Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2024/01384

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, *******,*******,*******-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, *******,*******,******* холбогдох ,

Нэхэмжлэлийн шаардлага: 5 911 191 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дорждулам,

Хариуцагч *******

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран

Гэрч ,,,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь *******тай 2018 онд танилцсан. Нэг сайн мэдэхгүй. Намайг, би зээл авах гэсэн юм надад туслаач хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад өгөөч гээд гуйгаад байхаар нь туслах зорилгоор хамтран зээлдэгч болж гарын үсэг зурсан ба ******* хэлэхдээ би зээлийг удахгүй төлчихнө, чи санаа зоволтгүй гэсэн тул итгэсэн юм. ******* нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Оюут тооцооны төвөөс 18 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд тэр дариудаа Хаан банканд эзэмшдэг түүний зээлийн 5120167423 гэсэн данс руу шилжсэн бөгөөд би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг хэрэглээгүй, аваагүй, миний данс руу ороогүй болно. Хаан банкнаас тус шүүхэд нэхэмжлэл гаргаж зээлээ төлөөгүй удсан гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн тул шүүхээс *******, ******* нараас зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 11 822 388 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн болно. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба ******* нь энэ мөнгөнөөсөө миний данс руу нэг ч төгрөг шилжүүлээгүй байх бөгөөд би зээл авахад нь туслах зорилготойг мэдсээр байж намайг тал мөнгийг нь төлүүлж буй нь үндэслэлгүй хөрөнгөжиж байна гэж үзэж байна. Тус зээл авсан өдөр болон түүнээс хойш миний данс руу ******* нь мөнгө шилжүүлж байгаагүй нь миний данснаас тодорхой харагдана. Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас мөнгө төлөхийг шаардаж байна. Ийм *******ас 5 911 191 төгрөгийг гаргуулж ******* надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нь ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Би *******тай анх 2014 онд танилцаад, бид холбоотой байж байгаад 2015 оноос хоёр гэрээрээ орж гараад хоёр талдаа ирэн очин, хэн хэнийдээ очиж хамтран амьдарч эхэлсэн бөгөөд нэг нэгэндээ хань түшиг болж хамт амьдарсан. Биднийг нэг гэртээ ороод хамтран амьдарч байсан гэдгийг манай хүүхдүүд болон Энэрэл төвийн хүүхдүүд багш ажилтнууд бүгд мэднэ. Гэтэл одоо ******* нь зүс мэдэх хүн мэтээр ямар ч хамааралгүй, нэг гэрт хамт амьдраагүй мэтээр илтэд худал нэхэмжлэл гаргаж байгаад гайхаж байна. 

Ингээд хамтран амьдарч байх хугацаанд бид Хаан банкнаас 18.000.000 төгрөгийн зээл авсан. Энэхүү зээлийг авахдаа хэн аль нь зөвшөөрч, өөрийн хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан. Миний зүгээс хүчээр ямар нэгэн байдлаар хуурч гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Тухайн үед өөрөө ч зээлийн гэрээг зөвшөөрч гарын үсэг зурж, үүрэг хүлээсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн атлаа одоо би ямар ч хамаагүй гэж байгаа нь үндэслэлгүй. Түүнээс огт мэдээгүй, ойлгоогүй байхад нь хуурч мэхлээд гарын үсгийг нь ашигласан мэтээр тайлбарлаж байгаа нь илтэд үндэслэлгүй зүйл. Тухайн үед миний дансаар зээл олгогдсон хэдий ч тухайн үеийн бидний амьдрал ахуй, хэрэгцээнд хамтын амьдралд зарцуулагдсан, түүнээс би дангаараа хэрэглэсэн зүйл огт байхгүй. 

*******гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцахад банкнаас авсан зээлийн төлбөрийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээс хамаарч төлөх төлбөрийг өөрөө хариуцахгүй намайг төл гэж шаардаж байна гэж ойлголоо. Энэ асуудлыг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 05-ны өдрийн 142/2023/01536 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн. Тодруулбал, хэн зээл авсан, хэрхэн авсан, хэн төлөх ёстой, ******* төлөх ёстой эсэх асуудлыг шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг дээд шатны шүүх нь хэлэлцээд үндэслэлтэй байна гээд шийдвэрлэсэн. 

Уг маргаантай хэргийг шийдвэрлэх явцад С.Эрдэнэтуяа нь зээлийг төлөх ёсгүй, хариуцахгүй, хамааралгүй гэж маргаж мэтгэлцэж татгалзсан боловч татгалзсан тайлбарын үндэслэлээ нотолж чадахгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Энэхүү шийдвэрт ******* нь хяналтын гомдол гаргаагүй одоо хуулийн хүчин төгөлдөр болсон. 

Хэрвээ уг зээл болоод зээлийн гэрээний үүрэг, мөнгөн төлбөрийг буцааж төлөх үүрэг үүсээгүй байсан бол үүнийгээ өмнөх хэргийг шийдвэрлэсэн шүүхэд нотолж, өөрийн тайлбараа батлах байсан. Гэтэл тэрхүү шийдвэрийг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн атлаа одоо хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдсэн асуудлыг дахин оруулж ирж байгаа нь үндэслэлгүй байна. 

Иймд *******гийн нэхэмжлээд буй 5.911.191 төгрөгийг төлөх үүргийг *******д олгож, түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул түүний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024.04.15-ны өдрийн 01/351 дугаартай албан тоот /хх2/, Орхон аймаг, Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Засаг даргын 2024.04.15-ны өдрийн 135 дугаартай албан тоот /хх3/, 2024.05.21-ний өдөр шүүхэд гаргасан Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хүсэлт, /хх4/, 2018.05.18-ны өдрөөс 2018.12.31-ний өдөр хүртэлх хугацааны Хаан банкны дансны хуулга /хх5/, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.03.28-ны өдрийн 207/МА2024/00033 дугаартай магадлал /хх6-9/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.05-ны өдрийн 142/ШШ2023/01536 дугаартай шийдвэр, 2018.05.01-ний өдрөөс 2018.06.01-ний өдөр хүртэлх дансны хуулга /хх15-17/, *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх18/, *******гийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх19-23/, 2023.12.22-ны өдрийн хэвлийн хөндийн хэт авиан оношлогоо, ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторийн албаны шинжилгээний хариу /хх24/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4. Хариуцагчаас: хариу тайлбар /хх32-33/, Тэмүүжингийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх50/, Хаан банкны Оюут тооцооны төвд гаргасан хүсэлт /хх51-52/, зээл хүсэгчийн анкет /хх53/, 2018.05.18-ны өдрийн ЗГ201843614896 дугаартай Зээлийн гэрээ /хх54-57/, зээл буцаан төлөх хуваарь /хх58/, 2018.05.18-ны өдрийн БГ201843614896 дугаартай Барьцааны гэрээ /хх59-61/, 2020.07.31-ний өдрийн 20/05 дугаартай, 2020.08.21-ний өдрийн 20/06 дугаартай, 2020.08.26-ны өдрийн 20/07 дугаартай зээл төлөх мэдэгдэл /хх62-66/, тус шүүхэд 2023.09.19-ний өдөр гаргасан Ц.Лувсандагвын хариу тайлбар /хх67/, 2023.09.21-ний өдөр гаргасан *******гийн хариу тайлбар /хх68/, өмгөөлөгч Я.Эрдэнэчимэгийн 2024.01.04-ний өдрийн тус шүүхэд гаргасан гомдол /хх69-70/, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.03.28-ны өдрийн 2074/ТМ2024/00039 дугаартай тэмдэглэл /хх71-73/, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.05-ны өдрийн 1124 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /хх75-84/, 2024.10.21-ний өдрийн итгэмжлэл /хх85/, 2018.05.18-ны өдрөөс 2018.12.31-ний өдөр хүртэлх хугацааны Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх86-97/, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.05-ны өдрийн 1124 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /хх98-106/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 5 911 191 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, ******* нь 2018 оны 05 сарын 18-ны өдөр Хаан банкнаас 18 000 000 төгрөгийн зээл авч, хашаа байшин авсан, өөрийнхөө 5120167423 тоот дансаар авсан. Би уг зээлээс хэрэглээгүй. Хаан банкнаас нэхэмжлэл гаргасны дагуу *******, ******* нараас 11 822 388 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. ******* энэ мөнгөнөөс надад нэг ч төгрөг шилжүүлээгүй. Би зээл авахад нь тусалсан тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иймд *******ас 5 911 191 төгрөгийг гаргуулж ******* надад олгоно уу гэжээ.

3. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: хамтран амьдарч байх хугацаанд бид Хаан банкнаас 18.000.000 төгрөгийн зээл авсан. Энэхүү зээлийг авахдаа хэн аль нь зөвшөөрч, өөрийн хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан. Миний зүгээс хүчээр ямар нэгэн байдлаар хуурч гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Тухайн үед өөрөө ч зээлийн гэрээг зөвшөөрч гарын үсэг зурж, үүрэг хүлээсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн атлаа одоо би ямар ч хамаагүй гэж байгаа нь үндэслэлгүй. Түүнээс огт мэдээгүй, ойлгоогүй байхад нь хуурч мэхлээд гарын үсгийг нь ашигласан мэтээр тайлбарлаж байгаа нь илтэд үндэслэлгүй зүйл. Тухайн үед миний дансаар зээл олгогдсон хэдий ч тухайн үеийн бидний амьдрал ахуй, хэрэгцээнд хамтын амьдралд зарцуулагдсан, түүнээс би дангаараа хэрэглэсэн зүйл огт байхгүй. Хэрвээ уг зээл болоод зээлийн гэрээний үүрэг, мөнгөн төлбөрийг буцааж төлөх үүрэг үүсээгүй байсан бол үүнийгээ өмнөх хэргийг шийдвэрлэсэн шүүхэд нотолж, өөрийн тайлбараа батлах байсан. Гэтэл тэрхүү шийдвэрийг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн атлаа одоо хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдсэн асуудлыг дахин оруулж ирж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд *******гийн нэхэмжлээд буй 5.911.191 төгрөгийг төлөх үүргийг *******д олгож, түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул түүний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь Хаан банкны Орхон салбараас 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 18,0 сая төгрөгийн зээл авсан байх ба *******, ******* нараас 11 822 382,2 төгрөг гаргуулан Хаан банканд олгож шийдвэрлэсэн Тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2023/01536 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

4.2. Тус шүүхийн шийдвэрээр *******, ******* нар Хаан банкны өмнө хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас зээлийн төлбөрийг хоёулангаас нь гаргуулсан, нэхэмжлэгч банкны өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөөгүй байна.

4.3. Нэхэмжлэгч, Хаан банкнаас авсан зээлийг ******* өөрийнхөө дансанд шилжүүлж авсан гэсэн нь нотлогдоогүй, зээлийн дансны хуулгаар /хх17/ *******, ******* нарын хамтран эзэмших зээлийн дансанд 18 000 000 төгрөгийг шилжүүлсэн байх ба, Ц.Лувсандагва уг мөнгөөр хашаа байшин худалдаж авсан гэсэн тайлбар мөн нотлогдоогүй.

5. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1.-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, 492.1.2.-д үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай гэжээ.

*******, ******* нарын Хаан банкнаас авсан 18 000 000 төгрөгийн зээлийг хэн нь хэдэн төгрөг авч зарцуулснаа нотлоогүй бөгөөд нэхэмжлэгч *******гийн хувьд хариуцагч *******д хөрөнгө шилжүүлсэн этгээд биш зохигчийн хооронд ямар нэгэн үүрэг үүссэн гэж үзэхгүй.

6. Түүнчлэн, нэхэмжлэгч нь ******* сайн танихгүй, анх 2018 онд 03 сард танилцаад надад туслаач гэхээр нь 2018 оны 05 дугаар сард зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан гэсэн нь эргэлзээтэй, мөн хариуцагч надтай хамтран амьдарч байсан гэдгийг эсэргүүцсэн тайлбар гаргадаг ч 2019 оны цагаан сараар хүүхдүүд нь ирж байсан, ******* миний машиныг шинийн 1, 2-нд авч яваад шинийн 3-нд ирсэн, би гэртээ ганцаараа байсан гэснийг эсэргүүцсэн тайлбар гаргаагүй.

Зохигчийн хооронд эрх, үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 5 911 191 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д заасныг баримтлан *******ас 5 911 191 төгрөг гаргуулах *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА