Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2025/00068

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2025/00068

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***од байрлах, О ХХК,

Хариуцагч: ***од оршин суух, У-ын А,

Нэхэмжлэлийн шаардлага: Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр болох 6,756,308 төгрөг, алданги 3,378,154 төгрөг, нийт 10,134,462 (арван сая нэг зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун жаран хоёр) төгрөг гаргуулах, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага бүхий 155/2024/01300/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б (цахимаар),

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг (цахимаар),

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.

(Хариуцагч У.А хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О ХХК нь У.Ад холбогдуулан бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр болох 6,756,308 төгрөг, алданги 3,378,154 төгрөг, нийт 10,134,462 (арван сая нэг зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун жаран хоёр) төгрөг гаргуулах, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч О ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай О ХХК нь иргэн У.Атэй 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №2-OD/GH/НU/46 тоот Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулан хамтарч ажиллаж байсан.

Уг гэрээний дагуу гэрээт харилцагч У.А нь бараа бүтээгдэхүүнийг тогтоосон үнээр тооцож татан авч борлуулах, татан авсан барааны төлбөрийг тухайн сар дотроо багтаан тогтсон хэмжээгээр төлөх, нөгөө талаас манай компани бараа бүтээгдэхүүнээр хангах, борлуулалтын урамшуулал олгохоор талууд харилцан тохиролцсон.

Гэвч хариуцагч У.А нь тухай бүрт тооцоо төлбөрийг төлөөгүй бөгөөд барааны төлбөрийн үлдэгдэл болох 6,756,308 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид гэрээнд заагдсан үүргээ биелүүлж өр төлбөрийг төлж барагдуулах шаардлагыг удаа дараа тавьсан боловч үр дүнд хүрсэнгүй. Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4.2-т заасны дагуу Гэрээт харилцагч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд барааны төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг компанид төлөх үүрэгтэй гэж тохиролцсон. Одоо гэрээний үлдэгдэл төлбөр болох 6,756,308 төгрөгийг төлөх үүрэгтэй юм.

Гэвч Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 262.1.3ээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу М.А нь өнөөдрийг хүртэл төлбөр төлөлт хийгээгүй, үүргээ биелүүлэхгүй байгаа, учир алданги болох 3,378,154 төгрөг гаргуулах, үндсэн гэрээний үлдэгдэл төлбөр болох 6,756,308 төгрөг, нийт 10,134,462 төгрөг гаргуулж өгнө үү.

Энэхүү гэрээний барьцаа болгож 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр №ЗОD-/GН/ВG/46 тоот Барьцааны гэрээг байгуулж, тус гэрээгээр иргэн У.А нь өмчлөлийн *** дахь болон ***, *** хаягт байрлах хоёр үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

Бид уг нэхэмжлэлийг өмнө нь тус шүүхэд гаргасан боловч тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 155/Ш32024/02258 тоот Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар ...хариуцагч У.А нь нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлгүй талаар *** сумын Г багийн Засаг даргаас хариу ирүүлсэн, хариуцагчийн хаяг тодорхойгүй.. үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүний дагуу бид Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2024/03482 дугаартай шүүхийн шийдвэрээр хариуцагчаар оролцвол зохих этгээд У.Аийг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээр гүйцэтгүүлсүгэй гэж шийдвэрлэсний дагуу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 30ё 2-3/4523 дугаартай албан бичгээр хариуцагч У-ын Аийг эрэн сурвалжлан олж тогтоох ажиллагаа явуулахад ***од оршин суудаг ба 000000000 утасны дугаартай болохыг олж тогтоосныг мэдэгдье. гэж хариуцагчийн оршин суугаа газрын хаягийг олж тогтоосон тул бид шүүхэд дахин нэхэмжлэлээ гаргаж байгаа болно.

Иймд 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр болох 6,756,308 төгрөг, алданги 3,378,154 төгрөг, нийт 10,134,462 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: У.Атэй бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаад ажиллаж байсан. Хамгийн сүүлд 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа гэх хоёр талаасаа баримт үйлдсэн. Уг баримтад У.А 14,750,610 төгрөг төлөх байсан. Акт үйлдсэнээс хойш У.А нь тодорхой мөнгө төлж явсаар хамгийн сүүлд 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 358,260 төгрөгийг төлж үлдэх төлбөр 6,756,308 төгрөг болсон. Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд энэ төлбөрөөс төлөөгүй, шүүх хуралдаанаас өмнө төлбөр төлсөн тохиолдолд алданги гаргуулахгүй байя гэдэг зүйлийг ярилцсан боловч өнөөдөр шүүх хуралдаанд ирээгүй байна. Өр төлбөр гаргаснаас хойш жил гаруй хугацаа өнгөрсөн байхад төлбөрөөс төлж барагдуулахгүй байгаа учир алданги багасгах боломжгүй. Хэрэгт тооцооны үлдэгдлийн баталгаа, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй, тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцоо нийлсэн акт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн гэв.

Нэхэмжлэгчээс О ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.М, У.А нарын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан №ЗОD-/GН/ВG/46 тоот барьцааны гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ тус тус нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, О ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Бийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Игэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчин тухай гэх албан бичиг, Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэсийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 30ё2-3/4523 тоот албан бичиг, нэхэмжлэгч О ХХК, гэрээт харилцагч У- овогтой А нэхэмжлэгч О ХХК-ийг төлөөлж нягтлан бодогч Б.Т, худалдан авагч У.А нар 2 байгууллагын хооронд 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд өгч авалцсан бараа бүтээгдэхүүний тооцоог, анхан шатны баримтаар нэг бүрчлэн нийлж үзэхэд 30,332,900 төгрөгийн барааны үлдэгдэл, 7,59,920.29 төгрөгийн авлагын үлдэгдэл 2,613,230 бэлэн мөнгөний өртэй гарсаныг харилцан батлав. Нийт 40,466,080 төгрөгийн өртэй гарсаныг харилцан батлаж, энэхүү үлдэгдлийг дараа тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцов. Эрсдлийн сангийн нийт үлдэгдэл 00.00 төгрөг байна. гэх бичиглэлтэй тооцоо нийлсэн акт хуулбар хувь, тооцооны үлдэгдлийн баталгаа нотариатчаар гээрчлүүлсэн хуулбар, байгууллагын нэр О ХХК, тайлант хугацаа: 2023/04/01-2024/04/07, харилцагч: У.А /Хөвсгөл түгээг/ гэх бичиглэл бүхий харилцагчийн авлагын дэлгэрэнгүй хуулбар хувь, О ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.М, У.А нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан №2-OD/GH/НU/46 тоот Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 3-15 дугаар хуудас)

Хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч О ХХК нь У.Ад холбогдуулан бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр болох 6,756,308 төгрөг, алданги 3,378,154 төгрөг, нийт 10,134,462 (арван сая нэг зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун жаран хоёр) төгрөгийг гаргуулах, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсэх талаар тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татглзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус зохицуулсан.

Хуульд зааснаар хариуцагч У.А нь нэхэмжлэлийг гардан авч, хариу тайлбар болон нотлох баримт гаргаж өгч мэтгэлцээгүй нь түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч У.Ад нийт 40,486,080 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлээр өгч 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар түүнтэй тооцоо нийлэхэд 14,750,610 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гарч акт үйлдэгдсэн. Үүнээс хойш 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл барааны үнийн төлбөрөөс төлж үлдэх төлбөр 6,756,301 төгрөг болсон ба уг төлбөрийг хариуцагчаас гаргуулах, хариуцагчтай байгуулсан Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээгээр барааны төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд алданги төлүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан тул гүйцэтгээгүй төлбөрийн үлдэгдэл 6,756,301 төгрөгийн тал хувь 3,378,154 төгрөгийг гаргуулах, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тус тус тодорхойлсон.

Хэрэгт тооцоо нийлсэн акт, тооцооны үлдэгдлийн баталгаа, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ, Барьцааны гэрээнүүд авагдсан байна. (хавтаст хэргийн 3-5, 9-14 дүгээр хуудас)

Нэхэмжлэгч О ХХК, хариуцагч У.А нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр гэрээт харилцагч нь компаниас нэр төрөл бүхий бараа бүтээгдэхүүнийг тогтоосон үнээр тооцож татан авч борлуулах, татан авсан барааны төлбөрийг тухайн сар дотроо багтаан тогтсон хэмжээгээр төлөх, гэрээт харилцагч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд барааны төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алдангийг компанид төлөх нөхцлийг тус тус харилцан тохиролцож гэрээг байгуулжээ.

Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг ба талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний зорилго зэргээс үзэхэд талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан худалдах-худалдан авах гэрээнд заасан татан авсан барааны төлбөрийг тухайн сар дотроо багтаан тогтсон хэмжээгээр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй 6,756,308 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч У.Аээс 6,756,308 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч О ХХК, У.А нарын хооронд байгуулагдсан Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээний 4.2-д Гэрээт харилцагч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд барааны төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувиар тооцож алданги төлнө гэх нөхцлийг харилцан тохиролцжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай талуудын дээрх тохиролцоо нийцсэн байна.

Тодруулбал талуудын байгуулсан Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээний үнийг буцаан төлөх үүрэг нь тус гэрээний үндсэн үүрэг бол алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй талд хариуцлага оногдуулж буй талуудын тохиролцооны хэлбэр юм.

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн алдангид 3,378,154 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж хуульчилсантай нийцсэн, талууд гэрээнд алданги гаргуулах талаар харилцан тохиролцсон байх тул шүүх хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс төлөгдөх алдангид нэхэмжилсэн 3,378,154 төгрөгийг хариуцагч У.Аээс мөн гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагчийг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ***од байрлах эрхийн улсын бүртгэлийн П-11111111111 дугаарт бүртгэлтэй 80 м.кв талбай бүхий хувийн сууц, нэгж талбарын 210500275 дугаартай 625 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэгч гүйцэтгэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхтэй гэж заасан тул хариуцагч нь зээлийн гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй юм.

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д хуульд өөрөөр заагаагүй бол зээлдэгч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд дээрх барьцаа хөрөнгийг албадан худалдахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Аээс 177.101 төгрөгийг, улсын орлогоос илүү төлсөн 399 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О ХХК-д олгохоор тогтов.

Шүүх хариуцагч У.Ад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч У.Аээс 10,134,462 (арван сая нэг зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун жаран хоёр) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О ХХК-д олгосугай.

2.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч У.А нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох ***од байрлах эрхийн улсын бүртгэлийн П-11111111111 дугаарт бүртгэлтэй 80 м.кв талбай бүхий хувийн сууц, нэгж талбарын 210500275 дугаартай 625 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаагаар борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177,500 (нэг зуун далан долоон мянга таван зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Аээс 177,101 (нэг зуун далан долоон мянга нэг зуун нэг) төгрөгийг, улсын орлогоос 399 (гурван зуун ерэн ес) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.БЯМБАСҮРЭН