Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 26

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч С.Сугар,

Хохирогч А.М,

Шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн яллагдагч Ц.Цад холбогдох 1730001990011 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат, 1976 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 1 дүгээр баг, улсаас авсан гавъяа шагналгүй, Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 45А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Ц.Ц

 

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч Ц.Ц нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зодож, эрүүл мэндэд нь “толгойн үстэй хэсгийн болон зүүн нүдний дээд, доод зовхи, 2 гарын шуу, бугалга, цээж, зүүн талын түнхний хэсгийн зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Ц.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Бид хоёрт гэр бүлийн маргаан байхгүй. Бид хоёр одоо хамт амьдарч байгаа. Архи ууснаас болсон. Миний буруу. Хэрэгт авагсан өмнө өгсөн мэдүүлгүүд бүгд үнэн. Өөр мэдүүлэг өгөхгүй... гэв.

 

- Хохирогч А.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манай нөхрийн мэдүүлэг үнэн. Тухайн өдөр манай найзын төрсөн өдөр болоод караокед ороод жаахан архи уусан байсан. Тэгээд гэртээ ирээд муудсан ... гэв.

 

- Хохирогч А.Мын хэрэг бүртгэлтэнд гэрчээр өгсөн: Би Ц.Ц гэх хүнтэй хамтран амьдраад 2 жил гаруй болж байна. 2017 оны 12 дугаар сарын 09-ний орой би найзынхаа төрсөн өдөр гээд караокед сууж байгаад орой 22 цаг өнгөрөөгөөд гэртээ очтол Ц.Ц нь намайг “залгаад байхад утсаа авсангүй, утсыг чинь дэлгүүрт тавьж архи ууна” гээд ус буцалгагч, бакалан гутал зэргийг шидсэн. Миний нүүр рүү бакалан гутал шидэж толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Мөн миний гарын шууг базаж, цохиж зодсон. Тэгээд миний утсыг аваад гарсан. Ц.Ц нь намайг урьд өмнө 2017 оны 02 дугаар сард зодсноос би цагдаад хандаж шалгуулж байсан. Намайг дарамталж, найз нөхөдтэй уулзуулдаггүй. Миний хувьд маш их гомдолтой байна... гэх мэдүүлэг / хх- 03/, 

 

        - Яллагдагч Ц.Цын хэрэг бүртгэлтэнд гэрчээр өгсөн: Би Март гэдэг хүнтэй хамтран амьдараад 2 жил гаруй болж байгаа юм. Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Цагаан 24 айлын орон сууцны дэргэд байдаг 12 айлын орон сууцанд манайд амьдарч байсан. 2017 оны 12 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчимд Март найзуудтайгаа архи уучихаад согтуу ирээд гэрийн гадаа унтаж байхаар нь би гэрт оруулаад “Эмэгтэй хүн байж ингэж архи уулаа” гэсэн чинь над руу юм хум шидээд байхаар нь би ус буцалгагч, бакалиар шидээд нүүр рүү нь 2-3 удаа алгадсан. Бакалиар нуруу руу нь цохисон. Тэгээд би утсыг нь аваад дэлгүүрт барьцаанд тавьж архи ууна гэж хэлээд аваад гарсан. Тэгээд би шөнө гэртээ эргээд ирэхэд Март унтаж байсан. Өглөө эрт би гарч яваад буцаад ирсэн чинь хувцасаа аваад явчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-07/,

 

- Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаартай дүгнэлтэд: А.Мын биед толгойн үстэй хэсгийн болон зүүн нүдний дээд, доод зовхи, 2 гарын шуу, бугалга, цээж зүүн талын түнхний хэсгийн зөөлөн эдийн цус хуралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ / хх-13/,

 

-  Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-04-05/

- Сүхбаатар аймгийн прокурорын газрын 2018.01.10-ны өдрийн 1730001990011 дугаартай прокурорын тогтоол /хх-15/

 

- Ц.Цын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-19/

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р багийн засаг даргын 2018.01.16-ны өдрийн 1/700 дугаартай тодорхойлолт /хх-22/

 

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 01 сарын 19-ний өдрийн 11 дугаартай хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын санал  /хх-42/ 

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2013.05.14-ний өдрийн 45А дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-29-33/

 

- Ц.Цын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-39/ зэрэг болно.

 

                     

 Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

 Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. 

 

 Шүүгдэгч Ц.Цын холбогдсон дээрх хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд прокурорын яллах дүгнэлтэнд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичиж, яллагдагчид танилцуулж, гарын үсэг зуруулсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна гэж үзлээ. 

 

          Шүүгдэгч Ц.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний орой 22.00 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг 12 айлын 5 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч А.Мыг ус буцалгагч, бакалан гутал зэргийг шидэж эрүүл мэндэд нь “ зүүн чамархайн хуйханд язарсан шарх, зүүн даланд, баруун бөөр орчимд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ц.Цын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч А.Мын мэдүүлэг, Аюулын зэргийн үнэлгээний маягт, 2017.12.15-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудас, Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Ц.Цын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Тухайлбал, Ц.Цын хамтран амьдрагч А.Мын эрүүл мэндэд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

           Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Ц.Ц нь ялимгүй зүйлээр шалтаглан хамтран амьдрагч А.Мыг ус буцалгагч, бакалан гутал зэрэг зүйлсээр шидэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь түүний гэрчээр өгсөн “ Би Март гэдэг хүнтэй хамтран амьдараад 2 жил гаруй болж байгаа юм. Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Цагаан 24 айлын орон сууцны дэргэд байдаг 12 айлын орон сууцанд манайд амьдарч байсан. 2017 оны 12 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчимд Март найзуудтайгаа архи уучихаад согтуу ирээд гэрийн гадаа унтаж байхаар нь би гэрт оруулаад “ Эмэгтэй хүн байж ингэж архи уулаа ” гэсэн чинь над руу юм хум шидээд байхаар нь би ус буцалгагч, бакалиар шидээд нүүр рүү нь 2-3 удаа алгадсан. Бакалиар нуруу руу нь цохисон. Тэгээд би утсыг нь аваад дэлгүүрт барьцаанд тавьж архи ууна гэж хэлээд аваад гарсан. Тэгээд би шөнө гэртээ эргээд ирэхэд Март унтаж байсан. Өглөө эрт би гарч яваад буцаад ирсэн чинь хувцасаа аваад явчихсан байсан “ гэх, 

хохирогч А.Мын гэрчээр өгсөн “Би Ц.Ц гэх хүнтэй хамтран амьдраад 2 жил гаруй болж байна. 2017 оны 12 дугаар сарын 09-ний орой би найзынхаа төрсөн өдөр гээд караокед сууж байгаад орой 22 цаг өнгөрөөгөөд гэртээ очтол Ц.Ц нь намайг “залгаад байхад утсаа авсангүй, утсыг чинь дэлгүүрт тавьж архи ууна” гээд ус буцалгагч, бакалан гутал зэргийг шидсэн. Миний нүүр рүү бакалан гутал шидэж толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Мөн миний гарын шууг базаж, цохиж зодсон. Тэгээд миний утсыг аваад гарсан. Ц.Ц нь намайг урьд өмнө 2017 оны 02 дугаар сард зодсноос би цагдаад хандаж шалгуулж байсан. Намайг дарамталж, найз нөхөдтэй уулзуулдаггүй. Миний хувьд маш их гомдолтой байна” гэх мэдүүлгүүд, шинжээчийн 7 тоот дүгнэлт зэргээр хэрэгт тогтоогдсон байна.

Ц.Ц гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр хуулиар хамгаалагдсан бусдын эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа хохирогчийг ус буцалгагч, бакалан гутал зэрэг зүйлсээр шидэж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

 

           Шүүгдэгч Ц.Цад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

           Иймд шүүгдэгч Ц.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

          

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

          Шүүхээс шүүгдэгч Ц.Цыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

          Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

 

          Шүүгдэгч Ц.Цын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтоолоо. 

 

Ц.Ц энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдъя.

 

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Ц.Цыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цыг 240 /хоёр зуун дөч / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Ц шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  4. Ялтан Ц.Ц энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

  5. Ялтан Ц.Цад шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН