Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/12

 

                                       З.Б*******д холбогдох эрүүгийн

                                                         хэргийн тухай

                          

                      

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанд

 

Прокурор Э.Гантулга,

Яллагдагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц*******,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Гомбодорж /цахим/, Э.Түвшинбаяр /цахим/,

Нарийн бичгийн дарга М.Энхмаа нарыг оролцуулан

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/99 дугаартай захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч Б.Гомбодорж, Э.Түвшинбаяр нарын давж заалдах гомдлыг үндэслэн яллагдагч З.Б*******д холбогдох эрүүгийн 2215002330038 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, З.Б.

З.Б******* нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Б******* сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “А*******” амралтын газрын хашааны гадна хэсэгт ...... улсын дугаартай Бенз Жи-550 загварын тээврийн хэрэгслийг жолоодох үедээ тээврийн хэрэгслийн урд зогсож байсан Ж.Э*******ийг мөргөж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Булган аймгийн Прокурорын газраас: З.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/99  дугаар захирамжаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б.д холбогдох эрүүгийн 2215002320038 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Булган аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Гомбодорж, Э.Түвшинбаяр нар давж заалдсан гомдолдоо:

“...Булган аймгийн прокурорын газраас 2023 оны 02 сарын 06 өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг үйлдсэн байна. Тогтоолд дурдсанаар “...З.Б******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Б******* сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “А*******” амралтын газрын хашааны гадна хэсэгт 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ........... улсын дугаартай Бенз Жи-550 загварын тээврийн хэрэгслийг жолоодох явцдаа тээврийн хэрэгслийн урд зогсож байсан Ж.Э*******ийг мөргөж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай...” гэжээ. Хохирогчийн өмгөөлөгчдийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээс амь хохирогч Ж.Э******* нь ....... улсын дугаартай Бенз Жи-550 загварын тээврийн хэрэгслийн урд зогсож байгаагүй бөгөөд яллагдагч З.Б******* нь тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу согтуурсан байх үедээ тус автомашиныг жолоодон хашааны гадна зогсож байсан амь хохирогчийг санаатайгаар мөргөж амь насыг нь хохироосон гэж үзэхээр байна. Учир нь яллагдагч З.Б******* гэрчээр мэдүүлэхдээ “...би сэрээд сумын төв рүү явж байхад үүр цайж эхэлж байсан юм. Хорхогны махыг найз С*******ын амбаараас аваад Б******* ахын гэрээс очиж Булган аймгаас захиж авч ирүүлсэн тарваганы тулмыг аваад буцаад амралтан дээрээ ирсэн, тэгээд бид гурав тамхигүй болчхоод од дэлгүүр онгойж байгаа байх тамхинд явъя гэж хэлэхэд Э******* ах хоёулаа хамт явъя гэхээр нь тэгье тэгье гээд шовгороос гарсан. Гараад Э******* ах бид хоёр шовгорын ард талруу алхсан. Би түрүүлээд алхаад шовгорын араас З*******ахын ....... улсын дугаартай машиныг эргүүлэхээр машинд сууж байхад Э******* ах хашаа давж байгаа харагдсан. Би машиныг жолооны ард суугаад маш хурдтай эргэлт хийсэн юм..,” гэх мэдүүлэг, гэрч З.З*******мэдүүлэхдээ “...тэгтэл Э******* хаашаа явах гэж байгааг нь би тухайн үед мэдээгүй шовгороос гараад явсны дараа удалгүй Бат- Эрдэнэ шовгороос гараад саравчны тийш явахаар би Бат-Эрдэнийн араас шовгороос гараад Б******* рүү явсан чинь Б******* миний машин дээр явж очоод машиныг онгойлгоод машины жолооны хэсгийн сандал дээр суучхаар нь би араас нь явж очоод урд талын жолоочийн хажуу талын сандал дээр суугаад Э******* хаашаа явсан гэж асуусан чинь хойшоо явчихсан гэх шиг болсон. Тэгсэн Б******* машин асаагаад хөдөлгөөд амралтын газрын хашааг хойгуур нь тойрохоор нь би Э*******ийг очиж авах гэж байна ойлгоод сууж байсан сандлаа хойш нь болгоод малгайгаа доош нь дараад хэвтэж байсан чинь удалгүй машин нэг сонин түк хийгээд юм мөргөх шиг болохоор харсан чинь Э******* жолооч талын чигтээ газар хажуу талаараа хэвтэж байсан...” гэх мэдүүлгүүдэд тодорхой дурдсан байна.

Өөрөөр хэлбэл амь хохирогчийг хаана байгааг яллагдагч нь маш сайн мэдэж байсан бөгөөд өөрийн үйлдлийн учир холбогдлыг мэдэх, ойлгох хэмжээнд байсан талаараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлдэг бөгөөд түүний сумын төв орж айлуудаас бэлтгэсэн байсан мах авч байгаа үйлдлүүд болон тухайн мах өгч буй гэрч нарын мэдүүлгээс тодорхой харж болохоор байна. Мөн тогтоол болон гэрч нарын мэдүүлэгт дурдаж буйгаар яллагдагч нь З.Б******* нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь нотлогддог бөгөөд түүнийг Ж.Э*******ийн амь насыг хохирооход согтуу байсан нь түүний үйлдлийг зөвтгөхгүй буюу болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэж үзэх үндэслэлгүй буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн шинжтэй байна. Хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийг хийлгэхдээ яллагдагчийг буруутгаж буй зүйлчлэлийг хөнгөдсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлүүлэхээр хэргийг буцаалгах хүсэлтийг гаргасан байхад анхан шатны шүүх хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл хохирогчийн зүгээс шинжээчийн дүгнэлт болон бусад үйл баримттай өмгөөлөгчөөр дамжуулан танилцсан бөгөөд маргаантай зүйл байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/99 дугаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, яллагдагчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд зааснаар өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хийж өгнө үү” гэжээ.

 

Прокурор Э.Гантулга эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хэргийг прокурорт буцаахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Захирамжийн 1 дэх заалтын тухайд: Хэрэгт амь хохирогч Ш.Э*******ийн ээж З.Ц*******г мөрдөгчөөс 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон, мөн иргэний нэхэмжлэгчээр давхар тогтоохдоо тус хуулийн 8.2 дугаар зүйл “хохирогчийн эрх”, 8.5 дугаар зүйл “иргэний нэхэмжлэгчийн эрх”-ийг тус тус тайлбарлан өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна. Өөрөөр хэлбэл амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хууль ёсны төлөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийн энэ хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж зааны дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эрхийг бүрэн дүүрэн эдэлж явсан болох нь хавтаст хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байсан бүхий л бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нь хуульд заасан хохирогчийн эрхийг хууль бусаар хязгаарласан, эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Захирамжийн 2 дахь заалтын тухайд: Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №31 дугаартай дүгнэлтийг Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяа гаргаж улмаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан “Шинжээчийн дүгнэлтийг шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно” гэсний дагуу өөрийн “Хүний их эмч” гэсэн хувийн тэмдэг дарж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байхад хэт нэг талыг барьж хуулийг буруу тайлбарласан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Захирамжийн 3 дахь заалтын тухайд: 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд МСҮТ-ийн ЗХХД-ийн багш, Д.Батбаяр, мэргэжлээрээ 19 жил, Миний жолоо авто сургуулийн ЗХХД-ийн инженер Ш.Дуламсүрэн мэргэжлээрээ 35 жил, “Техник номгон” ХХК-ийн инженер С.Лхагвасүрэн мэргэжлээрээ 28 жил тус тус ажилласан хүмүүсийг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргасан ба ингэхдээ шинжээчид эрх үүрэг тайлбарлан өгч, “шинжээчээр томилох хүний тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгаж, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсан тухай тэмдэглэл”-ийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үйлдэж шинжээч нараар гарын үсэг зуруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Мөн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц******* нь өмгөөлөгчөөр дамжуулж мөрдөн шалгах ажиллагаанд оролцоно гэсний дагуу түүний өмгөөлөгч Б.Гомбодорж, Э.Түвшинбаяр нар нь мөрдөн шалгах ажиллагааны бүхий л үе шаттай танилцаж явсан. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны аль ч үед оролцогчийн эрхийг хязгаарласан талаар хэргийн оролцогч нараас гомдол хүсэлт гаргаагүй байхад шүүх хэтэрхий хийсвэр байдлаар дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Иймд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №2023/Ш3/99 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4-д заасныг зөрчсөн, захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Гомбодорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын яллах дүгнэлтэд тухайн авто машины урд зогсож байсан Э*******ийг мөргөөд амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэж үздэг. Шүүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх ёстой байтал болгоомжгүйгээр хүний амь нас хохироосон гэж зүйлчилсэн талаар урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргасан боловч энэ талаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй. Яллагдагчийн хувьд амь хохирогчийг хаана зогсож байсныг сайн мэдэж байсан. Тухайн үед болсон үйл явдлын учир холбогдлыг мэдэж байсан талаар гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Өмнө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э*******ийн амь насыг хохироосон үйлдлийг болгоомжгүйгээр хүнийг алсан гэж зүйлчлэх боломжгүй юм. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхад үүнийг анхаарахгүй байна. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлүүлхээр хэргийг буцаах хүсэлт гаргахад анхан шатны шүүх хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэсэн дүгнэлтүүдийг хийсэн. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт бусад үйл баримттай хохирогч Ц******* нь өмгөөлөгчөөрөө дамжуулан танилцсан. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн 99 дугаартай захирамжид өөрчлөлт оруулж, Б*******д холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлүүлэх хүсэлтэй байна“ гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Яллагдагч Б*******д холбогдох үйлдэл Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлд заасан хүний амь насны эсрэг бүлэгт хамаарах гэмт хэрэг мөн. Зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үү эсхүл болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үү гэдгийг шүүхээс дүгнэлт хийж өгнө үү гэж анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлтүүдтэй хэргийн оролцогч нар танилцсан. Тухайн дүгнэлтүүдийг үндэслэлгүй байсан, маргасан, эс зөвшөөрсөн зүйл байхгүй.  2 дүгнэлт хоорондоо зөрүүтэй гарсан. Дараа нь гарсан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт өмнөх дүгнэлтийг үгүйсгээд байдаг. Бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтэд хэргийн оролцогч нарын хэн аль нь маргадаггүй. Анхан шатны шүүхээс дахин дүгнэлт гаргуулна гэж шийдээд байгаа нь хэргийн оролцогчийн маргаагүй, мэтгэлцээгүй асуудлыг хөндлөнгийн байр сууринаас өөрсдөө гаргаж ирж дүгнээд байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний нэхэмжлэгчээр тогтоогоод давхар хохирогчоор тогтоосон нь хуулиар тогтоосон журмыг зөрчлөө гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Практик дээр хохирогчийг давхар иргэний нэхэмжлэгчээр тогтоогоод явдаг зохицуулалттай. Миний үйлчлүүлэгчийн эрхийг хязгаарласан зүйл байхгүй. Бид хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эрхээ эдлээд явж байгаа. Тухайн гэмт хэрэгтэй холбоотой гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэлээ гаргаад явж байна. Иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоогдоод явж байгаа нь хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй. Прокурортой зарим талаар байр суурь нэг байгаа. Хэргийг энэ үндэслэлээр буцаах ямар ч шаардлага байхгүй. Хохирогч, түүний өмгөөлөгч нарын хүсээд байгаа зүйл нь үндэслэлгүйгээр зүйлчилсэн байна. Цааш нь энэ хэргийг мөрдөн байцаах ажиллагаанд буцаах, зайлшгүй тодруулах зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлогдвол зохих ажиллагаанууд бүгд хийгдсэн. Харин энэ ажиллагаатай холбоотой Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан үйлдэл үү, 10.6 дугаар зүйлд заасан үйлдэл үү гэдгийг ялган зүйлчлэх нь чухал гэж үзэж байна. Хэрэв давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлэн авах боломжгүй бол анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг буцаагаад байгаа нь үндэслэлгүй байна“ гэв.

 

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч нарын тайлбартай санал нэг байна“ гэв.

 

 

Яллагдагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурор, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын гаргасан хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд буцаах үндэслэлгүй гэдэг саналыг дэмжиж оролцож байна. Энэ хэрэг өнөөдрөөс 10 сарын өмнө үйлдэгдсэн. Хэргийг тодорхой хугацаанд шалгаж тогтоосон. Ийм учраас шүүгчийн захирамжийн хэргийг буцаах талаар заасан тодорхой хэсэг үндэслэлгүй байгаа талаар прокурор, өмгөөлөгч нар тодорхой ярьсан тул дүгнэлт алга. Харин хэргийн зүйлчлэлийн хувьд прокурорын саналыг дэмжиж оролцож байна. Гэмт хэргийг зүйлчлэхдээ санаа зорилго, сэдэлтийг нэн тэргүүнд анхаарч үзэх ёстой. Хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч нь амь хохирогчийг үнэхээр амь насыг нь хохирооё гэсэн санаа зорилго байгаагүй. Найз нөхдийн холбоотой. Өглөө төв орохдоо Э*******ийг авч ирсэн. Амарч байсан хүмүүс нь архи уусан. Тамхи авах шалтгаанаар буцаж явахаар болсон. Талийгаач болон Б******* нар шовгороос цуварч гараад Б******* түрүүлж очиж машиныг хөдөлгөхөд амь хохирогч машинд нь тулаад ирсэн. Энэ үед тормосоо дарах гэж байгаад хаазаа гишгэсэн. Ийм нөхцөл байдал тогтоогддог. Ийм учраас хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг хангаагүй гэдэг зүйл дээр прокурор тодорхой ярьсан. Өмгөөлөгч нараараа дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож явсан гэдэг нөхцөл байдал байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх үндэслэлтэй” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3.т тус тус зааснаар прокурорын эсэргүүцэл болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр яллагдагч З.Б*******д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. 

 

2. Булган аймгийн  прокурорын газраас яллагдагч З.Бат-Эрдэнийг 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Б******* сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “А*******” амралтын газрын хашааны гадна хэсэгт ........... улсын дугаартай Бенз Жи-550 загварын тээврийн хэрэгслийг жолоодох үедээ тээврийн хэрэгслийн урд зогсож байсан Ж.Э*******ийг мөргөж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

3. Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “...шинжилгээний байгууллагын шинжээч шинжилгээний явц, үр дүнг үндэслэн дүгнэлтээ бичгээр гаргаж, гарын үсэг зурж, хувийн болон байгууллагын баталгааны тэмдгээр баталгаажуулна гэснийг зөрчсөн..., ...шинжээчийн дүгнэлтүүдийг нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан эсэх нь эргэлзээтэй, ...шинжээчийн дүгнэлт нь агуулгын хувьд зөрүүтэй...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

5. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хэргийн үйл баримт болон хэрэгт ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг хангалттай шалгаж тодруулаагүй байх бөгөөд анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шинжээчийн дүгнэлт агуулгын хувьд зөрүүтэй байгаа үндэслэлээр дүгнэлтийг нэр мөр болгуулахаар буцаасан нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах” тухай захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны үндэслэлтэй хийгдсэн шинжлэн магадлал, шинжээчийн дүгнэлт нь хууль зүйн асуудлыг шийдвэрлэхэд шууд нотлох баримт болон тооцогдож үнэлэгддэг хууль зүйн ач холбогдолтой. Гэм буруутай үйлдлээс ямар хор уршиг учирсан, түүний хэр хэмжээ, гэм буруутай үйлдэл хор уршиг хоёрын хоорондын шалтгаант холбоо байгаа үгүй эсэхийг тогтооход зайлшгүй чухал бөгөөд хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримт юм.

6. Түүнчлэн Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шинжилгээ хийх эрх бүхий байгууллагаар хийлгээгүй буюу Шүүх шинжилгээний тухай хуулийн 11.1-д заасан “Тусгай мэдлэг бүхий хүнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус зөвлөл /цаашид "зөвлөл" гэх/ ажиллана. Зөвлөлийн саналыг үндэслэн шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэрээр 5 жилийн хугацаагаар олгоно” гэж заасан байна. 

Гэтэл хавтаст хэрэгт “Цагаан шонхорын жигүүр” ТББ-ын хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ болон төслийн удирдагчийн томилсон “Цагаан шонхорын жигүүр” ТББ нь шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон Шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэр, тушаал хэрэгт авагдаагүй нь шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий байгууллага гэж үзэх боломжгүй юм.

7. Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Эрдэмбилэг нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоолд шинжилгээ хийлгэх байгууллага болон шинжээчийн нэрийг заагаагүй байтал ямар тогтоолыг үндэслэж 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шинжээч Д.Батбаяр, Ш.Дуламсүрэн, С.Лхагвасүрэн нарт эрх, үүрэг тайлбарлаж, баталгаа гаргуулж, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр МСҮТ-ийн ЗХХД-ийн багш Д.Батбаяр, “Миний жолоо” автосургуулийн ЗХХД-ийн инженер багш Ш.Дуламсүрэн, “Техник номгон” ХХК-ийн инженер С.Лхагвасүрэн нар нь шинжээчийн дүгнэлт гаргаад байгаа нь ойлгомжгүй байна.

8. МСҮТ-ийн ЗХХД-ийн багш Д.Батбаяр, “Миний жолоо” автосургуулийн ЗХХД-ийн инженер багш Ш.Дуламсүрэн, “Техник номгон” ХХК-ийн инженер С.Лхагвасүрэн нарыг Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шинжилгээ хийх эрх бүхий байгууллага гэж үзэх боломжгүй бөгөөд тэдний дүгнэлтээр “Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэж дурдсан боловч “зам тээврийн осол гэж үзэх үндэслэлгүй” гэж агуулгын хувьд зөрүүтэй  дүгнэлт хийсэн нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болно.  

Хуульд заасан нотлогдвол зохих үйл баримт буюу хэргийн бодит байдлыг тогтоох нь гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх, тухайн этгээдийн гэм бурууг шийдвэрлэхэд чухал нөлөөтэй бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ач холбогдолтой юм. 

9. Хохирогчийн өмгөөлөгч нарын зүйлчлэлийг өөрчлөх тухай давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүх шийдэх боломжгүй бөгөөд эрх хэмжээ олгогдоогүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөх асуудлыг хянан хэлэлцээгүй болно.

10. Иймд нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцэл, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/99 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Гомбодорж, Э.Түвшинбаяр нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.АРИУНЦЭЦЭГ   

     

 

                                      ШҮҮГЧИД                                     Л.ЭРДЭНЭБАТ

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.АЗЖАРГАЛ