| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2017/00195/Э |
| Дугаар | 00003 |
| Огноо | 2017-12-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э.Энхбат |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 00003
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Улсын яллагч Э.Энхбат
Хохирогч А.М
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Бд холбогдох 1732001110080 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1961 оны 01 сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р баг, Дунд-Өлөнтийн 125 тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овгийн Даваагийн Б РД:/М361011819/
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Д.Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг дэвсгэр, “Матигын нуруу” гэх газарт 2017 оны 11 сарын 19-ний өдөр хуш модны самар түүхээр 3ил-131 загварын 16-53 УНЛ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн А.Мыг дайрч, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн биеийг эмчлүүлж тэнхрүүлэх болон хоол унд, хувцас хунарт нийт 2,000,000 төгрөгийг зарцуулсан байгаа...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.М мэдүүлэхдээ: “...Б ахад гомдол санал байхгүй. Намайг бэртэж гэмтэхэд шаардлагатай арга хэмжээнүүдийг авсан. Мөн гэртээ байлгаж хооллон ундалж, асарч тэнхрүүлсэн...” гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч. /хавтаст хэргийн 3-8-р тал/
Хохирогч А.Мын “...Бы 3ил-131 загварын автомашинтай самар хайж явахад автомашин гарахад халтиргаатай газраар гарах болж татагч багаж /леботик/ хэрэглэх шаардлагатай болж леботикний троссыг оосорлож явсан юм. Тухайн газар нь эгц өөд газар байсан бөгөөд леботикний тросс нь эргүүлдэг хүрдний хашлага дээгүүр давчих гээд байхаар нь би хүрдний дамарын хажууд зогсож гараараа троссыг давуулахгүйгээр түлхээд явж байхад гутал халтираад жолооч талын урд дугуйнд дайрагдчихсан...Ослын улмаас миний ууцны 1-р нугалам, зүүн талын сүүж, баруун суудал ясны хугарал гэмтлүүд учихсан...Надад нэмэмжлэлийн баримт цуглуулах шаардлага байгаагүй ээ. Учир нь Д.Б ах одоог хүртэл гэртээ байлгаж шаардлагатай эм, тариа авч өгч, сайж асарж сувилаж байгаа...Гомдол, санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 10-11-р тал/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №232 дугаартай “...А.Мыг биед ууцны 51-р нугалам, зүүн талын сүүж, баруун умдаг, баруун суудал ясны хугарал, баруун чихний ар хэсэгт шарх, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал, баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 25-р тал/
Гэрч С.Мөгын “...нэг огцом өгсүүр газраар машин гарахгүй байхаар нь татагч багаж /леботик/ хэрэглэхээр болж Гантулга бид хоёр леботикний троссны тунарсан үзүүрийг татаж, харин М автомашины урд гүперний урд, леботикний дэргэд троссыг нь чангалж явж байгаад автомашин өөрөө урагш татагдаж явж байх үед М халтирч машины зөв талын урд дугуйн доогуур ороод автомашины дугуй баруун ташаан дээгүүр нь даваад гарчихсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 15-р тал/
Замын цагдаагийн шинжээч Г.Эрдэнэсүхийн №57 дугаартай “...3ил-131 загварын 16-53 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 1.5 “...Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулхааргүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 23-р тал/
Шүүгдэгч Д.Бы хувийн байдал тогтоосон баримтууд болох багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 40-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 43-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаар:
Шүүгдэгч Д.Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг дэвсгэр, “Матигын нуруу” гэх газарт 2017 оны 11 сарын 19-ний өдөр хуш модны самар түүхээр 3ил-131 загварын 16-53 УНЛ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн А.Мыг дайрч, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа.
Гэмт хэргийн улмаас хохирогч А.Мын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №232 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байх бөгөөд эмчилгээний зардалд 2000000 төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулсан. Хохирогч энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутайд тооцогдсон этгээдээс нэхэмжлэх эрхтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Даваагийн Быг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар Д.Бы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.
4. Шүүгдэгч Д.Бы №1149548 дугаартай В, С ангилалын жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Д.Төр-Амгаланд даалгасугай.
5. Хохирогч А.М нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Д.Бд оногдуулсан 6 сарын хорих ялаас чөлөөлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь оршин суух газраа өөрчлөх, удаан хугацаагаар зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг анхааруулсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан,/хүргүүлсэн/ өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ