Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/496

 

 

 

 

 

2023                 5            11                                      2023/ДШМ/496                        

 

Ч.У-, Т.У- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Ган-Эрдэнэ,

хохирогч М.Г-гийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал,

шүүгдэгч Ч.У-,

шүүгдэгч Т.У-, Ч.У- нарын өмгөөлөгч Б.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/240 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.У-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Т.У-, Ч.У- нарт холбогдох эрүүгийн 2205000002266 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. У-,

 

2. У-,

 

Шүүгдэгч Ч.У-, Т.У- нар нь бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ****тоотод хардалтын улмаас хохирогч М.Г-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.У-, Т.У- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У-, У- нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, У-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, тэдгээрт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, торгох ялыг энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, хохирогч М.Г- нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар 4.287.796 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн /шүүгдэгч Ч.У-ээс 2.143.898 төгрөг, шүүгдэгч Т.У-аас 2.143.898 төгрөг/ гаргуулж хохирогч М.Г-д олгож, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ч.У- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...би М.Г-гийн биед хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин хохирлын мөнгө болох 4.287.796 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн үнийн дүнгийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хохирогч М.Г- үндэслэлгүйгээр баримт цуглуулан нийт 5.000.000 төгрөг нэхэмжилсэн. Тухайлбал, гоймон, тахиа, алое жүүс, ундаа худалдаж авсан талаарх баримт гаргаж өгсөн. Мөн таксины мөнгө зэрэг огт гэмтэлтэй холбоогүй баримтыг гаргаж өгсөн нь үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилсэн гэж үзэж байна. Гэтэл шүүх тухайн баримтуудыг нэг бүрчлэн шалгаж үзэлгүйгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж нийт 4.287.796 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хохиролтой холбоотой баримтуудыг хуулийн дагуу шалгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Т.У-, Ч.У- нарын өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хавтас хэрэгт хохиролтой холбоотой баримтууд авагдсан. Жишээ нь, хавтас хэргийн 58 дугаар хуудаст рамен гоймон, чикен худалдаж авсан гэх 31.800 төгрөгийн баримт, 59 дүгээр хуудаст алое жүүс худалдаж авсан гэх 588.000 төгрөгийн баримт, 64 дүгээр хуудаст гоймон, омега бүтээгдэхүүн, жасмин цай худалдаж авсан гэх 25.800 төгрөг, 240.000 төгрөгийн баримтууд, 109-110 дугаар хуудаст жүүсний баримтууд, 112 дугаар хуудаст шинэ алое бүтээгдэхүүний захиалгатай холбоотой захиалагч нь Долгормаа гэх нэртэй баримтууд авагдсан байна. Өөрөөр хэлбэл, сүлжээний бүтээгдэхүүнтэй холбоотой баримтууд. Хохирогч М.Г- нь сүлжээний бизнес эрхэлдэг. Гэмт хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан үүнтэй холбоотойгоор дээрх бүтээгдэхүүнийг эмчилгээндээ хэрэглэсэн гэх байдлаар нэхэмжилсэн нь гэмт хэргийн улмаас учирсан үйлдэл, гэмтэлтэй шалтгаант холбоогүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх уг баримтуудыг нэг бүрчлэн нягталж, үнэлж дүгнэхгүйгээр бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэн. Нийт баримтын 325.760 төгрөгийн баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу, хуулийн шаардлага хангасан, гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримтууд байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч М.Г-гийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Ч.У-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдагдсан асуудлын талаар анхан шатны шүүх хуралдаанаар ярилцаж байсан. Надад одоогоор баримт материалууд байхгүй байна. Гэхдээ анхан шатны шүүх хуралдаанаар тодорхой баримтуудыг хасаж, 4.135.436 төгрөгийг хохирогчид гаргуулахаар шийдвэрлэснийг талууд бүгд хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Ч.У-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Г.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хавтас хэргийн 57 дугаар хуудаст авагдсан 8000, 57.500 төгрөгийн баримт, 58 дугаар хуудаст авагдсан Болор мэлмий эмнэлэгт үзүүлсэн 20.000 төгрөгийн баримт, 59 дугаар хуудаст авагдсан Мед Трама эмнэлэгт зураг авахуулсан 280.000 төгрөгийн баримт, 109 дүгээр хуудаст авагдсан 76.500 болон 101.300 төгрөгийн баримт, 111 дүгээр хуудаст авагдсан Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлсэн 350.000 төгрөгийн баримт, нийт 975.760 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож шүүгдэгч Ч.У-ээс гаргуулах үндэслэлтэй байна. Бусад баримтын тухайд хохирогч хуульд заасны дагуу баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Т.У-, Ч.У- нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ч.У-, Т.У- нар нь бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ****тоотод хардалтын улмаас хохирогч М.Г-г үсдэх, толгой руу нь аягаар цохих зэргээр зодож, хохирогчийн эрүүл мэндэд тархи доргилт, хуйханд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, гуя, хэвлий, нуруунд цус хуралт, баруун хөлийн шагайнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь;

 

хохирогч М.Г-гийн “...М-ийн салсан эхнэр Урнаа гэх эмэгтэй нэг найз эмэгтэйн хамт орж ирээд шууд над руу дайраад миний үснээс зулгаагаад доошоо дарсан. Тэгсэн хамт явсан найз гэх хүүхэн нь ямар нэг хатуу зүйлээр цохисон. Би яг юугаар цохисныг нь харж чадаагүй, миний толгойны ар хэсгээс цус гарч эхэлсэн. ...Би юмаа аваад гялс гарч явсан. Урнаа нь намайг үсдсэн, бас хаа сайгүй өшиглөсөн. ...” /хх 5-6/,

гэрч Б.М-ийн  “...би сандарч балмагдаад зогсож байсан чинь Ч.У- орилоод том өрөө рүү ороод Г-г барьж аваад зууралдсан. Ч.У-, Г- 2 үсдэлцэж харагдсан. ...Т.У- хөх өнгийн аягаар М.Г-гийн толгой руу цохих үед толгой хэсгээс нь цус гарсан. ..” /хх 8-9, 141/,

Ч.У-ийн яллагдагчаар өгсөн “...би Г-тай зуурсан байдалтай байсан тул яг цохиж байсныг нь хараагүй. Хэрэг болсны дараа Т.У- “...би ширээн дээр байсан хөх өнгийн шаазан аяга аваад хохирогчийн толгой хэсэг рүү нь цохисон” гэж хэлсэн. ...” /хх 143/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...М.Г-гийн биед тархи доргилт, хуйханд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, гуя, хэвлий, нуруунд цус хуралт, баруун хөлийн шагайд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13720 дугаар дүгнэлт /хх 17-18/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Т.У-, Ч.У- нар ямар гэм буруутай, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Т.У-, Ч.У- нарын бүлэглэн хохирогч М.Г-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.У-, Ч.У- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гурван төрлийн ялаас торгох  ялыг сонгож, Т.У-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөг, Ч.У-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Ч.У- “...хохирлын баримтуудыг нэг бүрчлэн шалгаж үзэлгүйгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж нийт 4.287.796 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан хохирол холбоотой ямар баримтыг хэрхэн, яаж үнэлж байгаа талаар дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч нараас нийт 4.287.796 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч М.Г-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Хавтас хэрэгт авагдсан хохиролтой холбоотой хохирогчоос гаргаж өгсөн баримтуудыг /хх 56-61, 108-112/  судалж үзвэл гоо сайхны болон хүнсний бараа бүтээгдэхүүн худалдан авсан баримтууд /үнэртэй лаа, алое ундаа, үсний тос, хоол гэх мэт/, мөн нэр бүхий арилжааны банкуудын /юу худалдан авсан эсэх нь тодорхойгүй/ зарлагын баримтууд нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай шууд хамаарал бүхий баримт гэж үзэх боломжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, хохирогчийн хэрэглэсэн гэх алое ундаа, үсний тос, jasmine цай, омега, мультвитамин, herbaline, skincode, isispharme  гэх мэт гоо сайхны болон хүнсний бүтээгдэхүүнийг эмчилгээний зориулалтаар, хэрхэн, яаж хэрэглэх талаар жор бүхий эмчийн заалт байхгүй байх тул эдгээр нэмэлт бүтээгдэхүүнийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай байсан гэх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх боломжтой.

 

Харин эдгээр баримтаас хохирогч М.Г-гийн тухайн үед авч хэрэглэсэн эм тарианы болон толгойн томограф зураг авхуулсан зэрэг нийт 1.409.250 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн /1.409.250:2=704.625 төгрөг/ гаргуулахаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан, шүүгдэгч Ч.У-ийн “...хохирлын баримтыг дахин нягталж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.У- 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч М.Г-гийн Хаан банкны 5434100846 тоот дансанд 2.143.898 төгрөгийг шилжүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/240 дүгээр шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар 1.409.250 /нэг сая дөрвөн зуун есөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн /шүүгдэгч Ч.У-, Т.У- нараас тус бүр 704.625 /долоон зуун дөрвөн мянга зургаан зуун хорин тавь/ төгрөгийг гаргуулан хохирогч М.Г-д олгосугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Т.У- нь М.Г-гийн Хаан банкны 5434100846 тоот дансанд 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 2.143.898 /хоёр сая нэг зуун дөчин гурван мянга найман зуун ерэн найм/ төгрөгийг шилжүүлсэн болохыг дурдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН