Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 02054

 

 

 

 

 

 

 

 

 

“Ч-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/02721 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Ч-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “А-” ХХК-д холбогдох

 

Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч-” ХХК нь “А-” ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч юм. Тус компанийн 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 01 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор хууль бус шийдвэр гаргаж, 2020 оны 02 сарын 06-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн, компанийн гүйцэтгэх захирал Б.Н-г сольсон байна. Үүнийг миний бие 2020 оны 4 сард хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа авах явцдаа олж мэдсэн. Тус хууль зөрчсөн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр нь хүчингүй болох нь дараах үндэслэлээр тогтоогдоно. Хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг товлох хууль журмыг зөрчсөн. “А-” ХХК-ийн дүрмийн 6.2-т “компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хурлын зар хүргүүлэх процесс нь Компанийн тухай хуульд зааснаар зохицуулагдана” хэмээн заасан байдаг. “А-” ХХК нь төлөөлөн удирдах зөвлөлгүй бөгөөд гүйцэтгэх захирал Б.Н- нь хурлыг товлох эрхтэй этгээд юм. “А-” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч “Х-” ХХК хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах саналыг компанийн гүйцэтгэх захиралд гаргалгүйгээр шууд хурлыг товлож зар хүргүүлж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Мөн тус хууль бусаар товлосон хуралдаа “Ч-” ХХК-ийг бүрэн төлөөлөх эрхтэй гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч Б.Н-г оролцуулаагүй. Аливаа компанийн гүйцэтгэх удирдлага нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд зааснаар тус компанийг бүрэн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй цор ганц субъект байдаг. Гэтэл “Ч-” ХХК-ийг бүрэн төлөөлөх эрхгүй этгээд болох хувьцаа эзэмшигч Б.А-ын саналыг мэйлээр авсан гэдэг. “А-” ХХК нь хувьцаа эзэмшигчийн хуралдаа төлөөлөх эрхгүй этгээдийг оруулсан улмаар Компанийн тухай хуулийн 71-73 дугаар зүйлийг зөрчсөн манай компанийн дүрэмд мэйлээр санал авч баталгаажуулах талаарх заалт байхгүй байхад мэйлээр саналыг авч баталгаажуулсан байна. Дээрх хурлын шийдвэр явуулсан процесс нь бүхэлдээ хуульд нийцэхгүйгээс гадна 2020 оны 01 сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрийг 2020 оны 02 сарын 06-ны өдөр бүртгэн баталгаажуулсан нь Компаний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх заалтыг зөрчсөн байна. Иймд Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-т заасныг үндэслэн, “А-” ХХК-ийн 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 01 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоол гэх хууль бус хурлын шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А-” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар “Ч-” ХХК-ийн талаас Б.Н- ажиллаж байсан бөгөөд толгой компани болох “Х-” ХХК-ийн зүгээс гүйцэтгэх удирдлагыг өөрчлөх талаар Компанийн тухай хуульд заасан журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал зарлуулах талаар гүйцэтгэх захирал Б.Н-д удаа дараа мэдэгдсэн. Үүнд, 2019 оны 8 сард хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай, 2019 оны 12 сарын 17-ны өдөр “А-” ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд зарим арга хэмжээ авах тухай албан тоотоор, 2019 оны 12 сарын 27-ны өдрийн 10 цагт хуралдуулах зэрэг хүсэлт, шаардлага, шийдвэр гаргасан. Гэвч гүйцэтгэх захирал Б.Н- Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлэхгүйгээр 51 хувийн хувьцаа эзэмшигч “Х-” ХХК хүлээн зөвшөөрөх боломжгүй хариуг цахим шуудангаар ирүүлдэг тул мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7, 61.4, 61.1, 61.1.2-д тус тус заасны дагуу 2020 оны 01 сарын 10-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах талаар шийдвэр гаргаж, “Ч-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.А-, Б.Н- нарт шуудангаар хүргүүлсэн. Уг хуралд “Ч-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Н- оролцоогүй, тус компанийн хувьцаа эзэмшигч Б.А- биечлэн оролцож чадахгүйгээ бичгээр илэрхийлэн, шийдвэрийг дэмжиж “А-” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг өөрчлөх хурлын тогтоолд гарын үсэг зурсан. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Н- нь хувьцаа эзэмшигчдийн хурал зарладаггүй, зарлахаар оролцдоггүй, компанийн хөрөнгийг шамшигдуулж ихээхэн хохирол учруулсан тул толгой компани болох “Х-” ХХК нь Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.6 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргасан. “А-” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Н-г чөлөөлсөн нь Компанийн тухай хуулийн хүрээнд хийгдэж, холбогдох шаардлагатай бүхий л баримтыг бидний зүгээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт гаргаж өгч тус байгууллага зохих журмын дагуу бүртгэл хийсэн гэж бидний зүгээс үзэж байна. “Ч-” ХХК, “Х-” ХХК хамтран “А-” ХХК-ийг үүсгэн байгуулж, хамтран ажиллах 2017 оны 5 сарын 23-ны өдөр байгуулсан гэрээнд “Х-” ХХК-ийг төлөөлж Ли Ган, “Ч-” ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал Б.А- гарын үсэг зурсан байдаг. Гүйцэтгэх захирал Б.Н- нь хувьцаа эзэмшигчдийн албан ёсны хуралд ямар нэгэн шалтгаангүй оролцоогүй, бусад хувьцаа эзэмшигч нарт мэдэгдээгүй. Мөн компанийн үйл ажиллагааг удирдах чадваргүй, боруулалтын орлогыг хувийн зорилгодоо дур мэдэн зарцуулсан, үүнээс шалтгаалж компани татвар, нийгмийн даатгалын өр төлбөр, санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд орсон, үүнээс гаргах талаар ямар нэгэн арга хэмжээ авдаггүй, олон давхар ажилтай учир үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцдоггүй, хувьцаа эзэмшигчдийн хурлыг Компанийн тухай хуулийн хүрээнд зарлаж хуралдуулдаггүй зэрэг шалтгааны улмаас компанийн хэвийн үйл ажиллагааг хангах, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалах зорилгоор гүйцэтгэх захирлыг солих нэн шаардлагатай болсон. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Н- нь “А-” ХХК-иас 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг эрх мэдлээ урвуулан ашиглах замаар залилсан байж болзошгүй тул манай компанийн зүгээс мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст гомдол гарган шалгуулж байна. Б.Н-гийн энэ хууль бус үйлдлээс хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалах нь компанийн хувьд нэн чухал асуудал байсан. Мөн Б.Н- нь “Ч-” ХХК-ийн “А-” ХХК-д эзэмшиж байгаа 49 хувийн хувьцаагаа худалдан борлуулах талаар “А-” ХХК-д санал тавьж, үүнийгээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан тоотоор мэдэгдсэн. Үүнээс үзэхэд Б.Н- нь “А-” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар үлдэх нь чухал биш, “А-” ХХК-ийн хөрөнгөөс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байгаа өр төлбөрөө бага ч гэсэн барагдуулах арга саам хайж байгаа үйлдэл гэж бидний зүгээс үзэж байна. Иймд А- ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н-г чөлөөлсөн асуудал нь Компанийн тухай хуулийн дагуу явагдсан тул “Ч-” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д тус тус заасныг баримтлан “А-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 01 тоот хурлын тогтоолыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Б.Н- хурлын зарыг аваагүй гэж шүүхийн шийдвэрт тусгасан байна. Гэтэл “Ч-” ХХК-иас “Х-” ХХК-д ирүүлсэн 2020 ны 01 сарын 09-ний өдрийн 06/20 тоот албан бичигт “Х-” ХХК-иас ирүүлсэн хурал зарлах тухай албан бичигт хариу ирүүлсэн байна. Уг албан бичигт “Ч-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н- өөрөө гарын үсэг зурсан байгаа нь хурлын зарыг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна. Дээрх байдлаас дүгнэхэд “Ч-” ХХК-ийн захирал Б.Н-д зар хүргүүлэхгүйгээр хувьцаа эзэмшигчийн хурлыг хийсэн гэсэн шүүгчийн шийдвэр үндэслэлгүй бөгөөд “Х-” ХХК хуульд заасан үүргээ биелүүлсэн байна. “Х-” ХХК-ийн зүгээс давуу эрх гаргаж байгаагүй бөгөөд шүүгчийн зүгээс нотлох баримтгүйгээр компанийг буруутгасан ба давуу эрхийг ашигласан талаар үндэслэлийг дурьдаагүй, хэрэгт субьектив байдлаар хандсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас хувьцаа эзэмшигчийн хуралд оролцож санал өгөх эрхийг зөрчсөн талаар нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа огт дурьдаж байгаагүй. Гэтэл үүнийг үндэслэх хэсэгт нэмэлтээр оруулсан. “Х-” ХХК-иас хувьцаа эзэмшигчийн хурлын зарыг Б.А-од хүргүүлж, Б.А-ын зүгээс хурлын зарыг хүлээн авсан нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон. Хувьцаа эзэмшигчийн хурлын ирц 51 хувиас дээш болж ирц хүчин төгөлдөр болсон бөгөөд Б.А- оролцсон, эс оролцсон байсан ч хурлын ирц хүчин төгөлдөр байна. Б.А-ын тодорхой саналыг гараагүй гэж үзсэн ч хүчин төгөлдөр ирцээр хурлын тогтоол батлагдсан байна. Хэдийгээр Б.Н- гүйцэтгэх захирлын “А-” ХХК-д учруулж, хөрөнгө завшсан хэрэг шалгагдаж байгаа ч холбогдох баримтыг гарган өгөх хуулийн боломжгүй байсан. Б.Н-гийн дээрх үндэслэл байсан, байгаагүй гүйцэтгэх захирлыг томилж чөлөөлөх нь хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхэд хамаарах асуудал юм. Хариуцагчийн зүгээс Б.А-ыг гэрчээр оролцуулах болон шүүх хуралдааныг хойшлуулсан гэсэн хоёр хүсэлтийг гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гэрчээр Б.А-ыг оролцуулах хүсэлтийг дахин гаргасныг хангахгүй орхих талаар үндэслэх хэсэгт дурьдсан ч захирамжлах хэсэгт тусгаж, шийдвэрлээгүй орхигдуулж, зөвхөн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээс татгалзаж дурьдсан. Энэ нь гэрчээр оролцуулах хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх заалтыг зөрчиж, шүүх хуралдааныг явуулсан. Хариуцагч талаас анх удаа Б.А-ыг гэрчээр оролцуулах талаар хүсэлтийг тухайн шүүх хуралдааны явцад гаргасан байдаг. Өмнө нь нэхэмжлэгч талаас Б.А-ыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргаад татгалзсан тул дахин хариуцагчаас гэрчээр оруулах шаардлагагүй гэж үндэслэлгүйгээр татгалзсан. Б.А-ыг гэрчээр оролцуулах нь хариуцагч талаас хувьцаа эзэмшигчийн хурлын зарыг хүргүүлсэн, хувьцаа эзэмшигчийн хурлын талаар мэдэгдсэн зэргийг нотлох ач холбогдолтой байсан. Шүүгч шүүх хуралдааны явцад удаа дараа “Х-” ХХК-ийн зүгээс хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргүүлэхдээ ямар асуудал хэлэлцэхээ тодорхой бичээгүй, тодорхой бус байна гэсэн боловч шүүхийн үзлэгээр авагдсан “Х-” ХХК-иас хурлын зар хүргүүлсэн албан тоотод уг хурлаар “А-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н-г чөлөөлж, Ли Ганг томилох асуудлыг хэлэлцэнэ гэж тодорхой заасан. Гэтэл шүүгч тодорхой бус байна гэж дүгнэж байгааг хариуцагчийн зүгээс гайхаж байна. Шүүгчийн зүгээс дангаараа, давуу эрхээ ашигласан гэх мэтээр “Х-” ХХК-ийг илт буруутгасан байр суурийг шүүх хуралдааны явцад олон удаа гаргаж байсан. Энэ нь шүүх хуралдааны бичлэгээр нотлогдоно. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд хуралд яригдсан олон асуудлууд тусгагдаагүй үлдсэн байсан. Шүүгчийн зүгээс хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг Б.Н- үзсэн эсэхийг хариуцагч яаж нотлох юм гэдэг байдлаар хууль тогтоомжоор шаардаагүй, нотлох боломжгүй, хурлын зарыг заавал үзсэн байх ёстой гэдэг байдлаар хандаж, илтэд нэхэмжлэгчийн талд асуудлыг гуйвуулан хандсан. Шүүгч шүүхийн шийдвэрийн үндэслэлээ тайлбарлахдаа “А-” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг томилсон хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц хүрээгүй гэж тайлбарласан боловч уг үндэслэлээ шүүх хуралдааны тэмдэглэл үйлдэж, шийдвэрээ бичгэн хэлбэрт оруулахдаа огт дурьдаагүй, тайлбарлаагүй үндэслэл бичгэн хэлбэрт оруулсан нь илт ёс зүйгүй, хуулийг үл ойшоосон гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг бүхэлд нь хянан үзэж, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Ч-” ХХК нь хариуцагч “А-” ХХК-д холбогдуулан хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Хариуцагч “А-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 01 тоот тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирал Б.Н-г гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, БНХАУ-ын иргэн Ли ганг томилжээ. /хх-ийн 109-р тал/

 

Хариуцагч “А-” ХХК-ийн хувьцааны 51 хувийг “Х-” ХХК, 49 хувийг “Ч-” ХХК эзэмшдэг байх бөгөөд тус компанийн дүрмийн 6.2-т “Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит ба ээлжит бус хурлыг хуралдуулах, шийдвэр гаргахтай ... холбоотой асуудлыг Компанийн тухай хуулийн 59-74 дүгээр зүйлд зааснаар зохицуулна” гэж заасан байна. /хх-ийн 103-108-р тал/

 

Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл энэ хуулийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана” гэж заасан. Хариуцагч “А-” ХХК нь төлөөлөн удирдах зөвлөлгүй компани байх бөгөөд Компанийн тухай хуулийн 61  дүгээр зүйлийн 61.2 дах хэсэгт зааснаар хариуцагч “А-” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч “Х-” ХХК нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг тухайн компанийн гүйцэтгэх удирдлагад гаргах эрхтэй байна.

 

Гэвч хариуцагч “А-” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч “Х-” ХХК нь дээрх хуульд зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаар “А-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н-д албан ёсоор санал, шаардлага хүргүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Тодруулбал, нэхэмжлэгч “Ч-” ХХК нь хариуцагч “А-” ХХК-ийн 49 хувийн хувьцааг эзэмшдэг байх бөгөөд 51 хувийн хувьцаа эзэмшигч “Х-” ХХК нь нэхэмжлэгч “Ч-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Н-, Б.А- нарт биш харин хариуцагч “А-” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Б.Н-д хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах талаарх санал, шаардлагыг хүргүүлэх байжээ. Иймд хариуцагч “А-” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх тухай асуудалд нэхэмжлэгч “Ч-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.А-ыг оролцуулсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Түүнчлэн, Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх удирдлага нь ажлын 10 өдөрт багтаан шийдвэр гаргаагүй тохиолдолд мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дах хэсэгт заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болох журамтай боловч хариуцагч “А-” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч “Х-” ХХК-д хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргах эрх үүссэн эсэх нь тодорхой бус байна.

 

Нөгөө талаар, Компанийн тухайн хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсэгт хувьцаа эзэмшигчдийн хурлын зард тусгах асуудлуудыг тухайлан заасан бөгөөд хариуцагч “А-” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч “Х-” ХХК нь дээрх хуульд заасан журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг холбогдох этгээдэд хүргүүлээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Тодруулбал, дээрх хуульд зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлын зард компанийн оноосон нэр, байршил, хурал хийх өдөр, цаг, газар, хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр, хурлаар хэлэлцэх асуудал болон гаргах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам зэрэг мэдээллийг тусгасан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. 

 

Иймд хариуцагч “А-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо хариуцагч “А-” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч “Х-” ХХК нь 100 хувийн саналаар гүйцэтгэх удирдлагыг томилсон учраас Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу хурлын шийдвэр хүчин төгөлдөр, мөн анхан шатны шүүх хариуцагч талаас гаргасан ач холбогдол бүхий хүсэлтийг хангахгүй орхисонд гомдолтой, хариуцагч талын зарим тайлбарыг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй, шүүхийн шийдвэр бичгээр гарахдаа уншиж сонсгосноос зөрүүтэй гарсан гэжээ.

 

Гэвч Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн зохицуулалт нь мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дах хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргах эрх үүссэн тохиолдолд хамаарах зохицуулалт тул энэ талаарх хариуцагч талын гомдол үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, давж заалдах шатны шүүх 2020 оны 9 сарын 28-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр “Ч-” ХХК-ийн нэхэмжлэлтэй “А-” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийсэн бөгөөд шүүхийн шийдвэр бичгээр гарахдаа илт зөрүүтэй гарсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хариуцагч тал нь гэрчээс мэдүүлэг авахуулах, гарын үсгийн шинжилгээ хийлгэх тухай хүсэлтүүдийг бичгээр гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч тал гэрчээс мэдүүлэг авахуулах тухай хүсэлтээсээ шүүх хуралдаанд татгалзжээ. Үүнтэй холбоотойгоор шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн хүсэлтийг хангахгүй орхисон шүүхийн ажиллагааг буруутгах боломжгүй байна.

 

Шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагч талын зарим тайлбарыг тусгаагүй гэх гомдлын тухайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дах зааснаар шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулахаар хүсэлт гаргах эрхтэй ба энэ эрхээ хэрэгжүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

                                       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/02721 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.ЭНХТӨР

           

                                        ШҮҮГЧИД                                       Д.НЯМБАЗАР

                                                                                                 

                                                                                                Г.ДАВААДОРЖ