Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/438

 

Б.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Эрдэнэбат,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Буянжаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/249 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2208 03391 0039 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Б-ийн Т, 2003 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхэд, өвөө, эмээгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, /РД: ... /,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/584 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг 2 дахин багасган биечлэн эдлэх хорих ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн;

Б.Т нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 21 дүгээр гудамжинд 2022 оны 9 дүгээр сарын 25-ны шөнө насанд хүрээгүй хохирогч Ш.Э-ын 900.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone XS” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Б.Т-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Б-ийн Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Т-д уг ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 24 хоногийн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 2 жил 24 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Б.Т-ийн цагдан хоригдсон 9 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасахаар, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Т нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн хийсэн хэргийг ухамсарлан гэмшиж байгаа бөгөөд дахин гэмт үйлдэл гаргахгүй, нийгэмшиж, зөв, томоотой, шударга хүн байж, ажил хөдөлмөр эрхэлж, нийгэмдээ болон ар гэртээ тус дэмтэй, сайн хүн болохыг эрмэлзэж байна. Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын талаар маргаан байхгүй, гэм буруугаа бүрэн ухамсарлаж байна. Иймд хууль заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрх зүйн байдлыг бага ч болов дээрдүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч Б.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Т нь гэм буруу дээрээ маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм хорыг арилгасан. Хувийн байдлын хувьд өвөө, эмээ, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээн тэтгэдэг байсан. Хүүхэд нь 1 ой 4 сартай тул эхнэр нь ажил хийдэггүй. Эдгээр байдлуудыг харгалзаад энэрэнгүй байдлын зарчимд тулгуурлан шүүгдэгч Б.Т-д оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Хөнгөрүүлэх эсэх асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул санал байхгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Б.Т-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 21 дүгээр гудамжинд насанд хүрээгүй хохирогч Ш.Э-ын 900.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone XS” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ш.Э-ын: “...Тэгээд нэг хүн нь “Ахын дүү утсаараа ганц яриулчих” гэж хэлээд миний гар утсыг аваад нэг яриад буцааж өгсөн. Хэсэг хугацааны дараа тэр хүн дахиад “Гар утсаа өгч бай” гэж хэлэхээр нь би өмнөх удаад буцааж өгсөн юм чинь одоо гайгүй байлгүй дээ гэж бодоод гар утсаа өгтөл миний гар утсыг аваад зугтаачихсан. ...” /хх 16-17/,

гэрч Э.Ү-ийн: “...Манай найз Б.Т бид хоёр Толгойтын эцэс дээр автобус хүлээтэл ирэхгүй удаад байсан. Бид хоёроос гадна нэг хүүхэд автобус хүлээж байсан. Бид хоёр тэр хүүхэдтэй ...нэг нарийн гудамж руу ортол тэр гудамж нь мухар байсан болохоор би тэндээ бие засаад үлдсэн. Б.Т нөгөө хүүхэдтэй хамт буцаад гудамж руу гарсан. Би бие засчихаад гудамжаар гараад ирэхэд Б.Т нөгөө хүүхдийн гар утсаар ярьж байгаад булан эргээд гэнэт гүйчихээр нь би араас нь дагаад гүйсэн. Тэгээд бид хоёр цааш Б.Т-ийн гэр рүү явсан. ...Тухайн хүүхдийн гар утсыг авна гэж бодоогүй. ...” /хх 19/,

шүүгдэгч Б.Т-ийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би тухайн өдөр жаахан согтуу байсан. ...Хийсэн хэрэг, гэм буруугаа зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. ...” /хх 120-121/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Ш.Э-ын эзэмшлийн гар утасны үнэлгээг 900.000 төгрөгөөр тогтоосон “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1878 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 24-25/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-9/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Т-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Т-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд түүний “Гар утсаа өгч бай” хэмээн насанд хүрээгүй хохирогчийн гар утсыг нь авч зугтаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, анхан шатны шүүх ийнхүү зүйлчлэхдээ үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Б.Т нь “Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх” агуулгаар давж заалдах гомдол гаргасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-д зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялаас хорих ялыг сонгон, дээрх зүйл, хэсэгт заасан хэмжээний дотор буюу 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь урьд хоёр удаа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч энэхүү үйлдэлдээ дүгнэлт хийлгүйгээр дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн хувийн байдалд тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч Б.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн тул шүүгдэгч Б.Т-ийн анхан шатны шүүх хуралдаанаас хойш цагдан хоригдсон хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/249 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Т-ийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 51 /тавин нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ