Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 00007

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

            Нарийн бичгийн дарга                               Б.Ариунсанаа

 Улсын яллагч                                             Э.Энхбат

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                              А.Хандмаа                            

             Шүүгдэгч                                            Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Дд холбогдох 1703000010145 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагч Ж.Наранчимэгийн хамт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, Бор гүвээгийн 5-132 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Авгад овогт Батаагийн Д, регистрийн дугаар: МЮ79080478

 

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны шөнө, 23 цагийн үед Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн 273 дугаар галт тэрэг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг, Баруун хараа өртөө орох үед тус галт тэрэгний 11 дүгээр вагонд зорчиж явахдаа зорчигч Э.Мыг унтаж байхад нь өмдний халааснаас нь Самсунг галакси S-6 edge plus маркийн, 425000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...хулгай хийсэндээ харамсаж байна. Дахиж хэрэг үйлдэхгүй утсыг нь буцааж өгсөн гэв.

Хохирогч Э.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 10 дугаар сарын 18-ны орой 20 цаг 30 минутанд Улаанбаатараас Шарын гол явахаар 11 дүгээр вагонд билет аваад суусан. Би найз охин Батэй хамт явсан. Тэгээд явж байгаад найз охин Ба бид хоёр 22:00 цагийн үед унтсан. Унтах үед тэр местэнд бид хоёроос өөр хүн байгаагүй.Тэгээд унтаж байгаад шөнийн 23 цаг 40 минутын сэрээд хартал хажуу талын суудал дээр 2 хүн нэмэгдээд суусан байсан. Тэгээд би халаасандаа байсан гар утсаа үзтэл миний гар утас байхгүй байсан. Тэгэхээр нь би вагоны үйлчлэгчид хэлээд тэр хавиар гар утсаа хайтал байхгүй байсан. Тэгэж байтал цагдаа ирсэн. Үйлчлэгч цагдаа дуудсан байна лээ.Тэгэхээр нь болсон явдлыг цагдаад хэлсэн. Тэгээд цагдаа тэр хавьд байсан хүмүүстэй уулзаж байсан. Тэгэж байтал тэнд сууж байсан нэг залуугийн халааснаас миний гар утас гараад ирсэн...” гэсэн мэдүүлэг./ХХ-ийн 13 хуудас/

            Гэрч    Б.Ба мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...22 цаг болгоод бид хоёр унтсан. Тэгээд нилээн унтаж байгаад би сэрээд боссон. Манай найз залуу унтаад л байсан. Тэгтэл хажууд 2 хүн ирээд суусан байсан. Тэр хажууд суусан хүмүүс нэг л сэжигтэй санагдаад байхаар нь би найз залуугийнхаа утас нь байгаа эсэхийг шалгатал гар утас нь байхгүй байсан. Тэгэхээр нь би найз залуугаа сэрээсэн. Тэгээд манай найз залуу утсаа хайгаад олоогүй. Хажууд суусан 2 хунээс асуухад мэдэхгүй гээд байсан. Тэгэж байтал вагоны цагдаа яваад ирсэн. Тэгэхээр нь найз залуу утас алга болсон, олж өгөөч гэж цагдаад хэлсэн. Тэгтэл цагдаа тэр хавиар хайгаад шалгаж байгаад нөгөө хажууд суусан байсан 2 хүний нэгнээс нь манай найз залуугийн утсыг гаргаад ирсэн...” гэсэн мэдүүлэг./ХХ-ийн 15-16 хуудас/

            Гэрч    Б.Бая мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: вагонд эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад 11 дүгээр вагоны 41 дүгээр местэнд зорчин явсан Э.М унтаж байхдаа халааснаасаа Самсунг глакси-S 6 маркийн гар утсаа хулгайд алдсан гэсэн дуудлага өгсөн. Дуудлагын дагуу хажуу местэнд сууж байсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 5 дугаар баг, Бор гүвээ 5 дугаар хэсэг 132 тоотод оршин суух хаягтай Батаа овогтой Д гэх хүнийг шалгахад түүний халааснаас нь хулгайд алдсан гэх Самсунг галкси S-6 маркийн гар утас гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг./ХХ-ийн 17-р хуудас

            Гэрч М.Ож мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Батаа овогтой Д гэх хүний халааснаас хулгайд алдагдсан гэх Самсунг Галагси S6 маркийн гар утас гарч ирсэн.Утасыг нь хураан авч илтгэх хуудас бичиж, холбогдох материалын хамт Дархан зангилаан дахь цагдаагийн хэлтэс буулган хүлээлгэх өгсөн..." гэсэн мэдүүлэг./ХХ-ийн 18-р хуудас/

            Гэрч З.Ня мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 08 цагаас 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 09 цагийн хооронд Дархан зангилаан дахь дэд хэсэгт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Энэ хугацаан шөнийн 02 цагт Улаанбаатар Эрдэнэтийн чиглэлийн 273 дугаар галт тэргэнд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа М.Ож “галт тэргэн дотор гар утас хулгайлсан гэх залууг оруулж ирсэн...” гэсэн мэдүүлэг./ХХ-ийн 19-20-р хуудас/

            2017 оны 12 дугаар сарын 01-нд гаргасан Мөрдөгчийн магадлагаанд: “...Самсунг галакси S-6 edge plus маркийн rap утас нь зах зээлийн үнэлгээгээр хуучин хэрэглэж байсан нь 425000 төгрөгтэй тэнцэж...” /ХХ-ийн 21-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл./ХХ-ийн 05-06-р хуудас/

  1. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл./ХХ-ийн 08-р хуудас/

            Хувийн байдал тогтоосон баримтууд болох Б.Дгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 54-р хуудас/, Ял шалгах хуудас /хх-ийн 48-52-р хуудас/, багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 53-р хуудас/, эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 62-67-р хуудас/ болон дээрх баримтуудаар:

 

Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны шөнө, 23 цагийн үед Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн 273 дугаар галт тэрэг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг, Баруун хараа өртөө орох үед тус галт тэрэгний 11 дүгээр вагонд зорчиж явахдаа зорчигч Э.Мыг унтаж байхад нь өмдний халааснаас нь Самсунг галакси S-6 edge plus маркийн, 425000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт үйлдсэн нь болох нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Д нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хохирогч Э.Мын гар утсыг буцааж өгсөн гомдол саналгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд тусгах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1.Шүүгдэгч Авгад овогт Батаагийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд  гэм буруутайд тооцож, 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй  бол нийтэд тустай ажлын 08 цагийг 01 хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

             4.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Дд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг нь хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.

            6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.АЛТАНЦЭЦЭГ