| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 240/2018/0020/э/ |
| Дугаар | 23 |
| Огноо | 2018-01-23 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,
Орчуулагч: Ц.Үрлэнцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Оюунгэрэл,
Шүүгдэгч: Бао,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бао/-д холбогдох 1728001390117 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Яллагдагч Бао нь 2017 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээ хүрэн дэх боомтын хилийн 573 дугаар тэмдгийн баруун талаар 600 метр газраар хилийн боомт бус газраар Монгол улсад орох хил нэвтрэх баримт бичиггүйгээр Монгол улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б нь 2017 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээ хүрэн дэх боомтын хилийн 573 дугаар тэмдгийн баруун талаар 600 метр газраар хилийн боомт бус газраар Монгол улсад орох хил нэвтрэх баримт бичиггүйгээр Монгол улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлд заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг нь Монгол Улсын хил хязгаарын халдашгүй дархан байдал, хил нэвтрэх талаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байдаг. Монгол Улсын нутаг дэвсгэрийн хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж Монгол Улсын Олон Улсын гэрээгээр тодорхойлж тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэж Хилийн тухай хуулийн 3 дугаар зүйлд тодорхойлжээ. Хууль бусаар хил нэвтрэх гэдэг нь хил нэвтрэх бичиг баримтгүйгээр хилийн боомтгүй газраар нутаг дэвсгэрийн халдашгүй дархан байдалд халдаж дайсагнасан үйлдэл хийх зорилгогүйгээр нууцаар орж ирсэн, гарч явсан, дамжин өнгөрсөн идэвхитэй үйлдлээр үйлдэгддэг.
Шүүгдэгч Бао Монгол Улсад нэвтрэх эрхийн бичиггүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтаар хөдөлбөргүй нотлон тогтоосон байна. Үүнд:
Гэрч Д.Шархүүгийн ... “Би 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө 08 цагаас 10 цагийн хооронд байлдагч Энхбатын хамт Хилийн 571-573 дугаар тэмдгийн чиглэлд сэргийлэх манааны томилгоотой байсан. Харин төрийн өмчийн жилийн эцсийн тооллого ирэх болсон тул аж ахуй хангалтын ажлыг хийхээр даргад хэлэхэд за гээд сэргийлэх манаад явж чадаагүй. Тэгээд тэр өдөр ерөөсөө манаанд яваагүй. 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Замын-Үүдэд БНХАУ-ын иргэнийг саатуулсан гэж хэлсэн. Тэр хүн нь 23-наас 24-нд шилжих шөнө хил зөрчсөн гэж сонссон. Хариуцсан хэсэгт бол хяналтын камер байхгүй. Хилийн 573 дугаар тэмдгийн баруун талаар 600 метр орчмоор явган хил зөрчсөн. Тэнд мөр нь байсан. 2 хоногийн өмнө хил зөрчсөн ул мөрийг илрүүлсэн. Тэгээд нэг айлд очсон гэж байсан. Тэр айлаас сөрөг мөрдөлтөөр явж ул мөрийг илрүүлсэн. Сэргийлэх манаа гэдэг нь хилийн зөрчил болзошгүй чиглэлд газар оронд үзлэг шалгалт хийх 2 ба түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Манайх өглөө 8 цагаас 10 хүртэл хилийн манаандаа яваад буцаад ирдэг. 571-573 тэмдгийн хооронд хяналт тавьдаг. Өдөрт 1 удаа хилийн манаанд явдаг. Цагийн байдлыг үндэслэж шөнө хилийн цагийн манаа явдаг. Тухайн хил зөрчигч орж ирсэн өдөр болох 24-ний өдөр ерөөсөө манаанд яваагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 дүгээр хуудас/
Гэрч Э.Энхбатын ... “Би 2017 оны 11 дүгээр сарын 23-наас 24-ний өдрийг хүртэл заставын цагийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан. Заставын цагийн манаа нь зөвхөн боомтын эргэн хяналт тавьдаг. Хариуцсан хэсэг рүү гардаггүй гэсэн үг юм. Хариуцсан хэсэг гэдэг нь 571-573 дугаар тэмдэг юм. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө сэргийлэх манаа 08 цаг манаанд яваагүй. Харин 10 цагаас 12 цагийн хооронд цагийн манаанд байсан. Тухайн өдөр хариуцсан хэсэг рүү хэнч яваагүй. 573 дугаар тэмдгийн орчимд хил зөрчигч орж ирсэн гэж сонссон” гэх мэдүүүлэг /хх-ийн 77 дугаар хуудас/
Гэрч Д.Болдын ... “2017 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө манай хариуцсан хэсгээр БНХАУ-ын хил зөрчин орж ирсэн талаар мэдсэн. Хариуцсан хэсэгт ул мөрийг хайж үр дүнг илтгэ гэсний дагуу хариуцсан хэсэгтээ ул мөрийг шалгуулахаар хариуцсан хэсгийн баруун талд заставын орлогч дэд хурандаа Гансүхийг байлдагч Энхбаттай хамт, зүүн талд ахлах дэслэгч Жамьяншаравыг байлдагч Чулуунхүүгийн хамт ул мөр байгаа эсэхийг шалгуулахаар үүрэг гүйцэтгүүлсэн. ...Тэгээд хил зөрчигчийн хоносон айлаас 2017 оны 12 дугаар сарын 1-2-ны өдрийг хүртэл явсан зам маршрутыг тогтоохоор сөрөг мөрдөлт хийхэд хилийн 573 дугаар тэмдгийн баруун талаар 600 метр орчим газраар хил зөрчин орж ирсэн болох ул мөрийг тогтоосон. Хилийн тагнуулын ажилтан ахмад Ц.Мөнхжаргал, тус заставын орлогч ахлах дэслэгч Ц.Загдаа, мөн заставын орлогч ахлах дэслэгч Шархүү нарын хамт явж хилийн 573 дугаар тэмдгийн баруун талаар хил зөрчин орж ирсэн ул мөрийг тогтоож хадгалалтад авсан. 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө сэргийлэх манааг 8-10 цагийн хооронд явуулсан. Харин 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө ахлах дэслэгч Шархүүтэй манаанд байсан боловч манаанд явуулаагүй. Ер нь тэр өдрөө ямарч манаа яваагүй. ...29-ний өглөө мэдээд бид нар явсаар байгаад очсон айлыг нь тогтоогоод тэр айлаас сөрөг мөрдөлтөө хийж улсын хил нэвтэрсэн газрыг тогтоосон” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 дүгээр хуудас/
Гэрч Ц.Загдаагийн ... “2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдсэн. Замын-Үүдэд БНХАУ-ын иргэн Шивээхүрэн боомтын чиглэлд хил зөрчөөд Улаанбаатар хот ороод Замын-Үүд рүү очоод саатуулагдсан гэж ангиас дарга мэдэгдсэн. Тэгээд Шивээхүрэн боомтын 571 болон 573 дугаар тэмдгийн чиглэлд манаа томилогдож хил зөрчигчийн ул мөрийг илрүүлэх зорилгоор хяналт шалгалт хийсэн боловч ул мөр илрээгүй. ...тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны БНХАУ-ын талтай хамтарсан үзлэг хийсэн. Үзлэгээр ямар нэгэн мөр олоогүй. Тэгээд айлд хоносон гэх мэдээлэл байсан учир Шивээхүрэн боомтоос 16 километрийн зайд байх монгол айлд очсон. Тэндээс асууж тодруулаад айл руу очсон мөрөөс сөрөг мөрдөлт хийж явсан. ...маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 2-ны өдөр үргэлжлүүлж сөрөг мөрдөлтөө хийгээд тухайн хил зөрчигчийн улсын хил зөрчсөн чиглэлийг тогтоосон. Хил зөрчигч нь Хилийн 573 дугаар тэмдгийн баруун гар талаар 600 метр газраар улсын хил зөрчсөн болох нь тогтоож мөрийг хадгалалтад авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 89 дүгээр хуудас/
Гэрч С.Гүндмаагийн ... “2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр үүрийн 5 цагт манай гэрийн хаалгыг хүн тогшсон. Тэгээд би сэрээд ороо гэж хэлсэн чинь хятад эрэгтэй хүн орж ирсэн. Тэгээд түүнд цай, хоол хийж өгсөн. Их даарсан харагдаж байсан болохоор нь газар гудас дэвсэж өгөөд амруулсан. Тэгээд би өглөө 8 цаг өнгөрөөгөөд орноосоо босоод гадаа гараад буцаж гэртээ нүүрс оруулах гэж байхад нөгөө хятад хүн манай гэрээс гараад зам руу явж байсан. Надад ямар нэгэн зүйл хэлээгүй чимээгүй яваад өгсөн. Тэр хүн манай гэрт үүрээр орж ирэхэдээ шар өнгийн бариултай бахь барьсан орж ирсэн. Авч явсан бахиа манай гэрт үлдээчихсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 91 дүгээр хуудас/
Гэрч С.Баттулгын ... “2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр эхнэр Сүнжидмаагийн хамтаар Гурвантэс сумаас Шивээхүрэн боомт руу БНХАУ-руу явсан. Тэгээд БНХАУ-д нэг хоноод 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Шивээхүрэн боомтоор нэвтрэн Монгол улсад орж ирсэн. Эхнэр бид хоёр өөрсдийн 19-44 ӨМӨ улсын дугаартай саарал өнгийн фургон машинтай явсан. Тэгээд Гурвантэс сум орохоос 37 километрийн зайд нэг эрэгтэй зам дээр гараа өргөн зогсож байсан. Тэгээд зогсоод тэр залуу хаа хүрэх вэ гэж асуухаар нь Гурван тэс сум орно гэсэн чинь “Гурвантэсд манай ах байдаг гэж хэлээд би явна” гээд манай машинд суугаад сум руу ороод Алтан говь буудалд буулгаад явцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 98 дугаар хуудас/
Гэрч Б.Отгонбаярын ... “...2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Гурвантэс суманд ирсэн. Тэгээд орой 21 цагийн үед Мобигийн төвөөс гар утас худалдан авч байтал нэг хятад эрэгтэй ороод ирсэн. Тэгээд би утсаа аваад гараад ирсэн чинь нөгөө орж ирсэн хятад миний араас гүйж гарч ирээд хашгирахаар нь би яасан гэсэн чинь буудал дээр хүргээд өгөө гэж хэлсэн. Тэгээд хаана хүргэж өгөх вэ гэсэн чинь ахын ажилладаг буудал дээр хүргээд өг гээд Алтан говь буудал руу явсан. Би Ланд круйзер 100 маркын 44-48 ӨМА улсын дугаартай цагаан өнгийн машинаар хүргэж өгсөн. Тэгээд тэр хятад миний машинаас буугаад намайг буудалд ороод ир гэхээр нь ортол буудлын эзнээс үзэг цаас өгөөч гэж хэлж байсан. Тэгээд миний 96589911 гэсэн дугаарыг бичээд авсан. Тэгээд би гараад явсан. Маргааш нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө миний скайтел руу 99-тэй дугаараас нөгөө хятад эрэгтэй яриад чи хаана байна гэж асуусан тэгэхээр нь би ажилтай байна гээд утсаа тасалсан. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө надруу 10 цагийн үед нөгөө хятад залгаад чи хаана байна гэхээр нь би төвийн голд явж байна гэсэн чинь чи тэгвэл утас зардаг газраа хүрээд ирээ гэсэн. Тэгээд би очоод уулзсан чинь би нэгж авчихаад байж байна, чамд Wechat байна уу гэж асуухаар би байхгүй гэж хэлсэн. Мобигийн төв дээр ажилладаг эмэгтэйд wechat байна гэж хятад эрэгтэй хэлсэн. Тэгэхээр нь би “чи wechat-p яах юм бэ” гэсэн чинь “би урдаас ахаасаа мөнгө авах юм” гэж хэлсэн. Тэгээд хоёулаа мобигийн төврүү хамт ороод мобигийн төвийн Мандах гэдэг эгчтэй уулзуулсан. Тэгээд нөгөө хятад Мандах эгчийн утсыг аваад wechat-p оролдоод өөрийнхөө утсаар хятад хэлээр яриад байсан. Тэгээд цаад хүн нь 1000 зоос өгье гэж хэлж байхыг сонссон. Тэгээд бас Мандах эгчийн утсаар wechat-p нь тэр хятад хүнтэй ярьсан. Тэгээд 1000 юань явуулахаар болсон чинь Мандах эгч рүү шилжүүлж болохгүй байхаар нь Далай хөвийн автобусны кондуктор руу Мандах эгч яриад урдаас надад 1000 юань wechat-p өгнө чи тэрийг аваад ир гэсэн. Тэгээд нөгөө кондуктор эмэгтэй нь wechat-paa 1000 юаныг хүлээж авсан чинь Мандах эгч 350000 төгрөг хятад эрэгтэйд бэлнээр өгсөн. Тэгээд надаас “Улаанбаатар явах машин байна уу” гэхээр нь би “энэ узел дээр бий” гэж хэлсэн. ..намайг хүлээж байгаарай гээд буудал руугаа ороод гарч ирээд хот руу явдаг машины зогсоол руу яваад өгөөч гэж хэлээд бид хоёр явсан. Тэгээд хот руу явдаг машинд хүргэж өгөөд би явсан. 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө би тэр хятадад чонын соёо 20000 төгрөгөөр зарсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 104 дүгээр хуудас/
Гэрч Д.Сүнжидмаагийн ... “Би 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Шивээхүрэнгийн боомтоос гэр рүүгээ нөхрийн хамт хоёулаа 19-44 ӨМӨ улсын дугаартай саарал өнгийн фургон маркын машинаар Гурван тэс сум руу явж байсан. Бид хоёр Гурвантэс рүү явж байхад том тэрэгний пүүний цаанаас нэг эрэгтэй гар өргөж зогсоосон. Тэгээд тэр эрэгтэй хаа хүрэх вэ гэж асуухаар нь Гурван тэс орно гэж хэлсэн чинь Гурван тэс-д манай ах байдаг юм би суугаад явья гэж хэлээд машинд суусан. Тэгээд Гурван тэсд ирээд Алтан говь гэдэг буудалд буулгаад 50 юань зардалд гээд хариулж өгч чадахгүй болохоор тэрэнд байсан задгай төгрөгийг аваад нөхөр бид хоёр гэрүүгээ явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 111 дүгээр хуудас/
Гэрч Н.Энхмандахын ... “Би 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн ажлаа хийгээд орой дэлгүүрээ хаагаад гэртээ харьсан. Тэгээд гэртээ байж байтал Отгонбаяр гэдэг манай сумын залуу над руу залгаад утас авья гээд 19 цагийн үед залгахаар нь би хоолоо хийгээдхий тэгээд дэлгүүр дээрээ очъё гэж хэлээд мартаад дүүгийндээ сууж байсан чинь Отгонбаяр дахиад залгаад та ирж байна уу эгчээ гэж асуухаар одоо очлоо гэж хэлээд машиндаа суугаад дэлгүүр рүүгээ явж байхад манай сумын Хандармаа гэдэг эмэгтэй над руу залгаад энд нэг хятад хүн утас, дугаар авья гээд байна танай дэлгүүрийг заагаад явуулчихлаа гэхээр нь за би одоо очиж байна гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд дэлгүүр дээр 21 цагийн үед ирэхэд Отгонбаяр орж ирээд утас аваад гарахад дэлгүүрийн үүдээр нэг хятад хүн орж ирсэн. Тэгээд утасны үнэ асуугаад мөн дугаар авъя гэж хэлэхээр нь орой дугаар зарахгүй маргааш ирж аваарай гээд явуулсан. ...маргааш нь өглөө 9 цагт ирээд дугаар ав гэж тэр хятадад хэлсэн. Маргааш нь өглөө нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 9 цагт ажилдаа очсон боловч нөгөө хятад хүн дэлгүүр дээр ирээгүй байсан. ...14 цаг өнгөрөөгөөд дэлгүүр дээрээ очсон чинь манай дэлгүүрийн үүдэн дээр нөгөө хятад эрэгтэй зогсож байсан. Тэгээд дэлгүүрт орж ирээд тэр хятад улаан өнгийн нокиа маркын утас барьчихсан дугаар авъя гэсэн. Тэгэхлээр нь би бичиг баримтаа гэсэн чинь байхгүй гэж хэлсэн. Тэгээд би бичиг баримтгүй хүнд дугаар зарахгүй гээд эсвэл монгол хүний паспорт аваад ир гэсэн чинь тодорхой юм хэлэхгүй байж байснаа Отгонбаярын паспортаар авъя гэж хэлснээ энэ дугаар хятад руу ярьж дийлэх үү гэж надаас асуусан. Тэгэхээр нь би болно гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө нэр дээр 99567234 гэсэн дугаарыг түүнд 10 юанаар зарсан. Тэгээд тэр хятад сим картыг нь утсандаа хийгээд 100 юанаар нэгж хийлгэсэн монголоор 35000 төгрөг юм. 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу ням гаригт Отгонбаярын хамт манай дэлгүүрт дахин ирээд 100 юаньд нэгж авчаад чамд wechat байна мөнгө авч дийлэх үү гэж надаас асуухаар нь би миний wechat-p мөнгө авч болохгүй надад хятад данс байхгүй гэж хариулсан. Тэгсэн чинь тэр хятад өөрийнхөө утсаар нэг хүн рүү яриад монголоор яриад байсан. Мөнгө хэрэгтэй байна гэж ярьж байсан. Тэгээд тэр хүнээ надтай яриулаад нөгөө хүн нь миний дугаарыг wechat-p надруу найзын хүсэлт явуулсан. Тэгээд wechataap нөгөө хүсэлт явуулсан хүн энэ дугаар руу мөнгө явуулж болох уу гэж надаас асуухаар нь би авч дийлэхгүй шүү, өөр хятад хүний wechat өгье түүнтэй холбогдоод мөнгөө явуулчихаа гэж хэлсэн. Тэгээд wechat-aap ярьсан хятад эрэгтэй рүү автобусны кондуктор хятад эмэгтэйн хятад дугаарыг өгсөн. Тэгээд тэр эрэгтэй 1000 юань кондуктор эмэгтэй рүү явуулсан байсан. Тэгээд би лавлаж асууж байгаад нөгөө хятад эрэгтэйд 350000 төгрөг бэлнээр өгөөд явуулсан. Тэгээд удалгүй эргэж ирээд надаас 20000 төгрөгөнд нэгж аваад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117 дугаар хуудас/
Гэрч Ц.Амартүвшингийн ... “2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр манай буудалд нэг хятад эрэгтэй ирээд гэр байна уу гэхээр нь хэд хонох вэ гэсэн чинь 1 хононо маргааш явчихна гэж хариулсан. Тэгэхлээр нь буудлынхаа 2 тоот өрөөнд ороонд буудлын хөлс гэж 60 юань өгсөн. Тэр хятад манайд 2 хоносон. 2017 оны 11 дүгээр сарын 24-25-ны өдөр гээд 2 хоносон. Ирсэн өдрөө харанхуй болтол өрөөндөө байсан. Тэгээд харанхуй болсон чинь дугаар авна гээд гараад явсан. Тэгээд нээх удаагүй нэг танихгүй монгол залуу дагуулан орж ирээд надаас бал, цаас байна уу гэхээр нь бал цаас олж өгсөн чинь нөгөө залуутай хамт 2 тоот өрөөндөө орсон. Тэгээд төд удалгүй нөгөө монгол залуу гараад явсан. Хятад эрэгтэй ч өрөөнөөсөө гараагүй. Маргааш өглөө нь эрт гарч яваад, нилээн орой орж ирээд би явахаа болилоо гээд нэг гар утас, бэлэн гоймон барьчихсан байсан. Маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өглөө эрт гарч яваад өдөр 12 цагийн үед ирээд өрөөндөө удалгүй байж байгаад явлаа гээд гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 123 дугаар хуудас/
Гэрч Б.Шүрхүүгийн ... “...Нэг өвөр монгол эрэгтэй хүн орж ирээд дугаар асуугаад, нокиа маркийн ягаан хүрээтэй байсан байхаа жижигхэн гар утсыг 100 юанаар худалдан авсан. Уг утасны үнэ нь 28000 тэгээд хариултыг нь түүнд монгол мөнгөөр өгсөн. Манай дэлгүүрт дугаар байгаагүй. ...тэгээд тэр эрэгтэй дугаар аваагүй утсаа авчаад надаас энэ утсан дээр дорнын хэл байна уу гэхээр нь би ойлгоогүй тэгээд танай улсын хэл үү гэсэн чинь тиймээ гэж хариулсан. Тэр утсан дээр нь хятад хэл байдаггүй юм билээ” гэх мэдүүлэг /хх-ийн 128 дугаар хуудас/
Гэрч Т.Эрдэнийн ... “2017 оны 11 дүгээр сарын 23-24-ний өдөр Шивээхүрэн боомтын хариуцсан хэсгээр гарсан хилийн зөрчлийн талаар тухайн үед нь мэдээгүй. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө Замын-Үүдийн Хилийн 0108 дугаар ангиас манай 0166 дугаар ангийн шуурхай жижүүрт утсаар БНХАУ-ын иргэн танай хариуцсан хэсгээр хил нэвтэрсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл ирсний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө БНХАУ-ын талтай хилийн төлөөлөгчийн туслахын уулзалт хийж зөрчил гарсан байж болзошгүй талаар мэдэгдэж 2 талаар хамтарч хариуцсан хэсгээ шалгахаар болсон. Тэгээд шалгалтын явцад тухайн үед ул мөрийг илрээгүй. Мэдээллийн дагуу монгол айлд нэг хоносон гэх айлыг олж тэр газраас сөрөг мөрдөлт хийж явсан. Сөрөг мөрдөлт хийсээр 0166 дугаар ангийн хариуцсан хэсэг болох 573 дугаар тэмдгийн баруун талаар 600 метр газраар боомт бус газраар хил нэвтэрсэн ул мөрийг олсон. Ул мөрний урт нь 27 см байсан. Тэгээд хятадын талтай дахин хилийн туслахын уулзалт хийж тэдний талын хүмүүсийг илэрсэн мөр дээрээс хятадын тал руу хамтарч сөрөг мөрдөлт хийсэн чинь БНХАУ-ын улсын хилийн торыг давж орж ирсэн гэдгийг тогтоосон. Энэ тухай БНХАУ-ын тал хүлээн зөвшөөрч талууд хамтарч ул мөр хүлээлцсэн акт үйлдэж гарын зурцгаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 133 дугаар хуудас/
Гэрч С.Жаргалсайханы ... “Би 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө 09 цаг 30 минутын үед Драгон дээр ирсэн. Тэгэхэд манай ажлын 3 хүн байсан. Тэгээд 4-үүлээ зогсож байсан чинь нэг хятад хүн ирээд Замын-Үүд явах гэсэн юм, явах уу гэж асуусан. Тэгэхлээр нь манай 3 жолооч яриад танай гэр чинь шатчихсан байгаа юм чинь чи Замын-Үүд рүү хүргээд өгчих мөнгө нь хэрэгтэй байх гэж хэлсэн. Тэгээд би тэр хятад эрэгтэй 240000 төгрөгөөр Замын-Үүд рүү авч явахаар болсон. Зөвхөн тэр хятад эрэгтэйг суулгаад явсан. ...тэр эрэгтэй Замын-Үүд рүү явах замдаа утсаар яриад л яваад хятадаар ярьж байсан. Тэгээд Сайншандын наад талд түүний гар утасны цэнэг нь дууссан. Тэгээд би түүнд өөрийнхөө 99649003 гэсэн дугаартай гар утсыг өгөхөд +8615389826474 гэсэн дугаар руу залгасан байсан. Энэ дугаар руу ярихдаа хятадаар яриад байсан. …Заан зоог гэдэг хоолны газрын гадаа зогссон. Тэгээд байж байтал миний гар утас руу 70-тай дугаараас залгаад Цагдаагаас ярьж байна. хаана байгаа вэ? Замын-Үүдэд ирчихсэн үү? Машинд чинь хятад хүн сууж яваа юу гэж асуусан. Тэгэхээр би тиймээ би Замын-Үүдэд ирчихсэн, Заан зоог гэдэг газрын үүдэнд зогсож байна гэсэн чинь яг наанаа байж байгаарай одоо цагдаа явууллаа гэж хэлсэн. Тэгээд удалгүй хар хөх өнгийн зеро кроун ирээд хараад миний утас руу залгаад мөн бишийг шалгаад хаана зогсож байна гэхээр нь 70-44 УБМ гэсэн дугаартай саарал өнгийн соната 7 байгаа гэж хэлээд зөрүүлээд та хар хөх өнгийн кроунтай ирсэн хүн мөн үү гэсэн чинь тиймээ гээд тэр машинаас 2 хүн бууж ирсэн. Тэгээд хятад эрэгтэйг нэг нь машиндаа суулгаад нөгөө цагдаа нь миний машинд суугаад цагдаагийн хэлтэс рүү нь явцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 146-147 дугаар хуудас/
Гэрч Д.Мягмаржавын ... “2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн орчимд Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Сугаржав утсаар 70-44 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг саатуулаад дотор нь явж байгаа хүмүүсийг шалга гэсэн үүрэг өгсөн. Тэр машинд сууж яваа хүн нь БНХАУ-д гэмт хэрэг үйлдээд зугтсан гэж БНХАУ-ын Эрээн хотын цагдаагийн газраас утсаар мэдээлэл өгөөд 70-44 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Замын-Үүд рүү ирж байна, жолоочийн утас гээд 99649003 гэсэн дугаартай холбогдоод тус автомашиныг саатуулж шалга гэсний дагуу эдийн засгийн ахлах мөрдөгч Раднаахандын хамт уг машиныг эрэн сурвалжлан Замын-Үүд сумын 1-р баг Заан зоогийн урд зогсож байгааг олж тогтоон Цагдаагийн хэлтэс дээр авчирч шалгахад уг машины жолооч Монгол улсын иргэн С.Жаргалсайхан болон машинд зорчиж явсан БНХАУ-ын иргэн байсан. Тус хятад улсын иргэн нь монгол хэлээр ярьдаг байсан тул ярилцлага хийн тэмдэглэл хөтөлсөн. Хятад улсын иргэн Бао Жин Лон нь өөрийн БНХАУ-д хүн амины гэмт хэрэг үйлдэн түүнээсээ зугтаан Монгол улсын хилээр нэвтэрсэн талаараа ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 155 дугаар хуудас/
Яллагдагч Бао Жин Лон /Bao Jin Long/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “Би 2017 оны 12 дугаар сарын 2-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ бүх зүйлийг тодорхой ярьсан байгаа. Өмнөх ярьсан зүйл бүгд үнэн. Надад паспорт байгаа, гэрт маань байгаа. 2015 онд авч байсан. Тэр паспортаар Монгол орж ирж байгаагүй. Би паспортаар хил нэвтэрдэг гэдгийг мэдэхгүй. Хил зөрчиж орж ирсэн гутлаа би одоо ч өмсөж байгаа. Өмнө нь мэдүүлэг дээр худлаа ярьсан. Би Гурван тэс сумаас шинэ гутал аваагүй, өмсөж явсан гутлаа ч хаяаагүй. Шөнөөр алхаж яваад төөрөөд ороод ирсэн байсан. 2017 оны 11 дүгээр сарын 23-наас 2017 оны 11 дүгээр сарын 24- нд шилжих шөнө явсаар байгаад нэг айлд очоод тэгээд унтаж босч ирээд машины зам дээрээс машинд суугаад явсан. Тэр машин нь талх шиг хэлбэртэй байсан. Эрэгтэй эмэгтэй 2 хүн байсан. Тэгээд жолоочоос нь би энэ машин хаанаас хаашаа явах вэ? гэж асуусан чинь Гурван тэс явна гэж хэлсэн. Гурвантэсд очоод тэр жолоочоос Эрээнээр хятад руу явбал яаж явах бэ? гэж асуусан чинь Улаанбаатар хот явна гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хотоор дамжин Замын-Үүд рүү явах болсон. Би Гурвантэс сумаас Улаанбаатар хот руу талх шиг хэлбэртэй машинд бэлнээр монгол мөнгөөр 80.000 төгрөг өгсөн. Улаанбаатар хотоос Замын-Үүд рүү 650 юань өгсөн. Би хүлээн зөвшөөрч буруугаа ойлгож байна. Би анх удаа Монгол улсад ирсэн. Би Монгол улсад орж ирээд хүн алж, хулгай хийгээгүй, муу юм хийгээгүи.” гэх мэдүүлэг /хх-ийн 165-166 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09 дүгээр хуудас/,
Хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж /хх-20 дугаар хуудас/,
Хил зөрчигчийн тухай бүртгэл /хх-21 дүгээр хуудас/,
Хил зөрчигчийн биед үзлэг хийсэн тухай протокол /хх-22 дугаар хуудас/,
Хил зөрчигчийн авч явсан зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай протокол /хх-23 дугаар зүйл/,
Хил зөрчин саатуулагдагсдад зарцуулсан зардлыг тайлан /хх-24 дүгээр хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-25 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэгүүд /хх-28-55 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, 70-44 УБМ улсын дугаартай автомшашины гэрчилгээ, С.Жаргалсайханы жолоочийн үнэмлэхний хуулбар, гэрэл зураг /хх-ийн 13-16 дүгээр хуудас/
Бао -ы биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг 2017.11.29-ний өдөр /хх-ийн 17-18 дугаар хуудас/
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт хавсаргах тухай 217.12.03-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, хавсаргасан нотлох баримт /хх-ийн 19-24, 49-50, 84-87 дүгээр хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл 2017.12.03-ны өдөр, гэрэл зураг /хх-ийн 25-48 дугаар хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 51-55 дугаар хуудас/
Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, хураан авсан тэмдэглэл 2017.12.19 /хх-ийн 56-58,94 дугаар хуудас/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 95-96, 100-102, 107-109, 113-115, 119-120, 125-126, 130-131, 143-144 дугаар хуудас/
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 121 дүгээр хуудас/
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /150-153 дугаар хуудас/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл 2017.12.05-ны өдөр /хх-ийн 173 дугаар хуудас/
Эрүүгийн 1728001390117 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:
Шүүгдэгч Бао гадаад паспортын хуулбар /хх-ийн 171 дүгээр хуудас/
Шүүгдэгч Бао Монгол Улсад ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 172 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Бао ЖинБНХАУ-аас төөрч Монгол Улсад ирсэн байснаа Гурвантэс сумын малчин айлд очоод мэдсэн гэж мэдүүлсэн, мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “Би БНХАУ-д хүний амь хохироосон, БНХАУ-аас алхаад зам төөрөөд Монгол Улсад орж ирсэн” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй байх тул шүүгдэгч Бао L/-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Бао санаатайгаар 2017 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн дэх боомтын хилийн 573 дугаар тэмдгийн баруун талаар 600 метр газраар хилийн боомт бус газраар Монгол улсад хил нэвтрэх баримт бичиггүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна гэж байх тул 8000 нэгжийг төгрөгт шилжүүлэн 8000000 төгрөгөөр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл нь шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.6 “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлд заасан торгох ялын доод хэмжээ буюу 1350000 төгрөгөөр торгож өгнө үү” гэсэн өмгөөлөгчийн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь:
Шүүгдэгч Бао /-д Монгол Улсын Олон Улсын гэрээ, Үндсэн хуульд зааснаар улсын хил халдашгүй дархан байх эрхэд санаатай халдсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байх шудрага ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Бао үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бао /-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Бао д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.7 дугаар зүйлд зааснаар Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба Өмнөговь аймгийн шүүхийн Тамгын газрын 100110005411 тоот дансанд байршуулсан 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж торгох ялд оруулан тооцохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Sony брендийн DVD-R 120 min/4.7 gb гэсэн бичигтэй саарал өнгийн компакт диск/-ийг хэрэгт хавсаргаж, бор өнгийн түрийтэй гутал /хос/, хар, шар өнгийн бариултай бахь 1 ширхэгийг шүүгдэгч эргүүлэн авахгүй гэж байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлж, шүүгдэгч Бао Е51541900 дугаартай гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Бао Эрүүгийн хэрэг хяна шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.