| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2018/0022/э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2018-02-02 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 34
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч Ө.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Пид холбогдох эрүүгийн 1830000320024 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух, ял шийтгэлгүй, Ө.П.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ө.П нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Э” ХХК-ны уурхайн талбай дээр Ковш маркийн авто ачигчийг жолоодон ухрах хөдөлгөөн хийхдээ хохирогч Б.Нг дайрч осол гаргасны улмаас Б.Нгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ө.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө 09 цагт ажилдаа гарсан. Ажилд гараад удаагүй, жонш, шороогоо тараагаад ковштой ухарч байхад ард хүн дайрагдсан. Би ард хүн байгааг мэдээгүй, хүмүүс хашгираад, чулуу шидээд байхаар нь зогсоод хүн дайрснаа мэдсэн. Тэгээд шууд хөдөлмөр хамгааллын даргадаа хэлж эмнэлэг рүү авч явсан. Би хохирогчид ор хоног, эмчилгээний зардал нь 1.200.000 төгрөг өгсөн. Мөн 5.000.000 төгрөг өгсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэн хэний маань болгоомжгүй байдлаас боллоо гэв.
-Хохирогч Б.Н мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 09 цагийн үед ажилдаа гараад тараасан шорооноосоо жоншоо түүгээд сууж байхад жонш тараадаг ковш гээд том машины жолооч жонштой шороогоо тараагаад арагшаа ухарч байгаад миний хажуу талаас дайраад би дугуйн доогуур ороод гарч ирээд амжаагүй байтал жолооч нь урагшаа хөдлөөд миний нуруун дээгүүр гараад явчихсан. Би анх дайруулаад дугуйн доогуур нь орохдоо доошоо хараад хэвтчихсэн байсан. Би толгойгоо ороогоод, буруу хараад жоншоо түүгээд сууж байсан болохоор машины дууг сонсоогүй, машин ухарч байгааг хараагүй. Намайг Хэнтий аймгийн эмнэлэгт үзүүлсэн. Ковшийн жолооч архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан...хөдөлмөр хамгааллын талаар хальт уншаад өглөөдөө гарын үсэг зурдаг. Бид нар түр ажилчид учраас хэлэлцээр хийж ороогүй. Миний аарцаг яс гэмтэлтэй, 4 хавирга хугарсан, нүд муу харж байгаа. Жолооч маань ямар санаатай дайрсан биш хэн хэнийх нь болгоомжгүй байдлаас болж ийм болсон гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх /хх-ийн 09-10-р хуудас/
-Гэрч Б.Амөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө 09 цагийн үед ажилдаа гарсан. Ажлаа хийж байгаад нэг харсан манай эгч Нг жонш ялгаад сууж байхад жоншны шороо тараадаг ковшны жолооч арагшаа ухарч байгаад цавь хэсгээр нь дайраад гарчихсан эгч хашгирахаар нь хартал доошоо харчихсан машины хойд урд 2 дугуйны голд хэвтэж байхаар нь би сандраад тухайн машины кабин руу чулуу шидээд доор чинь хүн байна зогсоорой гэж орилоод байхад ковшны жолооч машиныхаа дуунд миний дууг сонсохгүй буцаж урагшаа явах үйлдэл хийгээд манай эгчийн ууцан дээгүүр хөндлөн дайраад гарчихсан. Тэгсэн машины жолооч жоохон яваад зогссоноо кабинаасаа бууж ирээд хүн дайрснаа мэдсэн. Тэгээд бид нар сандраад түргэн дуудалгүй дайруулсан газраас нь шууд эгчийг хөдөлгөөд машинд суулгаад Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг дээр авчирсан...” гэх /хх-ийн 16-17-р хуудас/
-Гэрч Б.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн өглөө 09 цаг 20 минутын үед уурхай дээр ажиллаж байсан ковшны жолооч буюу оператор болох Ө.П нь утсаар яриад би хүн дайрчихдаа хүрээд ирээч гэхээр нь би шууд яваад очиход ковшны ард хүмүүс бөөгнөрчихсөн Н газар хэвтчихсэн, нөхөр нь болох залуу өвдөг дээрээ толгойг нь дэрлүүлээд сууж байсан. Уурхайн менежер Ч уурхайн машинаар Нг болон нөхөр, дүү нарыг нь суулгаад Хэнтий аймаг руу яаралтай эмчлүүлэхээр явсан...” гэх /хх-ийн 20-21-р хуудас/
-Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 73 дугаар дүгнэлтэнд “1. Б.Нгийн биед зүүн талын 3,4,5,7-р хавирганы далд хугарал, цээжний хөндийн цус хуралт, зүүн талын умдаг суудал ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нөлөөгөөр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.12-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 44-46-р хуудас/
-Сүхбаатар аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 06 дугаар дүгнэлтэнд 1. Ковш маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ө.П нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2. Б.Н Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд зам тээврийн осол гэдэгт зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч, гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдлыг хэлнэ гэж заасан байна. 4. Дүгнэлт гаргах явцад өөр зүйл илрээгүй болно гэжээ. /хх-ийн 26-р хуудас/
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5-р хуудас/
-Хохирогч Б.Нгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт хүсэлт /хх-ийн 103-р хуудас/
-Шүүгдэгч Ө.Пийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 104-р хуудас/
-Ө.Пийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Ө.П нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Э” ХХК-ны уурхайн талбай дээр Ковш маркийн авто ачигчийг жолоодон ухрах хөдөлгөөн хийхдээ хохирогч Б.Нгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ө.Пийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Н, гэрч Б.А, Б.О, Б.Э нарын мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 73 дугаартай дүгнэлт, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.Пид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Ө.Пийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ө.Пид ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ө.Пийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Б.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Пиийн хүнд машин механизмын операторчноор ажиллах эрхийг 6 /зургаан/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ө.П нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б.Н гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ө.Пийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Пийн хүнд машин механизмын операторчноор ажиллах эрхийг 6 /зургаан/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ө.Пид мэдэгдсүгэй.
4. Ялтан Ө.П цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Пид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА