Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/13

 

Б.Батбаярт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор Э.Гантулга,

Шүүгдэгч Б.Батбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд

Нарийн бичгийн дарга М.Энхмаа нарыг оролцуулан

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын гаргасан давж заалдсан гомдлоор Б.Батбаярт холбогдох 2215000000310 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б.Б.

 

Б.Батбаяр нь  2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутагт .......... улсын дугаартай Prado-150 загварын тээврийн хэрэгслээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн, Монгол Улсын улаан номонд орсон тул загас 5 ширхэг буюу түүхий эдийг зохих зөвшөөрөлгүйгээр бусдаас худалдан авч тээвэрлэсний улмаас байгаль экологид 2.110.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Булган аймгийн Прокурорын газраас: Б.Батбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б.Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтныг худалдан авч, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батбаяр нь шүүхээс оногдуулсан 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 20 /хорь/ сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Батбаярт сануулж, энэ хэрэгт шүүгдэгч Б.Батбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Батбаяраас байгаль экологид учирсан хохирлын үлдэгдэл төлбөр 510.000 /таван зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгож, шүүгдэгч Б.Батбаяраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт ФА069711 дугаарын галт зэвсгийн гэрчилгээ хураагдаж ирсэн, иргэний нэхэмжлэгч Б.Номин-Эрдэнэ нь гомдол, саналгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ........... улсын дугаартай хар өнгийн Toyota Land Cruiser Prado J150 загварын тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-22-13 тоотод оршин суух бүртгэлтэй, Борнуур овогт Батбаатарын Номин-Эрдэнэ /РД: ГК91010806/-д буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ 51.459.340 /тавин нэгэн сая дөрвөн зуун тавин есөн мянга гурван зуун дөч/ төгрөгийг шүүгдэгч Б.Батбаяраас албадан гаргуулж  хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт оруулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт хавсаргагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий СД-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 92 см-н урттай, 1 метр 6 см-ын урттай, 70 см урттай, 80 см урттай, 72 см урттай 5 ширхэг тул загас, 14.06 кг жинтэй зэрлэг гахайн гуяны мах, 9.78 кг жинтэй зэрлэг гахайн хааны мах зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, Тигр загварын 7.62 мм-ын голчтой, 15 ширхэг сумтай, замагны №273, дурантай, ан агнах зориулалт бүхий галт зэвсгийг Булган аймаг дахь Цагдаагийн газраар дамжуулан эзэмшигч П.Б /РД: ФЖ69090611/-т буцаан олгож, баримтыг хэрэгт хавсаргахыг ерөнхий шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Шийтгэх тогтоолын 8 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 51,419,340 төгрөгийг шүүгдэгч Б.Батбаяраас албадан гаргуулж, хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт оруулахыг даалгасан хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед тээврийн хэрэгслийг шүүгдэгч нь жолоодож Орхон аймгаас гарсан боловч гэмт хэрэг үйлдэж ховор амьтны түүхий эдийг тээвэрлэж явах үед шүүгдэгч нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваагүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлгээр нотлогддог.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заахдаа “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч ... хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан ба энэ хэргийн хувьд тухайн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн өмчлөлд байдаггүй нь тогтоогдсон.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох ... хөрөнгө орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ...” гэж заажээ. Эдгээр заалтад заахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийн өмчлөлд байгаа тээврийн хэрэгслийн хувьд заасан заалт бөгөөд харин өөрийнх нь өмчлөлд байхгүй байгаа тээврийн хэрэгслийн хувьд заасан заалт байхгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Батбаяраас тээврийн хэрэгслийн үнийг албадан гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 8 дахь хэсгийг  хасч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Би 2022 оны 11 дүгээр сард дүүгээсээ машиныг нь гуйж аваад агаар салхинд гарч, ууж, идэж яваад ийм асуудалд холбогдсон. Би 2020 онд цус харвасан. Үүнээс хойш хүнд хүчир ажил хийж чадахгүй болсон. Нийт 60 гаруй сая төгрөгийн төлбөрт орсон. Энэ нь надад эдийн засгийн хувьд хүнд тусаж байна. Та бүхэн үүнийг харж үзнэ үү. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Тухайн үед би машин барих чадваргүй байсан. П.Батбаяр машин барьж явсан” гэв.

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

“...Уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, тээврийн хэрэгсэл ашигласан эсэх, нэн ховор амьтны эд зүйлийг тээвэрлэсэн, тээвэрлээгүй гэдэг нөхцөл байдал яригдана. Тээврийн хэрэгслийг хэн анх хэнтэй аман хэлцэл хийж хаашаа, ямар зорилгоор авч явсан бэ?, эзэмших, ашиглах, унах, аюулгүй байдлыг нь хангах үүргийг хэн хүлээсэн бэ? гэдэг нөхцөл байдал яригдана. Номин-Эрдэнэ гэдэг хүн П.Батбаяр, Элдэв-Очир нарыг огт танихгүй. Тэр хүмүүст өөрийнхөө 43-83 ОРО Prado 150 маркийн тээврийн хэрэгслийг итгэмжлэлээр хариуцуулан өгч, та миний эд хөрөнгийг авч яваад идшээ хийгээд хүрээд ир гэж өгөөгүй. Гагцхүү өөрийн хамаатан болох Б.Батбаяртай та миний тээврийн хэрэгслийг аваад яв. Та авч яваад бүрэн бүтэн байдлыг нь хангаад, өөрийнхөө хэрэгцээнд хэрэглээд ир гэсэн зөвшөөрлийг өгч явуулсан. Энэ зөвшөөрлийн үндсэн дээр Б.Батбаяр нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутгаас ховор амьтны жагсаалтад орох тул загас худалдаж авсан. Тухайн тул загасыг худалдаж аваад Орхон аймгаас Хөвсгөл аймгийн төв хүртэлх засмал замаар явалгүйгээр хойгуураа Бугат сумын нутгаар буюу хөдөө замаар эргүүл хяналт шалгалтаас зугтааж орж ирж яваад Эрдэнэтийн морь барианы газар цагдаагийн албан хаагчид саатуулагдсан. Цагдаагийн албан хаагчид саатуулагдах үе хүртэл мөн тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгож өгөх үе шат хүртэл хугацаанд тээврийн хэрэгсэл Б.Батбаярын эзэмшилд байсан. Б.Батбаярт тээврийн хэрэгслийг захиран зарцуулах, унах, эдэлж хэрэглэх эрх нь нээлттэй байсан. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг яригдана. ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэмт хэрэг үйлдэгдэн гарах тэр цаг хугацаанд Б.Батбаярын эзэмшил, өмчлөлд байсан. Энэ утгаараа иргэний нэхэмжлэгч нь Номин-Эрдэнэ болж байна. Номин-Эрдэнэ тээврийн хэрэгслээ нэхэмжлэх нөхцөл байдал яригдана. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг Улсын дээд шүүх тайлбарлахдаа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг мөн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг дээр энэ заалтыг нэг мөр хэрэглэх хууль зүйн ойлголтыг тогтоолоороо тайлбарласан. Анх удаа хэрэгжиж байгаа хууль зүйн ойлголт биш учраас үүнийг заавал ийм байна гэж олон дахин тайлбарлах шаардлага байхгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий болсон тул өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах нь үндэслэлгүй байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.

2. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Батбаярт холбогдох хэргийг 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргасан 2023/ШЦТ/55 дугаар бүхий шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалд нийцээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасан хууль ёсны шаардлагыг хангаагүй байна.

3. Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.

4. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгсэл” хамаарахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тодорхой заасан байна.

5. Хавтаст хэрэгт тухайн тээврийн хэрэгслийг хэн жолоодож явсан талаар тодруулсан нотлох баримт авагдаагүй байх бөгөөд гэрч Б.Элдэв-Очирын “...Тухайн тээврийн хэрэгслийг П.Батбаяр ах жолоодож явсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Нямбаярын “...П.Батбаяр гэх хүн жолоодож явсан” гэх мэдүүлэг, гэрч П.Батбаярын “2022 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө Орхон аймаг руу явж байгаад Булган аймгийн Бугат сумын Зосын давааны пост дээр цагдаа нар шалгахад манай машин дотроос зэрлэг гахайн хаа, гуя нэг нэг ширхэг, 5 ширхэг тул загас гарч ирсэн. ...Би тээвэрлэж явснаа мэдээгүй” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Батбаярын “би 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө анх гараад тээврийн хэрэгслээ жолоодож яваад Булган аймаг өнгөрөөд жолоогоо П.Батбаярт шилжүүлсэн, түүнээс хойш жолоо бариагүй” гэх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч П.Батбаяр нь ....... улсын дугаартай хар өнгийн Toyota Land Cruiser Prado J150 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явсан байх ба тухайн саатуулагдах үед шүүгдэгч Б.Батбаяр нь тээврийн хэрэгслийг жолоодоогүй, жолоогоо П.Батбаярт шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

6. Шүүгдэгч Б.Батбаярыг ........... улсын дугаартай хар өнгийн Toyota Land Cruiser Prado J150 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан эсэх нөхцөл байдал болон гэрч П.Батбаярын тээврийн хэрэгслийг жолоодон явсан үйлдэлд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн шалган тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.

2. Шүүгдэгч Б.Батбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэгүй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.АРИУНЦЭЦЭГ     

   

                                         ШҮҮГЧ                                 Л.ЭРДЭНЭБАТ

 

 

                                         ШҮҮГЧ                                Д.АЗЖАРГАЛ