Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2024/0785/З |
Дугаар | 128/ШШ2024/0762 |
Огноо | 2024-09-30 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2024/0762
2024 9 30 128/ШШ2024/0762
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.*******,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо
Гуравдагч этгээд: Н.******* нарын хоорондын сонгуульд оролцох нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.*******, Г.*******, гэрч П., Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийн бүртгэлийг хүчингүй болгох тухай 40 дугаар тогтоол, мөн дүүргийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх тухай 45 дугаар бүхий хууль бус тогтоолуудыг хүчингүй болгож, Л.*******ыг Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооноос Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг батлах тухай 07 дугаар тогтоолыг гаргажээ.
2.2. Тус тогтоолын хавсралтаар нэхэмжлэгч *******ын ******* сонгуулийн 9 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн болох баримтыг[1] Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд бүртгүүлэхээр 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 174 дүгээр албан бичгээр хүргүүлсэн байх[2] боловч үүнтэй зэрэгцэн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооноос Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг батлах тухай 07 дугаар тогтоолын хавсралтаар[3] Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 9 дүгээр тойрогт Ардчилсан намаас Н.*******ийг нэр дэвшүүлсэн болох баримт Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд хүргэгдсэн байна.
2.3. Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо хуралдаад 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаар тогтоол гарган нэхэмжлэгч Л.*******ыг Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 9 дүгээр тойрогт оролцох нэр дэвшигчээр бүртгэжээ[4].
2.4. Гэтэл Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооноос дээрх нэр дэвшигчийг бүртгэсэн бүртгэлийг эс зөвшөөрч 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 175 дугаар албан бичгээр ...редакцийн алдааны улмаас ******* овогтой *******ын нэр нэр дэвшигчдийн нэрс дунд орсон...,манай намын зүгээс Хан-Уул дүүргийн сонгуулийн хороонд ******* овогтой *******ийг бүртгүүлэхээр холбогдох баримт материалыг хүргүүлсэн. ...Иймд тус шийдвэрээ хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 9 тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчээр ******* овогтой *******ийг бүртгэж өгнө үү... гэх гомдлыг Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд гаргажээ.[5]
2.5. Уг гомдлын дагуу Хан-Уул дүүргийн сонгуулийн хороо хуралдаж, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 40 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 9 дүгээр тойрогт нэр дэвшигчээр бүртгүүлсэн Л.*******ын бүртгэлийг хүчингүй болгож[6], мөн өдөр 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 45 дугаар тогтоолоор *******гийн *******ийг Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 9 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгэсэн аж.
2.6. Хан-Уул дүүргийн сонгуулийн хорооны дээрх шийдвэрүүдийг Л.*******аас эс зөвшөөрч 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тус хороонд хандан гомдол гаргасан боловч Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 26 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ...хороо нь хууль, бусад дүрэм, журамд зааснаар нам эвслийн дотоод шийдвэрт хөндлөнгөөс оролцох эрхгүй бөгөөд гагцхүү нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой нам эвслээс гаргасан хүсэл зориг, шийдвэрт үндэслэж, хуулийн дагуу шийдвэр гаргасан болно... хэмээн хариуг түүнд өгсөн тул тэрээр Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 сарын 16-ны өдрийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийн бүртгэлийг хүчингүй болгох тухай 40 дугаар тогтоол, мөн дүүргийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 сарын 16-ны өдрийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх тухай 45 дугаар бүхий хууль бус тогтоолуудыг хүчингүй болгож, Л.*******ыг Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд даалгах нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан.
2.7.Шүүх түүний нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тусгай журмаар шийдвэрлэсэн болно.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Нэхэмжлэгч Л.******* тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрогт Ардчилсан намаас нэр дэвшүүлэх асуудлыг тус дүүргийн Ардчилсан намын хорооны 2024 оны 09 сарын 02-ны өдрийн Ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, санал хураан, нийт 16 тойрогт олонхийн санал авсан 41 нэр дэвшигчийн нэр дэвших эрхийг баталгаажуулж, Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооноос Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг батлах тухай 2024 оны 09 сарын 02-ны өдөр 07 дугаар тогтоол, хавсралтын хамт батлан гаргасны дагуу Л.******* миний бие Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрогт Ардчилсан намаас нэр дэвших эрхтэй болсон.
Улмаар Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооноос 2024 оны 09 сарын 04-ний өдөр 174 дугаар бүхий албан бичгээр дээрх хурлын шийдвэр, нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтын хамт дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлснийг Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо хүлээн авч, холбогдох материалыг нягтлан шалгасны үндсэн дээр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн 40 нэр дэвшигч түүний дотор Л.******* миний биеийг хуулийн шаардлага хангасан гэж үзэн хуульд заасан хугацааны дотор буюу 2024 оны 09 сарын 11-ний өдөр дүүргийн Сонгуулийн хорооноос Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх тухай 20 дугаар тогтоолыг батлан гаргаж, нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох энэ тухай олон нийтэд мэдээлэхээр шийдвэрлэсэн.
Гэтэл Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо 2024 оны 09 сарын 16-ны өдөр надад мэдэгдэлгүй, хуралдаандаа намайг оролцуулалгүйгээр Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо хуралдаж, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийн бүртгэлийг хүчингүй болгох тухай 40 дугаар тогтоол баталж, уг тогтоолоор Л.******* нэр дэвшигчийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэн, улмаар мөн өдрөө Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх тухай 45 дугаар тогтоол гарган Н.*******ийг миний оронд нэр дэвшигчээр бүртгэсэн хууль бус шийдвэрүүдийг миний бие дараах үндэслэлээр эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Үүнд:
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу нэр дэвшүүлэх эрх бүхий этгээд болох Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооны 2024 оны 09 сарын 02-ны өдрийн Ээлжит бус хуралдаан болж, уг хурлаас Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооноос Дүүргийн иргэдийн Төлөөлөгчлийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг батлах тухай" 2024 оны 09 сарын 02-ны өдөр 07 дугаар тогтоол, хавсралтыг баталж, энэхүү шийдвэрийн дагуу Л.******* миний бие Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрогт нэр дэвшин, намын байгууллагаас нэр дэвшүүлсэн шийдвэр болон мөн хуулийн 19, 31 дүгээр зүйлийг үндэслэн Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооноос батлан гаргасан 2024 оны 09 сарын 11-ний өдрийн 20 дугаар тогтоол, түүний хавсралтад зааснаар хуулийн дагуу албан ёсоор нэр дэвшигчээр бүртгэгдсэн.
Гэтэл Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.11-д зааснаар Нэр дэвшигчээр бүртгэх түхай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно" гэсэн тодорхой зохицуулалт үйлчилсээр байтал тус сонгуулийн хороо нэр дэвшигч намайг бүртгэсэн өмнөх шийдвэрээ үндэслэлгүйгээр хүчингүй болгон нэр дэвшигчээс татгалзаж хууль зөрчин, сонгуулийн хороо, түүний гишүүд хууль дээдлэх зарчим, ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчлөө.
-Тус Сонгуулийн хороо Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийн бүртгэлийг хүчингүй болгох тухай 2024 оны 09 сарын 16-ны өдрийн 40 дүгээр тогтоол батлан гаргахдаа аливаа захиргааны акт тэр дундаа бусдын эрх хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөөлөл бүхий акт гаргахад тухайн шийдвэрийг гаргах бодит нөхцөл байдал, түүний хууль зүйн үндэслэлийг тодорхой зааж, хүлээн зөвшөөрөхгүй нөхцөлд гомдол хандан гаргах этгээд болон хугацааг заавал зааж тусгах хуулийн шаардлагыг үл хэрэгсэн, хуулийн шаардлагыг бүдүүлгээр зөрчжээ. Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо дээрх 40 дүгээр тогтоолдоо ...нэр дэвшуулсэн Л.*******ыг нэр дэвшигчээс буртгэхээс татгалзах ундэслэл тогтоогдсон тул... гэсэн бүрхэг, ойлгомжгүй, тодорхойгүй хуулийн шаардлага, техник огт хангаагүй үндэслэл бичжээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-32.1.9 дэх хэсэгт нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах 9 тохиолдлыг тодорхой хуульчлан заажээ. Тэгвэл миний бие дээрх хуульд заасан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тохиолдлуудаас яг аль зүйл заалтад заасан ямар тохиолдол, үндэслэлийг бий болгосон талаар холбогдох хуулийн зүйл заалт, тухайн тохиолдлын агуулга, түүнийг нотлох баримтын талаар тогтоолд үндэслэл болгон нэг ч үг, өгүүлбэр огт дурдсангүй. Өөрөөр хэлбэл аливаа төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн, үндэслэл бүхий, тодорхой ойлгомжтой байх үндсэн шаардлагад энэхүү шийдвэр огт нийцсэнгүй.
-Хуулийн дагуу нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэн миний Үндсэн хууль-иар олгогдсон сонгогдох эрхэд халдаж, нэр дэвшигчээс татгалзан буцааж үл болох хуулийн хамгаалалт бүхий Сонгуулийн хорооны хүчин төгөлдөр шийдвэрийг хууль бусаар хүчингүй болгохоор хуралдахдаа Захиргааны Ерөнхий хууль болон Сонгуулийн хорооны хуралдааны дэг, тэмдэглэл хөтлөх журам болон бусад эрх зүйн актын дагуу эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээд болох нэр дэвшигч надад мэдэгдэн, сонсох ажиллагаа явуулах, нотлох баримт гаргах, хуралдаанд оролцох, өөрийн байр суурийг илэрхийлэх боломж олголгүй хууль, журам зөрчин хуралдаж, хууль үл нийцэх үндэслэлгүй, хууль бус шийдвэр гаргаж, тус сонгуулийн хороо, түүний гишүүд үйл ажиллагаандаа дагаж мөрдөх хууль журмыг санаатай зөрчин, хууль дээдлэх, ил тод нээлттэй, шударга байх хуулийн зарчим, сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчлөө.
- Дүүргийн Сонгуулийн хорооны нэр дэвшигчийн бүртгэлийг хүчингүй болгох тухай дээрх 40 дүгээр тогтоолд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон гэх хуулийн заалтыг баримталжээ. Дүүргийн Сонгуулийн хороо Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгүүлэх материалыг 2024 оны 09 сарын 04-ний өдөр хүлээн авч, дээрх материал хуулийн шаардлага хангасан, нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй байна гэж үзэн 2024 оны 09 сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх тухай 20 дугаар тогтоолыг баталж, миний биеийг бусад нөхдийн хамт нэр дэвшигчээр бүртгэсэн. Тэгвэл нэр дэвшигчээр бүртгэсэн 2024 оны 09 сарын 11-ний өдрөөс хойш тогтоогдсон буюу илэрсэн, шинээр авагдсан, сонгуулийн хороонд ирүүлсэн буюу өөрсдөө илрүүлж олж авсан ямар үйл баримт байгаа болон үүнийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр байгаа талаар нэр дэвшигч миний бие болон намайг нэр дэвшүүлсэн дүүргийн намын хороонд огт мэдэгдээгүй, ийм нэг ч үйл баримтын талаар нэр дэвшигчийн бүртгэлийг хүчингүй болгох тухай дээрх дүүргийн Сонгуулийн хорооны 40 дүгээр тогтоолд огт дурдаагүй, өнөөдрийг хүртэл надтай холбоотой ямар нэгэн зөрчил дутагдал гарсан талаар надад огт мэдэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл иргэн миний нэр дэвших, сонгогдох эрхийг хязгаарлах, намайг нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгож миний хуулиар олгогдож, хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл огт байхгүй байна.
-Сонгуулийн зорилго, сонгуулийн үйл ажиллагаанд баримтлах нэг чухал суурь зарчим бол Иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, хамгаалах явдал байдаг. Хэрэв ямар нэгэн байдлаар нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл бий болсон бол тухайн зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэх тухай хүсэлт шаардагдах бичиг баримтын хамт тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлж болох холбогдох хуулийн зохицуулалт байсаар байхад ямар тохиолдол үндэслэл бий болсон талаар мэдэгдэхгүй, үндэслэлгүйгээр бүртгэлийг хүчингүй болгож, миний оронд өөр этгээдийг сольж бүртгэн хуульд огт байхгүй процесс явуулж, хууль зөрчин нэр дэвшигчээр бүртгэсэн нь Үндсэн хууль-иар олгогдсон иргэний сонгогдох эрхийг хязгаарласан, халдсан, сонгогдох эрхийг хангах, ил тод байх, хууль дээдлэх, шударга ёсыг сахих сонгуулийн хуулийн зарчимд үл нийцсэн шийдвэр болжээ.
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйл, Ардчилсан намын Үндсэн дүрмийн Тавдугаар бүлэг, 5.10 дахь заалтын 5.10.11.3 дахь хэсэгт зааснаар тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд намаас нэр дэвшүүлэх, намаас нэр дэвшигчдийг батлах бүрэн эрх нь гагцхүү Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хороонд байх бөгөөд намын хороо нь "Ардчилсан намын Үндсэн дүрэм-ийн 4.1 дэх заалт, 4.3.1, 4.3.2 болон 5.2, 5.8, 5.10.6 дах хэсэг болон намын бусад холбогдох журмуудад зааснаар энэ эрхээ хорооны хурлаараа дамжуулан хэрэгжүүлж, олонхийн зарчмаар шийдвэр гаргаж, ийнхүү гаргасан хуралдаанаас гарсан шийдвэр эцсийнх байх, тухайн шийдвэрт тухайн хуралдааныг даргалагч, тэргүүлэгч нар гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох эрх зохицуулалттай билээ. Тэгвэл Л.******* миний бие эрх бүхий байгууллага болох Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооны 2024 оны 09 сарын 02-ны өдрийн Ээлжит бус хуралдаанаас батлан гаргаж, өнөө хүртэл хүчин төгөлдөр байгаа шийдвэр болох дүүргийн намын хорооны 07 дугаар тогтоол, түүний хавсралтын дагуу Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрогт нэр дэвших эрхтэй болсон. Гэтэл дүүргийн Сонгуулийн хороо дээрх хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу намайг нэр дэвшигчээр бүртгэсэн бүртгэлийг ямар ч үндэслэлгүйгээр хүчингүй болгож дүүргийн намын байгууллагын хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдаж, Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хороо, түүний хуралдаанаас огт нэр дэвшүүлээгүй, энэ талаар холбогдох шийдвэр гаргаагүй байхад иргэн Н.*******ийг тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 9 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгэж хууль зөрчжээ.
- Дүүргийн Сонгуулийн хороо 2024 оны 09 сарын 16-ны өдөр дээрх байдлаар хууль зөрчин Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх тухай 45 дугаар тогтоол гаргахдаа Тогтоох хэсгийн Нэг дэх заалтад Н.*******ийг Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас 9 дүгээр тойрогт нэр дэвшүүлсэн" гэж дурдсан нь огт үндэслэлгүй бөгөөд өнөөдрийн байдлаар түүнийг нэр дэвшүүлсэн эрх бүхий байгууллагын ямар ч шийдвэр байхгүй болно. Харин дүүргийн Ардчилсан намын хорооны тэргүүлэгч гэх нэр бүхий иргэд намын албан бланк ашиглан дүүргийн Сонгуулийн хороонд 2024 оны 09 сарын 13-ны өдөр гомдол гаргасан бөгөөд уг гомдолд ...Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зуйлийн 31.2-т заасан шаардлага хангаагүй буюу намаас баримт материалыг хүргүүлээгүй, баримт бичгийн шаардлага хангаагүй Л.*******ыг...нэр дэвшигчээр буртгэсэн нь хууль тогтоомжид нийцэхгүй байна гэжээ. Дүүргийн Ардчилсан намын хорооны 2024 оны 09 сарын 02-ны өдрийн Ээлжит бус хуралдаанаар Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооноос Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг батлах тухай 2024 оны 09 сарын 02-ны өдөр 07 дугаар тогтоол 1 хуудас, уг тогтоолын хавсралт 1 хуудас, нийт 2 хуудас баримт батлан гаргаж, 2024 оны 09 сарын 04-ний өдөр 174 дугаар бүхий 1 хуудас албан бичгийн хамт Хавсралт 2 хуудас материал буюу 41 нэр дэвшигчид хамаарах хурлын шийдвэр, нийт нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлсэн нь дээрх албан бичигт агуулга, тоо ширхэгээрээ тодорхой дурдагдсан. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан бусад баримт буюу мөн хуулийн 31.2.2-31.2.10-д заасан нэр дэвшигчийн намтар, иргэний бичиг баримтын хуулбар, тодорхойлолт, лавлагаа, мэдүүлэг зэргийг мөн хуульд заасан хугацаанд буюу нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж шийдвэр гаргасан 2024 оны 09 сарын 02-ны өдрөөс хойш 3 хоног дотор дүүргийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн бөгөөд дүүргийн Сонгуулийн хороо дээрх бичиг баримтуудыг хүлээн авч хянан үзээд бичиг баримт бүрдэл хангагдсан, нэр дэвшигч хуулийн шаардлага хангасан, нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй гэж үзэж намайг нэр дэвшигчээр хуулийн дагуу бүртгэж шийдвэрлэж, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад хууль зөрчин нэр дэвшигчээс татгалзаж, шийдвэрийг хүчингүй болголоо.
-Ийнхүү дүүргийн Сонгуулийн хороо нь намын эрх бүхий байгууллагаас хуулийн дагуу нэр дэвшүүлсэн Л.******* миний биеийг нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, Н.*******ийг хууль зөрчин нэр дэвшигчээр бүртгэхдээ "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчлөө. Хэрэв намайг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл байна гэж үзэж өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгосон бол хуульд зааснаар дараагийн хүнийг нөхөн нэр дэвшүүлэх ёстой. Дүүргийн Ардчилсан намын хорооны 2024 оны 09 сарын 02-ны өдрийн Ээлжит бус хуралдаанаар Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооноос Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг батлах тухай 2024 оны 09 сарын 02-ны өдөр 07 дугаар тогтоолд зааснаар Нэр дэвшигчдийг бүртгэхэд аливаа төрлийн зөрчил гарсан тохиолдолд нөхөн нэр дэвшүүлэх эрхийг Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооны тэргүүлэгчдэд олгосон" байдаг. Гэтэл Н.*******ийг нөхөн болон бусад байдлаар нэр дэвшүүлсэн намын хороо, тэргүүлэгчдийн буюу хуульд заасан нэр дэвшүүлэх эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, харин өмнө 2024 оны 09 сарын 02-ны өдөр Л.******* болон бидний 41 нэр бүхий хүнийг нэр дэвшигчээр баталсан дүүргийн намын хорооны хуралдааны шийдвэр буюу 07 дугаар тогтоолын хавсралтад хэн нэгэн этгээд дураараа өөрчлөлт оруулан Нэр дэвшигчдийн нэрс-ийн 27 дугаарт байсан миний нэрний оронд Н.*******ийн нэрийг өөрчлөн бичиж дүүргийн намын байгууллагын хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдаж, Үндсэн хуулиар олгогдож, эрх бүхий байгууллагын шийдвэрээр баталгаажсан иргэн миний сонгогдох эрхэд халдсан, намын байгууллагын эрх олгосон шийдвэр буюу албаны бичиг баримтыг засварлаж хуурамч бичиг баримт үйлдэн Сонгуулийн байгууллагад хүргүүлж, уг баримтыг үндэслэн миний нэр дэвшигчээр бүртгэгдсэн шийдвэрийг хүчингүй болгосон ноцтой үйл баримт тогтоогдож байна.
-Дээрх хууль зөрчин намайг нэр дэвшигчээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, миний оронд Н.*******ийг сольж бүртгэсэн асуудлыг шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны хурлын тэмдэглэл, дээрх шийдвэр гаргахад үндэслэсэн баримт материалтай танилцах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч тус сонгуулийн хороо хууль болон холбогдох журмыг зөрчин хурлын тэмдэглэл, баримтыг гаргаж өгөх, танилцуулахаас татгалзаж хууль зөрчлөө.
Иймд Монгол Улсын Үндсэн хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, Захиргааны Ерөнхий хууль, Сонгуулийн хорооны хуралдааны дэг, тэмдэглэл хөтлөх журам, Сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрэм зэрэг холбогдох хууль, дүрэм, журмыг илтэд ноцтойгоор зөрчиж гаргасан Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 сарын 16-ны өдрийн Хан-Уул дуүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийн бүртгэлийг хүчингүй болгох тухай 40 дугаар тогтоол, мөн дүүргийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 сарын 16-ны өдрийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх тухай" 45 дугаар бүхий хууль бус тогтоолуудыг хүчингүй болгож, *******ын *******ыг Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд даалган шийдвэрлэж иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээн хамгаалж өгнө үү гэжээ.
3.2. Хариуцагчаас тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
1. Сонгуулийн хорооны шийдвэр хууль ёсны болох нь:
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн, тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт өөрийн салбартай нам орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг Хурлын төлөөлөгчид /цаашид төпөөлөгч гэх/ нэр дэвшүүлэх эрхтэй., мөн тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ тухайн орон нутгийн Хурлын сонгуулийн тойрог тус бүрд ногдсон мандатын тооноос илүүгүй хүнийг нэр дэвшүүлнэ гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн заалтуудаас үзвэл Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд намаас нэр дэвшүүлэх эрх нь Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн тухайн орон нутагт өөрийн салбартай нам Төлөөлөгчид нэр дэвшүүлэх эрхийг хадгалахаар хуульд зохицуулсан. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.1-т нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалт;-ыг нэр дэвшигчээр бүртгүүлэхэд хавсаргах хуулийн зохицуулалттай.
Гэвч Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооноос 2024 оны 09 сарын 02-ны өдрийн 07 дугаар тогтоолыг 2 өөр хавсралтын хамт хүргүүлсэн байдаг.
Ингээд дүүргийн Сонгуулийн хороо хуульд заасан хугацаанд хуралдаж шийдвэр гарган иргэн Л.*******ыг нэр дэвшигчээр бүртгэх тогтоол гаргасан.
Гэвч 2024 оны 09 сарын 13-ны өдрийн 175 дугаартай албан бичгээр Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооноос гомдол гарган, ...Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 9 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчээр ******* овогтой *******ийг тодруулсан. Гэтэл редакцийн алдааны улмаас ******* овогтой *******ын нэр нэр дэвшигчийн нэрс дунд орсон байдаг.., ...Гэтэл тус сонгуулийн хороо Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д заасан шаардлагыг хангаагүй буюу намаас баримт хүргүүлээгүй, баримт бичгийн шаардлага хангаагүй ******* овогтой *******ыг Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 9 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгэсэн нь хууль тогтоомжид нийцэхгүй байна..., ...хэрэв намаас нэр дэвшигчдийн холбогдох материалыг хүргүүлээгүй бол тухайн гишүүнийг намаас дэвшүүлсэн гэж үзэх боломжгүй.... гэсэн гомдлыг гаргасан.
Гомдлын дагуу дүүргийн сонгуулийн хороо хуралдаж, хуралдаан оролцсон нийт гишүүдийн олонхын саналаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ." гэж заасны дагуу *******ын *******ыг нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
2.Нэхэмжлэгч Л.******* нэхэмжлэлдээ ...Гэтэл Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.11-д зааснаар Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно гэсэн тодорхой зохицуулалт үйлчилсээр байтал тус сонгуулийн хороо нэр дэвшигч намайг бүртгэсэн өмнөх шийдвэрээ үндэслэлгүйгээр хүчингүй болгон нэр дэвшигчээс татгалзаж хууль зөрчин, сонгуулийн хороо, түүний гишүүд хууль дээдлэх зарчим, ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчлөө... гэжээ. Гэвч тухайн заалт Сонгуулийн эрх бүхий байгууллагаас нэр дэвшигчээр бүртгэх тогтоол гарсны дараа тухайн нэр дэвшигч өөрөө нэр дэвшигчээс татгалзахыг хориглосон агуулга бүхий хуулийн зохицуулалт юм. Харин дээр дурдсанчлан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасан зохицуулалт нь шийдвэр гаргах эрх бүхий байгууллага буюу тухай шатны сонгуулийн хороо нь нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргасны дараа түүнийг татгалзах үндэслэл бий болсон тохиолдолд гаргасан шийдвэрийг хүчингүй болгох талаар хуульд тодорхой тусгажээ.
Сонгуульд нэр дэвшүүлэх эрх бүхий этгээдээс гаргасан гомдолд зааснаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ тухайн орон нутгийн Хурлын сонгуулийн тойрог тус бүрд ногдсон мандатын тооноос илүүгүй хүнийг нэр дэвшүүлнэ. гэж заасан эрхийнхээ хүрээнд Л.*******ыг нэр дэвшүүлээгүй гэдгээ илэрхийлсэн.
Хан-Уул дүүргийн сонгуулийн хороо нь хууль болон түүнд нийцүүлж гаргасан дүрэм, журам эрх зүйн актуудаар сонгуульд оролцох намын дотоод шийдвэр, үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох түүнд үнэлэлт, дүгнэлт өгөх эрхгүй бөгөөд гагцхүү намаас хүсэл зоригоо илэрхийлж гаргасан шийдвэрт үндэслэн, өгсөн материалд агуулгын дүгнэлт хийхгүй, зөвхөн бүрдлийн дагуу бүрэн гүйцэт эсэхийг нягтлан шалгаж хуралдаанаараа шийдвэр гаргах эрх бүхий байгууллага болохыг дурдах нь зүйтэй.
Иймд иргэн Л.*******аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.3.Гуравдагч этгээд Н.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
******* овогтой ******* миний бие 2004 онд Ардчилсан намд гишүүнээр элсэж, 2008 оноос Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүнээр, 2017 оноос 2023 оны 07 дугаар сар хүртэл Хан-Уул дүүргийн Ардчилсан намын даргаар, 2024 оноос өнөөдрийн хүртэл Нийслэлийн Ардчилсан намын дэд даргаар ажиллаж байна.
2024 онд орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль явагдахтай холбогдуулан Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан журмын дагуу Хан-Уул дүүргийн Ардчилсан Намын хороо нэр дэвшүүлэх ажиллагааг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс албан ёсоор эхлүүлж, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болгосон.
Нийслэлийн Ардчилсан нам, Хан-Уул дүүргийн Ардчилсан Намын хорооны зүгээс орон нутгийн сонгуультай холбогдуулан нэр дэвших хүсэлтэй гишүүдийн материалын бүрдүүлэн танилцаж, хэдийгээр Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлд Сум, дүүргийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигч нь аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчид зэрэг нэр дэвшиж болно гэж заасан боловч дээрх байдлаар нэг нэр дэвшигчийг дүүрэгт болон нийслэлд давхардуулан нэр дэвшүүлэх нь тухайн нэр дэвшигчийн хувьд дүүргийн сонгуулийн тойрогт ажиллаж, намын бодлого, мөрийн хөтөлбөрийг иргэдэд танилцуулах, сурталчлах үүргээ 100 хувь гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдлыг бий болгоно гэж үзэж, нэр дэвшигчийг давхардуулан нэр дэвшүүлэхгүй байх шийдэлд хүрсэн байдаг.
Намын гишүүдийн хувьд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвших хүсэлтээ намын хороондоо хандаж гаргах эрх нь нээлттэй боловч хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудлыг тухайн Намын хороо өөрсдөө шийддэг.
Нэхэмжлэгч Л.*******ын хувьд түүнийг Нийслэлийн Ардчилсан намын хорооны шийдвэрээр нэр дэвшүүлэхээр шийдсэн тул Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хороо Л.*******аас гаргасан Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тус дүүргийн 14 дүгээр хороо буюу Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 9 дүгээр тойрогт нэр дэвших хүсэлтийг татгалзсан.
Ингээд Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хороо 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хурлаар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийн нэрийг батласан бөгөөд тухайн хуралд Н.******* миний гаргасан хүсэлтийн дагуу намайг Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо буюу дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 9 дүгээр тойрогт нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн.
Гэтэл Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газраас батлагдсан хурлын тогтоолыг Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд хүргүүлэхдээ нэр дэвшигчдийн нэрсэд Н.******* миний нэрийг бичилгүй орхигдуулж, Л.*******ын нэрийг оруулж, техникийн шинжтэй алдаа гаргасан байсан тул Хан-Уул дүүргийн Ардчилсан намаас холбогдох хүсэлтийг баримтын хамт хуульд заасан журмын дагуу гаргасан байдаг.
Үүний дагуу Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооноос 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №40 дугаартай тогтоолоор Л.*******ын бүртгэлийг хүчингүй болгож, мөн өдрийн №45 дугаартай тогтоолоор Н.******* намайг нэр дэвшигчээр бүртгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Нэхэмжлэгч Л.******* нь тус нэхэмжлэлдээ Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооны ээлжит бус хурлаас түүнийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн гэж дурдсан нь бодит байдалтай нийцэхгүй бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хурлаар Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 9 дүгээр тойрогт Н.******* намайг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн юм. Иймд түүний нэхэмжлэлд дурдагдаж буй нэр дэвшигчийг бүртгэснээс хойш нэр дэвшигчээс татгалзсан гэх тайлбар нь илтэд үндэслэлгүй болно.
Түүнчлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт Нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хороо нь нэр дэвшигчдийн материал, баримт бичгийг сонгуулийн хороонд хүргүүлсэн бөгөөд уг хүргүүлсэн баримт бичиг дотор Л.******* миний нэр дэвшигчийн баримт бичиг хүргэгдсэн.
Л.*******ын Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хороонд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвших талаар хүсэлт гаргахдаа хуульд заасан баримтуудыг гарган өгсөн байсан ба тухайн баримтууд нь одоо ч Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хороонд хадгалагдаж байна.
Хэрэв Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Л.*******ыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байсан бол тухайн баримтуудыг хуульд заасан хугацаанд Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд хүргүүлэх ёстой байсан. Гэтэл бусад нэр дэвшигчдийн материал бүгд хүргэгдсэн атлаа Л.*******ын материал хүргэгдээгүй байгаа нь түүнийг анхнаасаа Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 9 дүгээр тойрогт нэр дэвшүүлэхээр шийдвэрлээгүй болохыг хангалттай нотлож байна.
Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо нь нэр дэвшигч Л.*******ын материалыг Хан-Уул дүүргийн Ардчилсан намаас хүргүүлээгүй байхад түүнийг нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй, нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах шийдвэр гаргах ёстой байсан бөгөөд дээрх үндэслэл нь нэр дэвшигчийг бүртгэсний дараа тогтоогдсон тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу түүнийг нэр дэвшэгчээр бүртгэснийг хүчингүй болгож, Н.******* намайг нэр дэвшигчээр бүртгэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч Л.*******аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн Нам, эвслээс сонгуульд оролцох гэсэн тавдугаар бүлгийн 25 дугаар зүйлд Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх үйл ажиллагааны журмыг нарийвчлан зохицуулсан байх ба 25.1-д Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын салбар байгууллага нь орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ, 25.2-т Орон нутгийн Хурлын сонгуульд оролцох хүсэлтэд тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн намын дарга гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ даран баталгаажуулсан байна, 29 дүгээр зүйлийн 29.3-д Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн намын аймаг, сум, нийслэл, дүүргийн байгууллага хуралдаанаараа хэлэлцэж, шийдвэрлэнэ гэж хуулчилсан байх бол Ардчилсан намын үзэл баримтлал дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2-т Намын бүх шатны эрх барих байгууллага нь дараах хурлууд байна Үүнд: 5.2.2 намын хорооны, 5.4-т Намын удирдах байгууллагын чөлөөт цагт дараах гүйцэтгэх байгууллага бүрэн эрхээ хэрэгжүүлнэ, 5.4.1-д Тэргүүлэгчид, 5.10.1-д аймаг дүүргийн намыг хороог дунд шатны намын байгууллага гэнэ..., 5.10.11, 5.10.16-д зааснаар тухайн шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг батлах эрх нь намын хорооны бүрэн эрхэд хамаарахаар заасан байна [7].
4.3.Маргаан үйл баримт болох 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооноос Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг батлах тухай 07 дугаар тогтоолын хавсралтад Хан-уул дүүргийн 14 дүгээр хороо, 9 тойрогт Ардчилсан намаас нэхэмжлэгч Л.*******, гуравдагч этгээд Н.******* нарын хэн алиныг нэр дэвшүүлсэн болох талаар Хан-Уул дүүргийн Ардчилсан намын тэргүүлэгчдээс ...Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 9 дүгээр тойрогт Хан-Уул дүүргийн Ардчилсан намаас нэр дэвшигчээр ******* овогтой *******ийг тодруулсан. Гэтэл редакцийн алдааны улмаас ******* овогтой *******ын нэр нэр дэвшигчдийн нэрсийн дунд орсон байдаг. Манай намын зүгээс Хан-Уул дүүргийн сонгуулийн хороонд ******* овогтой *******ийг бүртгүүлэхээр холбогдох баримт материалыг хүргүүлсэн...[8] гэх гомдол, энэ үйл баримтыг шүүхээс тодруулахаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан гэрч болох Хан-Уул дүүргийн Ардчилсан намын дарга П. шүүх хуралдаанд ...манай намын зүгээс баримталсан бодлого бол Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэг хүнийг давхар нэр дэвшүүлэхгүй байх, нийслэлд нэр дэвшиж байгаа хүнийг дүүрэгт нэр дэвшүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Учир нь Нийслэл дүүрэг хоёрт нэр дэвшээд гарсан тохиолдолд нэгийг нь сонгоно гэсэн хуулийн заат байсан учир энэ нь дүүрэгт ач холбогдолгүй гэж үзэн Нийслэлд нэр дэвшиж байгаа бол дүүрэгт нэр дэвшүүлэхгүй гэх шаардлагыг тавьсан. Харин Л.******* нь хэлэхдээ би Нийлэлд нэр дэвших мандатаа авч чадахгүй байх дүүрэгтээ нэр дэвшинэ гэсэн. Бид Л.*******т Нийслэлд нэр дэвшиж байгаа бол дүүрэгт нэр дэвших боломжгүй талаар сануулсан учраас Манай талаас Н.******* болон Л.******* нарын нэртэй хоёр төсөл боловсруулсан байсан. Л.******* Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвших эрхээ авсан тул намаас Н.*******ийг дүүрэгт нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан, тогтоолын хавсралтаар Л.*******ын нэр бичигдсэн нь техникийн алдаа байсан, гомдол гаргаж залруулсан баримтаа 11 цаг 40 минутад Н.*******ийн нэрийг оруулан сонгуулийн хороонд хүргүүсэн...гэх, гэрч Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Б. шүүх хуралдаанд ...Тийм учраас Н.*******ийн материалыг сонгуулийн ерөнхий хороонд аваачиж өгсөн. Тэр үед сонгуулийн хороонд Байгаль дарга болон бүртгэлийн ажилтан байсан. ...түүний материалыг би бусад нэр дэвшигч нарын материалтай аваачиж өгсөн. Мөн сонгуулийн хороонд эхэлж Л.*******ыг бүртгэж авсан нь манай талаас техикийн алдаа гарч намаас нэр дэвшүүлэхээр бүртгүүлсэн жагсаалт дунд Л.*******ын нэр бичигдэн явсан. Гэхдээ Л.*******ын материал тэр дунд байгаагүй. ... гэж тус тус мэдүүлсэн болно.
4.4.Өөрөөр хэлбэл Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.1-д заасан нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалт үнэн зөв байх эх сурвалжийг холбогдох намын эрх бүхий албан тушаалтан баталгаажуулж, Ардчилсан намаас сонгуульд оролцох нэр дэвшигчээр Н.*******ийг тодруулсан болохоо бичгээр болон амаар илэрхийлсэн
4.5.Энэ тохиолдолд хариуцагч Сонгуулийн хороо нэхэмжлэгч Л.*******ыг Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 9 дүгээр тойрогт оролцох нэр дэвшигчээр бүртгэсэн бүртгэлээ 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 40 дүгээр тогтоолоороо хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-т энэ хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй үндэслэлээр энэ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг үндэслэн нэр дэвшигч Л.*******ыг бүртгүүлсний дараа түүнийг нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэлийн талаар 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаар хуралдаанаар хэлэлцээд нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгосон захиргааны үйл ажиллагаа хуульд нийцсэн, уг тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн гэж дүгнэх үндэслэлгүй.
4.6.Угтаа нэхэмжлэгч Л.*******ын хувьд өөрийн материалыг Хан-уул дүүргийн Сонгуулийн хорооны ажилтанд дамжуулах байдлаар нэр дэвшигчийн бүртгэлийн материалд оруулсан тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар[9] болон хариуцагч Хан-Уул дүүргийн сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаар хуралдаанд Ардчилсан намын хорооноос анх ирүүлсэн нэр дэвшигчдийн материалд нэр дэвшигч Л.*******, А.******* нарын баримт материал байхгүй байсан, *******ийн материал хуульд заасны дагуу бүрэн байна зэргээс үзвэл тус маргаан гол үйл баримт болох Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг батлах тухай 07 дугаар тогтоолын хавсралтад Хан-уул дүүргийн 14 дүгээр хороо, 9 тойрогт Ардчилсан намаас нэхэмжлэгч Л.******* нэр бүхий хүснэгт нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан бичилтийн алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдаа гэж адилтган үзэж болохоор байх тул хариуцагч үндсэн тогтоолыг өөрчлөхгүйгээр нэр дэвшүүлэгч Ардчилсан намын хорооны саналыг хүлээн авч, залруулга хийж зөвтгөн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх тухай 45 дугаар тогтоол гарган *******гийн *******ийг Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 9 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгэснийг буруутгах боломжгүй.
4.7.Энэхүү шийдвэр нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.Нэр дэвшигчийг тухайн шатны сонгуулийн хороо бүртгэж, үнэмлэх олгоно, 31.9.Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана, 31.10.Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ гэж заасантай нийцэж байна.
4.8.Нэгэнт шүүхээс хариуцагчийн үйл ажиллагааг хуульд нийцсэн болохыг дүгнэсэн тул нэхэмжлэгчийн даалгах шаардлага хангагдах боломжгүйгээс гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...сонгуулийн товтой холбоотой журам зөрчсөн, хэлэлцсэн асуудлын төлөвлөгөө байхгүй, ...нэр дэвшигчийг солих биш нөхөн дэвшүүлэх асуудал яригдах байсан..., хамтын шийдвэрийг намын дарга, тэргүүлэгчид дангаар шийдвэрлэхгүй... ...31 дүгээр зүйлийн 31.11-д зааснаар Л.*******ыг Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно гэснийг зөрчсөн зэрэг тайлбарыг хүлээн авах боломжгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.4.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.1, 32 дугаар зүйлийн 32.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан иргэн Л.*******аас Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийн бүртгэлийг хүчингүй болгох тухай 40 дугаар тогтоол, мөн дүүргийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх тухай 45 дугаар бүхий хууль бус тогтоолуудыг хүчингүй болгож, Л.*******ыг Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүрийн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР