Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 31

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                                                                                                       

Улсын яллагч С.Сугар

Шүүгдэгч Б.Днарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дэд холбогдох эрүүгийн 1830000270017 дугаартай хавтаст хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич  мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 3,  эхнэр, хүүхдийн хамт оршин суух, Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 565 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар 3 жилийн хорих ял, Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 113А тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, 109 дүгээр зүйлийн 109.2.3, 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.2.1-д зааснаар 6 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж 2016 оны 05 дугаар сарын 26-нд хорих ялаас хугацааны өмнө суллагдсан  Б.Д.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Б.Днь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын төвөөс баруун зүгт 10 км засмал зам дээр 2018 оны 01 дүгээр сарын 12-ны орой 21 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Приус-30 маркийн 21-91 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа З.Эийн жолоодож явсан Чансаа маркийн мотоциклийг мөргөж, зорчигч Ш.Эгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт  дараах   нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 01 дүгээр сарын 12-ны орой 21 цаг 30 минутын орчимд Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд  Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт гэрлээ анивчуулаад явж байгаад урдаа байгаа мотоцикльтой хүнийг мөргөсөн. Дорнод явж байгаа  машиныг зогсоогоод хохирогч  нарыг эмнэлэгт хүргэсэн. Тэгээд цагдаа дуудаад хэргийн газар хэмжилт хийлгэсэн. Хохирогчид таяг, шаардлагатай эм тариаг бүгдийг авч өгсөн. Хохирлыг бүрэн барагдуулсан гэв. 

 

-Хохирогч Ш.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2018 оны 01 дүгээр сарын 12-ны орой 21 цагийн үед найз З.Эийн хамт Чансаа маркийн   мотоцикльтой Түмэнцогт сум орох гээд явж байхад араас Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл ирээд бид хоёрыг мөргөсөн. Тэгээд бид хоёр мотоцикльтойгоо онхолдоод газар унасан. Би босох гэтэл зүүн талын хөл гишгэж болохгүй байсан. З.Э бид  хоёр 2.5 литрийн боргио пиво 2 ширхэгийг, 0.75 литрийн ерөөл архи 1 шилийг хувааж уугаад сум руу явж байсан. Бид 20-30 км цагийн хурдтай явж байсан. Миний зүүн талын хөлийн шилбэ хэсгээр хугарсан. Надад гаргах гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 67 дугаар дүгнэлтэд: 1.Ш.Эгийн биед зүүн хөлийн шилбэний дунд 1/3 хэсгийн хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сариулсан хүндэвтэр  зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй. /хх-ийн 21-р хуудас/

  

-Сүхбаатар аймгийн Замын цагдаагийн тасгийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтээр: 1. Б.Д нь 21-91 ДАР улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. Чансаа маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явсан З.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна”  гэх дүгнэлт /хх-ийн 42-р хуудас/

 

-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 03-08-р хуудас/

-Тээврийн хэрэгслийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09-р хуудас/

 

-З.Эийн мотоциклийн үнэлгээ /хх-ийн 47-р хуудас/

 

-Дорнод  аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 46 дугаар тодорхойлолт /хх-ийн 55-р хуудас/

 

-хохирогч Ш.Эгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 60-р хуудас

 

-Б.Дийн  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 61-р хуудас/                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

 

-Б.Дийн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч Б.Д нь  Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын төвөөс баруун зүгт 10 километрт засмал зам дээр 2018 оны 01 дүгээр сарын 12-ны орой 21 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Приус 30 маркийн 21-91 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо хохирогч Ш.Эгийн  эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Дийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ш.Эгийн  мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 67 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн 05 дугаартай дүгнэлтүүд хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч  Б.Д нь зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас өөрийн эзэмшлийн Приус-30 маркийн 21-91 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа З.Эийн жолоодож явсан Чансаа маркийн мотоциклийг мөргөж,  хохирогч Ш.Эгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна. 

 

Шүүгдэгч Б.Дэд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Б.Дийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Дэд ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Дийн  үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 750.000 төгрөгөөр торгох  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ш.Эд хохирол төлөгдсөн,  хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Б.Дийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дийг  750 /долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу  750 000 /долоон зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Дэд оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Дэд  мэдэгдсүгэй. 

 

5.Ялтан Б.Д нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ш.Эд хохирол төлөгдсөн,  хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дэд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА