Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 02065

 

 

 

 

 

 

 

 

 

Т.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/02125 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: Т.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Э-” боловсрол сургалтын байгууллагад холбогдох

 

3 960 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь өөрийн 5 настай хүү А.С-ыг “Э-т” боловсрол сургалтын байгууллагад сургахаар тус цэцэрлэгтэй 2019 оны 8 сарын 21-ний өдөр сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээг байгуулсан. Гэрээний дагуу нийт 8 910 000 төгрөг төлсөн. Гэвч шинэ төрлийн корона вирусээс урьдчилан сэргийлэх үүднээс улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 01 сарын 27-ны өдрөөс цэцэрлэгийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зогсоох шийдвэр гарсан. Хичээлийн хагас жилийн төлсөн төлбөртэй тэнцэхүйц үр дүн, үйлчилгээ, сургалт, хоол хүнсийг авч чадаагүй болно. “Э-” боловсрол сургалтын байгууллагын удирдлагын зүгээс 2020 оны 4 сарын 17-ны өдөр гаргасан сургалтын төлбөрийн тухай мэдэгдэл нь хэт нэг талыг барьсан, нэхэмжлэгчид хохиролтой шийдвэр гарсан. Тиймээс эцэг, эхчүүдийн зүгээс 2020 оны 4 сарын 27-ны өдөр “Э-” боловсрол сургалтын байгууллагын захиргаанд албан шаардлага хүргүүлсэн боловч тус цэцэрлэгийн зүгээс 2020 оны 4 сарын 30-ны өдрийн 20/12 дугаар албан бичгээр шаардлагыг биелүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд 2019 оны 8 сарын 21-ний өдрийн сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3 дах хэсэгт заасны дагуу “Э-” боловсрол сургалтын байгууллагаас сургалтын төлбөр болох 3 960 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Э-” БСБ нь нэхэмжлэгч Т.М-тай 2019 оны 8 сарын 21-ний өдөр сургуулийн өмнөх боловсрол сургалтын гэрээг байгуулж, түүний 5 настай хүү А.С-ийг тус цэцэрлэгт сургахаар харилцан тохиролцож, сургалтын төлбөрт нэхэмжлэгчийн зүгээс 8 910 000 төгрөгийг төлсөн. Улмаар “Э-” боловсрол сургалтын байгууллагын сургалтын үйл ажиллагаа 2020 оны 01 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хэвийн тасралтгүй явагдаж байсан боловч шинэ төрлийн корона вирус цар тахал гарч уг тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын онцгой комиссоос мөн өдрөөс 2020 оны 3 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд улмаар улсын онцгой комиссоос шат дараалсан шийдвэр гарсаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг үндсэнд нь зогсоож шийдвэрлэсэн. Улмаар дээрх үйл явдал буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдлын улмаас ганцхан тус цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан бус улс даяараа дээрх нөхцөл байдлын улмаас хүнд нөхцөл байдалд орж олон аж ахуй нэгж байгууллагууд хаалгаа барьсан. Харин “Э-”-ийн зүгээс хэдий цэцэрлэгтээ хүүхдүүдэд биет байдлаар сургалтын үйл ажиллагаа эрхлэх боломж нь биднээс үл шалтгаалах асуудлаас болж үргэлжлэх боломжгүй болсон хэдий ч сургалтын байгууллага тэр дундаа сургуулийн өмнөх насны боловсролын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн байгууллагын нэр хүнд, түүнчлэн талуудын хооронд байгуулсан сургалтын гэрээ зэргээ ухамсарлаж хүүхдүүдээ чанарлаг хүнсээр гэрээр нь хангах, видео хичээл бэлтгэж хүүхдүүддээ хүргэх зэрэг арга хэмжээг цаг үргэлж явуулсаар ирсэн. Цэцэрлэгийн үйл ажиллагааны тухайд төсөв бүтэн жилээр батлагддаг тул төсөвт тусгагдсан үйл ажиллагаагаа хэвийн явуулж, хэдий хүүхдүүд ирэхгүй байгаа ч гэсэн цэцэрлэгийн зүгээс хүүхдүүд рүүгээ чиглэсэн үйл ажиллагааг явуулсаар байгаа. Мэдээж цар тахлын улмаас цэцэрлэг хэвийн үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа боловч бусад хувийн цэцэрлэгийн жишгээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байх хугацаанд эцэг эхчүүдээс сургууль цэцэрлэгийг хаах Улсын онцгой комиссын шийдвэр гарснаас хойш сургалтын төлбөрийн үлдэгдлээ буцаан авах хүсэлтийг эрчимтэй гаргах болсон. “Э-”-ийн тухайд дээрх асуудалд хүндэтгэлтэй хандаж аль болох эвийн журмаар шийдвэрлэхээр зорьж ирсэн бөгөөд зарим эцэг, эхчүүд бидний тавьсан саналыг хүлээж авахаас татгалзсан бөгөөд цэцэрлэгийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэрэв гэрээ цуцлах гэж байгаа бол Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т зааснаар гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөлийг заасан. Иргэний хуульд хүндэтгэн үзэх шалтгаанаар талууд гэрээнээс татгалзах тохиолдлыг зохицуулсан. Энэ тохиолдолд хэн аль нь гэрээний хариуцлага ярихгүйгээр мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дах хэсэгт зааснаар татгалзаж болно. Хариуцагчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхтэй холбоотой талуудын хооронд байгуулсан гэрээний 9.1-9.10-т заасан үүргийн гүйцэтгэлийг зөрчөөгүй гэж үзэж байна. Эрсдэлийг хэн аль нь 50, 50 хувиар хүлээхээр байгаа. Мөн гэрээний 2.7-д зааснаас үзвэл хичээлийн 2 улиралтай байхаар заасан ба гэрээний 7.5.3-т зааснаар 50 хувиас дээш хугацаанд цэцэрлэгт хамруулсан бол төлбөрийг буцаан олгохгүй гэж тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгчийн шаардлага нь нийт төлбөрийн 50 хувийг шаардсан. Энэ нь гэрээний 7.5.3-т зааснаар тогтоогдохгүй гэж үзэж байна. Түүнчлэн нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3 дах хэсэгт заасныг үндэслэж байгаа бол мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дах хэсэгт зааснаар гэрээ цуцлагдсан гэж үзнэ. Биеийн тамир, балет, усан спортын сургалт явагдаагүй гэж тайлбарлаж байна. Гэтэл сургалтын хугацаанд дээрх сургалтууд явагдсан бөгөөд үлдэх хугацаанд явагдаагүй нь цэцэрлэгийн буруутай үйл ажиллагаа биш юм. Нэгэнт гэрээнд заасан сургалтын хөтөлбөрийн 50 хувь нь биелэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч тал шаардлагадаа дурдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3 дах хэсэгт зааснаар хариуцагч “Э-” боловсрол сургалтын байгууллагаас 3 960 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.М-ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 310 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Э-” боловсрол сургалтын байгууллагаас 78 310 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шүүх талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг зөв дүгнэсэн боловч хариуцагч өөрийн татгалзлыг нотлох боломжийг бүрдүүлэлгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Ц.Цолмонбаяр, Х.Хүрэлбаатар, Т.Болорбат, Б.Уранзаяа, Г.Билгүүн, Д.Билгүүн, Б.Мандахбаяр, Т.М-, Г.Соёмбо, Б.Сэлэнгэ, Л.Уранчимэг нарын 11 иргэний нэхэмжлэлтэй “Э-”-т холбогдох иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан. Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхэд хянагдаж байсан Д.Билгүүний нэхэмжлэлтэй “Э-”-т холбогдох иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дах хэсэгт заасныг үндэслэж дээрх 11 иргэний нэхэмжлэлтэй “Э-”-т холбогдох иргэний хэргүүдийг нэгтгүүлэх хүсэлт гаргасныг 2020 оны 8 сарын 05-ны өдрийн 183/Ш32020/10972 дугаар шүүгчийн захирамжаар хангаж, Д.Билгүүний нэхэмжлэлтэй “Э-” боловсрол сургалтын байгууллагад холбогдох иргэний хэргийг Г.Оюу-Ундрахын нэхэмжлэлтэй хэрэгт нэгтгэж шийдвэрлэсэн байдаг. Хэргийг нэгтгэн шийдвэрлэх зайлшгүй шаардлага бидэнд байсан нь хэргийг үнэн зөв эргэлзээгүй талаас нь хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардагдах нотлох баримт болох цар тахлын үед ч цэцэрлэгийн зүгээс талуудын хооронд байгуулсан сургалтын гэрээ, сургуулийн өмнөх насны боловсролын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаагаа явуулж ирсэн, хүүхдүүддээ чанарлаг хүнсээр хангах, видео хичээл бэлтгэж цахим болон бусад хэлбэрээр хүүхдүүддээ хүргэх зэрэг арга хэмжээг цаг үргэлж явуулсаар ирсэн талаарх нотлох баримтуудыг Д.Билгүүний нэхэмжлэлтэй “Э-” боловсрол сургалтын байгууллагад холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн байдаг. Тодруулбал, тухайн баримтууд нь эцэг, эхчүүдэд хүүхдийн хүнс болон хичээлийг хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан баримтууд бөгөөд тухайн баримтыг нотариатаар батлуулах ямар ч боломжгүй ганцхан эх хувь баримтууд байсан тул бид тухайн баримтыг нэг шүүхэд хянагдаж байгаа 11 нэхэмжлэгчтэй иргэний хэрэгт мөн тоогоор хувилж нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгөх боломжгүй байсан. Дээрх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан эрхээ эдэлж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлж чадаагүйг дурдах зайлшгүй шаардлагатай. Дээрх нөхцөл байдлыг хуульд заасан аргаар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг нэгтгэх замаар зөвтгөх боломж шүүхэд байсан хэдий ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан хэрэг нэгтгэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан хэргийн оролцогчийн мэтгэлцэх, татгалзлыг нотлох боломжийг үгүй хийж, үйл баримтад хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн хууль бус шийдвэр болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Т.М- нь хариуцагч “Э-” боловсрол сургалтын байгууллагад холбогдуулан гэрээний үүрэгт 3 960 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Т.М-ын нэхэмжлэлтэй “Э-” боловсрол сургалтын байгууллагад холбогдох иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа “Э-” боловсрол сургалтын байгууллагад холбогдох бусад иргэний хэргүүдтэй нэгтгүүлэх, улмаар эвлэрэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна. /хх-ийн 38-р тал/

 

Дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хэрэгт бичгийн хэлбэрээр авагдаагүй байх бөгөөд тус хүсэлтийг хангахгүй орхисон талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дах хэсэгт “Шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана” гэж заасныг зөрчжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь цэцэрлэгийн зүгээс видео хичээл бэлтгэн, цахим хэлбэрээр зааж байсан, энэ талаарх нотлох баримтууд бусад иргэний хэрэгт байгаа талаар тайлбарласан байхад татгалзлаа нотлох боломжийг шүүхээс олгоогүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна. 

 

            Хариуцагч “Э-” боловсрол сургалтын байгууллага нь цахим хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулсан эсэх нөхцөл байдал нь хөлсөөр ажиллах гэрээний үүргээ гүйцэтгэсэн эсэх талаар дүгнэлт өгөхөд ач холбогдолтой. Уг нөхцөл байдлыг тогтоохтой холбоотой хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүгчийн захирамж бичгээр гараагүй, үндэслэл нь тодорхой бус байх тул давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/02125 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.      

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                         ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

                                                                                                 

                                                                                                Г.ДАВААДОРЖ