэн. Буцаж ороод гарч ирэхдээ зурагт барьчихсан ирсэн. Тэгээд зурагтаа бас ар тал руу хийх гэхээр нь хагарчихна урд талдаа аваад суу гэсэн чинь арын суудалд тавиад өөрөө урд талд миний хажууд суусан. Замдаа зурагтаа энэ засварын газар руу оруулаад өгөөдөхье тэгээд би Дархан явна, Дарханд ажилладаг юм. Баяраар хотод ирчихээд буцаж явна гэж хэлсэн. Тэгээд 17-н буудлын хажууд байдаг зурагт засварын гадаа очиж зогсоогоод эхлээд ар талынх нь засвар луу орж уулзчихаад эргэж гарч ирээд урд талд нь байсан засварын газар луу ороод гарч ирээд миний утсыг авч яваад хүмүүс рүү залгаж яриад байсан. Тэгээд 1 цаг орчим болсоны дараа зурагт засварын газрын хүн ирээд тэр залуу зурагтаа машинаас аваад орсон. Тэгээд алга болчихоор нь би араас нь яваад ортол зурагт засварын хүнтэй цуг зурагтаа асааж шалгаж үзэж байгаа бололтой байсан. Тэгээд зурагтаа үлдээчихээд гарч ирээд миний машинд суугаад явж байгаад Дүүхээ төвийн орчим очоод ээждээ гэрийн түлхүүр өгөөдөхье гээд буугаад явах гэхээр нь миний утсыг бариад буух гэхээр нь араас нь бариад авах гэтэл шууд гүйгээд замын эсрэг тал руу гараад явчихсан” гэсэн мэдүүлэг /хх-12-13х/,
Гэрч Я.Шагдаржаваас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 6-н буудалд байдаг хүү Ганзоригийн хашааны гадна талд хөдөө явах гээд машинд эд зүйл ачиж байтал над руу манай бэр нэг танихгүй дугаараас залгаад хүн зурагт засуулъя гэнээ гээд дуудахаар нь би такси бариад ажил дээрээ ирсэн. Намайг засвар луугаа яваад ортол энэ зурагт байгаа юм гэж хэлэхэд эзэн нь байхгүй байсан. Тэгээд байж байтал гаднаас нэг залуу орж ирсэн. Би тэр залуугаас юу нь эвдэрсэн юм бэ гэж асуусан чинь би засуулах гээгүй юм аа зарах гэж байгаа юм гэж хэлсэн. Хэд юм бэ гэж асуусан чинь 100.000 төгрөг гэж хэлсэн. Тэгвэл би авахгүй гэж хэлсэн чинь нөгөө залуу би хүүхэд рүүгээ явах гэсэн юм та 60.000 төгрөгөөр авчихаач гэхээр нь би бичиг баримтаа үзүүл гэсэн чинь хаанаасаа гаргаж ирснийг нь мэдэхгүй гадаад паспорт гаргаад ирсэн. Гэхдээ би паспортыг нь үзээгүй юм. Тэр үед надад 26.000 төгрөг байсан болохоор хажуу талд ногоо зардаг хүнээс 25.000 төгрөг зээлсэн. Үлдсэн мөнгийг нь замын эсрэг талд байдаг эмийн сангийн хүнээс зээлж аваад нөгөө залууд 60.000 төгрөг өгөөд явуулсан” гэсэн мэдүүлэг /хх-14-15х/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-9х, 72-75х/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-31-32, 96-97х, 101-102х/,
Хурааж авсан эд зүйлийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-84-85х/,
Шүүгдэгч Х.Батсуурийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 43/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 48/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Х.Б нь 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 23-560 тоотод оршин суух хохирогч Б.Гэрэлбатын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, нэвтрэн орж 32 инчийн ТСЛ загварын эл си ди зурагт хулгайлж 112.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 15-521 тоот иргэн Г.Даваажавын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж СЛИМ брэндийн 32 инчийн эл си ди зурагт, гутал зэрэг эд зүйлс хулгайлж 304.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Х.Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Х.Батсуурийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнийг нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч Х.Батсууриас хохирлын 112.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Гэрэлбатад, 304.000 төгрөгийг хохирогч Г.Даваажавд тус тус олгож шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 330 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурьдав.