Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/439

 

Ц.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

шүүгдэгч Ц.Б-ын өмгөөлөгч Б.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж, шүүгч С.Сэржмядаг, Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/306 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2108 02255 0215 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ц-ийн Б, 1990 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Увс аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Увс аймгийн ... сумын ... дугаар багт оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/34 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-д зааснаар 5 жил 1 сар хорих ял,

Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад зааснаар 15 жилийн хорих ял шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хуулийн тэгшитгэлд хамрагдаж, эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 11 хоногийн ялаас чөлөөлсөн,

Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан;

Ц.Б нь согтуугаар 2021 оны 9 дүгээр сарын 12-ны шөнө 01-02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоотод С.Т-ыг “Я.Б-ыг цохиж, зодлоо” гэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж С.Т-ын цээж болон хэвлийн тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний хөндийн баруун талд цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн баруун талд цус хуралт, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт, нурууны шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Ц.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Ц-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 28 хоногийг эдлэх ялд оруулан тооцон хасаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдолдоо: “...Би хэрэг болох үед хохирогч С.Т-ыг ялихгүй зүйлээр шалтаглан, учир шалтгаангүй хутгалаагүй бөгөөд С.Т, Я.Б нар нь “Энэ хүнээ аваач ээ” гэж орилоход би цочирдож, сандрахдаа С.Т-ыг айлгах зорилгоор нуруун тус газар нь хатгасан бөгөөд С.Т нь эргэж хараад дайрах юм шиг санагдахаар нь айхдаа гэдсэн тус газар нь ахин нэг хутгалаад, айж балмагдахдаа гэрч У-т “Эмч дуудаарай, цагдаа дуудаарай” гэж хэлээд гарч зугтаасан. Зугтаж байхдаа хүн алчихлаа гэж бодож байсан ба ухаан санаа орон гаран байсан. Би С.Т, Я.Б нарын маргааныг биеийн хүчээр салгаж дийлэхгүй, айж цочирдохдоо ийм болчимгүй үйлдэл хийж, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, харамсаж байна. Би урьд хохирогч С.Т-тай өс хонзон болон өр авлагын ямар нэгэн асуудалгүй. Би өндөр настай ээжийн хамт Увс аймагт амьдардаг бөгөөд миний ээж элэгний хатуурал болон баруун далны ард мэдрэлийн судас дарагдсаны улмаас нэг талын үе мөч нь мэдээгүй, хэвтэрт байдаг. Би 2006 онд 15 жилийн хорих ял шийтгүүлж, 15 настайгаасаа 2017 он хүртэл хоригдож, 27 настайдаа суллагдсан. Хүүхэд байхдаа орсон болохоор гарч ирээд амьдралын талаар ямар ч ойлголтгүй, нийгэмшихэд хэцүү байсан ч суралцаж, чин шударгаар хөдөлмөрлөж байсан. Үүний үр дүнд би эхнэртэй болсон ба эхнэр одоо 3 сартай жирэмсэн. Иймд миний өндөр настай ээж, жирэмсэн эхнэр, хохирол гомдолгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ц.Б-ын өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.Б-ын ар гэрийн нөхцөл байдал болон бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлуудыг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан хорих ялыг нь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Б-ын үйлдсэн гэмт хэрэгт анхан шатны шүүх тохирсон ял шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Ц.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ түүний гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч С.Т-ын: “...2021 оны 9 дүгээр сарын 11-ний орой Я.Б, Ц.Б хоёр надтай маргалдаад, намайг сууж байхад Я.Б босоод ирэхээр нь би түүнийг орон дээр дараад хойш хараад зогсож байтал Ц.Б миний араас хутгалсан. Би эргэж хараад “Чи яаж байна” гэтэл миний урдаас дахин хутгалсан бөгөөд би газар унасан. Ц.Б гараад зугтчихсан. Би Ц.Б-ыг сайн танихгүй, зүс танина. ...” /хх 26-27/,

гэрч Д.Д: “...Ц.Б С.Т-ын нуруу болон гэдэс рүү нь хутгалаад манай гэрээс зугтаасан. ...Ц.Б нь Я.Б-ыг өмөөрөөд С.Т-ыг хутгалсан гэж сүүлд сонссон. ...” /хх 30-31/,

гэрч Я.Б-ын: “...С.Т намайг гэнэт цохиод авахаар нь би “Энэ хүнээ аваач ээ” гэхэд Ц.Б “Чи яагаад байгаа юм бэ” гэж хэлээд С.Т-ын нуруун тус газар хутгалсан. Яг хэдэн удаа хутгалсныг би мэдэхгүй байна. С.Т намайг зодоод байхаар нь Ц.Б намайг өмөөрөөд хутгалсан байж магадгүй гэж бодож байна. ...” /хх 34-35/,

шүүгдэгч Ц.Б-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн үед С.Т-д дүүгээ зодууллаа гэж уурлаад ийм болчимгүй үйлдэл гаргасандаа харамсаж байна. ...” /хх 91-92/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч С.Т-ын эрүүл мэндэд ир, үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн цээжний хөндийн баруун талд цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цус хуралт, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд нь цус хуралт, нурууны шарх, цээжний хөндийн баруун талд цус хуралт, хэвийн хөндий рүү нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт, нурууны шарх бүхий амь биед аюултай хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 8666 дугаар дүгнэлт /хх 62-64/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-12/ зэрэг нотлох баримтуудаар:

2021 оны 9 дүгээр сарын 12-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоотод шүүгдэгч Ц.Б нь “Я.Б-ыг цохиж зодлоо” гэх шалтгаанаар хохирогч С.Т-ыг цээж болон хэвлийн тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүйгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжилж шүүгдэгч Ц.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан тохиолдолд хүндрүүлэн үзэхээр хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан.

Аргагүй хамгаалалт нь гагцхүү үндсэн эрхийг хамгаалах зарчим дээр суурилдаг ба түүний объектив тал нь Эрүүгийн хуульд заасан ёсоор довтолгоон байх ёстой бөгөөд довтолгоон нь хууль бус, бодитой байх шинжийг агуулсан байх шаардлагатай.

“Довтолгоон” гэдэгт хуулиар хамгаалагдсан хүний амь нас, эрүүл мэндийг аюулд оруулах эсвэл бодитоор гэмтээж байгаа бие хүний зан үйлийг ойлгох бөгөөд “довтолгоон бодитой байх” гэдэг нь шууд өөрт нь, эсхүл бусдад хандан эхлэх гэж байгаа нь тодорхой болсон, эхэлсэн, эсхүл эхлээд үргэлжилж байгааг ойлгоно.

Хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр хохирогч С.Т нь Я.Б-ыг цохисны дараа Ц.Б хохирогчийг хутгалсан үйл баримт тогтоогдож байх ба С.Т-ын Я.Б руу чиглэсэн довтолгоон дууссаны дараа хохирогчийг хутгалсан нь аргагүй хамгаалалт гэж үзэхээргүй, түүний давж заалдах гомдолд дурдсан “Над руу дайрах юм шиг санагдахаар нь айсандаа хутгалсан” гэсэн нь түүний үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б-д 7 жилийн хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид хүнд хохирол учирсан, шүүгдэгчийн гэм буруу, мөн тэрээр урьд хүний амьд явах эрхийн эсрэг болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус тус үйлдэж, ял шийтгүүлж байсан хувийн байдал зэрэгт тохирсон байх тул хорих ялыг хөнгөрүүлэхээр гаргасан шүүгдэгч Ц.Б-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Ц.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн тул шүүгдэгч Ц.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/306 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Ц.Б-ын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 41 /дөчин нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ