Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 455

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй,

СБА-ийн ИТХ-ын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                 Х.Батсүрэн

                                                 Б.Мөнхтуяа

                                                 Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                        Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:           Ц.Ундрал

Нэхэмжлэлийн шаардлага: “...СБА-ийн ИТХ-ын даргын. 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 07 тоот “Д.О-ийг албан тушаал бууруулах тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Мэдээлэл, орон нутгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилуулах, цалингийн зөрүүг гаргуулах, нийгмийн даатгалын шийтгэлийг нөхөн төлөхийг даалгах”

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 122/ШШ2018/0015 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0506 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа, хариуцагч СБА-ийн ИТХ-ындарга Б.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 122/ШШ2018/0015 дугаар шийдвэрээр: 1 дэх заалтаар Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2-т заасныг тус тус баримтлан Д.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, СБА-ийн ИТХ-ын даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/07 тоот “Д.О-ийг албан тушаал бууруулах” тухай захирамжийг хүчингүй болгож, Д.О-ийг СБА-ийн ИТХ-ын Мэдээлэл, орон нутгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

2 дахь заалтаар Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.О-т албан тушаал бууруулсан цалингийн зөрүүтэй тэнцэх олговорт 1483080 /нэг сая дөрвөн мянга дөрвөн зуун наян гурван мянга наян/ төгрөгийг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0506 дугаар магадлалаар: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 122/ШШ2018/0015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагч СБА-ийн ИТХ-ындарга Б.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 221/МА2018/0506 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Д.О- нь ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг болох мэдээлэл, орон нутаг хариуцсан ажлын талаар өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй ба ажлын цагийн хоцрогдол ихтэй, аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын зурагт альбомын эх бэлтгэлийг гаргах болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Khural.mn” сайтыг мэдээллээр баяжуулах талаар идэвхи санаачилга муутай ажиллаж, сумдын иргэдийн Төлөөлөгдчийн Хурлыг мэргэжил арга зүйн удирдлагаар тогтмол хангаж ажиллаагүй, мөн сумдын хурлын нарийн бичгийн даргын сургалт семинарыг чанар муутай зохион байгуулсан зэргээр үүрэгт ажлуудаа удаа дараа хангалтгүй зохион явуулсан нь 2017 оны ажлын тайлангаар нотлогдож байдаг. Гэтэл шүүхээс Д.О-ийн 2017 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээг үнэлээгүй гэдэг үндэслэлээр Мэдээлэл, орон нутаг хариуцсан хэлтсийн даргаар эгүүлэн томилсон шийдвэр гаргасан нь хууль тогтоомжид нийцэхгүй байна. Учир нь 2017 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан Д.Гансүх нь хурлын ажлын албанд бүтэц хийх нэрээр бүх албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулах ажлыг зохион байгуулаагүй бөгөөд нэгэнт гэрээ албажиж баталгаажаагүй тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зүгээс ажлаа хүлээж авмагц гэрээг үнэлүүлэх нөхцөл боломж бүрдээгүй болно. Гэтэл Д.О- нь 2017 онд хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Н.Аззаяатай үгсэн хуйвалдаж үр дүнгийн гэрээний төсөлд 2018 онд гарын үсэг зуруулж /ИТХ-ын тэмдэг дарагдаагүй, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг үнэлж дүгнэх журмын 4.3.1 дахь хэсэгт заасан "... эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болно” гэж заасныг зөрчсөн/ аймгийн нотариатаар батлуулж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн нь хууль тогтоомж зөрчсөн, шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн үйлдэл болсныг Цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж байна. Иймээс шүүхээс үр дүнгийн гэрээ байгуулсан боловч гэрээг үнэлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

5. Д.О- нь шийдвэр гарснаас хойш 3 сарын дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөрчиж хугацаа хэтрүүлэн шүүхэд гомдол гаргаж холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн. Мөн Сүхбаатар аймгийн Төрийн албаны салбар зөвлөл нь дүгнэлт гаргахдаа Улсын Их Хурлын 2003 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 2 дахь хэсгийн 8.2, 9, 12 дахь зүйлүүдийг зөрчин дүгнэлт гаргасныг хянаж үзээгүй болно. Энэ нь Захиргааны Ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь заалтуудыг зөрчсөн байгаа тул 2018 оны 221/МА2018/0506 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ

ХЯНАВАЛ:

6. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

7. Д.О-ийг “...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн...” гэж Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2-т заасан үндэслэлээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Мэдээлэл, орон нутгийн хэлтсийн даргын албан тушаалаас бууруулж, Хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилсон СБА-ийн ИТХ-ындаргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/07 угаар тушаал нь дээрх хуульд нийцээгүй, хууль бус захиргааны акт байна.

8. Д.О-ийн гомдлыг хянасан Сүхбаатар аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дүгээр дүгнэлтэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны Б/07 дугаар тушаал нь хууль зөрчсөн, төрийн албан хаагчийн эрхийг зөрчсөн болохыг дүгнэжээ. 

9. Хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 05, 12 дугаар сарын 27, 2018 оны 01 дүгээр сарын 22, 01 дүгээр сарын 16-ны өдрийн ажилчдын хурлын тэмдэглэл авагдсан, үүнийг хариуцагч нь “...албан үүргээ хангалтгүй биелүүлсэн...” гэх тайлбарынхаа үндэслэл болгосон, нэхэмжлэгч нь “албан үүргээ чанартай гүйцэтгэж байсан, ...үр дүнгийн гэрээг үнэлж дүгнээгүй,...” гэж маргасан байна.

10. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, бууруулах асуудлыг шийдвэрлэхийг Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т тодорхой заасан, хуульд заасан журмын дагуу ажлын үр дүнг үнэлж дүгнэлгүйгээр албан тушаал бууруулсан болон хариуцагчаас тайлбарынхаа үндэслэлийг болгон маргаж байгаа үйл баримт нь нотлогдож тогтоогдоогүйг шүүхийн шийдвэр  магадлалд тодорхой, зөв дүгнэж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь үндэслэлтэй. 

11. Үүнээс гадна нэхэмжлэгч нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Төрийн албаны салбар зөвлөлд гомдлоо гаргасан, тус зөвлөлөөс гарсан 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дүгээр дүгнэлтийг хүлээн авсны дараа 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаагаас үзвэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д ”...шийдвэрийг мэдэгдсэнээс хойш шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасныг зөрчөөгүй, иймээс “...үүрэгт ажлуудаа хангалтгүй гүйцэтгэж ирсэн нь 2017 оны ажлын тайлангаар нотлогдож байгаа, ...хугацаа хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан...” гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

12. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргааны үйл баримтад хамаарах Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан  хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 122/ШШ2018/0015 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0506 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

   ШҮҮГЧ                                                       Л.АТАРЦЭЦЭГ