Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 159/ШШ2024/0062

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 159/2024/0029/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 тоот “Ажлаас халах тухай” тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж мөн ажиллаагүй хугацааны цалин хөлс гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга нэхэмжлэгч *******ийг “... ******* нь өөр албан тушаалд томилогдон ажиллаж байгаа ...” гэх үндэслэлээр 2023 оны 02 дугаар сарын 01-ний Б/10 дугаар тушаалаар ажлаас нь халжээ.

Нэхэмжлэгч дээрх тушаалыг эс зөвшөөрч Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 тоот “Ажлаас халах тухай” тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.

******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Миний бие Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын захирамжаар 2017 оны 5 дугаар сараас эхлэн тус сумын Засаг даргын Тамгын газарт санхүү албаны даргаар буюу төрийн захиргааны албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2020 оны 9 дүгээр сард хүүхдээ төрүүлж хүүхдээ асарч байх хугацаандаа санхүүгийн асуудал нэн шаардлагатай байсан тул 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сар хүртэл нэг сарын хугацаанд Хөтөлийн ТБДҮйлдвэрт жирэмсний амралтаа авсан хүний оронд байгууллагын тайлан баланс гаргах, төсөв төлөвлөгөө хийх ажилд нь туслах зорилгоор түр тушаалаар ажилласан.

2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* ажилдаа эргэн орох санал тавьсны дагуу би 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр албан ёсоор ажилдаа орох хүсэлтийг сумын Засаг даргад өгсөн боловч ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчин 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 тоот тушаалаар ажлаас намайг ямар ч үндэслэлгүйгээр халсанд маш их гомдолтой байна. Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 46 дугаар тоот албан тоотын хариу бичгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул харьяаллын дагуу захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаа болно. Мөн Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаад тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 145 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт тухайн нэхэмжлэлийг хөдөлмөрийн эрхийн маргаан гэж үзвэл нэхэмжлэгч нь тухайн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй бол аж ахуйн нэгж байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гаж зааж егсний дагуу би дээрх байгууллагуудыг нь хайж явсаар байгаад цаг хугацаа алдсан хүндэтгэх үзэх шалтгаантай мөн нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт өгөөд хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Гэтэл Сэлэнгэ аймаг ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 тоот “Ажлаас халах тухай” тушаал нь илт хууль бус захиргааны акт байдаг. Учир нь ******* миний бие Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоолоор баталсны дагуу тамгын газрын санхүү, албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч мөн Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тогтоолоор сумын төсвийн ерөнхийлөн захирагч буюу сумын Засаг дарга нь аймгийн Засаг даргатай зөвшилцөн ерөнхий нягтлан бодогчийг томилж, чөлөөлөх зохицуулалттай байхад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зуйлийн 47.1.3-т заасны дагуу Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргаж намайг өнөөндрийг хүртэл хохироож, намайг ажлаас чөлөөлөх этгээд захиргааны акт гаргасан. Иймд нэхэмжлэлийг минь хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн Сэлэнгэ аймаг, ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 тоот “Ажлаас халах тухай” тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тоггоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж мөн ажиллаагүй хугацааны цалин хөлс гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... ******* нь анх Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын захирамжаар 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус сумын Засаг даргын Тамгын газарт Санхүү албаны даргаар буюу төрийн захиргааны албан тушаалд томилогдон ажилласан. Ажиллаж байгаад 2020 оны 09 дүгээр сард хүүхдээ төрүүлж, хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа санхүүгийн асуудал хүн болгонд гардаг учир 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сар хүртэл сарын хугацаанд Төмөр бетон дэрний үйлдвэрт жирэмсний амралтаа авсан хүний оронд байгууллагын тайлан баланс гаргах, төсөв төлөвлөгөө хийх, ажилтанд туслах зорилгоор түр тушаалаар томилогдоод ажилласан байдаг. Тус үйл баримтын хувьд нэхэмжлэгч маргаангүй. Гэтэл 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ******* сумын Засаг даргын Тамгын газрын үүрэг гүйцэтгэгч ******* ажилдаа эргэж орох санал тавьсан агуулгатай мессеж гар утсаар явуулахад нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр буюу 7 хоногийн дараа ажилдаа орох хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гэрчээр асуулгах хүсэлт гаргасан сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтанд албан ёсоор өгсөн байдаг.

Гэтэл ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 тоот тушаалаар *******ийг ажлаас үндэслэлгүйгээр халсан шийдвэр гарсан байдаг. ******* нь Сэлэнгэ аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тус асуудлаар өргөдөл өгч, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 46 дугаар албан тоотоор өргөдлийн хариу ирсэн байсан. Тус хариуг хүлээн зөвшөөрөөгүй учраас харьяаллын дагуу Захиргааны хэргийн шүүхэд хандаж байна. Үүнээс өмнө Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төрийн жинхэнэ албан хаагч учраас Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх тус хэргийг харьяалан шийдвэрлэх нь зөв. Гэтэл буруу харьяалалын шүүхэд нэхэмжлэл гаргаж, тухайн шүүх нь шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамждаа “...хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй...” гэж дурдаж толгойг нь эргүүлээд явуулчихсан байсан.

Улмаар нэхэмжлэл гаргах хугацаагаа алдаж явсаар сүүлд нь захиргааны хэргийн шүүхэд хандсан. Илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэл учраас хэдийд ч захиргааны байгууллагад гомдол гаргах эрхтэй. Үүний дагуу  Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж хандсан. Нэхэмжлэлийн үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-д заасны дагуу захиргааны байгууллага нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан байна гэж үзэж байна. Учир нь Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоол буюу хүчин төгөлдөр үйлчилж байгаа тус тогтоолоор 2017 онд *******ийг Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын Санхүү албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч гэх албан тушаалд томилмон байдаг. Мөн Төсвийн тухай хуулийн 19.5, Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тогтоолоос харахад сумын төсвийн ерөнхийлөн захирагч буюу сумын Засаг дарга нь аймгийн Засаг даргатай зөвшилцөн ерөнхий нягтлан бодогчийг томилж чөлөөлөх зохицуулалттай байна. Энэ нь сумын Засаг даргын захирамжаар ******* томилогдсон тул сумын Засаг даргын захирамжаар л чөлөөлөгдөх хуулийн зохицуулалттай байна. Гэтэл хөндлөнгийн Тамгын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, сонсох ажиллагаа явуулалгүй, өөрт нь эрх олгогдоогүй байхад 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 тоот тушаалаар *******ийг ажлаас халсан байна. Тус тушаалын үндэслэлүүдийг нь харахаар ажлаас чөлөөлөхтэй холбоогүй, буруу заалт барьсан байсан.

Иймд өөрт олгогдоогүй эрх эрх хэмжээний хүрээнд тушаал гаргасан учир Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-д хамаарч байна. Иймд тус тушаалыг илт хууль бус захиргааны акт болгохыг тогтоож, *******ийг ******* сумын Засаг даргын Тамгын газрын санхүү албаны дарга, ерөнхий нягтлан бодогч албан тушаалд эгүүлэн тогтоож, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс буюу ажлаас халагдсан өдрөөс эхлэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны нийт цалин хөлс, нийгмийн даатгал нийт 41,670,504 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Сумын Засаг даргын Тамгын газрын санхүү албаны даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 6.1.2-т зааснаар төрийн захиргааны албан хаагч бөгөөд мөн хуулийн 12.1.7-д заасны дагуу гүйцэтгэх албан тушаалтан юм. Төрийн захиргааны албан тушаалтан учраас түүнтэй холбоотой хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулагдсан байдаг. Нэхэмжлэгч нь 2020 оны 9 дүгээр сард хүүхэд төрүүлснээс хойш хүүхэд асрах 2 жилийн хугацаа өнгөрсний дараа, 2022 оны 9-10 дугаар сард ажилдаа эргэн орох байтал өөрийн үндсэн ажилдаа ороогүй ба Төрийн албаны тухай хуулийн 37.1.17 зүйлд заасан төрийн албан хаагч үндсэн ажлаас гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил үүрэг эрхлэхийг хориглоно гэсэн хуулийн заалтыг зөрчин төрийн өмчит Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа Хөтөл дэх Төмөр бетон дэрний үйлдвэрийн санхүүгийн албанд 2022 оны 12 дугаар сараас эхлэн ажилласан байдаг. ******* сумын Засаг даргын Тамгын газрын газарт түүний ажлын байр хадгалагдаж хөдөлмөрийн харилцаа хэвээр үргэлжилж байсан тул Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч нь 2023 оны 01 дүгээр сард ажилдаа орохыг шаардсан боловч ямар ч хариу өгөөгүй бөгөөд сонсох ажиллагаанд ч ирж оролцоогүй байна. Харин 2023 оны 02 дугаар сарын 09-нд ажлаас халсаны дараа л ажилдаа эргэн орохоор хандсан гэдэг нь түүний нэхэмжлэлийн шаардлага дээр тодорхой тусгагдсан байна. Ажилдаа орохыг мэдэгдсэнээс хойш ажилдаа ороогүй байгаа нь ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэх нэг үндэслэл болж байгаагийн зэрэгцээ төрийн өмчит үйлдвэрийн газрын санхүүгийн албанд хөдөлмөрийн харилцаа үүсгэн ажилласан зөрчил нь түүнийг ажлаас халах үндэслэл болсон. ТБДҮ-т ажил эрхэлсэн үйл баримт нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д заасан Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Төсвийн тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тогтоол зэрэгт сумын Засаг дарга, аймгийн Засаг даргатай зөвшилцөн ерөнхий нягтлан бодогчийг томилж, чөлөөлөхөөр ерөнхий зохицуулалттай байгаа боловч Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар хориглосон үйлдэл гаргаж ТӨҮГ ажил хөдөлмөр эрхэлсэн учраас хуулийн хэрэгжилтийг хангаж ажлаас халах тохиолдолд аймгийн Засаг даргатай зөвшилцөж сумын Засаг дарга захирамж шийдвэр гаргана гэсэн зохицуулалт байхгүй юм. Сумын Тамгын газрын дарга нь бүтэц орон тоог баталж Төрийн захиргааны болон үйлчилгээний ажилтан нартай үр дүнгийн гэрээ байгуулж ажил үйлчилгээний чанарт нь хяналт тавьж ажилладаг. Үүнд ерөнхий санхүүч ч хамрагддаг тул сумын Тамгын газрын даргын ажлаас халсан тушаалыг илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнийг ажлаас халахдаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.17, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтуудыг үндэслэсэн байгаа нь хууль зөрчөөгүй болно.

2.Түүнчлэн түүнийг ажилдаа эргэн орохыг мэдэгдсэнээс хойш ажилдаа ороогүй тул уг асуудлыг хэлэлцэхээр Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулах талаар өөрийнх нь цахим хаягаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонсох ажиллагаанд ирээгүй тул түүнийг ажлаас халж, тушаалын хуулбарыг хүргүүлсэн болно. Энэ нь хуульд нийцээгүй байна.

3.Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны асуудлын талаар *******ийг ажлаас халсан тушаал 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гарсан, үүнийг гардаж авснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах зөвлөлд хандах хуулийн зохицуулалттай атал хуулийн хугацаанд гомдол гаргаагүй нь түүний нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой нотлон тогтоогдож байна. Түүнийг иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүх хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журмыг тодорхой тайлбарлаж захирамждаа тусгаж өгсөн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сумын Засаг засаг даргын Тамгын газрын Санхүү албаны дарга буюу ерөнхий нягтлан бодогч албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 6.1.2, 12.1.7-д зааснаар төрийн захиргааны албан хаагч бөгөөд үүнийг түүний ажлын байрны тодорхойлолтод ТЗ-5 ангилалд багтах албан хаагч гэж тодорхойлж өгснөөр нотолж байна. Төрийн захиргааны албан тушаалтан учраас түүнтэй холбоотой Хөдөлмөрийн эрх зүйн харилцааг Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн хуулиар нарийвчлан зохицуулагдана. Төрийн албаны тухай хуулийн 41.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.” гэж заасан. Нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сард хүүхэд төрүүлснээс хойш 2022 оны 09 дүгээр сард ажилд орох боломжтой болж, хүүхэд асрах чөлөөний 2 жилийн хугацаа нь дууссан. 2022 оны 10 дугаар сард ажилдаа орох ёстой байтал төрийн өмчтэй “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Төмөр бетон дэрний үйлдвэрт ажилд орох хүсэлтээ 11 дүгээр сард гаргаж, ажилд орсон байсан. Тус байдал нь нийгмийн даатгалын лавлагаа болон бусад бичиг баримтаар болон өөрийнх нь гаргасан тайлбараар нотлогдож байна. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын албаны дарга Х.Хэрлэнгийн тушаалаар 3 сарын туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авсан нь тус тушаалаар нь нотлогдож байна. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.17.-т “үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, үүрэг эрхлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байна. Тус заалтыг зөрчсөн учраас түүнийг ажлаас халаад байгаа асуудал нь ажлаас чөлөөлж байгаа асуудал биш сахилгын шийтгэл оногдуулж, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд заасан үйл ажиллагаа, Төрийн албаны тухай хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр ажлаас халсан ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Төрийн албаны зөвлөлд ******* хандсаны дараа Төрийн албаны зөвлөлөөс шалгалт явуулаад зөрчлөө арилга гэсэн чиглэлийг Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчид өгсөн байдаг. Үүний дагуу сонсох ажиллагаа явуулах тухай цахим шууданг ******* рүү явуулсан боловч хариу өгөөгүй, ирээгүй байна. Иймд Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн гаргасан тушаалыг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна. ******* нэгэнт хууль зөрчөөд өөр байгууллагад ажиллаж цалин хөлс авч, мөн Засаг даргын Тамгын газраас хөдөлмөр хүүхэд асрах чөлөөтэй байгаа гэдэг утгаар хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлүүлсэн. Үүнээс дүгнэхэд ******* нь төсөвт хохирол учруулж байна. Өөрөө ерөнхий няглан бодогч байсан хүн өмнөх ажлаа зохицуулаагүй байж дараагийн ажил хийгээд байгаа байдал нь төрийн албан хаагчийн ёс зүй, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил байна. Төрийн албаны хуулийн 7 дугаар зүйлд зааснаар төрийн албанд захирах, захирагдах зарчим үйлчлэх ёстой. Төрийн албан хаагч нь ёс зүйн дүрмээрээ, Төрийн албаны тухай хуулиараа ч гэсэн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх ёстой.

Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 37.1.2-т зааснаар хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх тухай баталгаагаа гаргаад төрийн албанд ажиллаж байгаа албан хаагч маань өөрөө Төрийн албаны хууль, Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиа зөрчөөд, төрийн өмчтэй компанид зэрэгцээ ажил эрхэлсэн нь хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах үндэслэл болж байна. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т зааснаар Засаг даргын ажлын алба нь тамгын газар байх бөгөөд доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд 67.4-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн тамгын газрын дарга Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж заасан байна. Мөн Төсвийн тухай хуульд зааснаар Засаг даргын Тамгын газрын дарга нь төсвийн шууд захирагч, Засаг дарга нь  төсвөөс гарч байгаа мөнгө төгрөгний гүйлгээ, төсөвт гарын үсэг зурдаггүй. Тамгын газрын дарга болон сангийн төлөөлөгч 2 захиран зарцуулдаг. Төрийн албаны тухай хуулийн тухай 47.2-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас халах эрхийг Засаг даргын Тамгын газрын даргад хуулиар олгосон байна гэж үзэж байна. Захиргааны албан хаагч байгаа учраас Засаг даргын Тамгын газрын даргад захирагдаж, түүний тушаалаар ажлаас халах эрх ньнээлттэй байна гэж үзэж байна. Засаг даргын орлогчоос бусад албан тушаалтнууд төрийн захиргааны албан хаагч нар байдаг учраас Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагдаж ажиллана. Хөдөлмөрийн харилцааг Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хуулиас гадна Хөдөлмөрийн хуулиар нарийвчлан зохицуулж өгсөн тул нарийвчилсан зохицуулалттай хуулийг өнөөдөр бид хэрэглэх ёстой. Ажлаас халах, ажлаас чөлөөлөх гэдэг 2 ойлголт бол 2 өөр ойлголт. Төсвийн ерөнхийлөн захирагч, аймгийн Засаг даргатай зөвшилцөж байж томилно гэдэг нь тухайн хүн нь тухайн ажлын байранд тавигдах шаардлага хангаж буй эсэх, Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар баталсан шаардлагад нийцэж буй эсэх, мэргэжил боловсрол, ур чадварын хувьд, ажлын дадлага туршлага, ёс зүй, урьд өмнө төрийн албанд ажиллаж байгаад халагдсан эсэх гэдгийг нягтлах агуулгатай.

Ажлаас хална гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тохиолдолд халах тухай яригдана. Нэгэнт Хөдөлмөрийн тухай хууль үйлчилж байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох, цуцлах, ажлаас халах зэрэг үндэслэлүүдийг 2 өөр бүлэг болгож заасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар бүлэг буюу “Хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар” болгох гэдэгт ажлаас чөлөөлөх асуудал харьяалагдана. Хөдөлмөрийн тухай хуулийн 9 дүгээр бүлэг буюу “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл” нь хэн нэгэнтэй зөвшилцөхгүйгээр хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тохиолдолд ажлаас халах асуудлыг зохицуулж байна. Маргаан бүхий үйл баримт нь Засаг даргын Тамгын газрын төрийн Санхүүгийн албаны даргыг ажлаас чөлөөлсөн тухай биш халж байгаа асуудал яригдаж байгаа учраас тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийг давхар барих шаардлагатай байсан боловч үүнийг тусгаагүй байсан. Тус зөрчлүүдийг арилгах нь зүйтэй гэдэг зөвлөмжийг Төрийн албаны салбар зөвлөлөөс хүргүүлсэн байдаг. Үүнийг арилгах гэхэд ******* ирээгүй байна. Сумын Засаг дарга дээд шатынхаа Засаг даргатай зөвшилцөж байж санхүү албаны даргыг албан тушаалаас нь чөлөөлөх байсан гэж эрх зүйн актыг илт хууль бус акт гэж үзэх үндэслэл байхгүй байна. *******ийн хувьд ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, ажлаас чөлөөлөгдөөгүй байхдаа давхар ажил эрхэлсэн нь төрийн сан, төсөвт хохирол учруулж байна. гаа ийм байдлаас харагдаж байна.

Хэрэв өөр ажилд орох гэж байгаа бол өмнөх байгууллагатайгаа тооцоогоо хийж дуусгаад хөдөлмөрийн харилцаагаа цуцлаад дараагийн ажилд орох ёстой. Гэтэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдлаас харахад 2022 оны 11 дүгээр сард 414,650 төгрөг, 12 сард 1,198,000 төгрөг, 1 дүгээр сард 2,083,000 төгрөгний цалинг Төмөр бетон дэрний үйлдвэрээс тус тус авч мөн тус саруудад Засаг даргын Тамгын газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэтгэмж авсан байна. Иймд 02 дугаар сараас эхлээд нэгэнт өөр байгууллагаас цалин нь орж байгаа учраас өөр байгууллагад ажиллаж байгаа нь тодорхой болсон тул 2023 оны 01 дүгээр сарын хурлын шийдвэрээс хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг нь зогсоож, 02 дугаар сарын 1-нээс ажлаас халсан тушаал гаргасан. Тухайн сарынхаа 01-ний өдрөөс тушаал гаргахгүй бол нийгмийн даатгалын шимтгэл нэг өдрөөр ч байсан тооцож төлөх учраас нийгмийн даатгалын шимтгэлээ дахиж давхардуулж төлөхгүй, төрийн санд хохирол учруулахгүй гэдэг үүднээс 02 дугаар сарын 01-ний өдрөөс гэж тушаалыг гаргасан гэдэг тайлбарыг Засаг дарга болон Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нар хэлсэн. ******* нь Төрийн албаны тухай хууль зөрчсөн учраас хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах үндэслэл үүссэн гэдэг утгаар хөдөлмөрийн харилцааг цуцалж, ажлаас халсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******ын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай “Ажлаас халах тухай” тушаалаар Санхүү албаны дарга *******ийг өөр албан тушаалд томилогдсон үндэслэлээр Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.8, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтыг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь халжээ.

            Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай “Ажлаас халах тухай” тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж, ажиллаагүй хугацааны цалин хөлс гаргуулах тухай шаардлага гаргажээ.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар хэрэгт цуглуулсан нотлох баримтууд, нэхэмжлэгч болон  хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргийг үнэлээд нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэг. Үйл баримтын талаар

            1.Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/11 дугаартай “Ажилд томилох тухай” захирамжаар Санхүү албаны дарга /Ерөнхий нягтлан бодогч/-оор *******ийг томилжээ.

            2.Нэхэмжлэгч ******* 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Ц.Нарантуяаг ******* сумын Засаг даргын Тамгын газрын Санхүү албаны даргаар түр томилсоноор хүүхэд асрах чөлөөгөө авчээ.

            3.Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/1/1621 дугаартай тушаалаар нэхэмжлэгч *******ийг Төмөр бетон дэрний үйлдвэрийн эдийн засагчаар туршилтын 3 сарын сарын хугацаагаар авч хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

            4.Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/34 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаалаар Засаг даргын Тамгын даргын сул орон тоо нөхөгдөх хүртэл Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр *******ыг томилжээ.

            5.Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн лавлагаагаар нэхэмжлэгч ******* нь хүүхэд асрах чөлөөний хугацаанд буюу 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 02 дугаар сарын хооронд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа Төмөр бетон дэрний үйлдвэрт эдийн засагчаар ажилласан болох нь тогтоогддог бөгөөд нэхэмжлэгч энэ талаар үгүйсгээгүй байна.

Хоёр. Хууль зүйн үндэслэлийн талаар

            Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 4.4-т “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч ******* нь төрийн захиргааны албан хаагч байх тул түүний эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулиар тогтоохоор байна.

            Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ”, 37.1.17-д “үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил үүрэг эрхлэхгүй байх” 38 дугаар зүйлийн 38.1.6-д “багшлах, эрдэм шинжилгээний ажил эрхлэх” эрх эдэлнэ гэж зааснаар нэхэмжлэгч ******* нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа өөр ажил албан тушаалд томилогдон ажиллаж, төрийн жинхэнэ албан хаагч болохын хувьд нийтлэг үүргээ зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхаас гадна нэхэмжлэгч ******* үгүйсгээгүй хүлээн зөвшөөрсөн байдаг боловч захиргааны байгууллагаас захиргааны акт /Б/10 дугаартай ажлаас халах тухай тушаал/ гаргахдаа илт хууль зөрчсөн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдлоо.

            Тухайлбал Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж зааснаар нэхэмжлэгч *******ийг Сэлэнгэ аймгийн Сахйан сумын Засаг дарга О.Буянаа 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Б/11 дугаартай захирамжаар Санхүүгийн албаны даргаар томилсон байх бөгөөд дээрх хуулийн зохицуулалтаар *******д Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээд нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг дарга байна.

            Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж зааснаар ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******т Санхүү албаны дарга *******ийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах чиг үүрэг, эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байхад сахилгын шийтгэл ногдуулсныг илт хууль бус захиргааны акт гаргасан гэж дүгнэхээр байна.

            Нөгөө талаас нэхэмжлэгч хариуцагч нар нь сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах бүрэн эрхтэй эсэх талаар маргаагүй хэдий ч Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “түр орлон гүйцэтгэгч нь тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлнэ” гэж зааснаар Тамгын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах төрийн албан хаагчийг томилох, чөлөөлөх, халах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Мөн нэхэмжлэгч *******ийг үүрэгт ажлаас нь халахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн “Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай “Ажлаас халах тухай” тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж мөн ажиллаагүй хугацааны цалин хөлс гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.ОДБААТАР