Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/497

 

 

 

 

 

2023                 5            11                                      2023/ДШМ/497                        

 

Л.Ө-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Мөнх-Амгалан,

цагаатгагдсан этгээд Л.Ө-, түүний өмгөөлөгч Л.Хатанбаатар, Д.Амаржаргал,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/373 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар эсэргүүцлийг үндэслэн Л.Ө-т холбогдох эрүүгийн 2206000003680 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ирээдэр овгийн Лхагвасүрэнгийн Ө-, 1982 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 28 дугаар байрны 50 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЦЖ82021371/;

 

Л.Ө- нь мөрийтэй тоглоомын газар зохион байгуулах зорилгоор үл хөдлөх хөрөнгө түрээслэж, үүний дагуу цахим хэрэгсэл ашиглан, иргэдэд 880.000 төгрөгөөр “покер” гэх нэртэй мөрийтэй тоглоом тоглох талаар санал болгож, 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А-” төвийн 3 давхарт зарын дагуу цугларсан иргэдийн дунд хөзөр ашиглаж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “покер” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ө-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Л.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Прокурор Т.Мөнх-Амгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн баримтууд болох гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх 1/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-19/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 20-25/, фейсбүүк цахим хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 26-48/, Б.Б- /хх 56/, Д.Т- /хх 60/, Б.Ч- /хх 66/, М.Ц- /хх 69/, Д.Н- /хх 72/ нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд, үл хөдлөх эд хөрөнгө түрээсийн гэрээ /хх 204/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 04-19/ зэрэг нотлох баримтуудаар Л.Ө- нь мөрийтэй тоглоомын газар зохион байгуулах зорилгоор үл хөдлөх хөрөнгө түрээсэлж, үүний дагуу цахим хэрэгсэл ашиглан, иргэдэд 880.000 төгрөгөөр “покер” гэх нэртэй мөрийтэй тоглоом тоглох талаар санал болгож, 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А-” төвийн 3 давхарт зарын дагуу цугларсан иргэдийн дунд хөзөр ашиглаж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “покер” гэх мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь нотлогдсон. Цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар, Монгол Улсад мөрийтэй тоглоом зохион байгуулгахыг хориглож энэ талаар Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцон хуульчилсан. “Мөрийтэй тоглоом” гэдэгт хоёр буюу түүнээс дээш тооны этгээдийн хооронд буюу эсхүл тоглоомын газрын зохион байгуулагчаас тогтоосон журмын дагуу хонжворын хэлэлцээр бөгөөд мөрийтэй тоглоомын үр дүн нь мөнгөн буюу бусдын эд хөрөнгийн үнэлгээгээр тодорхойлогдох ба ашиг хонжоо олох зорилготой үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог бүхий л тоглоом хамаарна. Тус гэмт хэргийн субьектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, ашиг олох зорилготой байдаг бол объектив тал нь олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан идэвхтэй үйлдлийг ойлгоно. Тус гэмт хэрэг нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан үеэс төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Хэргийн үйл баримтыг дүгнэхэд дээрх хуульд заасан бүхий л гэмт хэргийн шинжийг хангаж байна. Цагаатгах тогтоолд тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг дүгнэхдээ олон ойлгомжгүй, Монгол Улсын хууль тогтоомжид нийцэхгүй дүгнэлт хийсэн. Тухайлбал;

-хөзрөөр тоглодог “покер” гэх тоглоом нь аз туршиж тоглодог тоглоом биш талаар,

-дэнчинд байршуулсан төлбөрийн 10 хувийг зохион байгуулагч авч байгаа нь ашиг олох бус үйл ажиллагааны зардал талаар,

-хөзрөөр тоглодог “покер” гэх тоглоом нь оюуны спорт гэж дүгнэсэн талаар

-Улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан чиглэл нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл гэж үзэж байгаа нь тус тус ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт болсон. Мөн Л.Ө-ын үүсгэн байгуулсан “Монголын чөлөөт покер спортын холбоо” нь гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд тухайн хэргийн үйл баримтад тоглогчоор оролцсон этгээдүүд нь тус холбооны гишүүд бус, зарын дагуу ирж дэнчин байршуулан тоглосон тоглогч нар байсан. Энэ нь гишүүдийн ур чадварыг дээшлүүлэх, тэдэнд сургалт орох гэсэн төрийн тус байгууллагын дүрэмд заасан үндсэн зорилгод нийцэхгүй байгааг тодорхой харуулж байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тусгана гэснийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн талаараа дурдаагүй, нөхцөл байдлын талаар дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэх шаардлагыг хангаагүй.

Шүүхээс цагаатгах тогтоолд улсын яллагчаас хэлсэн дүгнэлтийг тусгаагүй, тухайн дүгнэлтийг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар дүгнэлт хийх боломжгүй байх тул шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг тус тус зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Л.Ө-ын өмгөөлөгч Л.Хатанбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Монголын чөлөөт покер спортын холбоо” Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “А-” төвд покерын тэмцээн зохион байгуулах арга хэмжээ явагдаж, оройны 22 цагийн үед мэдээлэл ирсэн гэж цагдаагийн байгууллага үйл ажиллагааг нь таслан зогсоосон. Уг үйл явдлыг яллах дүгнэлтэд аз туршсан, урьдчилан тааварлах боломжгүй, мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд ямар үйлдлийг нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзэх талаар заасан. Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж заасан. Дээрх хуулийн шаардлагыг яллах дүгнэлтэд нотолж чадаагүй. Мөн хэргийн бодит байдлыг нотолж чадаагүй. Яллах дүгнэлтэд “покер” гэх мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж дүгнэсэн байдаг. “Покер” гэдгийг мөрийтэй тоглоом гэж нотолсон, хуульчилсан, хориглосон заалт аль ч хуульд байдаггүй. Казино бол Монгол Улсад хориотой, хориглосон хууль байгаа. Покерыг казинотой андуурч, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй. “Покер” гэдэг нь Олон улсын хэмжээнд зөвшөөрсөн, нээлттэй явагддаг, тодорхой дүрэм, журамтай тэмцээн, уралдаан. Прокурор покерыг мөрийтэй тоглоом гэж үзэх үндсэн нөхцөл шаардлага нь мөрий гэж дүгнэсэн. Гэрчүүд “...мөрийтэй тоглоом тоглосон үйл явдал байгаагүй...” гэдгийг гэрчилдэг. “Монголын чөлөөт покер спортын холбоо”-ны ерөнхийлөгч Л.Ө- холбооны дүрэмд заасны дагуу Монгол улсад покерын спортыг хөгжүүлэх зорилгоор 2023 оны олон улсын тэмцээнд Монгол улсын шигшээ багийг бүрдүүлэх зорилгоор нээлттэйгээр, цахим орчинд мэдээлэл байршуулж, удирдамж гаргаж, дүрэм, журмыг танилцуулан явуулж байсан. Даргалагчаас “...покер спорт мөн үү...” гэж асуулаа. Покерыг спортын төрөлд хамаарах талаар Биеийн тамир, спортын тухай хуульд зохицуулсан бөгөөд шүүхийн шийдвэрт энэ талаар тусгасан. “Монголын чөлөөт покер спортын холбоо”-г олон улсын хэмжээнд статусыг нь тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, “Монголын чөлөөт покер спортын холбоо” олон улсын гишүүнчлэлтэй. Мөн прокурор “...аз туршсан, урьдчилан төсөөлөх боломжгүй...” гэж ярилаа. Покерын дүрмийг мэддэг хүн тодорхой үр дүнд хүрэх зорилгоор урьдчилан төсөөлөх боломжтой. Энэ хэрэгт мөрийтэй тоглоом тоглосон гэж үзэх нэг ч баримт байдаггүй. Нэр бүхий 34 хүн гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...бид мөрийтэй тоглоом тоглоогүй, тэмцээнд оролцсон, ямар ч мөрий байгаагүй...” гэж мэдүүлдэг. Мөн покерыг тоглоход хэрэглэдэг тоног төхөөрөмж нь хасаа. Хасаа зөвхөн оноог илэрхийлдэг. Энэ хэрэгт ямар ч хохирогч байхгүй, хэн ч гомдол гаргаагүй. Мөрийтэй тоглоом тоглож, хохирсон гэсэн нэг ч хохирогч гарч ирээгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж бичсэн эсэргүүцлийн үндэслэл тогтоогдоогүй, тогтоогдох ч боломжгүй гэж үзэж байна. Тухайн өдөр тэмцээнд очсон хүмүүс олон улсын тэмцээнд оролцох зорилготой байсан. Покерын олон улсын гишүүнчлэлтэй болоход европын холбооны улсуудын виз чөлөөтэй гардаг. 2021 онд “Монголын чөлөөт покер спортын холбоо”-ны 11 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид олон улсын тэмцээнд оролцож байсан. 2023 онд Олон улсын тэмцээний удирдамж ирж тэмцээнд оролцох баг тамирчдыг шалгаруулахын тулд уг тэмцээнийг зохион байгуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Л.Ө-ын өмгөөлөгч Д.Амаржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Монголын чөлөөт покер спортын холбоо”-ны ерөнхийлөгч Л.Ө- нь уг холбоог байгуулаад нэлээн олон жил болж байна. 3 удаа Олон улсын тэмцээнд оролцсон байдаг. Тэмцээн зохион байгуулахтай холбоотой Олон улсын матч покерын холбооноос “...танайх дотооддоо тэмцээн зохион байгуулж, баг тамирчдаа бүрдүүлж мэдүүлгийг ирүүлнэ үү...” гэсэн мэдэгдэл, хүсэлтийн дагуу тэмцээн зохион байгуулсан. Цагдаагийн байгууллагаас “мөрийтэй тоглоом тоглолоо” гэж шалгасан. 880.000 төгрөгийн 10 хувь нь “Монголын чөлөөт покер спортын холбоо”-д үлдэж, талбайн түрээс, шүүгч нарыг цалинжуулах, өдрийн хоол, цай гэх мэт зардалд зарцуулагддаг. Хэрэв уг тэмцээнээс тамирчид шалгарсан тохиолдолд Олон улсын тэмцээнд оролцох эрх нь нээгдэх юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Л.Ө- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Покер бол Монголчуудын хувьд маш шинэлэг зүйл. Покер гэх тоглоом нь анх үүссэнээс хойш 300 гаруй жил болж, спорт болоод 100 гаруй жил болж байна. Анх 1956 онд Америкийн Нэгдсэн Улсад спорт гэх төрлөөр хөгжиж явсан. Монголчуудын хувьд анх 2000 оноос хойш покерыг ойлгож эхэлсэн байдаг. Миний хувьд 2009 онд буюу одоогоос 14 жилийн өмнө Монгол Улсад покерын спортыг хөгжүүлэх зорилгоор “Монголын чөлөөт покер спортын холбоо”-г байгуулсан. Үүнээс хойш 30 гаруй удаагийн тэмцээнийг зохион байгуулж ирсэн. Энэ талаарх мэдээллүүдээ эрүүгийн цагдаагийн газар, Биеийн тамир, спортын газруудад байнга тайлан гаргаж хүргүүлж байсан. Прокурор Биеийн тамир, спортын хороонд ямар ч бүртгэлгүй гэж хэлж байна. Бид 2019 оноос хойш жил болгон тайлангаа хүргүүлж байгаа, архивт байгаа. Биеийн тамир, спортын хорооны дарга Д.Жаргалсайхантай хамтран ажиллах тухай хүсэлт гаргасан баримтаа прокурорт хүргэсэн, зураг нь ч хүртэл манай цахим хуудаст байгаа. Үүнийг цагдаа болон прокурорын байгууллагаас хянаж үзээгүй. Покерыг спорт гэдгийг Биеийн тамир, спортын хороо хүлээн зөвшөөрдөг. Учир нь, Олон улсын покерын холбооны албан ёсны гишүүнчлэлтэй. Олон улсын покерын  холбоо нь Олон улсын олимпын хорооны дэргэдэх байгууллагын албан ёсны гишүүнчлэлтэй. “Монголын чөлөөт покер спортын холбоо” нь олимпын бус төрлийн спортын байгууллага гэсэн бүртгэлтэй. Үүнийг Биеийн тамир спортын хороо, олимпын хороо ч мэднэ. Манай байгууллага спортын үйл ажиллагаа явуулдаг байгууллага болох нь үүнээс харагдана. Биеийн тамир, спортын тухай хуульд тэмцээн гэдгийг өрсөлдөх зарчмаар ялагч тодрох үйл явцыг тэмцээн уралдаан мөн гэж үзнэ гэж заасан. Үүнтэй адил өрсөлдөх зарчмаар нэг л ялагч тодордог. Түүнээс тэмцээний дундуур ялсан нь мөнгөө аваад гарах ойлголт байхгүй. Учир нь, оролцогч нар дэнчин тавьж тоглож байгаа биш бүртгэлийн хураамж өгч тоглож байгаа. Бусад бүх спорттой адил бүртгэлийн хураамж авч, үйл ажиллагааны зардал, шагналын санг бүрдүүлдэг. Үйл ажиллагааны зардал болох 10 хувийг авч, талбайн түрээс, ширээ, сандал, ажилчдын цалин гэх зүйлсэд зарцуулдаг. Анх 2009 онд холбоогоо гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага гэж байгуулсан. Бусад спортын холбоодуудтай адил үйл ажиллагаа явуулдаг учраас тэр зарчмаар л явж байгаа. Спорт бүгдэд нээлттэй байх зарчимтай, хэн дуртай нь элсэж, оролцох боломжтой байдаг. Жишээлбэл, боксын холбооны гишүүн байж тэмцээнд оролцоно гэсэн асуудал байхгүй. Гишүүддээ үйлчилнэ гэдэг нь холбооны гишүүн, мэргэжлийн тамирчдаа сургах, санхүүжүүлэх, тэмцээн уралдааны зардлыг даах ажиллагааг ойлгоно. Тэмцээн, уралдаан нь нээлттэй буюу нийтэд түгээх зорилготойгоор хүмүүсийн чөлөөтэй өрсөлдөх боломжийг олгох зорилготой. Тухайлбал, гудамжинд хоёр хүн хоорондоо зодолдож, нэгнийгээ гэмтээвэл гэмт хэрэг болно. Харин боксын ринг дээр бие биетэйгээ тулалдаж гэмтээвэл гэмт хэрэг биш. Учир нь боксын ринг дээр тодорхой дүрэм, журмын дагуу өрсөлдөж, ялагч тодрох үйл явц явагдаж байгаа учраас спорт болж байгаа юм. Хэрэв та гудамжинд ямар нэгэн байдлаар бэлэн мөнгөөр хоорондоо мөрий тавьж тогловол мөрийтэй тоглоом байж болно. Бидний хувьд тодорхой дүрэм, журмын дагуу бүртгэлийн хураамж төлж, шүүгч нарын баг бүрэлдэхүүн ажиллаж, өрсөлдөж, ялагч тодорч байгаа явц бол цэвэр тэмцээн. “Монголын чөлөөт покер спортын холбоо”-ны дүрэм нь бусад спортын хорооны дүрэмтэй яг адил байгаа. Санхүүжилтийн хувьд бусад байгууллагуудын адил хандив, тусламж, гишүүнчлэлийн татвар, бүртгэлийн хураамжаасаа үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг. Бидний явуулж байгаа тэмцээн, уралдаан нь ямарваа нэгэн байдлаар ашиг олох зорилго байхгүй. Энэ спортыг хөгжүүлэхийн тулд өөрөөсөө ч хүртэл түрээсийн төлбөрийг гаргасан явж байгаа. Бидний хувьд 2019 оноос хойш дэлхийн болон Азийн тэмцээн уралдаанд тогтмол оролцож байна. Монголд покерын спортыг таниулах, хөгжүүлэх, сурталчилж, мөрийтэй тоглоом тоглохоос илүүтэй спорт талаас нь хичээллэх нь илүү үр дүнтэй гэдгийг таньж, мэдүүлэх зорилготой ажиллаж байгаа. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Л.Ө-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг эргэлзээ үүсгээгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

 

Прокуророос Л.Ө-ыг мөрийтэй тоглоомын газар зохион байгуулах зорилгоор үл хөдлөх хөрөнгө түрээслэж, үүний дагуу цахим хэрэгсэл ашиглан, иргэдэд 880.000 төгрөгөөр “покер” гэх мөрийтэй тоглоом тоглох талаар санал болгож, 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А-” төвийн 3 давхарт зарын дагуу цугларсан иргэдийн дунд хөзөр ашиглаж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “покер” гэх мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.Ө-ын гэм бурууг хянан хэлэлцэж, “...Л.Ө- нь Монгол Улсын төрөөс олгосон хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн дагуу, уг хуулийн этгээдийнхээ эрхлэх үндсэн чиглэлийн үйл ажиллагааг явуулсан байх бөгөөд покерын спортын тэмцээн зохион байгуулсан энэ хэргийн тохиолдлыг мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэл бүрдэхгүй байна. ...” гэсэн дүгнэлтийг хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Л.Ө-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит байдал болон тухайн хэрэгт холбогдсон хүний гэм бурууг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг бөгөөд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь нотлогдоогүй, түүнчлэн шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан учир эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, тухайн хэрэгт холбогдсон хүнийг цагаатгах зарчмыг баримтлан анхан шатны шүүх шийдвэрээ гаргасныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Хууль тогтоогчоос 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэсэн гэмт хэргийг хуульчилсан бөгөөд мөрийтэй тоглоомыг ашиг олох зорилгоор олон нийтийн газарт, эсхүл мэдээллийн технологи ашиглан зохион байгуулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Мөн зүйлийн 2 дахь хэсэгт хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан гэдэгт үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглуулж ашиг олох зорилгоор өөрийн болон бусдын орон байрыг ашиглаж, шаардлагатай тоноглол, хэрэглэгдэхүүн, тэнд ажиллах хүн хүчийг урьдчилан бэлтгэсэн, үйл ажиллагааны хувьд байнгын шинжтэй байхыг ойлгоно.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Л.Ө- нь 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Монголын чөлөөт покер спортын холбоо”-г байгуулж, хуулийн этгээдээр улсын бүртгэлд бүртгүүлж, Улсын бүртгэлийн гэрчилгээнд тус холбооны үйл ажиллагааны чиглэлийг “Покерын спортыг хөгжүүлэх, тэмцээн уралдаан зохион байгуулах, телевизийн нэвтрүүлэг бэлтгэх” талаар тодорхойлжээ. /1хх 226/

Улмаар 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр холбооны дүрмийг шинэчлэн баталж бүртгүүлэн, Л.Ө- нь холбооны ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байсан байна. /1хх 197-203, 206/

Мөн “Олон улсын покерын тэмцээний холбоо” буюу International federation of matchpoker”-нд гишүүнээр элсэж, тус холбооноос 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гишүүнчлэлийн гэрчилгээ олгосон нь гэрчилгээний хуулбар, баталгаат орчуулгын баримтаар тогтоогдож байх бөгөөд /2хх 28-33/ цахим орчинд “Монголын Покер спортын холбоо” гэх хуудсыг хөтлөн ажиллуулж иргэдэд мэдээлэл олгодог нь тус хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагджээ. /1хх 26-48/

 

Л.Ө-ын холбогдсон хэргийн тухайд, “Монгол Улсад покерын спортыг хөгжүүлэх, тэмцээн уралдаан зохион байгуулах, тодорхой тооны оролцогчдыг оролцуулан тэдгээрээс ур чадвартай байдлыг нь харгалзан олон улсын тэмцээнд оролцуулах, дараа дараагийн тэмцээнд бэлтгэх болон Монгол Улсад тамирчдын зэрэглэл”-ийг тогтоох зорилготойгоор 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Холбооны нэрэмжит “Texas Holdem High Roller” тэмцээний удирдамжийг “Монголын чөлөөт покер спортын холбоо” гэх цахим хаягт /фейсбүүк/ байршуулан нээлттэй мэдээлэл хийж, 48 оролцогч бүртгүүлж, нэг хүний 880.000 төгрөгийн бүртгэлийн хураамжийг “Монголын чөлөөт покер спортын холбоо”-ны Голомт банкны 1205185927 тоот дансанд шилжүүлэн авч байсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ талаар “Монголын чөлөөт покер спортын холбоо”-ны 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан “Texas Holdem High Roller” тэмцээний удирдамж болон тус холбооны цахим хуудас, Голомт банкны 1205185927 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.Б-ийн “...Ө- ах намайг “А-” төв дээр хүрээд ирээч покерын тэмцээн болж байна, ширээний шүүгч хийгээд өгөөч гэж гуйсан. ...”, Д.Т-гийн “...Ө- чатаар миний зохион байгуулж байгаа покерын диллер хийгээд өг гэсэн, би тухайн зааланд хүмүүсийн хөзрийг дөхүүлж өгөх зэрэг ажил хийж байтал цагдаа нар орж ирсэн. ...”, Б.Ч-ийн “...Монголын покер спорт холбооныхон тэмцээн явуулж байгаа зарыг би фейсбүүкээ ухаж байгаад олсон. Тухайн газар очиход Голомт банкны данс өгөөд тэмцээний хураамж болох 880.000 төгрөгийг шилжүүлж надад Н-33 гэсэн код өгсөн. ...”, М.Ц-ын “...Монголын покерын холбоо гэх цахим хуудаснаас покерын улсын аварга шалгаруулах тэмцээн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12 цагт холбооны байранд ирээрэй гэх зарын дагуу холбогдож, тэмцээний төлбөр гэж 880.000 төгрөгийг төлж тэмцээнд оролцож хасагдсан. ...” Д.Н-ын “...2022 оны Монголын покер спортын холбооноос улсын аварга шалгаруулах “хай роллер” тэмцээн зохионо гэдгийг 2 сарын өмнө тухайн холбооны цахим хуудаснаас хараад ирсэн. Өмнө нь Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн 14 хоногийн өмнө болсон. ...” гэх мэдүүлгүүд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд авагджээ. /1хх 26-48, 56, 60, 66, 69, 72, 229-231, 2хх 4-19/

 

“Монголын чөлөөт покер спортын холбоо”-ны үндсэн дүрэмд холбооны санхүүжилтийн эх үүсвэр нь тэргүүлэгч гишүүдийн татвар, дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, хандив, тусламж, гишүүнчлэлийн татвар, бүртгэлийн хураамж, бусад зэргээс бүрдэхээр тусгажээ. /1хх 203/

 

Үүнээс үзэхэд санхүүжилт олох хэд хэдэн эх үүсвэрийн нэг нь бүртгэлийн хураамж байх ба 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан тэмцээний санхүүжилтийн эх үүсвэрийг дүрэмд заасны дагуу оролцогчдын бүртгэлийн хураамжаас бүрдүүлсэн гэж үзэхээр байна.

 

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Л.Ө-ын хувьд өөртөө ямар нэгэн байдлаар ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж үзэх боломжгүй, харин “Монголын чөлөөт покер спортын холбоо”-ны ерөнхийлөгч, үүсгэн байгуулагчийн хувиар төлөөлөн хуулийн этгээдийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байсан байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Харин анхан шатны шүүх “...Дэлхий дахинд покерыг оюун ухааны спорт гэж үзэж Олон улсын холбоо байгуулагдсан байх бөгөөд тэмцээн уралдааныг зохион байгуулж ажилладаг байна. ...Спорт нь дийлэнхдээ биеийн тамирын төрлүүдтэй байх бөгөөд цөөн тохиолдолд оюун ухааны гэсэн төрөлтэй байна. Шатар, даам зэрэг спортод хамааруулж өрсөлддөг, тэмцээн уралдаан зохиогддог, спортын цол зэрэг олгогддог төрлүүдтэй ижил покер нь оюун ухааны гэх төрөлд хамаарч хөгжиж байгаа гэж үздэг юм байна. ...” гэж дүгнэсэн нь буруу.

Өөрөөр хэлбэл, покерыг мөрийтэй тоглоом биш шатар, даамны спорттой өрсөлдөхүйц хэмжээний оюун ухааны спорт гэж дүгнэх боломжгүй юм.

 

Улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан холбооны үйл ажиллагааны чиглэлээс гадуур цахим орчинд хувь хүн, эсхүл хууль бусаар холбооны нэрийг ашиглан ашиг олох зорилгоор явуулж байгаа үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзнэ.

           

            Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Т.Мөнх-Амгалангийн “анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах”-аар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/373 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН