Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 590

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Иргэн Ө.Г*******,

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар,

Гуравдагч этгээд: М******* ХХК, К******* ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “М******* ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******гийн гудамж, “*******” хотхоны 44В байрны 126 тоот авто зогсоолын улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, тус 44В байрны 126 тоот авто зогсоолын улсын бүртгэлийг иргэн Ө.Г******* миний нэр дээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, өмчлөх эрхийн улсын бүртгэлийг Ө.Г******* миний нэр дээр бүртгэн, гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У*******, гуравдагч этгээд М******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяасүрэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Ө.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:”... “Г******* миний бие 2009 оны 08 дугаар сарын 08-ны өдөр М******* ХХК-тай 80 дугаартай “Автомашины зогсоол худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсны үндсэн дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******гийн гудамж “B*******” хотхоны 44В байрны зооийн давхрын 126 тоот автомашины зогсоолыг захиалж, гэрээний үнийг бүрэн төлснөөр М******* ХХК-тай “Тооцоо нийлсэн акт” үйлдэж, авто машины зогсоолыг өөрийн эзэмшил, ашиглалтанд хүлээн авсан юм. 

Улмаар М******* ХХК нь авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй, холбогдох материалыг өгөхгүй байсан тул миний бие шүүхэд хандан авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/01494 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталсан. Үүний дагуу Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн газарт хандахад 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр надад К******* ХХК-ийн барьцаанд байгаа тул бүртгэх боломжгүй гэсэн бүртгэхээс татгалзсан хариуг өгсөн, мөн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт гомдол гаргахад 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөн л бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй гэх хариу өгсөн. 

Гэтэл М******* ХХК нь К******* ХХК-тай миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******гийн гудамж  “B*******” хотхоны 44В байрны 126 тоот авто зогсоолыг надад огт мэдэгдэлгүйгээр зээлийн барьцаанд тавихын тулд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд 90 хувийн гүйцэтгэлтэй хэмээн бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3-д “улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй, түүнчлэн Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Иргэний хуулийн 183.3-д заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад эрхийн улсын бүртгэлийг буруу хийсэн нь тогтоогдвол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. 

Иймд М******* ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******гийн гудамж, “B*******” хотхоны 44В байрны 126 тоот авто зогсоолын улсын бүртгэлийг хүчингүй болгож, уг авто зогсоолын улсын бүртгэлийг иргэн Ө.Г******* миний нэр дээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохийг тогтоон, өмчлөх эрхийн улсын бүртгэлийг иргэн Ө.Г******* миний нэр дээр бүртгэн, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа”...” Нэхэмжлэгч Ө.Г******* нь 2009 оны 08 дугаар сарын 08-ны өдөр М******* ХХК-тай 80 дугаартай “Авто машины зогсоол худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсны дагуу 44В байрны 126 тоот авто зогсоолыг захиалан бариулж, гэрээ байгуулсан өдрөө төлбөр тооцоог бүрэн төлж, тус компанитай тооцоо нийлсэн акт үйлдсэн байдаг. Улмаар М******* ХХК нь 126 тоот авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэгч Ө.Г******* Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний анхан шатны шүүхэд 126 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1494 дугаартай захирамж гаргаж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, тус 126 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгч нь Ө.Г******* мөн болохыг тогтоосон.

Энэхүү иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамж болон МФикс капитал ХХК-ийн албан бичгийн хамт Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст нэхэмжлэгчийг тус авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр бүртгэх тухай хүсэлтийг холбогдох нотлох баримтуудын хамт хүргүүлсэн ч М******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, мөн 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн барьцаанд бүртгэлтэй байна гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзсан. Улмаар энэ хариуг эс зөвшөөрч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар гомдол гаргасан бөгөөд Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас уг хариуг үндэслэлтэй гэх хариу ирүүлсэн тул ийнхүү Захиргааны хэргийн шүүхэд хандсан болно.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримтыг үндэслэн ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно”, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2-т “хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлыг хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно” гэж заасны дагуу манайхаас улсын бүртгэлд бүртгэхийг  Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас шаардсан. 

Хариуцагч хариу тайлбартаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, 18.1.10 дахь заалт болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг үндэслэн бүртгэхээс татгалзсан тухайгаа дурдсан байдаг. Үүнд тайлбар хийе. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд М******* ХХК тус барилгын гүйцэтгэгч атлаа 2010 онд өөрсдийн барьж гүйцэтгэсэн 4 блок орон сууц болон автозогсоолын тоот тус бүрээр өмчлөх эрх бүртгүүлэх тухай мэдүүлэг гаргасан байдаг. Хариуцагчийн хувьд М******* ХХК-ийг тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг өмчлөх эрхтэй эсэхийг нарийвчлан шалгалгүйгээр тус 4 блок барилгын 96 орон сууц, 205 автозогсоолыг тус компанийн нэр дээр бүртгэж гэрчилгээ олгосон байдаг. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах эрхтэй” гэж заасны дагуу “МФикс капитал” ХХК-аас гаргасан мэдүүлгийн үнэн зөвийг нягтлан шалгах үүрэгтэй төдийгүй Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д “мэдүүлэгт тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичгийг заавал хавсаргана”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол мэдүүлэг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө” гэж заасны дагуу анхнаасаа бүртгэхгүй, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах бүрэн эрхтэй байсан байгаа юм. 

Мөн авто зогсоолын өмчлөгчөөр бүртгэгдсэн М******* ХХК нь бүртгүүлэх эрхгүй этгээд гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн үйл баримт болон Ө.Г*******ийг тус автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон иргэний хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр захирамж байсаар байтал бүртгэхгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 

Түүнчлэн хариуцагчийн гаргасан уг үйлдэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан “улсын бүртгэлийн үйл ажиллагаа нь үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй”, 3.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан улсын бүртгэл үнэн зөв байх зарчмуудыг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

К******* ХХК, М******* ХХК хооронд байгуулсан 2010.09.02-ны өдрийн зээлийн барьцаа гэрээ байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэхээс өмнө Ө.Г******* нь “М*******” ХХК-тай 126 тоот авто зогсоолын худалдах, худалдан авах гэрээний дагуу хууль ёсны өмчлөгч болсон байсан. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд Ө.Г*******ийн өмчлөх эрх, “К*******” ХХК-ийн барьцааны эрхээс өмнө үүссэн байдаг.

Иймд М******* ХХК нь авто зогсоолын өмчлөх эрхийг хууль бусаар өөрийн компанийн нэр дээр бүртгэж, хууль ёсны өмчлөгч Ө.Г*******эд мэдэгдэлгүйгээр К******* ХХК-тай зээлийн барьцааны гэрээ байгуулсан үйлдэл нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой хохироосон үйлдэл гэж үзэж байна. 

К******* ХХК-тай уг зээлийн гэрээг байгуулах үед оршин суугчид уг орон сууцандаа аль хэдийн орсон байхад К******* ХХК нь нягтлан шалгах үүргээ биелүүлэхгүйгээр хууль ёсны өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр ийнхүү барьцаалсан байгаа нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “зээлийн барьцаалсан эд хөрөнгө нь хуулиар хориглоогүй бөгөөд иргэн, хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөөр баригдсан орон сууц, үл хөдлөх эд хөрөнгө, түргэн борлогдох бараа материал, үнэт эдлэл, үнэт цаас болон зээлдүүлэгчээс хүлээн зөвшөөрсөн бусад хөрөнгө байж болно. Зээлийн барьцаанд бариулах үл хөдлөх эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна”, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т “барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчсөн.

Иймд М******* ХХК болон К******* ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн барьцааны гэрээний оролцогч бус, банкны өмнө үүрэг хариуцлага хүлээгээгүй Ө.Г*******ийн хөрөнгийг хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр барьцаалсан байх тул нэхэмжлэгч нь тус авто зогсоолыг өөрийн өмчлөлд бүртгүүлэхийн тулд К******* ХХК-аас зөвшөөрөл авах шаардлагагүй гэж үзэж байгаа болно” гэв.

Хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганзориг шүүхэд ирүүлсэн тайлбардаа:“....”Иргэн Өлзийбаяр овогтой Г*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч аах хариу тайлбарыг гаргаж байна.

Иргэн Өлзийбаяр овогтой Г*******ийн өргөдөлд дурдсан Хан-Уул дүүргийн 11  дүгээр хороо, Хөх Тэнгэр цогцолбор /17021/, *******гийн тойруу 44В дүгээр байрны тоот 18 м.кв талбай бүхий автозогсоолын үл хөдлөх хөрөнгийг 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр М******* ХХК /РД:2714728/ нь эрхийн улсын бүртгэлд өөрийн нэр дээр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013917 дугаарт 90% гүйцэтгэлтэйгээр бүртгүүлсэн.

Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлийг хөтлөх” журмын 4 дүгээр зүйл 4.5.3-т “Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, улсын комиссын актын хамт урьдчилан ирүүлж болно. Энэ тохиолдолд эрхийн улсын бүртгэгч нь энэхүү жагсаалтыг мэдүүлгээр ирсэн нотлох баримтуудтай тулган хянан” гэж журманд зааснаар “М*******” ХХК-ийн ирүүлсэн өмчлөгчдийн нэрсийн жагсаалтыг үндэслэн бүртгэл хийгдсэн. 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр М******* ХХК нь 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр М******* ХХК, К******* ХХК-тай байгуулсан Т07/141 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013917 дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2010 оны 09 дүгээр  сарын 02-ны өдөр К******* ХХК-тай байгуулсан барьцааны гэрээг бүртгүүлсэн байна.

Иргэн Өлзийбаяр овогтой Г******* нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх Тэнгэр цогцолбор /17021/, *******гийн тойруу 44В дүгээр байрны 126 тоот бүхий зогсоолын зориулалттай 18м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд өөрийн нэр дээр шинээр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлсэн нь:

 Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохийг хориглоно”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол, “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.1.10-д “Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай “Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт хөдөлгөөн хийхийг хориглоно” гэсний дагуу бүртгэхээс татгалзсан.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйл 19.2-д “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасан тул шүүх хуралд эрх ашиг нь хөндөгдөж байгаа К******* ХХК-ийг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү.

Мөн 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр М******* ХХК-тай иргэн Шаравнямбуу овогтой Батзориг “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулсанг эрхийн улсын бүртгэл мэдэх боломжгүй байсан.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл 13.9-д “мэдүүлэг гаргач нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөр бусад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж хуульд заасны дагуу М******* ХХК эрхийн улсын бүртгэлийн дугаарт Ү-2206013917 дугаарт бүртгэлтэй эд хөрөнгүүдийг К******* ХХК-ний барьцаанаас чөлөөлж эрх шилжүүлэх ёстой гэж үзэж

М******* ХХК хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч эдээр татан оролцуулж өгнө үү.

К******* ХХК-тай байгуулсан Т07/141 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлйиг хангуулахаар өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- 2206013917 дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2010 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр К******* ХХК-тай байгуулсан барьцааны гэрээг дуусгавар болгож. Барилга байгууламж ашиглалтад оруулах Улсын комиссын акт эрхийн улсын бүртгэлд ирүүлснээр бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой.

Иргэн Өлзийбаяр овогтой Г*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

Гуравдагч этгээд М******* ХХК-ийн захирал Б.Чинзориг шүүхэд гаргасан тайлбардаа:”...”Монгол улсын иргэн Өлзийбаярын Г*******ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт холбогдох захиргааны хэрэгт манай компани гуравдагч этгээдээр оролцож байгаа болно.

Иргэн Ө. Г******* нь 2009 оны 08 дугаар сарын 08-ны өдөр манай компанитай 80 тоот “Авто машины зогсоол худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж тус гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******гийн гудамж “B*******” хотхоны 44В байрны зоорийн давхрын 126 тоот авто зогсоолыг захиалан бариулж, төлбөр тооцоог бүрэн барагдуулсан.

Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/01494 дугаар шүүгчийн захирамжаар Ө.Г*******ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******гийн гудамж “B*******” хотхоны 44В байрны зоорийн давхрын 126 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа болно. 

М******* ХХК, К******* ХХК нар 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”, Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, зээлийн өр төлбөрийг М******* ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд барьж буй “B*******” хотхоны орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон юм.

Хэдийгээр дээр дурдсан Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-нд М******* ХХК нь 205 автомашины гаражийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч, тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно.

Харин дээрх зээлийн барьцаанд тус компанийн захирал Б.Батхүүгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Хатан туул” хотхоны 17 тоот 3 өрөө орон сууцыг хуулийн шаардлага хангаж барьцаалсан юм.

Мөн 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Т07/252 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-гээр Файндеко ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаанд М******* ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо *******гийн 44В тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй  дуусаагүй барилга, 44Г тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга мөн Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын *******гийн ам нэртэй газарт орших 2,5 га бүхий газар эзэмших эрх зэргийг К******* ХХК-ийн зээлийн барьцаанд байршуулсан бөгөөд иргэдэд “B*******” хотхоны орон сууц, авто зогсоолуудыг худалдан борлуулсан орлогоос зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүний төлбөрийн ихэнх хэсгийг төлж барагдуулснаар К******* ХХК нь 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн “Зээлийн барьцааг чөлөөлөх тухай” албан бичгийг өмнөх тайлбарт хавсаргасан болно/.

Манай компани К******* ХХК-иас нийтдээ 9 тэрбум орчим төгрөгийн зээл авч, уг зээлүүдийн төлбөрийг иргэдэд худалдан борлуулсан орон сууц, автозогсоолуудын орлого болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх замаар 20 орчим тэрбум төгрөгийг тус банкинд төлж барагдуулсан боловч, Катипрон банк ХХК-ийн тухайн үеийн удирдлагууд манай компанийн барьж буй орон сууцнуудыг 50 хувиар үнэгүйдүүлж авах, доллар, юанийн ханш өсөх үед төгрөгөөр өгсөн зээлийг доллар юаньд шилжүүлэх зэргээр зээлийн өрийн дарамтанд хийсвэрээр оруулж, бидний үйл ажиллагааг доголдуулсан.

Ингээд 2010 оны 05 дугаар бид К******* ХХК-ийн шахалтаар бусдад худалдсан орон сууц болон автозогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэй хэмээн тус бүрээр нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр бүртгүүлэхээр хүсэлт өгч, тус банкны ажилтанд итгэмжлэл олгосноор “К*******” ХХК нь орон сууц болон авто зогсоолуудын гэрчилгээг өөртөө авсан ба манай компантай 2010 оны 09 дүгэр сарын 02-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г шинээр байгуулсан ба энэхүү гэрээгээр иргэн Ө.Г*******ийн “B*******” хотхоны 44В байрны зоорийн давхарт байрлах 126 тоот автозогсоолыг өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр барьцаалуулсан нь түүний эрх ашгийг хохироосон үйлдэл болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд М******* ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Ө.Г*******ийн нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******гийн гудамж “B*******” хотхоны 44В байрны зоорийн давхрын 126 тоот авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдэхэд тагалзах зүйлгүй болно” гэжээ.

Гуравдагч этгээд М******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбардаа:”...”Монгол улсын иргэн Өлзийбаярын Г*******ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт холбогдох захиргааны хэрэгт манай компани гуравдагч этгээдээр оролцож байгаа болно. 

Иргэн Ө.Г******* нь 2009 оны 08 дугаар сарын 08-ны өдөр манай компанитай 80 тоот Автомашины зогсоол худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж тус гэрээгээр Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, *******гийн гудамж, “*******” хотхоны 44В зоорийн давхарт байрлах 126 тоот авто зогсоолыг худалдан авч төлбөр тооцоог бүрэн барагдуулсан. 

Мөн Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/01494 дүгээр шүүгчийн захирамжаар Ө.Г*******ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******гийн гудамж  “*******” хотхоны 44В зоорийн давхарт байрлах 126 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа болно. 

Иймд М******* ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Ө.Г*******ийн нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******гийн гудамж “*******” хотхоны 44В зоорийн давхарт байрлах 126 тоот автозогсоолын Эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдэхэд татгалзах зүйлгүй болно” гэв.

Гуравдагч этгээд К******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Л.Ариунаа шүүхэд гаргасан тайлбардаа”...”Монгол Улсын иргэн Ө.Г*******ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэл, статистикийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт тус банк нь шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох болсонтой холбогдуулан дор дурдсан тайлбар гаргаж байна.

Тус банк нь М******* ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 7/141 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж, 1,400,000.00 (Нэг сая дөрвөн зуун м*******н) ам.долларыг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн.

Мөн М******* ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141т “Зээлийн барьцааны гэрээ” байгуулан уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

>Зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт;

> 205 автомашины гарж;

> 3 өрөө орон сууц, гаржийн хамт;

> Зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон М******* ХХК-ийн бараа материалын үлдэгдэл.

Мөн тус банк нь 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Т07/252 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г Файндеко ХХК-тай байгуулж, Файндеко ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байна.

            > М******* ХХК-ийн өмчлөлийн Ү-2206008714 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000016261 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, *******гийн 44В тоотод байрлах 1692 м.кв талбайтай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга;

> М******* ХХК-ийн өмчлөлийн Ү-2206009074 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000041906 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр  ороо, *******гийн 44Г тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга;

> М******* ХХК-ийн эзэмшлийн 1/52 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газрын *******гийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий эзэмших эрхтэй газар;

Харин 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр М******* ХХК-ийн өмчлөлд 44А, 44Б, 44В, 44Г дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ээр 44АБВГ дүгээр байрны 1- 205 тоот авто зогсоолыг нэг бүрчлэн барьцаалсан байна.

Тус банкны М******* ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн журамд заасан зохицуулалтын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд юм.

Гэтэл М******* ХХК нь иргэн Ө.Г*******тэй 2009 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Автомашины зогсоол худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, тус банкны барьцаанд бүртгэлтэй хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “Вluе sку” хотхоны 44АБВГ дүгээр байрны 126 тоот авто зогсоолыг худалдсан байна.

Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.11-т “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэж заасан. Мөн Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.62-д “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй” гэсэн зохицуулалтуудыг илтэд зөрчсөн хууль бус хэлцэл юм.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Ө.Г******* нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгино-Хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01/ШШ2016/01494 тоот шүүгчийн захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсноос үзэхэд энэ нь тус банкны 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу үүссэн барьцааны эрхээс хойш бий болсон үр дагавар байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ө.Г*******ийн өмчлөх эрх нь тус банкны барьцааны эрхээс хойно үүссэн учир М******* ХХК-ийн өмчлөх эрхийг Ө.Г*******эд шилжүүлэн бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу К******* ХХК-иас зөвшөөрөл авахыг бүртгэлийн байгууллага (Бүртгэгч) мэдүүлэг гаргагчаас шаардах эрхтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Ө.Г******* нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд мэдүүлэг нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.

Гэтэл нэхэмжлэгч Ө.Г******* нь уг хуулийн шаардлагыг бүрэн биелүүлээгүй буюу мэдүүлэгт хавсаргах шаардлагатай баримт бичгийг хавсаргаагүй учир түүний бүртгэлийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл хууль ёсны байна.

Иймд нэхэмжлэгч Ө.Г*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.Г******* нь тус шүүхэд “М******* ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******гийн гудамж, “*******” хотхоны 44В байрны 126 тоот авто зогсоолын өмчлөгчөөр Ө.Г*******ийг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, Ө.Г*******ийг өмчлөөр бүртгэн, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газар нь Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний 12 дугаар тогтоолоор Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болж өөрчлөгдсөнөөр тус газрыг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 6549 дүгээр шүүгчийн захирамжаар эрх залгамжлагчаар тогтоосон болно.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоож,

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******гийн гудамж, “*******” хотхоны 44В байрны зоорийн давхрын 126 тоот авто зогсоолын өмчлөгчөөр Ө.Г*******ийг бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ө. Г******* нь 2009 оны 8 дугаар сарын 08-ны өдөр М******* ХХК-тай 80 дугаартай “Автомашины зогсоол худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******гийн гудамж, “*******” хотхоны 44В байрны зоорийн давхрын 126 тоот автомашины зогсоолыг захиалан бариулж гэрээнд зааснаар 9.000 ам долларын үнийг бүрэн төлсөн, энэ талаар  М******* ХХК маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.

Төлбөрөө бүрэн төлсөн нөхцөлд орон сууцны өмчлөх эрхийн бичгийг М******* ХХК нь захиалагч иргэн Ө.Г*******эд шилжүүлэн өгнө гэж гэрээндээ заасан атлаа ийнхүү шилжүүлж өгөөгүй, улмаар Ө.Г*******ийн нэхэмжлэлтэй М******* ХХК-нд холбогдох өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1494 тоот захирамжаар Ө.Г*******ийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “*******” хотхоны 44В байрны зоорийн давхрын 126 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталснаар Ө.Г******* дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогджээ.

Нэхэмжлэгч Ө.Г******* нь эд хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст хандахад М******* ХХК-ийн К*******тай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзаж, энэ талаар гомдол гаргаснаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 6/3498 тоот албан бичгээр бүртгэх боломжгүй талаар хариу мэдэгдсэн байна.

М******* ХХК нь нэхэмжлэгч Ө.Г*******ийн захиалан бариулсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******гийн гудамжны 44В байрны зоорийн давхрын 126 тоот автомашины зогсоолыг 90 хувийн гүйцэтгэлтэйгээр 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013917 дугаарт өмчлөлдөө бүртгүүлж, улмаар К******* ХХК-тай байгуулсан 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээ, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээ, түүнд өөрчлөлт оруулсан, 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Т07/141 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ”, 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Нэмэлт гэрээ”-г  бүртгүүлжээ.

Тодруулбал Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрх ашиг нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх” гэж зааснаар эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахын тул барьцаалагчаас зөвшөөрөл авсан байхыг шаардана, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгохыг хориглоно” гэсэн үндэслэлээр хариуцагч Улсын бүртгэлийн байгууллага Ө.Г*******ийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан хэдий ч барьцаалагч буюу гуравдагч этгээд К******* ХХК нь “барьцааны эрхийг хөндөхгүйгээр буюу барьцааны эрхийг хадгалах байдлаар өмчлөгчийг өөрчилж бүртгэхэд татгалзах зүйлгүй” хэмээн  зөвшөөрсөн, өөрөөр хэлбэл барьцаалагч зөвшөөрсөн, түүнчлэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөн тул нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарлах, зөрчих үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ө.Г******* нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******гийн гудамж, “*******” хотхоны 44В байрны зоорийн давхрын 126 тоот авто огсоолын өмчлөгчөөр тогтоогдсон, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан “мэдүүлэг гаргагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол бүртгэхээс татгалзана” гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул мөн зүйлийн 14.2-т “бусад үндэслэлээр бүртгэхээс татгалзахыг хориглоно” гэж зааснаар татгалзсан нь үндэслэлгүй, түүнчлэн мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар шүүхийн шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдсөн гэж үзэхээр байх тул 24.8-д “...хариуцагч байгууллага мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 7 хоногийн дотор эрхийн улсын бүртгэлд  зохих өөрчлөлт оруулж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно” гэж зааснаар өмчлөгчөөр бүртгэн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгах үндэслэлтэй байна. 

Харин М******* ХХК-ийн К******* ХХК-ийн өмнө хүлээсэн барьцаагаар хангагдах зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй, улсын бүртгэлд бүртгэгдсэн барьцааны гэрээ хэвээр үлдсэн бөгөөд барьцааны гэрээтэй холбоотой маргаан нь иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан бөгөөд уг маргааныг иргэний шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 19 дүгээр зүйлийн 19.2, 24 дүгээр зүйлийн 24.4, 24.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ө.Г*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******гийн гудамж, “*******” хотхоны 44В байрны зоорийн давхрын 126 тоот авто зогсоолын өмчлөгчөөр Ө.Г*******ийг /РД:УС68061458/  бүртгэн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.АДЪЯАСҮРЭН