Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2017/0372/З |
Дугаар | 221/МА2017/0718 |
Огноо | 2017-10-05 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2017/0718
2017 оны 10 сарын 05 өдөр Дугаар 221/МА2017/0718 Улаанбаатар хот
С.Б-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Б.Д, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дэргэдэх Ёс зүйн хорооны дарга Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0545 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Б-ын давж заалдах гомдлоор, С.Б-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын дэргэдэх Ёс зүйн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүү илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0545 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 сарын 28-ны өдрийн “Төрийн албанаас халах тухай” Б/137 дугаар тушаал, мөн тус газрын дэргэдэх Ёс зүйн хорооны 2016 оны 11 сарын 18-ны өдрийн хурлын дүгнэлт хэсгийн С.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, С.Б-ыг Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн үйлдвэрлэл технологийн хэлтсийн Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний экспорт, төлөвлөгөө, тайлангийн асуудал хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б-ын ажиллаагүй хугацааг 2016 оны 11 сарын 28-ны өдрөөс 2017 оны 07 сарын 16-ныг хүртэл хугацаагаар тооцож, түүний хөдөлмөрийн хөлс 613669 төгрөг дээр ажилласан хугацааны болон зэрэг дэвийн холбогдох нэмэгдлийг нэмж тооцон олговол зохих нийт цалин олговроос хуульд заасан холбогдох суутгалыг хасаж гарт олгох цалинг гарган, дээр дурдсан бүх хугацааны цалин хөлсийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас гаргуулж нэхэмжлэгчид олгохыг, нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, зохих журмын дагуу сар тутмын шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж” шийдвэрлэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Б давж заалдах гомдолдоо:
1. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг тогтоосон баримт байхгүй, зөрчил тус бүрд авагдсан арга хэмжээ байхгүй байхад бичиг баримтын төсөл боловсруулах явцад хоёр удаагийн үйлдлээр алдаа гаргасныг зөвхөн маргаан бүхий захиргааны актаар тогтоож, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай байна” гэж дүгнэсэн байна. Энэ нь дараах байдлаар үгүйсгэгдэнэ.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасан ба энэ утгаараа Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолоос дурдвал тус тогтоолын 15.4 дэх хэсэгт “Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй” гэж зааснаас үзэхэд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийг ногдуулахгүйгээр Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасан шийтгэлийг ногдуулсан нь үндэслэлтэй байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.
2. Мөн шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “…Албан хаагчийн ажил үүргээ гүйцэтгэх явцад гаргасан алдааг ёс зүйн зөрчилд тооцон үзсэнээс гадна түүний эрх зүйн байдлыг дордуулж сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэрийг сонгон арга хэмжээ авахуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал оруулсан нь үндэслэлгүй байна” гэж үзсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд захиргааны байгууллагын сонгох
боломжийн талаар заасан ба хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэхээр хуульчилсан байна. Дээр дурдсан заалтаас үзэхэд төрийн захиргааны байгууллага нь мэргэжилтэн С.Б-ыг үг үсгийн алдаатай албан бичгийг удаа дараалан төлөвлөсөн үйлдэлд нь тохирсон шийтгэлийн талаар сонгох боломжийг ашиглан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/137 дугаар тушаалыг гаргасан нь хууль зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасан хэдий боловч мэргэжилтэн С.Б-ыг жирэмсэн гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэн С.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0545 дугаар шийдвэр нь хуулийн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарласан шийдвэр байх тул хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэг. Ашигт малтмал, газрын тосны газрын Ёс зүйн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Ашигт малтмал, газрын тосны газрын Ёс зүйн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” дүгнэлтээр “2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Монгол банкны Ерөнхийлөгчид явуулахаар төлөвлөсөн “Төв аймгийн Баян суманд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагын жагсаалт хүргүүлэх тухай”, мөн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Г М” ХХК-ийн Ерөнхий захиралд явуулахаар төлөвлөсөн “Замын-Үүд дэх Гаалийн газарт гаргасан “улсын хилээр дээж нэвтрүүлэх тодорхойлолт”-ыг Улаанбаатар дахь гаалийн газарт болгон өөрчлөх тухай” албан бичгийн төслүүдийг боловсруулахдаа Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.3.13-т заасан “баримт бичгийг бичвэр хэлбэрээр боловсруулахад тавигдах нийтлэг шаардлагад үг, үсгийн болон хэл найруулгын хувьд алдаа мадаггүй байх шаардлагыг зөрчсөн, баримт бичгийн төслийг
хэлтсийн даргад танилцуулж гарын үсэг зуруулалгүй шууд Газрын дарга Б.Б-оор батлуулахаар хүргүүлсэн зөрчил гаргасан ...” нь Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.4.2-т заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж дүгнэн С.Б-ыг “төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” саналыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хүргүүлжээ.
Нэхэмжлэгч С.Б тус дүгнэлтийг эс зөвшөөрч “...“Үр дүнгийн гэрээ” байгуулсан, үнэлгээгээр “хангалтгүй” гэсэн дүн аваагүй, ямар нэгэн сахилгын болон ёс зүйн зөрчил гарган шийдвэрлүүлээгүй, намайг ёс зүйн ямар зөрчил гаргасан гэж үзэж байгаа нь тодорхойгүй ...” гэж маргасан нь үндэслэлтэй байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/137 дугаар тушаалаар маргаан бүхий дүгнэлтийг үндэслэн С.Б-ыг “Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний экспорт төлөвлөгөө, тайлангийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалаас халсан байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Ёс зүйн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” дүгнэлтийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах шийдвэрийн үндэслэл болсон сөрөг үр дагавар, нөлөөлөл бүхий захиргааны акт байх тул Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах ерөнхий зарчим, журам, Төрийн албаны тухай хуулиар тогтоосон төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах ерөнхий үндэслэл журамд тус тус нийцсэн байх шаардлагатай гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн а-50 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “тус газрын ажилтан албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ... ажилтан албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай иргэн, хуулийн этгээд, агентлагийн ажилтан, албан хаагчийн гомдол, мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулах” зорилго бүхий “Ашигт малтмалын газрын ажилтан албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-д зааснаас үзвэл Ёс зүйн хороо нь тус газрын ажилтан, албан хаагч нарын талаарх ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэх гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэж, дүгнэлт гаргах эрхтэй байна.
Тус журмаар ёс зүйн хороог хэрхэн байгуулах, ёс зүйн хороо ямар эрх, үүрэгтэй байх, тус хорооны дүгнэлтийг хэрхэн хэлэлцэх дэг, ёс зүйн хэм хэмжээг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага зэргийг заасан байхаас гадна Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн Агентлагын дарга тухайн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах, эсхүл Ёс зүйн хорооны дүгнэлтийн дагуу сахилгын шийтгэл хүлээлгэх шаардлагагүй гэж үзвэл энэ талаар шийдвэр гаргах эрх хэмжээг сонгож хэрэглэх боломжтой байхаар зааж журамласан байна. Харин тус журамд “ёс зүйн хэм хэмжээ” гэж юу болох, тэрхүү хэм хэмжээг хэрхэн ямар байдлаар зөрчсөн тохиолдолд ёс зүйн ямар зөрчил болох талаар тухайлан заагаагүй, хэргийн оролцогчид Ашигт малтмалын газарт Ёс зүйн дүрэм тусдаа гараагүй гэж тайлбарлажээ.
Ийнхүү Ашигт малтмал, газрын тосны газар нь Ёс зүйн хорооны үйл ажиллагааны журмыг батлан гаргасан байх боловч тус газрын ажилтан албан хаагчдын мөрдөх ёстой ёс зүйн дүрмийг батлан гаргаагүй, ямар үйлдэл үйл ажиллагааг ёс зүйн зөрчил гэж үзэх буюу ёс зүйн хэм хэмжээг хэрхэн ямар байдлаар зөрчсөн бол ёс зүйн зөрчилд тооцогдох, ёс зүйн зөрчлийн хэр хэмжээг үнэлэх шалгуур үзүүлэлт зэргийг журамлан тогтоогоогүй, тодорхойгүйн улмаас шүүх маргаан бүхий дүгнэлттэй холбогдуулан нэхэмжлэгчийн гаргасан гэх ёс зүйн зөрчил, түүний хэр хэмжээ, шинж байдлыг тодорхойлох боломжгүй байна.
Ашигт малтмал, газрын тосны газар нь ёс зүйн зөрчил гэж юу болох, түүнийг зөрчвөл ямар хариуцлага хүлээх талаар өөрийн байгууллагад мөрдөгдөх хэм хэмжээг журамлаж тогтоогоогүй атлаа маргаан бүхий дүгнэлтээр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахаар санал хүргүүлсэн нь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах санал, дүгнэлт гаргах тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх эсхүл давтан үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэхээр заасан Төрийн албаны тухай хуулиар тогтоосон журамд нийцээгүй, мөн хуульд үндэслэх, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүйн улмаас хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Түүнчлэн Ёс зүйн хорооны дүгнэлтэд нэхэмжлэгч С.Б-ыг буруутгасан үндэслэлийг “...Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.3.13-т заасныг зөрчсөн, баримт бичгийг бичвэр хэлбэрээр боловсруулахад тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн, дахин зөрчсөн...” гэж тодорхойлон, түүнийг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн атлаа Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн дарга Д.Хангайд холбогдох дүгнэлтийн хэсэгт “...ахлах мэргэжилтэн Б.Бямбадагвын хариуцсан ажилдаа хайхрамжгүй хандсан нь мэргэжилтэн С.Б-ын ажлын хариуцлага алдсан үйлдэл удаа дараа давтагдан гарах нөхцөл бүрдсэн байна...” гэж С.Б-ыг “ажлын хариуцлага алдсан” гэх өөр агуулгаар дүгнэн хариуцлага ногдуулахаар санал гаргасан нь ойлгомжгүй байхаас гадна “албан бичгийн төслийг хянаж танилцах, өдөр тутам мэргэжлийн удирдлагаар хангаж, хэлтсийн мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажлыг гүйцэтгүүлж, гүйцэтгэлд нь хяналт тавих” үүрэг бүхий ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга зэрэг албан тушаалтнуудад тус бүр “сануулах”, нэхэмжлэгч С.Б-д “төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл ногдуулахаар санал хүргүүлснийг тэгш бус хандсан гэж үзэхээр байгааг тэмдэглэв.
Хоёр. Нэхэмжлэлийн “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн б/137 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл, журмыг зааж зохицуулсан байх бөгөөд хэрэв төрийн албан хаагч тус хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглосон журмыг тус тус зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй зэрэг алдаа дутагдал гаргасан бол эрх бүхий этгээд нь тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэсэн сахилгын шийтгэлийн төрлүүдээс аль тохирохыг сонгож хэрэглэхээр хуульчилсан байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн б/137 дугаар маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлтэй холбогдуулан анхан шатны шүүх “...хариуцагч нь нэхэмжлэгч С.Б-ыг төрийн албанаас халж захиргааны актад Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуульд байхгүй зүйл, заалтыг баримталсан, холбогдох хууль журмаар эрх бүхий захиргааны албан тушаалтанд ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн харилцаатай холбоотой, ажилтанд сахилгын арга хэмжээ авах, ажлаас халах бүрэн эрхийг олгосон байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчийг төрийн албанаас халж захиргааны акт гаргахдаа зөрчилд тохирсон арга хэмжээ аваагүй, төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийн харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийг баримтлаагүй, төрийн жинхэнэ албан хаагчийн хуульд заасан баталгааг хангаагүй, ... Ёс зүйн хорооны дүгнэлтийг харгалзан үзээгүй ... маргаан бүхий актад үндэслэсэн Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар батлах тухай” 68 дугаар тушаалд ... 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/89 дүгээр тушаалаар ... “2.3.13-г 2.3.9” гэж өөрчилсөн байхад уг заалтыг зөрчсөн гэж захиргааны актыг гаргасан нь үндэслэлгүй ... маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлэхээс өмнө гарсан зөрчилд тус журмыг зөрчсөн гэсэн агуулгаар үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй...“ гэж зөв дүгнэсэн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна”, 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.3-т “захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэж бичгээр гарах захиргааны актад тавигдах шаардлагыг Ашигт малтмал, газрын тосны газрын Ёс зүйн хорооны маргаан бүхий дүгнэлт, тус газрын даргын б/137 дугаар тушаал тус тус хангаагүй болох нь тогтоогдсон, хууль бус, түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан алдаа зөрчилд тохироогүй, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг алдагдуулж, эрх зүйн байдлыг хэт дордуулсан, тэгш бус хандсан, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг алдагдуулсны улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байх тул хариуцагчийн “...шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ...шийтгэлийн хамгийн хүнд хэлбэрийг сонгон арга хэмжээ авахуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал оруулсан нь үндэслэлгүй...” гэж үзсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч С.Б-ыг жирэмсэн байхад ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан хариуцагчийн буруутай байдлыг тэмдэглэх байдлаар дүгнэсэн, тус дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгоогүйг, мөн нэхэмжлэгчид зэрэг дэвийн болон холбогдох нэмэгдлийг нэмж тооцож олговол зохих нийт цалин олговроос хуульд заасны дагуу холбогдох суутгалыг хасч, ажиллаагүй хугацааг ажлаас халагдсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож цалин хөлсийг тооцож олгохыг даалгаж шийдвэрлэсэн нь зүйтэйг тус тус дурдав.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0545 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ