| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00404/И |
| Дугаар | 103/ШШ2024/00767 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 103/ШШ2024/00767
| 2024 оны 12 сарын 16 өдөр | Дугаар 103/ШШ2024/00767 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Би Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт мөрдөгчөөр ажиллаж байсан. 2021 онд нурууны ясны сүрьеэ өвчнөөр оношлогдож 3 удаа нурууны мэс засалд орж Цагдаагийн албанаас эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн. Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсээс намайг ажил үүргээ гүйцэтгэж яваад хөдөлмөрийн чадвараа алдсан гэж үзэж байгаа. Миний хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг Багануур дүүргийн Эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссоос 70% алдсан гэсэн дүгнэлт гаргасан. Албан үүргээ гүйцэтгэж яваад хөдөлмөрийн чадвар алдсан тохиолдлыг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу баталгаажуулсны дараах нөхөх олговор тухайн өвдсөн алба хаагчид өгөх зохицуулалттай. Үүний дагуу Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлого судлан бүртгэх орон тооны бус зөвлөл хуралдан албан үүргээ гүйцэтгэж яваад хөдөлмөрийн чадвар алдсан гэсэн акт гаргасан, уг актыг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст хүргүүлэхэд тус хэлтсээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлж, ослын актыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.10, 3.1.20-д заасан нь үндэслэлгүй тул судлан бүртгэж акт тогтоох боломжгүй гэж үзэн
баталгаажуулаагүй тул Цагдаагийн албаны тухай хуульд заасан нөхөн олговор, тусламж авах эрхээ эдэлж чадахгүй байна. Миний хувьд өмнө нь суурь өвчингүй байсан, цагдаагийн байгууллагад орж ажиллахдаа эрүүл гэсэн эмнэлэгийн байгууллагын тодорхойлолттой орсон бөгөөд албан үүргээ гүйцэтгэж яваад өвдсөн гэж үзэж байгаа. Миний нурууны өвдөлт 2020 оны 10 сарын сүүлээр ажил хийхэд хүндрэлтэй болтлоо өвдөж Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэдрэл, дотрын эмч нарт үзүүлсэн боловч тодорхой онош тогтоогдоогүй тул өвчин намдаах эм хэрэглэж онош тогтоогдох хүртэл албан үүргээ гүйцэтгэж байсан.
2019 оны 10 сараас хойш Ч.******* холбогдох эрүүгийн 19040016*******01 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан бөгөөд хэрэг олон удаа буцсан шалтгаанаар удаа дараа очиж мэдүүлэг авах болон бусад мөрдөн шалгах ажиллагааг гүйцэтгэдэг байсан. Ч.******* нь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 0461 дүгээр ангид цагдан хоригдож байгаад 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр эрүүл мэндийн шалтгаанаар СХДЭХАШШ-ийн шүүгчийн захирамжаар суллагдаж хариуцсан мөрдөгч миний бие хүлээн авч, Багануур дүүрэгт гэрт нь өөрийн тээврийн хэрэгслээр хүргэж ирсэн. Тухайн үед Ч.*******гийн биеийн байдал маш хүнд байсан бөгөөд улмаар сарын дараа буюу 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хоёр уушгийг хамарсан тархмал хэлбэрийн сүрьеэ оноштой ХӨСҮТ-д нас барсан. Мөн түүний эцэг нь 2021 оны 09 сард нурууны ясны сүрьеэ буюу минийхтэй адил өвчний оноштой нас барсан талаар ар гэрийнх нь хүмүүс хэлсэн. Ч.*******гаас мэдүүлэг авахдаа битүү орчинд өөдөөсөө харан сууж ажиллагаа явуулдаг бөгөөд ганц биш олон удаагийн мэдүүлэг авсан, цуг явж шүүх хуралд орсон, цагдан хорих ангиас авахад биеийн байдал нь маш хүнд, зогсолтгүй ханиалгатай байсан зэрэг нөхцөл байдлуудаас халдвар авсан нөхцөл үүссэн гэж үзэж байна. Мэс заслын дараах байдлаар нурууны нугалмын үе хоорондох зөөлөн эд болон идээнд идэгдсэн ясыг хуссан тул нурууны өндрөөсөө хүртэл тодорхой хэмжээгээр намссан. Одоо хүнд юм өргөж чадахгүй, ачаалал авч чадахгүй байдалтай болсон. Миний бие дүүргийн Цагдаагийн хэлтэст ажиллаж байх хугацаандаа шилдэг мөрдөгч, ажил мэргэжлийн шилдэг алба хаагч, Мөрдөн байцаах албанд шатрын тэмцээний тэргүүн байр эзэлж ажиллах урам зоригоор дүүрэн байж, нойр хоолоо хасаж албандаа хоёргүй сэтгэлээр хандаж байсан. Иймд миний бие энэ өвчнөөр өвчилж 3 удаагийн хүнд хагалгаанд орж сэтгэл санааны болон бие махбодын хүнд асуудалтай тулгарч байгаа бөгөөд хамгийн гол нь одоо ахиад нурууны бэхэлгээний хагалгаа хийлгэх шаардлагатай бөгөөд нуруу тогтворгүй тул хөл саажиж суумгай болох эрсдэлтэй байна. Мэс засал хийлгэх гэхээр сүүлийн мэс засалд анафлаксин шок өгч зүрх зогсоод түүнээс улбаалаад унтуулгын хамгийн чухал бодиснуудаас харшилтай болсон. Улсын төв нэгдүгээр эмнэлэг дээр унтуулгын бодисын бүх шинжилгээг өгөхөд харшилсан тул Монгол улсад мэс засал хийхгүй гэсэн хариу өгсөн. Иймд миний бие албан үүргээ гүйцэтгэж яваад уг өвчинг туссан гэж үзэж байгаа тул Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 3.1, 3.3 дахь хэсэг, Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр баталсан 249 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтад заасны дагуу нийгмийн баталгаагаа хангуулах хүсэлтэй байгаа тул Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого судлан бүртгэх орон тооны бус зөвлөлийн бүрдүүлсэн материалд тусгагдсан халдвартай сүрьеэтэй хүнээс сүрьеэгийн өвчин авсны улмаас хөдөлмөрийн чадвар алдсан буюу талийгаач Ч.*******гаас сүрьеэгийн халдвар авсан гэдэг үйл явдлыг тогтоолгож цаашид эдэлж чадаагүй зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүсэлтэй байна гэжээ.
2.Хүсэлт гаргагч Л.******* нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие талийгаач Ч.*******гаас сүрьеэ өвчний халдвар авч улмаар олон удаагийн мэс засалд орж хөдөлмөрийн чадвараа алдсан гэсэн ойлголтоо шинжээчийн дүгнэлттэй танилцсанаар эргэлзээгээ тайлж чадлаа. Иймд миний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ талийгаач Ч.*******гаас сүрьеэ өвчин авсан эсэх нь тогтоогдохгүй байна гэх шинжээчийн дүгнэлттэй танилцснаар эргэлзээгээ тайлж чадлаа гэсэн үндэслэлээр татгалзаж, татгалзлаа шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэрэгт хүсэлт гаргагч нь хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг урьдчилан төлснөөс 35,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хүсэлт гаргагч Л.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ