Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2017/0709

 

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2017/0709

Улаанбаатар хот

 

 

Э.Б-ийн  нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 48 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Э.Б-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Баянтэс сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүү илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 48 дугаар шийдвэрээр:  Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтад заасныг баримтлан Завхан аймгийн Баянтэс сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгож, Э.Б-ийг Баянтэс сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Э.Б-ийн ажилгүй байсан 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх 100 хоногийн цалин 4066900 төгрөгөөс зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлт хийн нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Завхан аймгийн Баянтэс сумын Засаг даргын Тамгын газарт даалган шийдвэрлэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:  Завхан аймгийн Баянтэс сумын Засаг дарга С.Д миний бие Завхан аймгийн Баянтэс сумын Засаг даргын ажлыг аваад сумын бүх төрийн байгууллагуудын ажил байдалтай танилцахад Засаг даргын Тамгын газрын дарга Э.Б нь ажилчидтайгаа 2014 оноос хойш үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй зөрчлүүд илэрсэн. Үүнийг Завхан аймгийн хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн шалгалтаар баталгаажсан байдаг. Мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, зарим үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн. Улс төрийн үйл ажиллагаа буюу сонгуулийн сурталчилгаа хийсэн гэх мэт олон зөрчил гаргасан. Мөн миний бие ард иргэдээ сонсох ажлыг эрчимжүүлэх, хэрэгжилтийг хангуулах тухай захирамж гаргаж, шуурхай утас гарган ажиллуулж, түүний биелэлтийг 7 хоног бүр тайлагнах үүрэг даалгаврыг өгсөн боловч үл ойшоон огт биелүүлээгүй. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтад үндэслээгүй, хэт нэг талыг барьж зөрчил дутагдлыг удаа дараа гаргасан хүний талд шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах нөхцөл журмыг зааж зохицуулсны дотор 25.1.1 дэх хэсэгт “ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй” бол төрийн албанаас халахаар, 26 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл, журмыг зааж зохицуулсан байх бөгөөд хэрэв төрийн албан хаагч тус хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн, мөн хориглосон журмыг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй зэрэг алдаа дутагдал гаргасан бол эрх бүхий этгээд нь тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэсэн сахилгын шийтгэлийн төрлүүдээс аль тохирохыг сонгож хэрэглэхээр тус тус зааж хуульчилжээ.  

Хариуцагч Завхан аймгийн Баянтэс сумын Засаг дарга нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн маргаан бүхий Б/18 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 13.1.8, 15.1.1, 25.1.1, 26.1, 26.1.3, 26.3, 40.1, Төсвийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.5 дахь хэсгийн зүйл заалтуудыг үндэслэн “Удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийг удаа дараа биелүүлээгүй, хууль журам ажилчдын үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг 2015, 2016 онуудад гэрээ байгуулж, үр дүнг дүгнээгүй, ажилдаа хангалтгүй үнэлгээ авч ажлын хариуцлага алдсан” гэж  буруутган нэхэмжлэгч Э.Б-ийг Сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас халжээ.

Хариуцагч нь маргаан бүхий актад Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас халах зохицуулалтуудыг давхцуулан баримталсан байхаас гадна Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 13 дугаар зүйлийн 13.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1, Төсвийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.5 дахь хэсэгт заасан төрийн албан хаагчийн хувьд ямар нийтлэг үүрэг, хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан, тэдгээр нь ямар шалтгаан нөхцөлийн улмаас түүнийг ажлаас халах шийдвэрийн шалтгаан үндэслэл болсныг заагаагүй байх ба тэрээр шүүхэд энэ талаарх тайлбар, нотолгоог гаргаагүй байна.

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас халах болсон шалтгаан үндэслэлийг “...ажилчдын үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг 2015, 2016 онуудад байгуулж дүгнээгүй зөрчил гаргасан ...” гэж тодорхойлсон байна.

            Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Баянтэс сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын 2015 оны үр дүнгийн гэрээ байгуулагдаж, дүгнэгдэж байсан болох нь шүүхийн үзлэгийн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, Тамгын газрын даргын 2015 оны А/71 дүгээр “Урамшуулал олгох тухай” албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. 

Харин 2016 оны Үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний тухайд нэхэмжлэгч “... байгуулагдсан дүгнэх гэтэл Засаг дарга авч өрөөндөө цоожлоод гаргаж өгөөгүй учир дүгнэж чадаагүй” гэж тайлбарласан байх бөгөөд хариуцагчаас тус тайлбарыг баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байна.

Маргаан бүхий актад нэхэмжлэгчийг ажлаас халах болсон өөр нэг үндэслэлийг “удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийг удаа дараа биелүүлээгүй ... ажилдаа хангалтгүй үнэлгээ авч ажлын хариуцлага алдсан” гэж тодорхойлсонтой холбогдуулан шүүх энэ талаарх тайлбар, баримт, нотолгоог гаргуулахаар удаа дараа[1] шаардсан байх боловч хариуцагчаас энэ талаарх баримт, нотолгоог шүүхэд ирүүлээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт “хэргийн оролцогч ... шүүхэд гаргасан ... хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 32.8 дахь хэсэгт “хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасан байх тул шүүхийг энэ талаарх баримт, нотолгоог бүрдүүлээгүй гэж буруутгах үндэсгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 37.5-д Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны акт гэж ойлгоно” гэж зааснаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас бүр мөсөн халсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байх бөгөөд захиргааны үйл ажиллагааны нэг хэлбэр болох захиргааны актыг гаргахад Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тусгай зарчим мөрдөгдөхөөс гадна мөн хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу захиргааны байгууллага, албан тушаалтан нь шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой шаардлагатай ажиллагааг хийж, нотлох баримтыг цуглуулж үнэлэх үүрэгтэй, мөн тус хуулийн 40 дүгээр зүйлд заасны  дагуу захиргааны актад түүнийг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг, мөн түүнийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заасан байхаар хуульчилжээ.

Хариуцагч нь маргаан бүхий Б/18 дугаар захирамжаар нэхэмжлэгч Э.Б-ийг  ажлаас халахдаа түүнд урьдчилан мэдэгдэж, тайлбар, санал гаргах боломжийг олгож, сонсох ажиллагааг явуулаагүй, төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халж, хөдөлмөрлөх эрхийг нь хязгаарласан үр дагавар бүхий шийдвэрийг гаргаж байгаа атлаа ажлаас халах болсон шалтгаан үндэслэл буюу нөхцөл байдлыг тогтоож баримтаар нотолж тогтоогоогүй, зөрчлийн шинж байдлыг харгалзан үзэлгүйгээр “төрийн албанаас халах” болон “төрийн албан хаагчид  сахилгын шийтгэл ногдуулах”-д баримтлах хуулийн зохицуулалтуудыг давхардуулан баримталж шийдвэр гаргасан нь, түүнчлэн тус шийдвэрийг эс зөвшөөрвөл хэрхэн ямар журмаар гомдол гаргах талаар шийдвэртээ тусгаагүй нь захиргааны акт гаргах, төрийн албан хаагчийг ажлаас халах тохиолдолд баримтлах Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хуулиар тогтоосон журамд нийцээгүй, хууль бус байх тул хариуцагчийн “Э.Б нь ажилчидтайгаа 2014 оноос хойш үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй цалин хөлс олгож, үр дүнгийн гэрээг дүгнээгүй зөрчлүүд илэрсэн нь Завхан аймгийн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн шалгалтаар баталгаажсан ... сонгуулийн сурталчилгаа хийсэн ... зөрчил дутагдал гаргасан ... анхан шатны шүүх нотлох баримтад үндэслээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Харин шүүх шийдвэртээ “... 2015 онд ... гэрээ байгуулагдаж, дүгнэгдэж байсан байна ... М.Б Засаг даргад тус Тамгын газрын ажилтнуудын хувийн хэрэг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хадгалагдаж байгаад ... шалгалт ирэхэд ажилтан албан хаагч тус бүрт хувийн хэргийг нь хүлээлгэж өгсөн гэж үзлэгийн ажиллагаанд  тайлбарласан болно ...” гэж хэрэгт авагдаагүй, хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлж, дүгнэсэн нь нотлох баримтыг үнэлж, дүгнэхтэй холбоотой хуулиар тогтоосон зарчимд нийцээгүйг тэмдэглэв.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 48 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ