Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 221/2018/0009/з |
Дугаар | 454 |
Огноо | 2018-11-14 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 454
“ТК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт,
үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Х.Батсүрэн
Б.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Л.Атарцэцэг
Нарийн бичгийн дарга: Ц.Ундрал
Нэхэмжлэлийн шаардлага: “...Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс гаргасан 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамж батлах тухай “ 23 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцуулах”
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 221/ШШ2018/0012 дугаар шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баттөмөр, Ж.Гэрэлчулуун нар,
Нэхэмжлэгч “ТК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүүгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 221/ШШ2018/0012 дугаар шийдвэрээр: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-т заасныг баримтлан “...“ТК” ХХК-ийн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс гаргасан 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамж батлах тухай” 23 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгч “ТК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “ТК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл хариуцагчтай хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 221/ШШ2018/0012 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7, 32 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 23 дугаар тогтоолоос болж нэхэмжлэгч тал 73 сая төгрөгөөр төлбөр торгуулийн талаар маргаж буй мэт дүгнэсэн нь буруу бөгөөд дээрх хүчин төгөлдөр бус Захиргааны хэм хэмжээний акт болох 2015 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 23 дугаар тогтоолын үйлчлэлээр 23 сая төгрөгийн төлбөр дээр аж ахуйн нэгжүүд маргаж энэ тарифын үйлчлээс болж “ТК” ХХК 23 сая төгрөгийн зохиомол өр төлбөрт орсон тодорхой баримт хангалттай байхад талуудаас нотлох баримт гаргуулж авалгүй зохиогчид “Багануур ус” ТӨААН-н төлөөллийг шүүх хуралд гэрчээр оролцуулах хүсэлтийг хангалгүй орхилгүй хэргийн оролцогчдын мэтгэлцэх боломжийг хангасангүй.
5. Түүнчлэн хуулийг буруу хэрэглэж буруу тайлбарласан зүйлд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт байна. Тухайлбал “...Маргаж буй 2014 онд баталсан 23 дугаар тогтоол нь Захиргааны хэм хэмжээний акт болохын хувьд тухайн үед мөрдөгдөж байсан Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан журмаар зохицуулагдан үйлчлэх бөгөөд уг акт батлагдан гаргах үед Захиргааны Ерөнхий хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй байсан тул нэхэмжлэгчийн Захиргааны Ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2, 67.3, 67.4-д заасны дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэсэн тайлбар үндэслэлгүй, тухайн үед Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хууль эрх зүйн зохицуулалтгүй байсан байна.
6. Захиргааны Ерөнхий хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр “2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хариуцагчаас хүчин төгөлдөр мөрдөгдөж буй актаа Захиргааны Ерөнхий хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь Хууль зүйн, дотоод хэргийн яамны лавлагаагаар нотлогдож байна...” гэсэн учир дутагдалтай байна.
7. Учир нь Захиргааны Ерөнхий хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө Захиргааны Ерөнхий хуулийн 59-72 дугаар зүйл буюу 6 дугаар бүлэг Захиргааны хэм хэмжээний акт хэсэг нь 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын 119 дүгээр тогтоолоор зохицуулагдаж байсан бөгөөд энэ тогтоол бараг үг үсгийн зөрөөгүй шахам Захиргааны Ерөнхий хуулийн 59-72 дугаар зүйлд орохдоо “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлийг “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл” сэтгүүл болж өөрчлөгдсөнөөс бусад үг өгүүлбэр Засгийн газрын 119 дүгээр тогтоол, Захиргааны Ерөнхий хуулийн 6 дугаар бүлэг Захиргааны хэм хэмжээний акт 59-72 дугаар зүйлд адилхан шахам дурдагдсаныг шүүгчид буруу тайлбарлаж 2014 онд Захиргааны хэм хэмжээний акт тусгайлан зохицуулагддаггүй байсан мэтээр дүгнэсэн нь буруу байна.
8. Нэхэмжлэгч тал 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 23 дугаар тогтоол гарч “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлд нийтлэгдээгүй Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн төв байгууллагад бүртгүүлэлгүй хүчин төгөлдөр бус Захиргааны хэм хэмжээний актаас болоод гэрээний үүрэг зөрчигдөн 23 сая төгрөгийг илүү төлөх болчхоод буй учир дээрх 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 23 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр буд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан болно гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэж, “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Цэвэр бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамж батлах тухай” 23 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай “ТК” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.
10. Маргаан бүхий дээрх тогтоолоор Улаанбаатар хот, Багануур, Налайх дүүрэг, Төв аймгийн Зуунмод сумын хүн амын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамжийн хэмжээг батлан гаргажээ.
11. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар тогтоолоор дээрх тарифыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөхийг зөвшөөрсөн байна.
12. Нэхэмжлэгч нь “...хэм хэмжээний акт болохын хувьд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолд заасан журмын дагуу Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгэгдээгүй, ...хүчин төгөлдөр бус, ...энэ тогтоол гарснаар “Багануур ус ОНӨААТҮГ-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй, зохиомол өр үүсэх нөхцөл бүрдсэн...” хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.
13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь зохицуулалтын агуулгаас үзвэл, маргаан бүхий захиргааны акт нь хуульд нийцээгүй байх, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй байх нь шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болох бөгөөд эдгээр 2 шаардлага зэрэг хангагдсанаар шүүхэд гаргасан нэхэмжлэл хангагдах үндэслэл бий болохоор юм. Энэ нь илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд мөн хамааралтай.
14. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, хариуцагч нь маргаан бүхий 23 дугаар тогтоол улсын бүртгэлд бүртгэгдээгүйг үгүйсгээгүй, харин үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь ойлгомжгүй гэж маргасан, нэхэмжлэгч нь “...маргаан бүхий захиргааны акт бүртгэгдээгүй...” гэх үндэслэлээр маргаж, харин “...үнэ тарифыг өөрчилснөөр... “Багануур ус” ОНӨААТҮГ-тай байгуулсан “Цэвэр ус түгээх, хэрэглэсэн бохир усыг татан зайлуулах гэрээ”-ний үүргийн биелэлттэй хамааралтайгаар өөрийн эрх зөрчигдсөн...” гэж тайлбарлажээ.
15. Хэргийн нөхцөл байдлаас үзвэл, тухайн гэрээгээр эрх бүхий байгууллагаас тогтоосон цэвэр, бохир усны үйлчилгээний үнэ, тарифаар гэрээнд заасан ажил үйлчилгээг харилцан гүйцэтгэхээр талууд тохиролцсон энэ тогтоол гарснаар нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй, зохиомол өр үүсэх нөхцөл бүрдэж, хохирсон гэж үзэх боломжгүй.
16. Учир нь, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д зааснаар “цэвэр бохир усны үйлчилгээний төлбөр тогтоох аргачлал, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйлчилгээний тарифыг хянаж батлах нийтлэх” нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн бүрэн эрхэд хамааралтай, нийтийн эрх зүйн хүрээнд захиргааны эрх зүйн гэрээнд оролцогч талууд хууль түүнийг дагаж гарсан хэм хэмжээний актад гэрээг нийцүүлж байх үүрэгтэй. Энэ тохиолдолд дээрх зөвлөлөөс баталсан энэ үнийг дагаж мөрдөх учиртай, цэвэр, бохир усны үйлчилгээний үнэ, тариф нь гэрээнд оролцогч талуудын тохиролцоогоор тодорхойлогдохгүй болно.
17. Өөрөөр хэлбэл, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч эрх бүхий байгууллагаас шинэ үнэ, тариф тогтоож мөрдүүлснээр гэрээгээр хүлээсэн төлбөр нэмэгдэх болсон, энэ зөрүүгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашгийг хөндөгдсөн гэж үзэхээргүй юм.
18. Ийм учраас хангагч хэрэглэгчийн харилцаа гэрээгээр зохицуулагдахыг, хангагч нь Зохицуулах зөвлөлөөс баталсан дүрмийн дагуу хэрэглэгчтэй гэрээ байгуулахыг болон үнэ тарифт орох өөрчлөлтийн ямар журмаар мөрдүүлэх болон хангагч, хэрэглэгчид холбоотой бусад харилцааг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн “Тавдугаар” бүлэгт тодорхой зохицуулжээ.
19. Дээрхээс үзвэл, “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2014 оны “Цэвэр бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамж батлах тухай” 23 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгч “ТК” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул зөвхөн “...бүртгэгдээгүйгээс хүчин төгөлдөр бус...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсанаар тухайн захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 221/ШШ2018/0012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ