Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 30

 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч С.Сугар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч П.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн яллагдагч П.Сд холбогдох 1730002070010 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, 1984 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Онгон сум 2 дугаар баг Шар бүрд гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, П.С.

 

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч П.С нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, иргэн Б.Эын гэрт 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хадам ээж 66 настай М.Тийг загнан биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үснээс нь зулгаан чирж, нүүр рүү нь цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний гадна буланд зулгаралт, хамарт, баруун хөмсөгний гадна буланд, баруун нүдний дотор буланд, зүүн нүдний дотор буланд, зүүн нүдний гадна буланд, зүүн хацар, шанаанд, доод уруулын зүүн хэсэгт, зүүн даланд цус хуралтууд, толгойн хуйх, зүүн хацар шанаа, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч П.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 12 сарын 13-ны өдөр хадмындаа очиж, хадам ээжийгээ цохисон нь үнэн. Би хадам ээжийг үүд рүү чирээд 2-3 удаа цохисон нь үнэн. Миний нэр төрийг сэргээж өг, олон удаа гадуур буруу зүйл ярьж явсан байна гэж хэлсэн. Манай хадам ээж сая хоол идсэн хүүхдүүдийг дагуулж явж яах гэж байгаа юм явуулахгүй гээд уурласан. Чи өөрөө дагаж яваад хоолоо идэхгүй юу гэж хэлсэн ... гэв.

 

- Хохирогч М.Тийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Манай хүү Э 2004 онд С гэдэг хүнтэй гэр бүл болоод одоо 6-13 насны 3 хүүхэдтэй болсон. Онгон суманд хөдөө амьдардаг байсан бөгөөд би тэдний хүүхдүүдийг хараад аймаг дээр амьдардаг юм. Э, С нар аймаг руу хааяа ирдэг. 2017 оны хавар 04 дүгээр сард С аймаг дээр ирээд аймагт өөр хүнтэй болоод хөдөө гэр рүүгээ эргэж яваагүй. С нь тэр залуугийндаа хүүхдүүдээ авч очсон байсан. Сийг хааяа гэртээ ирэхэд нь түүнээс “хүүхдүүдийн 20.000 төгрөг хүүхдүүдийн дансанд орж байгаа юу” гэж асууж байсан. С, Э нар шүүхэд салах өргөдөл өгсөн боловч 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүх тэдэнд эвлэрэх хугацаа өгсөн юм билээ. Тэгээд тэр хоёр шүүхээс шууд манайд ирээд С нь над руу дайрч давшлаад “Чи намайг гадуур элдвээр ярьж явлаа, би хүүхдүүдийнхээ мөнгийг авах эрхгүй боллоо” гээд байсан. Тэгснээ намайг үснээс чирж, хацар нүүр ам руу олон удаа цохиж маажсан. Энэ үед манай хүү Э босоод ирэхээр нь би “Чи хэрэггүй” гэж хэлээд суулгасан. Тэгээд тэр оройдоо миний толгой өвдөөд даралт ихэссэн. Оройдоо түргэнд үзүүлээд маргааш нь цагдаад хандсан. Гомдолтой байна... гэх мэдүүлэг / хх-06-07 /, 

 

        - Яллагдагч П.Сийн хэрэг бүртгэлтэнд гэрчээр өгсөн: “...Би 2005 онд Этай сууж тэр цагаасаа Онгон суманд хөдөө амьдарч 3 хүүхэдтэй болсон. Хүүхдүүд маань сургууль орсон цагаасаа аймагт амьдрах болсон. 2017 оны хавар нөхөр бид хоёр муудалцаад би аймагт ирсэн. Манай нөхөр намайг байнгын дарамталдаг байсан. Маргалдаж муудалцаж байсан тохиолдол олон байгаа. Энэ байдлаас болж би шүүхэд салах өргөдөл өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхээс дуудаж бидэнд эвлэрэх хугацаа өгөөд гэр бүлээрээ хоолонд ор гэж зөвлөсөн юм. Тэгээд бид гэртээ ирээд хүүхдүүдээ аваад хоолонд орох гэсэн чинь хадам ээж Т хүүхдүүдийг явуулахгүй болохоор нь би уурлаад түүнд хандан “Та миний тухай гадуур элдвийн юм ярьж явдаг. Миний нэр сүрийг сэргээж өг” гээд үснээс нь татаад хаалга руу нь чирсэн. Ингэж чирч байхдаа нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. Миний буруу. Би хадам ээжийг манай гэр бүлийн амьдралд оролцоод байдаг болохоор уурандаа тийм үйлдэл гаргасан. Миний хувьд Т.М гэдэг залуутай хааяа уулздаг нь үнэн ... гэх мэдүүлэг /хх-20-21/,

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаартай дүгнэлтэнд: “М.Тийн биед тархи доргилт, баруун нүдний гадна буланд зулгаралт, хамарт, баруун хөмсөгний гадна буланд, баруун нүдний дотор буланд, зүүн нүдний дотор буланд, зүүн нүдний гадна буланд, зүүн хацар, шанаанд, доод уруулын зүүн хэсэгт, зүүн даланд цус хуралтууд, толгойн хуйх, зүүн хацар шанаа, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэлүүд тогтоогдлоо. ...Уг гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ / хх-14/,

 

-  8735 дугаартай Яаралтай тусламжийн хуудас /хх-04/

- П.Сийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-25/

 

- П.Сийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-23/

 

- Хохирогчийн гэрэл зураг /хх-27/

 

- Сүхбаатар аймгийн Онгон сумын 2-р багийн засаг даргын 2018.01.18-ны өдрийн 51 дугаартай тодорхойлолт /хх-26/

 

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 14 дугаартай хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын санал /хх-38/ зэрэг болно.

 

                     

 Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

 Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. 

 

 Шүүгдэгч П.Сийн холбогдсон дээрх хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд прокурорын яллах дүгнэлтэнд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичиж, яллагдагчид танилцуулж, гарын үсэг зуруулсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна гэж үзлээ. 

 

          Шүүгдэгч П.С нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн Эын гэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хадам ээж буюу 65 настай М.Тийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж үснээс нь зулгаан чирж, нүүр рүү нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний гадна буланд зулгаралт, хамарт, баруун хөмсөгний гадна буланд, баруун нүдний дотор буланд, зүүн нүдний дотор буланд, зүүн нүдний гадна буланд, зүүн хацар, шанаанд, доод уруулын зүүн хэсэгт, зүүн даланд цус хуралтууд, толгойн хуйх, зүүн хацар шанаа, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал ” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч П.Сийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч М.Тийн мэдүүлэг, 2017.12.13-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудас, Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч П.С нь ялимгүй зүйлээр шалтаглан бие хамгаалж чадахгүйг нь мэдсээр байж 65 настай хадам ээж М.Тийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь түүний яллагдагчаар өгсөн “ 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхээс дуудаж бидэнд эвлэрэх хугацаа өгөөд гэр бүлээрээ хоолонд ор гэж зөвлөсөн юм. Тэгээд бид гэртээ ирээд хүүхдүүдээ аваад хоолонд орох гэсэн чинь хадам ээж Т хүүхдүүдийг явуулахгүй болохоор нь би уурлаад түүнд хандан “Та миний тухай гадуур элдвийн юм ярьж явдаг. Миний нэр сүрийг сэргээж өг” гээд үснээс нь татаад хаалга руу нь чирсэн. Ингэж чирч байхдаа нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. Миний буруу. Би хадам ээжийг манай гэр бүлийн амьдралд оролцоод байдаг болохоор уурандаа тийм үйлдэл гаргасан. Миний хувьд Т.М гэдэг залуутай хааяа уулздаг нь үнэн ” гэх, 

хохирогч М.Тийн өгсөн “ 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүх тэдэнд эвлэрэх хугацаа өгсөн юм билээ. Тэгээд тэр хоёр шүүхээс шууд манайд ирээд С нь над руу дайрч давшлаад “Чи намайг гадуур элдвээр ярьж явлаа, би хүүхдүүдийнхээ мөнгийг авах эрхгүй боллоо” гээд байсан. Тэгснээ намайг үснээс чирж, хацар нүүр ам руу олон удаа цохиж маажсан ” гэх мэдүүлгүүдээр тогтоогдоно.

П.Сийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

Уг хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д “ хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж “ гэж тодорхойлжээ.

           

П.С гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр хуулиар хамгаалагдсан бусдын эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж түүнийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

 

           Шүүгдэгч П.Сд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

           Иймд шүүгдэгч П.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж зодсон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

          

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

          Шүүхээс шүүгдэгч П.Сийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

          Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

 

          Шүүгдэгч П.Сийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтоолоо. 

Харин шүүгдэгч П.Сийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

П.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болно.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Тийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, тэрээр хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй бөгөөд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргаж хангуулах эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч П.Сийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Сийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан П.Сд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан П.Сд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  5. Ялтан П.Сд энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч нэхэмжлэл гаргаагүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Т нь өөрт учирсан хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргаж хангуулах эрхтэйг тайлбарласугай. 

 

  7. Ялтан П.Сд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН