Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/499

 

 

 

Н.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч П.Д,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/168 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Аы гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2211011541633 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Нгийн А 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 613 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

            Шүүгдэгч Н.А нь 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, “А” авто угаалгын төвөөс Д.Тийн эзэмшлийн “Самсунг А52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 959.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Н.Аы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б овгийн Нгийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Аы цагдан хоригдсон нийт 15 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Ааас 959.920 төгрөгийг гаргуулан Д.Тт олгож шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Н.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруудаа харамсаж байгаа бөгөөд үйлдсэн гэмт хэргээ ойлгож, гэмшиж байна. Хохирогчид учруулсан хохирлоо заавал нөхөн төлнө гэдгээ илэрхийлж байна. Надад холбогдох хэргийн нийгмийн аюулын шинж чанар болон хувийн байдлыг харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг дахин шалгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Аы өмгөөлөгч П.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг заавал тусгах талаар хуульчилсан. Гэвч шийтгэх тогтоолын 2 дахь талд, шүүх шүүгдэгч Н.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал буюу учруулсан хохирол, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.  Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ял, хорих гэсэн 3 төрлийн санкцтай. Хэдийгээр миний үйлчлүүлэгч урьд нь ял шийтгэл эдэлж байсан ч уг ял шийтгэлийг эдэлж дууссан тул энэ нь түүний хувийн байдлыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр төлөхөө үргэлж илэрхийлдэг. Энэхүү нөхцөл байдлыг нь харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж болохоор байтал шүүх яагаад хорих ял оногдуулсан үндэслэлээ дүгнээгүй байгааг буруу гэж үзэж байна. Н.Аы анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлөхөө илэрхийлдэг зэрэг нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. Иймд давж заалдах шатны шүүх эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж миний үйлчлүүлэгчид оногдуулсан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, нийтэд тустай ажил хийлгэх эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээж, хохирлыг нөхөн төлүүлэх байдаг. Миний үйлчлүүлэгч нь нийтэд тустай ажил хийлгэх эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлбэл ажил хөдөлмөр эрхэлж гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээж хохирлыг яаралтай нөхөн төлөх, мөн гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч нь нэг төрлийн гэмт хэргийг давтан үйлдэж, хохирлоо нөхөн төлөөгүй тул шүүхээс түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Н.А нь 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, “А” авто угаалгын төвөөс Д.Тийн эзэмшлийн “Самсунг А52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 959.920 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Тийн “...“А” авто угаалгын төвд ... миний ширээн дээр байсан “Самсунг А52” загварын утас байхгүй байхаар нь ... хяналтын камер шүүлгэхэд урьд нь цуг ажиллаж байсан А гэх ах орж ирээд ширээн дээр байсан миний утсыг аваад гарч байсан. Тэгээд Б ах фэйсбүүкээр Атай холбогдож, ... уулзаад дагуулаад ирэхэд миний утсыг зарчихсан байсан. ...” /хх 11-13/,

гэрч О.Бын “...2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ... Тийн утас алга болсон ... байхаар нь ажлынхаа хяналтын камерыг шүүж үзэхэд манай угаалгад ажилладаг байсан А гэх хүн манай угаалгын газарт орж ирээд Тийн утсыг ширээн дээрээс аваад гарч байсан. Тэгээд би фэйсбүүк хаягаа үзэж байхад А “сэвтэй “Самсунг А52” загварын rap утас зарна” гээд зар тавьсан байхаар нь би ... Тийн утсыг авах гэтэл “хүнд зарчихсан” гээд надад улаан хартай кейс болон Төрийн банкны Т гэсэн картыг өгсөн. Тэгээд цагдаагийн байгууллагад дагуулж ирсэн. ...” /хх 22-23/,

Н.Аы яллагдагчаар өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр миний бие өөрийн хуучин ажил болох ... “А” худалдааны төвд очиход тухайн газар нь ямар нэгэн хүн байхгүй байхаар нь хувцасны өрөө хэсэг рүү нь ортол ширээн дээр нь “Самсунг А52” загварын гар утас байж байхаар нь аваад фэйсбүүк дээрээс зар хайж байгаад 20-25 орчим насны ... үл таних хүнд бэлэн мөнгөөр 220.000 төгрөгөөр зарсан. Тухайн 220.000 төгрөгийг нь би хувийн хэрэгцээндээ зарцуулчихсан. ...Би хохирогч Тийн хохирлыг нь барагдуулах болно. ...Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” /хх 31-32/ гэсэн мэдүүлгүүд,

"Дамно" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 24-28/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Н.А нь “А” авто угаалгын газарт хүнгүй байгаа нөхцөл байдлыг ашиглан хувцасны өрөөний ширээн дээр байсан хохирогч Д.Тийн гар утсыг авч, цахим хуудсаар зар байршуулан үл таних хүнд бэлэн мөнгөөр зарж, олсон мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн хохирогч Д.Тт учирсан бодит хохирлыг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Н.Аы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Аы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэсэнтэй нийцэн бөгөөд шүүгдэгч Н.А “...Надад холбогдох хэргийн нийгмийн аюулын шинж чанар болон хувийн байдлыг харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг дахин шалгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт хэсэгтээ “...Шүүх шүүгдэгч Н.Ад эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал буюу учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой. ...” гэж дүгнэсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв гэж техникийн шинжтэй үг, үсгийн алдаа гаргасан байх тул “түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой” гэсэн хэсгийг хасаж залруулан магадлалд дурдах нь зүйтэй гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Аы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 2023/ШЦТ/168 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Аы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ