| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2024/0784/З |
| Дугаар | 128/ШШ2024/0763 |
| Огноо | 2024-09-30 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2024/0763
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.*******,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороо нарын хоорондын сонгуульд оролцох нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолын М.*******т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, М.*******ийг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын хорооны тэргүүлэгчдийн хурлын 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар тогтоолоор[1] М.*******ийг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн
10 дугаар тойрогт М.*******ийг нөхөн нэр дэвшүүлэхээр баталж, нөхөн нэр дэвшигчийн баримтыг 2024 оны 9 дүгээр сары 13-ны өдрийн 125 дугаар Хүсэлт уламжлах тухай албан бичгээр Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороонд хүргүүлжээ.
2.2. Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооноос нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох эсэхтэй холбогдуулан 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 15 дугаар Лавлагаа мэдээлэл хүсэх тухай албан бичгээр нэр дэвшигчид татварын хугацаанд хэтэрсэн өр төлбөртэй эсэх талаарх мэдээллийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.5-т энэ хуулийн 28.3.2-т заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаарх татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт;-ыг ирүүлэхийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс
хүсэхэд[2] тус хэлтэс иргэн М.*******ийг татварын өртэй болохыг тодорхойлсон аж[3].
2.4. Улмаар Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооноос 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Чингэлтэй дүүргийн Ардчилсан намаас Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн
10 дугаар тойрогт нэр дэвшигч М.*******ийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 31 дүгээр зүйлийн 31.2.5, 32.1.2-т тус тус заасныг баримтлан Ардчилсан намаас дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна[4].
2.5. Уг тогтоолыг Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын хорооноос эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороонд хандан 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 0130 дугаар Хууль бус тогтоолыг хүчингүй болгох тухай албан бичгээр гомдол гаргасан[5] боловч Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороо М.******* нь Аймаг, Нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалтын дагуу татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй болох нь холбогдох байгууллагын лавлагаагаар тогтоогдож байх тул дүүргийн Сонгуулийн хорооны тогтоол хуульд нийцэж байна хэмээх хариуг өгсөн[6] тул сонгуульд нэр дэвшихээ горилж буй иргэн М.*******аас Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тусгай журмаар шийдвэрлэсэн болно.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:
М.******* миний бие Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын хорооны тэргүүлэгчдийн хурлын 2024 оны 09 сарын 13-ны өдрийн 07 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн 10 дугаар тойрогт нэр дэвшигч ******* овогтой *******ын оронд нөхөн нэр дэвших эрх авсан. Улмаар Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын хорооны 2024 оны 09 сарын 13 өдрийн 125 дугаар албан бичгээр Чингэлтэй дүүргийн сонгуулийн хороонд хандаж, нэр дэвшигчээр нөхөн бүртгэж өгөхийг хүссэн байдаг.
Чингэлтэй дүүргийн сонгуулийн хорооны 2024 оны 09 сарын 16-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор М.******* намайг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-д "... нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй гэж заасан үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.2 буюу "татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх шаардлагыг хангаагүй гэж үзсэн байна.
Нэр дэвшигчээр бүртгүүлэх материалд татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй эсэх"-ийг харуулах татварын албаны тодорхойлолтыг хавсаргаж өгсөн ба М.******* би хувь хүний орлогын албан татварт 1,917,771 төгрөгний илүү төлөлттэй байсан. Хариуцагчаас нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гарсны дараа миний бие Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст очиж татварын хугацаа хэтэрсэн өр төлбөр байгаа эсэх талаар тодруулахад татварын улсын байцаагч мөн илүү төлөлттэй байгаа талаар хэлсэн байдаг.
Хариуцагч нь нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзахдаа татварын албаны тодорхойлолтод "татварын илүү төлөлттэй" байхад материалыг бүрэн шалгаж, зөв дүгнэлт хийгээгүйд нэхэмжлэгч М.******* миний бие гомдолтой байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д "18 нас хүрсэн, ээжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухай шатны хурлын төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй гэж тус тус заасан. Миний бие хуульд заасан "сонгогдох эрх-ээ эдэлж, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшсэн ч тус дүүргийн Сонгуулийн хороо хууль бусаар бүртгэхээс татгалзаж байгаа нь иргэн миний "сонгогдох эрх-ийг зөрчсөн ноцтой зөрчиж байна гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: холбогдох баримтуудыг нягтлан үзэлгүй, Аймаг, Нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй гэж заасан эрхийг зөрчсөн... гэв.
3.4. Хариуцагчаас тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
*******ын *******ийн нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль (цаашид хуулийн гэх)-ийн 31 дүгээр зүйлийн 31.7 Сонгуулийн хороо шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг эрх бүхий этгээдээс гаргуулан авч болно гэж заасны дагуу Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооноос дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч нарын татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх лавлагааг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Лавлагаа мэдээлэл хүсэх тухай 15 дугаартай албан бичгээр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст хандаж, хариу ирүүлсэн албан бичигт нэхэмжлэгч *******ын ******* нь татварын өртэй талаар лавлагаа ирүүлсэн.
Хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.2. татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх 31 дүгээр зүйлийн 31.2.5. энэ хуулийн 28.3.2-т заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаарх татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт 31.1.2. энэхуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан.
Иймд хугацаа хэтэрсэн өр төлбөртэй нэр дэвшигчийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 24 дүгээр тогтоолоор бүртгэхээс татгалзсан тогтоол, нэхэмжлэгч М.*******т холбогдох хэсэг нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлтэй тогтоол тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-д зааснаар Сонгуулийн хороо шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг эрх бүхий этгээдээс 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гаргуулан авсанхуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар 25 хоногийн өмнө шаардагдах баримтаа ирүүлэх байсан боловч энэ хугацаа 9 дүгээр сарын 15-ны өдрөөр дуусгавар болсон.татварын лавлагааг е-tax авах ёстой юмаа... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлд төлөөлөгчид нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх нийтлэг журмыг заасан байх бөгөөд энэ зүйлийн 28.3.2 дахь хэсэгт нэр дэвшигчийг татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, шаардлагыг хангасан байх.
Хэрэв нэр дэвшигч нь хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дээрх шаардлагыг хангаагүй тохиолдолд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт зааснаар санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэх тухай хүсэлтээ шаардагдах баримт бичгийн хамт тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлж болно-х эрхийг хуулиар олгожээ.
Гэвч нэр дэвшигч М.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны байдлаар Хувь хүний орлогын албан татварын төрлөөр 20,000 төгрөг, Зам ашигласны төлбөрийн төрлөөр 60,000 төгрөг нийт 80,000 төгрөгийн татварын хугацаа хэтэрсэн өртэй байсан дээрх татварын өрийг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 4 төрлийн нэхэмжлэлийн дагуу 80,000 төгрөгийн төлөлтийг хийж барагдуулсан үйл баримт Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01/1297 дугаар албан бичиг, түүний хавсралт[7], 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1308 дугаар албан бичиг, түүний хавсралтаар[8] тус тус тогтоогдож байна.
Харин нийтэд илэрхий үйл баримтаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль аравдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдахаар товлогдсон[9] бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, гараг, хоног, ажлын өдөр, цаг, минутаар тодорхойлно, 33.3 дэх хэсэг Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эхлэн тоолно гэж зааснаас тооцон үзэхэд нэхэмжлэгч М.*******ийн хувьд хариуцагч Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолын үндэслэлд дурдсан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөрөө төлсөн хэдий ч санал авах өдрөөс 25-аас дээш буюу 2 хоног хэтрүүлэн зөрчлийг арилгасан байх тул шүүх хуулиар тогтоосон хугацааг зөрчин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчингүй болгох боломжгүй юм.
Хэдийгээр нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс М.******* татварын илүү төлөлттэй байсан хэмээн тайлбарлах боловч энэхүү тайлбартай холбогдуулан Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1308 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбар бүхий няцаалтыг шүүх үндэслэлтэй гэж үзсэн болно.
Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнээд хариуцагч Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороо маргаан бүхий 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг гаргахдаа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.Сонгуулийн хороод энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана, 19.5.Сонгуулийн хорооны тогтоолд тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна, 32 дугаар зүйлийн 32.3 Тухайн шатны сонгуулийн хороо дахин бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, энэ хуулийн 31.10-т заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж заасныг үндэслэн Чингэлтэй дүүргийн Ардчилсан намаас Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшигч М.*******ийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.2-т заасан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх шаардлагын хангаагүй гэж үзэн, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг нэр дэвшигчийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана, 32.1.2 дахь хэсэг энэ хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй-д тооцон нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан захиргааны үйл ажиллагаа үндэслэл бүхий болсон гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.2, 32 дугаар зүйлийн 32.1, 32.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.*******аас Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолын М.*******т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, М.*******ийг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүрийн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР