| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2024/0064/З |
| Дугаар | 159/ШШ2024/0063 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 159/ШШ2024/0063
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 159/2024/0064/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* намын хороо
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын Сонгуулийн хороо
Гуравдагч этгээд: ******* хөдөлгөөний нам
Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн ******* сумын Сонгуулийн хорооны 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа нар оролцов.
Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* намын хорооноос ******* хөдөлгөөний нам нь орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан хугацаа хэтрүүлэн хүсэлт гаргасан байхад Сэлэнгэ аймгийн ******* сумын Сонгуулийн хороо ******* хөдөлгөөний намыг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн нь хууль зөрчиж байх тул Сэлэнгэ аймгийн ******* сумын Сонгуулийн хорооны 03 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* намын хороо шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ намууд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан хугацаанд буюу Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 17 дугаар тогтоолоор баталсан цаг хугацааны хуваарийн дагуу 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө харьяалах аймаг, сумынхаа сонгуулийн хороонд хүргүүлж бүртгүүлэх ёстой. Сэлэнгэ аймгийн ******* сумын дахь “******* хөдөлгөөний нам”-ын салбар нь ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийг сонгох сонгуульд оролцохоо илэрхийлсэн хүсэлт, материалаа дээрх хуулийн 25.1-д заасан хугацаа дууссан хойно буюу 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр сумын сонгуулийн хороонд хүлээлгэж очиж, өгсөн байдаг. Гэтэл сумын сонгуулийн хороо хуулийн 25.1-д заасан хугацаа өнгөрсөн хойно 8 дугаар сарын 12-ны өдөр тус намын хүсэлт, баримт бичгийг хүлээн авч, улмаар сонгуульд оролцуулахаар бүртгэсэн тогтоол шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн байгаа. Мөн сонгуулийн хороо намуудыг бүртгэсэн шийдвэрээ нийтэд ил тод мэдээлээгүй. Сумын сонгуулийн хорооны энэ шийдвэр үйл ажиллагаа нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн 7.4.1-д заасан “хууль дээдлэх”, 7.4.2-т заасан “ил тод байдлыг хангах”, 7.4.3-т заасан “шударга ёсыг сахих” зарчмуудыг зөрчсөн. Улмаар мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.2-т заасан намууд “сонгуульд оролцох хүсэлтийг хуульд заасан хугацаанд ирүүлсэн байх” гэсэн шаардлагыг илтэд хангаагүй байхад “******* хөдөлгөөний нам”-ыг бүртгэсэн тогтоол шийдвэр гаргасан байгаа нь сонгуульд шударгаар өрсөлдөх, иргэдийн сонгох, шийдвэрийг хүчингүй болгуулахаар ******* сумын сонгуулийн хороонд хандсан боловч бидний шаардлагыг “хугацаа хэтэрсэн” гэж хүлээн аваагүй тул захиргааны хэргийн шүүхэд хандаж байна.
Түүнчлэн сумын Сонгуулийн хороо нь намуудыг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн тогтоол шийдвэрээ нийтэд ил тод мэдээллээгүй, энэ тухай тогтоол шийдвэрийг авахыг хүсэхэд гаргаж өгөхгүй байгаа нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.14-т заасан “Сонгуулийн хорооны хуралдааны шийдвэрийг нэн даруй нийтэд, ил тод мэдээллэнэ” гэснийг зөрчиж, хууль зөрчсөн үйлдлүүд гаргасан.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч хуулийн үндэслэлтэй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна гэж үзэж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ” гэж заасан 60 хоногийг тооцохдоо нэхэмжлэгч 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр буюу орон нутгийн сонгууль болох өдрөөс тоолохоор 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нь 61 дэх хоног болж таарч байна. “60-аас доошгүй хоногийн өмнө” гэдгийг хэрхэн ойлгох талаар тус хуульд нэр томьёоны тайлбар байхгүй байна. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 17 дугаар тоот тогтоол болон тогтоолын хавсралтаар ээлжит сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталж гаргасан. Тус тогтоолын 15 дахь зүйлд нь “Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ” гээд хуанлийн хугацааг “2024 оны 08 дугаар сарын 12-ноос өмнө” гэж заасан байна. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд хугацааг тодорхойлох талаар зохицуулсан байдаг ба 33.2-т “Хугацааг хуульд заасны дагуу бий болох үйл явдлаар тодорхойлж болно” гэж заасан байна. 2024 оны орон нутгийн сонгууль 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр болно гэдэг үйл явдлаар нь тодорхойлно. Мөн тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно” гэж заасан байна. Захиргааны ерөнхий хуулийн 33.2 дахь зүйлээс ойлгож тоолход 62 дахь хоног болж таарч байна. Иймд нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* намын хорооны гаргасан сонгуульд нэр дэвшигч намыг 60-аас доошгүй хоног нь өнгөрсөн байхад бүртгэсэн нь буруу байна гэх нэхэмжлэлийн шаардлагыг зөв гэж үзэж байна гэв.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Миний бие ******* нь ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай ******* сумын Сонгуулийн хорооны даргаар томилогдон ажиллаж байна. ******* сумын ******* намын шүүхэд хандсан нэхэмжлэлийн дагуу хариуцагчийн хувьд тайлбар гаргаж байна. Тус сумын Сонгуулийн хороо нь орон нутгийн сонгуульд нэр дэвшигч ******* хөдөлгөөний намыг 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр бүртгэж, 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 03 тоот тогтоолоор нам бүртгэсэн шийдвэр гаргасан. Тухайн үед цаг хугацааны хуваарийг 12-ны дотор гэдгээр ойлгож хүлээж авсан. Энэ нь хуульд заасан хугацаа хэтрүүлсэнг хүлээн зөвшөөрч байна. ******* намын өгсөн гомдол нь орон нутгийн сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийн хороо нь хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол нэхэмжлэлийг хүлээн авахгүй тул шүүхэд хандахыг сумын ******* намд хариуг мэдэгдсэн.” гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Уг маргааны гол зүйл нь цаг хугацааны хувьд талууд буруу ойлголттой байгаад байна. Хуулийн үг хэллэг нь 60-аас доошгүй хоног гэсэн үг байна. 60-аас доош гэсэн үг биш. Бид 60-аас доошгүй хоног гэдэгт 60 дахь хоног нь орж тоологдох эсэхийг тогтоох асуудал үүсч байна. Монгол хэлний үгийн утгын 2,3 томоохон цахим тайлбар толиос “доошгүй” гэх үгийн утгыг хайж үзэхэд Query.mn гэх цахим хуудаст “доошгүй” гэдэг нь тэнцүү ба их гэж тайлбарласан байна. Математикийн тоогоор тайлбарлавал 60-аас доошгүй гэдэг нь 60 буюу 60-аас дээш тоо байх буюу 60, 61 байхыг ойлгоно. Харин 60-аас доош гэдэг нь тухайлсан тооноос доош тоо байх буюу 59, 58 байхыг ойлгоно. Тус Монгол хэлний тайлбар толь бичигийн жишээ өгүүлбэрт 5-аас доош насны хүүхэд гэвэл 5 хүрээгүй хүүхдийг хэлнэ гэсэн байна. Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан Монгол хэлний их тайлбар толь цахим хуудаст “доошгүй” гэдэг үгийг тайлбарлахдаа “тухайн заасан тооноос цөөнгүй, түүнээс их” гэж тайлбарлаж, жишээ өгүүлбэрт “100-аас доошгүй малтай” гэдэг нь “100 түүнээс их малтай” байхыг ойлгоно гэж нарийн ойлгомжтой тайлбарласан байна. Бид хуулийн үг хэллэгийг зүгээр Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны гаргасан хуанлид баригдаж тайлбарлаж болохгүй, хуульд тухайн хоногийг хэрхэн заасан байна хуулийнхаа хоногоор явах ёстой учир Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны гаргасан хуанлийн цаг хугацаа яригдахгүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн ******* сумын Сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай “******* хөдөлгөөний намыг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай” тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3-т заасныг үндэслэн ******* хөдөлгөөний намыг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцуулахаар бүртгэжээ.
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* намын хорооны дарга ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “Сэлэнгэ аймгийн ******* сумын Сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэмхэмжлэл гаргажээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар хэрэгт цуглуулсан нотлох баримтууд, үзлэгийн тэмдэглэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, бусад нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэг. Үйл баримтын талаар
1.Монгол улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 17 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийг баталсан байх бөгөөд уг хуваарийн 15-д нам эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэх, хуанлийн хугацаагаар 2024 оны 8 дугаар сарын 12-ноос өмнө гэж заажээ.
2.Дээрх хууль, цаг хугацааны хуваарийн дагуу 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Монгол ардын нам, ******* нам сонгуульд оролцох хүсэлтээ бүртгүүлсэн бол ******* хөдөлгөөний нам 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр бүртгүүлжээ.
3.Сэлэнгэ аймгийн ******* сумын Сонгуулийн хорооноос 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай “******* хөдөлгөөний намыг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай” тогтоолыг гаргажээ.
4.Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* намын хороо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ намууд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан хугацаанд буюу Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 17 дугаар тогтоолоор баталсан цаг хугацааны хуваарийн дагуу 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө харьяалах аймаг, сумын сонгуулийн хороонд хүргүүлж бүртгүүлэх ёстой. Сэлэнгэ аймгийн ******* сум дахь ******* хөдөлгөөний намын салбар нь ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн сонгох сонгуульд оролцох хүсэлтээ дээрх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан хугацаа дууссан хойно буюу 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр сумын сонгуулийн хороонд хүлээлгэж өгсөн байдаг. Сонгуулийн хороо тус намын баримт бичгийг хүлээн авч сонгуульд оролцуулахаар бүртгэсэн тогтоол гаргасан нь хууль зөрчсөн, мөн сонгуулийн хороо намуудыг бүртгэсэн шийдвэрээ нийтэд ил тод мэдээлээгүй ...” гэж маргажээ.
5.Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1/18 тоот албан бичиг болон 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 04 тоот албан бичгээр тус тус Сэлэнгэ аймгийн ******* сумын Сонгуулийн хороонд ******* хөдөлгөөний нам нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.3.2-т заасныг зөрчсөн тул шалгаж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан бөгөөд Сэлэнгэ аймгийн ******* сумын Сонгуулийн хорооноос Захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх талаар хариу өгчээ.
6.Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ******* хөдөлгөөний намыг бүртгэсэн 03 дугаартай Сэлэнгэ аймгийн ******* сумын Сонгуулийн хорооны тогтоолыг 2024 оны 09 дүгээр сарын 02-нд мэдээд сонгуулийн хороонд хандсан талаар тайлбарладаг бөгөөд сонгуулийн хороо намуудыг бүртгэсэн шийдвэрээ нийтэд ил тод мэдээлээгүй талаар нэхэмжлэлдээ дурджээ.
Хоёр. Хууль зүйн үндэслэлийн талаар
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-д “Сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээн авахгүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* намын дарга ******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Сонгуулийн хорооны 03 дугаартай тогтоолыг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өдөр мэдсэн даруйдаа гомдол хүсэлт гаргасныг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй бөгөөд үүнд хариуцагч буюу Сэлэнгэ аймгийн ******* сумын Сонгуулийн хороо намуудыг бүртгэсэн талаар нийтэд ил тод мэдээлээгүй буруутай байна.
Мөн нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Сонгуулийн хороонд гаргасан хүсэлтийн хариуг хүлээн авч дээрх хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-т заасны дагуу 2024 оны 09 дүгээр сарын 06-нд Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэлийг хугацаанд нь гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Нам эвслийг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ” гэж зааснаар ******* хөдөлгөөний нам нь сонгуулийн санал авах өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр бүртгүүлсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй байна.
Учир нь сонгуулийн санал авах өдрийн өмнөх өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойшоо ухрааж 60 хоног тоолоход 60 дахь хоног нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байх бөгөөд 60-аас доошгүй гэх ойлголтод 60 дахь хоног өөрөө орж тоологдохоор байна. Тэгэхээр ******* хөдөлгөөний намын бүртгүүлсэн өдөр 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нь буюу 60 дахь хоног дээрээ бүртгүүлсэн гэж дүгнэхээр байна.
Жишээлбэл: Монгол хэлний их тайлбар толь бичигт “доошгүй” гэх ойголтыг тодорхойлохдоо “Тухайн тооноос цөөнгүй, түүнээс их, зуугаас доошгүй малтай-зуугаас их малтай, таваас доошгүй хонох-тав илүү хонох, мөн “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн” гэх ойлголтод доод тал нь 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байхаар дээрх толь бичигт тайлбарласан байна.
******* хөдөлгөөний намын бүртгүүлсэн өдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нь 60 дахь хоног бөгөөд сонгуулийн санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө бүртгүүлсэн тул тус намыг сонгуульд оролцохоор бүртгүүлэхдээ хуульд заасан хугацаа алдаж бүртгүүлсэн гэж үзэхгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 81 дүгээр зүйлийн 81.3-т заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* намын хорооны “Сэлэнгэ аймгийн ******* сумын Сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай “******* хөдөлгөөний намыг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар тав хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР