Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 32

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгч: И.Б /өөрийгөө өмгөөлсөн/,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б холбогдох 1828000000009 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Яллагдагч И.Бн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд байрлах Титэм баарны гадна Ц.Ч биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

И.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд байрлах Титэм баарны гадна Ц.Ч биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч И.Б холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч И.Б холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч  И.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд байрлах Титэм баарны гадна Ц.Ч биед шалтаг шалтгаангүйгээр, санаатай халдаж, тархины доргилт хуйхны /дагз/ язарсан шарх гэмтэл бүхий гэмтэл учруулсан үйл баримт хавтаст тогтоогдож байна.

Шүүгдэгч И.Б гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Ц.Ч ... “2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р багийн нутаг болох Төгөлийн 7-1 тоот хашаанд гэртээ Энхбаяр бид хоёр байж байгаад би хувцсаа солиж өмсөөд Бат-Амгалангийн гэрт нь бид хоёр очиход Бат-Амгалан гэртээ усаа аваад дуусаж байсан. Тэгээд бид гурав Бат-Амгалангийн гэрээс гараад аймгийн төвд байдаг “Рояал” нэртэй бааранд орж 12 ширхэг шилтэй пивийг уучихаад тэндээсээ гарч “Титэм” баар луу орж дахиад 6 ширхэг Сэнгүүр нэртэй пиво авч ууцгаасан. ...23 цаг 30 минутын үед баарнаас Бат-Амгалан, Энхбаяр бид гурав гарахад Бат-Амгалан, Энхбаяр хоорондоо маргалдаад байхаар би хүрч очоод Бат-Амгаланг боль гэж хэлээд цааш нь авч яваад дагуулаад явж байтал Бат-Амгалан намайг өдөөд байсан. Тэгээд бид хоёр хэрэлдэж байгаад Бат- Амгаланг нь цааш нь түлхээд боль, чи архи уухаараа дандаа хүнтэй муудалдаж хүн өдөж байх юм гэж хэлээд цаашаа эргэх гэтэл Бат-Амгалан араас хүрч ирээд нэг юмаар миний толгойны ар хэсэгт цохиод авах шиг болсон. ...би манараад миний толгойноос цус гарахаар би шууд эмнэлэг рүү алхаад эмнэлэг дээр очоод 5 оёдол тавьж миний цусыг тогтоосон. Бат-Амгалан архи уучихаад бид хоёрт агсам тавих гээд байхаар би хоорондоо маргалдах хэрэггүй гэж хэлсэн үүнээс болж Бат-Амгалан миний толгойг тоосгоор хагалсан. Надад ямар гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/

Гэрч А.Энхбаярын ... “Би 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг болох Их-Уулын 1-р байр 2-29 тоотод байрлах гэртээ байж байгаад Чинзориг найзындаа очсон. Тэгээд бид хоёр Бат-Амгалангийн гэрт нь очиход Бат-Амгалан гэртээ усаа аваад байж байсан. Тэгээд бид гурав Бат-Амгалангийн гэрээс гараад аймгийн төвд байдаг “Рояал” нэртэй бааранд орж тэнд сууж байгаад хүн хүний 4 ширхэг нийт 12 ширхэг Хүрхрээ нэртэй пиво ууж дуусгаад, тэндээсээ гурвуулаа гараад “Титэм” баар луу орж дахиад 6 ширхэг пиво авч ууцгаасан. Хүн хүний 2 ширхэг пиво уусан. Тэгээд тэнд хоорондоо юм ярьж жаахан бүжиглэж байтал Бат-Амгалан зааланд нэг танихгүй хүнтэй маргалдахаар би очоод Бат-Амгалан аваад буцаагаад ширээн дээрээ суулгасан. Тэгээд пиво ууж дуусгаад баарнаас бид гурав гарсан. Тэгээд баарны баруун талд гартал Бат-Амгалан намайг өдөөд хэрүүл хийх гээд байсан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаж байтал Чинзориг хүрч ирээд бид хоёрыг “одоо больцгоо найзууд байж хоорондоо битгий маргалдаад бай, Бат- Амгаланг чи согтохоороо дандаа хүн өдөж агсам тавьж байдаг юм” гэж хэлсэн. Тэгтэл Бат-Амгалан Чинзоригийг зуураад авсан. Тэр хоёр зууралдаж байгаад гадуур хувцсаа тайлаад хоёулаа газар шидэхээр би очоод тэр хоёрыг салгасан чинь Бат-Амгалан газраас нэг тоосго аваад Чинзориг руу шидсэн. Тэр тоосго Чинзоригийн толгойны ар хэсэгт нь оносон. Тэгтэл Чинзоригийн толгойны араас цус гарахаар би Чинзоригийг эмнэлэг рүү яв гэж хэлчихээд Бат-Амгаланг аваад гэрт нь хүргэж өгчихөөд буцаад аймгийн эмнэлэг дээр ирэхэд Чинзориг толгойндоо оёдол тавиулаад байж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/

Яллагдагч И.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... “2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8-р багийн нутаг болох Аргалантын 7-21 тоот хашаанд гэртээ эхнэр хүүхэдтэйгээ байж байхад манай хоёр найз Чинзориг, Энхбаяр хоёр хүрч манай гэрт ирсэн. Тэгээд бид гурав манай гэрээс гараад аймгийн төвд байдаг “Рояал” нэртэй бааранд орж 4 шилтэй Хүрхрээ нэртэй пивийг уучихаад тэндээсээ гараад засмал замын урд байдаг “Титэм” баар луу орж Бид гурав 6 ширхэг пиво авч ууцгаасан. Тэгээд тэнд пивоо ууж сууж байгаад бааранд би нэг танихгүй хүнтэй маргалдсан. Намайг Чинзориг баарнаас авч гараад бид хоёр баарны гадаа хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаад би газраас нэг ширхэг бүтэн тоосго аваад Чинзоригийн толгойны ар дагзан дээр нь нэг удаа цохиод авсан. Тэгтэл Чинзоригийн толгойноос нь цус гарсан. Чинзориг цусаа гоожуулаад цаашаа явахаар би араас явтал байшин тойроод явчихсан харагдахгүй байсан. Тэгээд би гэр лүүгээ явган явж гэртээ очоод байж байтал цагдаа нар хүрч ирээд намайг аваад явсан.Тэгээд намайг эрүүжүүлсэн. Би тухайн үед их согтуу байсан Чинзоригтой юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна ямар ч байсан тоосгоор толгой руу нэг удаа цохиж авсан. Би Чинзоригт эм тарианы мөнгө болох 60000 төгрөг төлсөн. Архи ууснаас болж ийм хэрэг хийсэндээ их гэмшижбайна” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/

Шүүгдэгч И.Бн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “Өгөхгүй үнэн зөв мэдүүлсэн” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 33 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 30 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт:

1. Ц.Чинзоригийн биед тархины доргилт хуйхны /дагз/ язарсан шарх гэмтэл үүсчээ.

 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 

3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 14 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 78 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт:

1.2.3.4. И.Бат-Амгалангийн биед ямар нэг гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 16 дугаар хуудас/

2017.12.29-ний өдрийн Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Иймд шүүгдэгч И.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

   Шүүгдэгч И.Б үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч И.Б нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш төлүүлэхээр шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч И.Б торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

          Хохирогч Ц.Ч “Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч И.Бат-Амгаланг төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Эрүүгийн 1828000000009 дугаартай хэргээс шүүгдэгч нарын хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Өмнөговь аймгийн Даландзадгад сумын 8 дугаар багийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Шүүгдэгч И.Б иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 32 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч И.Бат-Амгалангийн талаархи мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 35-42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч И.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.