| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 240/2017/0113/э/ |
| Дугаар | 29 |
| Огноо | 2018-01-26 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Улсын яллагч: С.Мөнхтулга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,
Шүүгдэгч: Д.Б,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан шүүгдэгч Д.Б холбогдох 1728000000019 дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт Тоёота ланд круйзер-80 маркийн 99-33 ӨМА улсын дугаартай автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж Э.М биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Д.холбогдох гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д.Батхолбоо нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын эзэмшлийн Тоёота ланд круйзер-80 маркийн 99-33 ӨМА улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Э.Мөнхсүхийн биед хүндэвтэр хохирол, Т.Амартайваны эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт 7263000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэснээр шүүгдэгч Д.Б үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Мө эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсанаар гэмт хэргийн шинжийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар хэрэгт хуульзүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ. Үүнд:
Хохирогч Э.Мөнхсүхийн... “2017 оны 07 дугаар сарын 25-ны орой найз Батхолбоо залгаад “Би Цогтцэций сумаас одоо аймаг руу гарч байна маргааш өглөө Ноён сум руу хүн хүргэж өгөх ажлаар явна буцахдаа ганцаараа ирнэ хамт яваад ирэх үү” гэсэн. Би тэгье гэж хэлээд маргааш өглөө 08 цаг өнгөрч байхад Батхолбоо гэрт ирээд явъя гэсэн. Би машинд нь суугаад шууд Ноён сум руу гарсан. Машинд Ноён сум руу цагдаагаар явж байгаа гэх Амартайван гэх ах байсан. Бид гурав хамт явсан. Баяндалай сум орж Цагдаагийн хэсгээр орсон. Би гадаа нь тамхи татаад зогсож байсан. Дараа нь цааш явж байгаад би унтаад өгсөн байсан нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн юу болсон талаар мэдэхгүй байна. Ямарч байсан зам тээврийн осолд орсон. Би арын суудалд сууж явсан болохоор ямар хурдтай явж байсан талаар мэдэх юм алга. Ослоос болж нуруундаа гэмтэл авсан. Одоо биеийн байдал гайгүй байгаа. Надад ямар нэгэн санал, хүсэлт, гомдол байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 63-65 дугаар хуудас/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэбаатарын... “Манай Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтэсийн албаны автомашин болох 99-33 ӨМА улсын дугаартай Ланд круйзер-80 маркийн автомашиныг жолоодож явсан Д.Батхолбоогоос манай байгууллага албаны автомашиныг засварлуулан авсан тул ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Т.Амартайваны... “Миний бие Ноён суманд хэсгийн цагдаагаар томилогдоод 2017.07.26-ны өдрийн 10 цаг 20 минутын орчимд Өмнөговь аймгийн Баяндалай сумаас Ноён сум руу албан ажлаар Тоёота Ланд круйзер-80 маркийн 99-33 ӨМА улсын дугаартай автомашинаар хүргүүлэн явах замд Баяндалай сумаас цааш 20 гаруй км-т автомашин онхолдсон. Би тэр үед урд талын суудал дээр унтаж явсан. Машиныг жолооч Д.Батхолбоо барьж явсан, онхолдсоны дараа Д.Батхолбоо надад хэлэхдээ 70 км цагийн хурдтай явж байтал дугуй хагарсан, тоормослосон боловч жолоо дийлдэлгүй онхолдсон гэж хэлсэн. Би машины эхний шидэлтээр сэрсэн, 2 дахь шидэлтээр нь ухаан алдсан байсан. Д.Батхолбоог манай найз үхчихсэн юм шиг байна гэж орилоход нь сэрээд машины цонхыг хагалж гарч ирсэн. Тэгэхэд найз нь болох Э.Мөнхсүх газар уначихсан байсан. Би Д.Батхолбоогоор ус авчруулан цээжин дээр нь асгаж, цээжийг нь цохиод, чамархай дээр нь дарж, хиймэл амьсгаа, иллэг хийж сэргээсэн. Тэгээд би Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын жижүүр лүү залгаж болсон явдлын талаар ярьсан, хамгийн ойрхон эмнэлэгийн тусламж дуудан ирүүлэхийг хүссэн. Баяндалай сумаас эмнэлэгийн машин төөрөөд 2 цаг гаруй болж байж ирсэн, эмнэлэгийн машинаар Э.Мөнхсүхийг аваад явсан, цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн, тасгийн дарга нар эмнэлэгийн машинтай зөрж ирсэн. Ингээд хэргийн газрын үзлэгийг хийж, аймаг руу явцгаасан. Э.Мөнхсүх нь Д.Батхолбоогийн хамаатан гэсэн, намайг Ноён сум руу хүргэж өгөөд буцахдаа ганцаараа явж байхаар нь хань болгоё гээд авсан. Би Э.Мөнхсүхийг танихгүй. Автомашин нь буруу талдаа жолооны хүрдтэй. Д.Батхолбоо машин жолоодоод би урд талын суудал дээр, Э.Мөнхсүх ар талын суудал дээр сууж явсан. Осол гарах үед цаг агаар тогтуун, их халуун байсан. Замд халтиргаа гулгаа байхгүй. Харин хэсэг газраа ховилтой байсан. Тэр ховилд цохигдоод машин унасан гэж ойлгож байгаа. Бид гурав согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Дугуй нь хагараад ховилд цохигдоод шидэгдсэн гэж бодож байна. Түрүүлж дугуй хагарсан жолооч талын урд дугуй олгой хаймаргүй байсан. Жолооч талын дугуй хагарсан, цонхны шилнүүд хагарсан, кузов нь бүхэлдээ эвдэрсэн. Би Өмнөговь аймгийн эмнэлэгт шинжилгээ өгсөн, зураг хариуг нь аймаг, Улаанбаатар хотод мэргэжлийн эмч нараар үзүүлж, уншуулсан. Тархинд бол гэмтэл асуудал байхгүй, биед учирсан хөхрөлт, няцралтууд бол байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-ийн 34-36 дугаар хуудас/,
Яллагдагч Д.Батхолбоо мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “Ноён сумын хэсгийн цагдаа Т.Амартайвангийн хамт Өмнөговь аймгийн төвөөс Э.Мөнхсүхийг 2017 оны 07 дугаар 26-ны өглөө 80 цаг өнгөрч байхад гэрээс нь аваад Тоёота Ланд Круйзер-80 маркийн 99-33 ӨМА улсын дугаартай автомашинаар Ноён сум руу явсан. Ноён сум руу явахад Баяндалай сумаар дайрдаг бөгөөд сумын хэсгийн төлөөлөгчийнхөөр орж цай уугаад 10 цагийн үед цаашаа явсан. Автомашиныг би жолоодож, урд талын суудал дээр Т.Амартайван, ар талын суудал дээр Э.Мөнхсүх сууж явсан. Баяндалай сумаас ертөнцийн зүгээр баруун тийш 20 гаруй км яваад гэнэт автомашин зүүн гар тал руугаа далийж жолооны хүрдээ баруун гар тал руу булаасан. Буцааж дарах гээд дийлэлгүй ойчсон. Би эхний өнхрөлтөн дээр шидэгдсэн байх, нэг сэрэхэд газар хэвтэж байсан. Ухаан ороод ойр орчмоо харахад миний ар талд машин 4 дугуйн дээрээ зөв талын 2 дугуй нь хагарсан, бүхээг нь эвдэрсэн, цонхнууд нь хагарсан байдалтай байж байсан. Тэгээд машин руу гүйж очиход машины урд талын суудал дээр Т.Амартайван ухаантай байж байсан. Ар талынх нь суудлыг харахад Э.Мөнхсүх байхгүй байсан, машинаа тойрч үзэхэд машины зөв талын хойд талд ухаан алдсан байдалтай хэвтэж байсан. Т.Амартайван нь машинаас бууж ирээд бид 2 Э.Мөнхсүхийг усаар нүүр цээжийг нь шавшиж, зүрхэн тус газар нь иллэг хийж, хиймэл амьсгал хийхэд сэргэсэн. Тэгээд аймгийн Цагдаагийн газар луу Т.Амартайван өөрийн утсаар яриад дуудлага өгсөн. Цагдаагийн газраас Баяндалай сумын эмнэлэг рүү ярьж эмнэлэгийн машин төөрөөд цаг гаруйн дараа ирсэн. Тэгээд Э.Мөнхсүхийг Баяндалай сумаар дайраад аймгийн төв рүү авч явсан байдаг. Баяндалай сумын хэсгийн төлөөлөгч н.Харцага эхэлж ирээд дараа нь эмнэлэгийн машин, жижүүрийн бүрэлдэхүүн аймгийн төвөөс ирсэн. Ингээд хэргийн газрын үзлэгийг хийгээд би машинаа чирж Баяндалай сум руу явсан. Баяндалай сумаас гараад машин онхолдох үед Т.Амартайван, Э.Мөнхсүх 2 унтаж байсан. Өмнөговь аймгийн цагдаагийн газрын автомашин юм. 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ш.Баттогтох цагдаа ахлах ахлагч Т.Амартайваныг Ноён сум руу хүргэж өгөх үүрэг өгсөн. Т.Амартайван нь Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын даргын тушаалаар Ноён сумын хэсгийн цагдаагаар томилогдсон юм. Осол гарсан өдөр аль аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, нартай тогтуун өдөр байсан. Үзэгдэх орчин замын нөхцөл байдал халтиргаа гулгаагүй байсан. Зүүн урд талын дугуй олгойгүй байсан. Өндөр ховилтой зам байсан болохоор обуд дугуйны ам нь цаашаа цөмөрч орсноос болж жолооны хүрд булуугаад онхолдсон. Тормоз гишгээд жолооны хүрдийг зүүн гар тал руугаа буцааж дарах гээд дийлээгүй. Миний биед нуруу хөл хэсэгт шалбарсан, автомашины кабин бүхэлдээ эвдэрсэн. Би жолоодож явсан болохоор миний буруугаас болж осол болсон. Би замын цагдаагийн шинжээч болон шинжээч эмчийн дүгнэлтүүдтэй танилцсан, хүлээн зөвшөөрч байгаа. Автомашины хохирлын үнэлгээг гаргуулна.” /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, “2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Амартайван бид 2 явсан. Урд өдөр нь би найзыгаа хамт яваад ирье, буцахдаа ганцаараа хань хэрэгтэй байна гэж гуйсан. Өглөө гэрээс нь аваад явсан. Баяндалай суманд хэсгийн төлөөлөгчийнхөөр орж цай уугаад гарсан. Цаашаа 20 километр гаруй явж байхад руль булаагаад байсан. Би тормоз алгуурхан гишгэж байсан. Огцом гишгэвэл уначих байх гэж бодсон” гэв.
Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал /хх-ийн 05 дугаар хуудас/,
Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-11 дүгээр хуудас/,
Зөрчлийн талаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын “Прокурорын газарт ирсэн хэргийн бүртгэл”-ийн хуулбар /хх-ийн 132 дугаар хуудас/
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын 2017.08.22-ны өдрийн 48/845 дугаартай “Авлигатай тэнцэх газарт” явуулсан албан бичиг /хх-ийн 133 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2017.08.17-ны өдрийн №06 дугаартай Прокурорын даалгавар /хх-ийн 134 дүгээр хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №344 дүгээр шинжээч эмч С.Шүрцэцэгийн дүгнэлтэд:
1. Амартайваны биед тархины доргилт, зүүн тохойн зулгаралт, зүүн шилбэний цус хуралт гэмтэл үүсчээ.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 16 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №343 дүгээр шинжээч эмч С.Шүрцэцэгийн дүгнэлтэд:
1. Б биед зүүн бугалга, дал, баруун гуяны зулгаралт, баруун гуяны цус хуралт гэмтэл үүсчээ.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 19 дүгээр хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №345 дүгээр шинжээч эмч С.Шүрцэцэгийн дүгнэлтэд:
1. Мөнхсүхийн биед сээрний 7,8,11-р нугалмын дарагдаж шахагдсан хугарал, эрүү, биеийн ар гадаргуу, 2 өвдөгний зулгаралт гэмтэл үүсчээ.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 28 дугаар хуудас/,
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2018.01.19-ний өдрийн дүгнэлт №04
1. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Т.Түмэнжаргалын 2017 оны 39 дүгээр шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд Д.Батхолбоогоос авсан мэдүүлэгт “техникийн бүрэн бүтэн байдал бүрэн хангасан, дугуйны хий гарч дугуй хагарснаас болж осол гарсан, дугуй руль булаахад би тормоз гишгэсэн боловч яах ийхийн зуургүй осол болсон” гэх мэдүүлэг нь хэргийн газрын схем зурагтай тохирохгүй байна. Өөрөөр хэлбэл автомашин онхолдохоосоо өмнө дугуй хагарсан бол тээврийн хэрэгсэл тухайн хагарсан дугуйны тал руу шарвах боломжтой гэтэл хэргийн газрын схем зурагт харагдаж байгаагаар баруун гар тал руугаа огцом эргэлттэй дугуйрсан замыг дагаж шарвасан дугуйн мөр үүссэн байна.
3. Тормозлолт гэдэг нь автомашины хурдыг хасах буюу бүрэн зогсоох зорилгоор хийгдэж байгаа үйлдэл. Тормозны мөр гэж тормоз бүрэн барьж эхэлснээс автомашин зогсох хүртлэх хугацаанд явсан замыг хэлнэ. Гэтэл 99-33 өма улсын дугаартай автомашин зогсоогүй, харин шарвалтын мөр гэх 54.1 метр зайг туулсны дараа автомашин онхолдон эргэлт хийж 15.3 метрийн цаана дөрвөн дугуйн дээрээ зогссон байна.
4. Гэнэтийн буюу автомашины эвдрэл гэмтлээс улбаалан осол гарсан эсэхийг тогтоох боломжгүй. Учир нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг нарийвчлан /тухайлбал хагарсан хоёр дугуйнд үзлэг хийгээгүй/ тодорхойлсон үзлэгийн тэмдэглэл байхгүй байна. Харин жолооч Д.Батхолбоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг биелүүлээгүй байна.
5. Хэргийн газрын үзлэг, тэмдэглэл нь хэргийн схем зурагтай тохирч байна. Ослын газарт Баяндалай сумын хэсгийн төлөөлөгч Д.Харцага Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч О.Чулуунбаатар нар очиж Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийн газрын үзлэг хийж схем зургийг үйлдсэн байна./хх-ийн 138 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн 1728000000019 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:
Шүүгдэгч Д.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд “Д.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 42 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Бн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 45-47 дугаар хуудас/,
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн б/73 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 48 дугаар хуудас/,
Албан хаагчийн товч мэдээлэл /хх-ийн 49 дүгээр хуудас/,
Албан хаагчийн тодорхойлолт /хх-ийн 50-53 дугаар хуудас/,
Дотоод цэргийн штабд гаргасан мэдэгдэл /хх-ийн 54 дүгээр хуудас/,
Автотээврийн үндэсний төвийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №291 тоот лавлагаа /хх-ийн 56-57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг шаардлагатай шинжээчийн гаргасан дүгнэлт зэрэг нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Д.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Автотээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Батхолбоо гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Э.Мөнхсүх, иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэбаатар нар хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Бн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн улсын яллагчийн саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж тус тус шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Д.Бцагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.